Гүрү Таганава

Жагарын 84 шидтэний 19 дэх шидтэний намтраас:

Зүүн энэтхэгт Танага буюу худал өгүүлэгч хэмээх шудра язгуурын нэгэн хүмүүн байх ба цаг ямагт хууран мэхлэх тэргүүтнээр амжиргаа хийх бөлгөө. Нэгэн өдөр тэрээр тайрдас модон дээр завилж суугаад хүнийг хуурах аргыг сэтгэн суухуйд бурхны шашны санваартан лам түүнийг мэдээд очиж та юу хийж сууна гэсэнд тэр худалч хүмүүн их дүр эсгэж асуух хэрэггүй ламтан минь хэмээв. Санваартан бээр шууд ийн өгүүлэв:
Худал бүү өгүүл. Худал өгүүлсний тийн боловсролийн үр нь тамд төрөх, үйл зохилдох үр нь бусдын итгэл алдарч, хэн ч итгэхээ болино, эзний үр нь хэл ам эвдэрмүй, амслага үйл зохилдох үр нь амнаас эвгүй үнэр гарах тэргүүтэн бусад үл таална, төрөлхтний үйл зохилдох үр нь үр тариа муудах, үр хүүхэдгүй болох юм.
Энэ мэт үйлийн үрийг номлосонд үүнийг урьд нь бодолхийлж үзээгүй тэрбээр машид айж үнэнээ өчөөд хутагтаа, би бээр Тагана гэгч бөлгөө. Үргэлж худлаа ярьдаг, үнэн үгийг үсний үзүүрийг зуу хуваасан хэмжээгээр ч урьд нь ярьж үзээгүй, тйимээс одоо яахин үнэн ярьж чадах билээ гэсэнд санваартан бээр түүнд номыг үйлдэж сайжир гэж зөвлөсөнд үргэлж худал ярих тул үйлдэж чадахгүй яадаг билээ гэв. Худал яриад номыг үйлдэх арга бий чамд заасугай гээд тэр хүний санаа бодол, нисванисын хэмжээ тэргүүтнийг урьдаар шинжлээд би чамд чихэн дэхь усыг гаргах увдис буюу худлаар худлыг номхотгох аргыг хайрлана гээд авшигийг хүртээгээд увдис тэрийг ийн номлов:
Мэдэгдхүүний ном бүхэн анхнаасаа худал бөгөөд, харах хийгээд сонсох тэргүүтэн зургаан орныг зургаан эрхтнээр мэдрэх бүгд худал учраас бүх зүйлийг зөвхөн худал гэж бясалга.
Үзэгдэл орчихуйн хуурмаг ном бүхнийг
Худалд мэдэхгүй мөртлөө худлаа ярьлаа гэнэ
Мэдэл мэдэгдхүүн бүхэн худал
Зургаан мэдэл цогцолсон орон бүхэн
Худал бөгөөд үнэн хаанаас байхав
Худлыг үнэн гэж бодсоны
Үнэн нь ертөнцийн орчилд эргэлдэнэ
Нялхас хуурмагын мөн чанарыг
Хуурмаг гэж танихгүй үнэнд барина
Түүгээрээ усан тээрэм мэт
Дахин дахин орчлонд тэнэнэ
Тиймээс та ном бүхнийг
Хуурмаг ямагтад машид бясалга
Дуу чимээ бүхэн хуурмаг ба
Дүрс тэдгээр ч адил юм
Тэдгээрийг мэдрэхийг ч хуурмагт бясалга.
Гэснээс Тагана долоон жилийн турш мэдэгдхүүн бүхнийг хуурмагт бясалгаад үзэгдэл орчихуй бүхэн хуурмагын онол төрөөд ном бүхэнд шунах шуналыг буцаав. Тэгээд бас лам дахин түүнд золгоод ийн өгүүлэв:
Ном бүхэн худлаар ч бас эс бүтэх бөгөөд, эс төрөх эс хорихоор ном бүхэн өөрийн мөн чанараар хоосон ямартад бясалга.
Үүнийг сонсоод тэрчлэн онолыг олсон ба тийн атхагыг мөрд ургуулж шид бүтээлийг олсон нь энэ бөлгөө. Гүрү Таганава гэж алдаршаад өөртэй хувь зохилдох нугуудад чихний усыг гаргах увдис тэргүүтнийг номлосоор эцэст өөрийн биеэр Хажидын оронд залрав.
Нэмэлт тайлбар:
Ном гэдэг нь сансритаар дхарма, төвдөөр чой. Орчуулваас өөрчлөн засах, баримтлал зэрэг утгатай бөгөөд бурхны ном гэвээс төрөлхтний үндсэн дэхь хуурмаг утгыг засаж үнэн утгад хүргэхийг хэлнэ. Бас нэг утга, ном хэмээвэл мэдэгдхүүнийг хэлэх бөгөөд бүх зүйл ном гэдэг нэр томьёонд багтана.

Таганава гэдэг нь “Үргэлж худал яригч” гэсэн утгатай ажээ. Энэтхэгийн зүүн зүгт харц язгуурт төрсөн бөгөөд залилан мэхлэх тэргүүтэй гэмт үйлдлийг хийж амьдардаг байжээ. Нэгэн удаа тэрбээр нэгэн модны дээр суугаад “Бусдыг юу гэж хуурч мэхлэх вэ ?” хэмээн бодож суутал эрдмийн чанадад хүрсэн нэгэн гэлэн лам түүний дэргэд хүрч ирээд “Чи энд юу хийж сууна вэ” гэжээ. Таганава “Хутагт минь, танд хэлж болшгүй зүйлийг бодож байна аа” гэхэд гэлэн “Чи худал бүү хэлэгтүн. Бусдад бүү худал яригтун. Хэрэв зээ худал ярьсаар байваас хойт насанд тамд төрөх бөлгөө. Хэлийг чинь анжсаар хагалж зовоох бөлгөө. Хүн болж төрвөөс амнаас муухай үнэр гарах ба үг чинь бусдад хүндгүй, тоомжиргүй, мөн түүнчлэн ядуу зүдүү, гачлан ихтэй газарт төрөх ажгуу” гэхэд Таганава үйл үрийн тухай өмнө нь эс сонссон тул гэнэт сонсоод цочирдон айж, үнэнээ хэлсэн нь “Хутагт аа, намайг Таганава гэдэг. Цаг мөнхийн худал яригч нэгэн бөгөөд надад энэ хүртэл үнэн ярьсан зүйл нэг ч үгүй. Одоо ч хэнд худал ярья даа хэмээн бодож суунам” гэхэд гэлэн “Чи тэгвэл ном бясалгалыг хийж чадах уу ?” гэхэд Таганава “Хутагт минь, ном бүтээл хиймээр байвч худал ярьж дадсан учир түүнийгээ орхиж чадахгүй болов уу ?” гэхэд гэлэн “Чамд таарах увдис надад буй бөгөөд чи худал яривч гэм үл болох тийм увдис бөлгөө” гэхэд Таганава баярлаж, “Тэр увдисаа надад зааж өг” гэв. Гэлэн лам “Худлыг худлын даруулга болгох” увдисыг өгч сэтгэлийг боловсруулаад бодит гол увдис нь “Хамаг юмс угаас худал бөгөөд үзэж, сонсож, мэдэрсэн бүгд худал. Зургаан мэдрэхүйгээр мэдсэн гэх зургаан тусгагдахуун юмс ч худал. Зургаан мэдрэхүй ч худал. Тиймээс чи хамаг юмсыг гагцхүү худал хэмээн бясалгагтун. “Орчлонгийн хамаг юмс худал бөгөөд худлыг нь мэдэлгүй худал ярьдаг болой. Мэдрэгдэж буй юмс бүхэн худал бөгөөд мэдрэгч зургаан мэдрэхүй ч худал буй. Худлаас өөр үнэн ном орчлонд үгүй бөгөөд худлыг үнэн гэж бодсоор зовлонт орчлонд тэнэдэг. Хувьгүй мунхгууд худлыг үнэн гэж бодсоор худгийн ховоо мэтээр хорвоод тэнүүчлэн явмуй. Аливаа юмсын үнэн жам тийм тул алинхүү бүхнийг худал гэж бясалга. Хадны цуурай үнэн бус худал дуу байдаг мэт хамаг дүрс дуу тэр мэт бөлгөө. Үнэн гэж бодсон бүхнээ худал хэмээн бясалга” гэж хэлсэнд тийнхүү “Хамаг мэдэгдэхүүнийг худал” гэж бясалгасаар долоон жил болсонд аливаа юмс үзэгдэл бүхэн худал хуурмаг хэмээсэн үзэл төрж, орчлонд шунах сэтгэл үгүй болов. Тэндээс мөнөөхөн гэлэн лам хүрч ирээд “Хамаг юмс худал гэдэг нь ч худал бөгөөд тиймийн учир хамаг юмс үүсэх хийгээд устах гэдэг угаас үгүй бөлгөө. Хамаг юмс төрөлх чанараар хоосон гэж бясалга” гэсэнд тэр дагуу бясалгасаар атгаг бодлыг эрдэм болгож, шидийг олж, зүг бүхнээ Гүрү Таганава хэмээн алдаршаад мөнхүү тэр биеэр Дагинасын орноо заларч оджээ.

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/386