Бакула ринбүүчи

Бакула ринбүүчи

Алинд ба бүрний Бурхан Багшийн лагшин мэндэлсэн ба
Алинд удирдахын тул бодийн дэгээдийг хүртэн олсон хийгээд
Ашид үхэшгүйн мөрийг үзүүлэн, нирваан дүрийг барьсан
Алин тэдгээр Жагар Энэтхэгийн их найчин газруудад мөргөмүй.
Амдо Гэндэнчоймпэл
Сацлал үгүй арван хүчийг эрхшээсэн
Сайзангийн хөвгүүн Бурхан Багшийн
Сайн зохионгуйн үйлсийн үүргийг залган авч үүрээд
Сайтар шашныг барих, тэтгэх, арвитгахад удирдсан
Саарашгүй мэргэн архад Бакүла дор залбирмуй!
18-р дүрийн Бакүла Лувсан Ишдамбижалцаны залбирлаас.
….Бакүла голлосон 16 архадын танха хөргийг Монгол газар бүтээж, ихэд тахиж шүтэж байсны нэг нь 1890-ээд оны орчим Сайн ноён хан аймгийн Агь үйзэн хошуунд бүтээж, эдүгээ МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн багш Доржийн Дамбын дээд үед шүтэгдэж байсаар өдийг хүрсэн танха хөрөг юм. Танхын дээд талын баруун зүүнд нь Дара эх, Манзушир, доохно нь Бурхан Багш 2 шавьтайгаа, бүр голд нь Найдан Бакүла, тойруулаад баруун доод өнцгөөс эхлээд Сэрвэү, Моеивү, Нагнай, Янлагжүн, Ламдан, Бэджид, Лампрандан, Ламчиндан, Дажинзин, Содномлин, Лүйдэ, Мичидба, Мапамба, Дүйдан, Сэржом, Санбо 15 архадыг бүтээжээ. Хамгийн доор нь дөрвөн Махранз тэнгэрийг зэрэгцүүлэн бүтээгээд, дөрвөн Махранзын баруун дээд талд нь өглөгийн эзэн Хашан хаан их том гэдэстэй, цээж нүцгэн дүртэй, суугаа байдалтай,гартаа бумба хумх юмуу лавай барьсан хүзүүндээ эрихтэй, урт үстэй, зүүн гар талаас нь хоёр нүцгэн хүүхэд бие биеээсээ барилцан хөтлөлцөж, Хашан хаан руу гар сарвайж тоссон байдалтай, дөрвөн Махаранзын зүүн дээд талд нь арван зургаан архадын сахиул хамгаалагч гэнэн Дармадала гэх нэгэн, хөхөмдөг үсийг дээшид боож шуусан, эрээн угалзтай гуталтай, монгол тойруулган захтай дээлтэй, баруун өвдгийн тусад нь шар эрээн барс амыг эвшээсэн, цаана нь монгол маягийн хөлтэй, хээ хуартай улаан хүрэн өнгийн ширээн дээр цай зориг тавьсан, бас цаана нь шургуулга тавиур дээр донтортой судруудыг өнцгийг нь гарган харуулж зурж бүтээжээ. Бакүла Ринбүүчийг Өндөр Гэгээний маягтай, халзан, төв сайхан, дугуй цагаан дүртэй, дээд уруулдаа хоёр живэртэй, доод уруулдаа оочтой, жагар Түвд лам нарын адил номт дээл чойго намжиргүй, монгол тойруулган захтай хувчид баринтагтай, суудал түшлэгтэй, очир завиллаар бүтээжээ. Зүүн мутарт нь эрдэнээр бөөлжиж байгаа ам цагаан хулганыг зүүн тийш харуулан бариулж, баруун мутраар нуруун дээрээс нь барьснаар бүтээгээд, бусад арван тавд нь мөн адил тийм хулганыг баруун зүүн тийш нь харуулан бариулжээ. Энэ бүгд нь Монгол газар Бакүлаг 16 архадын дотроос ихэд эрхэмнэж, шашин доройтох цагт Монголд ирж сэргээж сэлбэрүүлэх дамжаа тангарагтай хэмээн эш бошигт үзүүлснийг дурдан хүсэмжилж, хурал номын уншлага судартаа Бакүлагийн зан үйлийг оруулж, Монголын 1000 шахам хүрээ хийд, цагийн хурлын газар урьж уншиж, бас хурал ном, орон хийдийн газар, монгол гэрт Бакүлагийн дүр хөргийг тусгайлан бүтээлгээд дээж тахилаа өргөж шүтэж байсан нь Монгол газар Бакүла үнэхээр онцгой тусгайд үзэгдэж байсны тодорхой гэрч мөн. …Хойт зүгийн Муу дуут тивд, 900 архадаар тойрон хүрээлүүлжсуудаг гэж мөргөлд нь гардаг. Жагар Энэтхэгийн орны Шаравасад гэдэг балгасанд нэг бярманы хүү болж төрөөд. их эрдэм сурч, дараа нь их мэргэн арш болоод, дараа нь архадын үрийг олсон гэдэг. Нэг их ой мод, өвс ургамалтай ууланд бясалгал хийж, үндэс навч, үр жимсээр хооллон, модны навч, хальс, хуйсаар хувцаслаж, өвс ургамлаар дэр дэвсгэр хийж явсан гэдэг. Их сүсэгтэй. Бурхан Багшийг огторгуйгаар заларч ажрахыг болгоогоод нэг уулын орой дээрээс түүн рүү харайсанд, Бурхан Багш рид хувилгаанаар болгоон аваад номыг номлосон гэдэг. Тэр мутартаа барьсан ам цагаан хулгана нь хэн нэгэн харж үзэх юм уу, барьж үзэхээр тэр даруйд биед таван хүсэл эрдэм төгсөөд, бурхны номын чанарыг онож, бусдыг асрах нигүүлсэхийн сэтгэл аяндаа төрнө гэдэг. Урьд нэг өвчин хүрсэн брадигабодод ширхэг арүра өргөснийхөө үр буянаар биед евчин үл хүрэх болоод,125 насыг насалсан гэдэг. Энэ Пагба Найдан Бакүла манай энэ газар бурхны шашны зулыг мандаахаар хэзээ нэг цагт ирэх юм гэнэ лээ….
..Лам багшийгаа цаг төрийн шуурганд алдаж, сүм дуганаа нураалгаж, судар номоо шатаалгаж, шүтээнээ авдартаа тахиад, эрихээ ханцуйндаа нууцалж, сүсгээ сэтгэлдээ нуусан өвгөд ийнхүү хүүрнэсээр, чив чимээгүй цөөрсөөр 1989 оныг дуусгаж, 17-р жарны 4-р маш согтонги хэмээх цагаан морин жилтэйгээ золгов….Энэ цаг үед Энэтхэгийн их Пагба Найдан Бакүлагийн 19-р хувилгаан дүр Монголд залран ирэв.
….Энэтхэг улсын ерөнхий сайд Ражив Ганди гуай намайг Монгол улсад суух Энэтхэгийн элчин сайдаар зарлиг буулгасан нь чухамхүү миний эртнээс санасан эгээрэл хүслийг бүтээхэд нар галд нөхөрлөж, сар усанд ижилдсэн дор адил болов.,.Бакүла Ринбүчи Түвдэнчогнор,,…
Бакүла Ринбүүчийн урд дүрүүдийг эртний бичиг, Түвд судрын мэдээ сэлтэд түшиглэн үзэхэд ихэвчлэн бурхны шашны нэрт зүтгэлтэн, гол төлөв ном бичгийн мэргэд байдаг. Анхны дүр нь Бурхан Багшийн 16 архад шавь нарын дотор 9-рт нэрлэгддэг Бакүла юм. Бакүла гэдэг нь угтаа ,.пакүла,, хэмээсэн энэтхэг үгнээс гаралтай, өмнө Энэтхэг газар ургадаг нэгэн зүйл мод буюу тэр модны үнэрт цэцгийн нэр бөгөөд бүр угтаа Пакүла хэмээх газрын оноосон нэр байгаад, тэр газрын мод ургамал, цэцэг навчны зүйлд шилжин хэрэглэгдэж, тэр нь цааш тийм нэгэн зүйлийн модны навч цэцэг юмуу өвс ургамлаар гудас дэвсгэр болгож бясалгал дияаныг хийж явсан Бурхан багшийн гол эрхэм шавийн нэрэнд дамжин нэршжээ. 16 архадын Түвд намтарт Зидабанийн цэцэглигт байх нэгэн тэнгэр пакүла модны мөчир салаа нэгнийг бариад, Ялж төгс нөгчсөн Бурхан багшид сүүдэр болгож явсан тухай гардаг. (Ишжалцан,9663-4)…Бакүлаг Бурхан Багшаас 70 сүүдрээр ах хэмээнэ. Бас Ануттара Никаяадхийсэн Бүддагошагийн тайлбар болох Манораднапурани,.судар хийгээд Милинда Панхагийн пали сударт Бакүлагийн анхан дүрийн өөр хувилбар уламжилж иржээ. Тэр нь Бакүлааг, Бурхан Багшийг энэ ертөнцөд заларч ирэхээс өмнө Каушамби хэмээхэд нэгэн их сайдын гэр өргөөнд мэндэлсэн хэмээнэ.Нэг өдөр тэр хөвгүүнээ Ямуна мөрөнд угааж байтал, нэг загас үмхэж аваад оджээ. Өнөө загас нэг загасчны гөхөнд орж, барьсан загасыг нь Бенаресийн нэгэн айлын эхнэр худалдаж аваад. гэдсий нь хагалтал өнөөх хөвүүн тэр хэвээрээ огт гэмтсэн юмгуй гарч ирсэн нь урьдын хийсэн сайн үйлийн хүчнээс боллоо хэмээнэ. Сайдын эхнэр хөвгүүнийг үрчилж авч, том болготол, үрчилсэн, төрүүлсэн эцэг эх нар булаалцалдан бөөн маргаан болов. Эцэст хаанд мэдүүлсэнд, тэрбээр 2-уулангийн нь хүү болгон шүүв. Тийнхуу тэр хүүг Два кула буюу Тэлээ гэрт хэмээн нэрлэсэн нь хойноо Бакүла болон хувирчээ. Юу боловч ихэнх Түвд сударт Бакүлаг 60 сүүдэр хүрч, гэлэн болоод, наян сүүдэр хуртэл архадын эрдэм бясалгалын зиндаа зэрэгт дэвшин хатуужиж, сүүлийн долоо хоногтоо их бясалгалыг хийж, найм дахь хоногтоо их архадын үрийг олж, энэ хорвоогоос эргэж ирэхгүйгээр гэтлэн гарч нирваны амгаланд хүрэв гэнэ. Бакүла хутагт 2-р дүрдээ Энэтхэгийн 84 шидтэний нэг их мэргэн шидэт Дилоба буюу Шэйравсанбо (Пражньябадра) болж Махамудрын шидээр алдарт зургаан бясалгаачныг хөтлөн удирдаж, 3-дах дүрдээ Энэтхэгийн их мэргэн шидэт Лаваба болж, 4-дэх дүрдээ Гадамбын мэргэдийн Хөвгүүн номд гардаг Дадбаданба хаан болж, 5 -дах дүрдээ Энэтхэгийн их Нагаржуна багшийн шавь Арьяа Шура буюу ловон Баво болж, алдарт Гучин дөрвөн цадиг-ийг зохиож, 6-дах дүрдээ Энэтхэгийн улааны шашны нэрт зүтгэлтэн, нууц тарнийн их багш ловон Бадамжунайгийн хорин таван шавийн нэг, Хаянхярваа (Хаягрива) бурхны их увдист Жалба Чогъён болж, 7-дах дүрдээ Хайдав Жунбын шавь Няммид Ринчинзундуй (Радна-удам ) болж, 8-дах дүрдээ алдарт Саран хөхөөний туужид гардаг Гэндэнван хааны номын багш Ишзин болж, 9-дэх дүрдээ Түвдийн дөрвөн үндэс дандрын алдартай орчуулагч, лозава Ринчинсанбо болж,10-дах дүрдээ Түвдийн улааны шашны их тарнич, алдарт шүлэгч Миларайбын наран саран мэт 2 шавийн нэг Райчүн Дорждагва болж, 12-р дүрдээ Хайдавжэ богдын нүүр тулсан шавь Лодойчойжин архад болж, 13-р дүрдээ Басо Чойжалцангийн (Дармадуаза) шавь, мэргэн шидэт Чойжидорж (Махасидда Дармаважра) болж, 14-р дүрдээ гуравдугаар Банчин лам Лувсанбалдан-Ишийн гол шавь, ширээт Лувсанжамба (Сумадидана) болж, 15-р дүрдээ 8-р Далай лам Жамбалжамцын багш, ёнзин Ишжалцан болж, 16 -дах дүрдээ Лосалингийн хамбо Жэвзүн Агваанжамбал-Ишжамц болж, 17-р дүрдээ Ладагийн Лама-юрү хийдийн анхдугаар ширээт лам Гончиграндолням болж, 18-р дүрдээ Ладагийн Бэтүв хийдийн гэгээн лам Лувсан-Ишданбижалцан болж явжээ. 19-р дүрдээ Ладагийн Нанва-таяа хааны өргөөнд мэндэлсэн эдүгээ ба бүрний номын багш Кушок Бакүла Ринбүчи хэмээх Лувсантүвдэнчогнор……20-р дүр нь …Түвдэн Наваан Норов/ эцэг Доржцэрин, эх Сономдолгор нарын гэр бүлд 2006 оны 1 сарын 23-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Ладакийн Нубрагийн Тэгар тосгонд лагшин мэндэлжээ. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламтан түүнийг 2008 оны 3 сарын 26-нд Архад Бакулагийн 20 дахь дүрээр тодруулсан юм. 2010 оны 8 сарын 6-ны баасан гаригт Бакула ринбүүчийг уламжлалын дагуу Нубрагаас, Лех дэх Бэтүб хийдэд залжээ. Мөн 2010 оны 8 сарын 12-ны учрал ерөөл бүрдсэн сайн өдөр 20-р Бакула
ринбүүчийг хутагтийн арслант ширээнээ залах ёслолын үйл ажиллагаа болжээ.

Бакүла ринбүчи Түвдэнчогнор.
Л. Хүрэлбаатар. 1999 он номоос.