Манзушир - Улаан фонтой

Хүрээний гайхамшиг бодисадва лам нарын талаар.

Монголын Сүсэгтний холбооны гишүүдэд зориулсан “Бямба гаригийн сургалт”, 2018.04.10.

Бизъяагийн аймгийн их, бага багш нар болох Дамдинсүрэн, Наваан.

Хүрээнд Наваан гэдэг лам байсан. Бизъяагийн аймагт их, бага хоёр том багш байсны бага багш нь юм. Ван, жинан их тавьдаг, их эрдэмтэй, монголын цуутай лам. Эрүүл биетэй хүн байсан боловч 1930-аад оны үеэр бие нь богинохон хугацаанд нэлээд чилээрхэж, одоогийнхоор бол нил хаван болсон гэдэг. Тийм үедээ шавь нартаа “намайг завилуулаад суулга” гэжээ. Маш их хавантай хүн завилж сууж чадахгүй байжээ. Тэгтэл “миний ташуур орхимж (богино орхимж)-ыг аваад өг” гээд хоёр хөлөө ташуур орхимжоороо татаж уяхад нь арьс нь язарч ус гоожиж байсан гэдэг. Шавь нар нь “одоо яанаа” гэсэн чинь “Өө энэ байтугай 18 тамын зовлон гэж байна ш дээ” гэж хэлжээ. Тэгээд хөлөө завилж суусан чигээрээ таалал барьсан түүхтэй.
Бизъяагийн аймгийн их багшийг Дамдинсүрэн гэдэг. 1944 онд Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд дахин хурал хурахад энэ ламаас очиж утлага, арц рашаан залсан гэдэг. Тэр үед “За би Монголын бүх дацан хийдийн хурлын уншлагыг таслахгүй уншиж ирлээ” гэжээ. Тэгэхээр Гандан хийдийн маань уншлага болон уншлагаар адислагддаг рашаан, утлага нь ч тасраагүй иржээ. Энэ лам 100 гарсан байх. Хүмүүс насыг нь мэддэгүй юм гэнэ лээ.

Богд: Энэ хоёр гэлэн шашнаа манаж байгаа юм аа.

Энэ хоёр лам зэрэгцээ хашаа байжээ. Бизъяагийн их лам нь орой 7, 8 цагийн үед эрт нойрсоод шөнө 2 цагт дээшилдэг. Тэгэхээр нөгөө бага лам нь 2 цагт нойрсдог. Их лам нь өглөө нар ургатал номоо уншдаг байв. Энэ тухай Богдод айлтгахад “Энэ хоёр гэлэн шашнаа манаж байгаа юм аа” гэжээ. Дээдэс лам нарын түүх ийм л байдаг.
Энэ хоёр лам бол хоёул миний дамжлагын багш нар юм. Хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхэд миний багш З. Пүрэвжамц Бизъяагийн бага ламын тухай их айлддаг байлаа. Тэр лам багадаа ээжтэйгээ хамт амьдардаг байжээ. Өглөө эрт босч арвай тээрэмдээд зах уруу ээждээ аваачиж өгдөг. Ээж нь орой болтол тэрийгээ зарж амьдралаа залгуулдаг. Тэр хооронд ламба гуай номондоо явдаг байж. Нэг багшдаа Туул голоос ундны мөсийг нь үүрч ирдэг. Дараа нь Дамбадаржаад байдаг нэг багшийндаа очиж Ганжуурын лүн хүртдэг байсан. Тийм л их ажил хийж байж ном үздэг байжээ.
Мөн Бизьяагийн бага лам бол VIII Богдын багш Ёнзон хамба Лувсанхайнчүг ламын багш юм. Ёнзон хамба энэ хүнээс л ном хүртэж, заалгажээ. Тэр лам хүн ороод ирэхэд л бүгдийг нь илт болгоодог байсан гэдэг. Тэгээд би багшид “Илт болгооно гэдэг нь юу гэсэн үг вэ ?” гэж айлтгахад, “Телевизор үзэж байгаа юм шиг л тухайн хүний бүх зүйл харагддаг.” гэж зүйрлэн айлдаж байлаа.
Ийм гайхамшиг дээдсийн нэр алдрыг дурдсан төдийгөөр л буян хураадаг гэдэг юм шүү.

МСХ-ны гишүүдэд зориулсан “Бямба гаригийн хичээл”-с, 2018.04.19.

“Дамдин, Сандуй бурхны хувилгаан байх” гэж хуучин лам нар ярьдаг байсан шүү…

За өнөөдөр мөн Хүрээний нэгэн ламын талаар ярьж өгье.
Энэ хүн бол Хүрээний Дамдин хамба юм. Хүрээний жасын дэд хамба хүн. Манай багшийн багш. Хэнтий аймгийн Цэнхэр мандлын харьяат. Хэлмэгдүүлэлтийн тухай баримт кино үзсэн бол тодорхой гардаг. Ёнзон хамбын хэргийг хамгийн их толгойлсон хүн гэж хэлмэгдсэн. Тэр ламын үед одоогийн 22 гэж нэрлэгддэг хөтлөөс эхлэн үлийн цагаан оготно газар идээд их хэцүүдсэн. Тэгээд энэ тухай Богдод айлтгахад “Жасын дэд хамба Дамдинд хэл” гэжээ. Тэгээд айлтагасан. Одоогийн Зурагтын хойд дэнж дээр нэг зам байсан. Одоо бол нэг сургууль байгаа байх. Түүний цаана байгаа толгой дээр “Нэг гэр барь. Би тэнд ном уншина.” гэж ламба гуай айлджээ. Тэгээд гурилаар нэг том муур хийлгүүлээд одоогийн 22-н товчоо уруу харуулаад тавьжээ. Тэгээд ламба гуай гэртээ номоо уншиж байгаад оройхон гэрээсээ ташуур барьчихсан гарч ирээд “Тэр үнэхээр оготно мөн бөгөөд чи үнэхээр муур мөн юм бол тэр оготнуудыг барьж ид.” гээд гурилан муураа ташуурджээ. Хамт байсан хүмүүс нь хараад “Багш юу хийгээд байна аа.” гэж боджээ. Тэгээд маргааш өглөө нь тэр гурилан муурын ам нил цус болчихсон байсан гэдэг. Түүнээс хойш хөтлөөр давж ирсэн оготно алга болжээ.
Бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгаж байж тийм рид хувилгааныг хийх чадвартай болдог. Хоосон чанарыг онохгүй бол рид хувилгаан байхгүй, бодь сэтгэл төрөөгүй бол тухайн амьтныг тамд унагана гэж үздэг.
Тиймээс энэрэх сэтгэлтэй, ухаалаг байгаарай. Манай багшийн багш тийм мундаг хүн байсан. Дамдин сандуй бурхны хувилгаан байх гэж хуучин лам нар ярьдаг байсан шүү.