Инээгээд алгаа хавсарч буй Далай лам

Далай лам

Далай ламын дүрүүд.

Бурхан багшийн шашны оройн чимэг Далай ламын арван дөрвөн дүр заларсан билээ.
Анхдугаар Далай лам буюу Богд Зонховын эрхэм шавь, Бэрээвэн зэрэг олон хийдийг байгуулж бурхны шашныг хиргүй ариунаар дэлгэрүүлж байсан Гэндэндүвийн гэгээн (1391-1478) болно.
Хоёрдугаар Далай лам Гэндэнжамц (1479-1542) бөгөөд 21-н сүүдэртэйдээ гэлэнгийн санваар хүртсэн бөгөөд Богд ламын шашныг Түвд орноо асар ихээр дэлгэрүүлсэн ба хутагт хувилгаадыг залах дэг ёсыг үндэслэжээ.
Гуравдугаар Далай лам Содномжамц (1543-1588) тэрээр 1578 онд Чингис хааны алтан ураг Түмэдийн Алтан ханы заллагаар Монгол газарт заларсан ба Монгол орноо бурхны шашин гуравдугаар удаа дэлгэрэхийн үүд хаалгыг нээж өгсөн түүхтэй. Түмэдийн Алтан хан, Халхын Автай сайн хан нар Түвдийн шашны тэргүүн ширээт лам Содномжамцад “Хамгийг айлдагч Очирдара Далай лам хэмээх алдрыг өргөж алтан тамга өргөсөн гэдэг. Улмаар гуравдугаар Далай ламаас өмнөх хоёр дүрийг нөхөн Далай лам хэмээн нэрлэх болжээ.
Дөрөвдүгээр Далай лам Ёндонжамц (1589-1616) Түмэдийн Алтан ханы ач Сүмэр дайчин хунтайжийн хөвүүн бөгөөд 14-н настайдаа Банчэн богдоос гэлэн санваар хүртэж судар номонд мэргэжсэн ажээ.
Тавдугаар Далай лам Лувсанжамц (1617-1706) зохист аялгуу, ном бүтээл туурвих, айлдан зохиоход нэн мэргэжсэн, олон ном зохиол бүтээлийг туурвисан ба Боталын ордныг гүйцээн дүүргэж, шажин амьтныг дээдийн номоор тэтгэсэн түүхтэй.
Зургаадугаар Далай лам Цанъянжамц (1683-1706) зохист аялгуу, яруу найрагт онцгой авъяас билигтэй энэхүү дүр Түвд, Халх, Өвөр Монголын нутгаар олон жилийн турш хэрэн хэсүүчилж амьдарсан ба 15 сүүдэртэйдээ Далай ламын ширээнээ залагдсан.
Долоодугаар Далай лам Галсанжамц (1708-1757) Түвдийн шашны тэргүүн Далай лам тэрээр 5-р Банчэн богдоос гэлэн санваар хүртэж, урт удаан наслан шажин эрдэнийг үлэмж арвитгасан түүхтэй.
Наймдугаар Далай лам Жамбалжамц (1758-1804) энэ дүрийн үеэс Далай лам Түвдийн шашин төрийг зэрэг хамаарах болжээ.
Есдүгээр Далай лам Лүндэгжамц (1805-1815) нялх балчир Далай лам түүний үед барууны соёл иргэншил Английн нөлөө их болж ирсэн ба нялх балчир арван сүүдэртэйдээ таалал төгсжөө.
Аравдугаар Далай лам Чүлтимжамц (1816-1837) мөн Банчэн богдоос гэлэнгийн санваар хүртэж Бэрээвэн хийдэд олон жилийн турш ном эрдэмд шамдан суралцаж байжээ.
Арван нэгдүгээр Далай лам Хайдавжамц (1838-1855) 4-н настайдаа Далай ламын дүрээр тодорч, Банчэн богдоос гэлэн санваар хүртсэн.
Арван хоёрдугаар Далай лам Пэрэнлэйжамц (1856-1875) онд Түвдийн язгууртны гэр бүлд мэндэлсэн тэрбээр шашин төрийн хэргийг хавсран барьж байжээ.
Арван гуравдугаар Далай лам Түвдэнжамц (1876-1933) энэ дүр 1905 онд Монголд залран номын үйлийг ихэд зохион шажин амьтны тусыг үйлдсэн ба Английн нөлөө их болж улам орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан түүхтэй.
Арван дөрөвдүгээр Далай лам Данзанжамц 1935 онд мэндэлсэн түүнийг 4-н сүүдэртэйд нь Далай ламын ширээнээ залжээ. Идэр залуухан байх үед нь 1951-н оноос Хятадын цэрэг Түвдийг эзлэн түрэмгийлсэн ба Далай лам маш олон арга хэмжээ, дипломат яриа хэлэлцээрийг өрнүүлж байсан ч Хятадын зүгээс хүч хэрэглэн довтолж байсан учир аргагүйн эрхэнд 1959 онд Энэтхэг үрүү дэмжигчдийн хамтаар дүрвэжээ. Дэлхийн энх тайван, амар амгалан, хэзээд хүч үл хэрэглэхийн талд баттай зогссон түүний хичээл зүтгэл, даян дэлхийн энхийн үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн 1989 онд Нобелийн энхтайвны шагналыг олгосон ба өнөөг хүртэл дэлхийн олон оронд айлчлан бурхан багшийн энэрэн нигүүлсэхүй сургаал, энэрэл нигүүслийн хураар сая сая хүмүүсийг тэтгэсээр байна.
Арван газрын бодь сэтгэл,
Авралт бурхдын бодь хутаг,
Амьтан бүхнийг амаржуулан жаргаах
Аугаа буяны далай дор биширмү.
Өвдөж зовсон хэн бүхний
Өвчинг дарах эм нь болоод
Анагаах увидаст оточ нь хийгээд
Асарч тойлох зардас нь болтугай.
Эд хогшил, бие цогцос
Эргэх цагийн буян бүхнээ
Хамаг амьтны тусын тулд
Харам үгүйеэ зориулсугай би.
Хамаг амьтны мэдэлд би
Хар толгойгоо нэгэнт тушаав
Харааж муучлавч гомдох юун
Халдаж довтловч уурлах юун.
Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлдлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай.
Аюулд автагсдын аврал болж
Аянд явагсдын хөтөч болж
Тэнгист аялагчдын онгоц нь болж
Тивд зоригсдын тив нь болтугай, би.
Хязгааргүй уудамд орчиж буй
Хэдий бүхий ертөнцөд оршигч
Амьтан бүхнийг нирваанд хүртэл нь
Амь амьжиргаа нь болсугай, би.
Огторгуй хэзээд орших сацуу
Орчлонд амьтад эргэн төрсөөр л
Төдий хугацаанд би ч оршоод
Төөрөлдсөн тэдний замч нь болог.
Ариун буяныг надад сэнхрүүлсэн
Авралт Манзуширид мөргөмүй, би
Ашид намайг буянд хөтөлсөн
Авралт багшдаа сөгдмү би 🙏🙏🙏