Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын цадиг.
Дээрхийн гэгээн XIV Далай лам 1935 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Түвдийн зүүн хойд хэсэгт орших Тагцэр хэмээх жижиг тосгонд эгэл тариачны гэр бүлд мэндэлж, хоёр настайд нь XIII Далай ламын хойд дүрээр тодруулжээ. Энэхүү бяцхан хүү ирээдүйд даян дэлхийн энхтайван, хамаг амьтны амгалан жаргалангийн төлөө цуцашгүй зүтгэгч, гэгээн сургаалиарааа дэлхийн сая сая хүний зүрх сэтгэлийг соронздон татсан дээд багш, их залуурч, оюун санааны удирдагч болох хувь тавилан хүлээж байлаа.
Лхамо Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед XIII Далай Ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Түвдийн засгийн газраас томилсон ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Энэ шинж тэмдгийн нэг нь 1933 онд 53 настай байхдаа жанч халсан XIII Далай Лам Түвдэнжамцын занданшуулсан лагшин байлаа. Тэрхүү занданшуулсан суугаа лагшины тэргүүн өмнө зүгээс зүүн хойш эргэн харсан нь нэгэн шинж тэмдэг болсон юм. Үүний дараа тун удалгүй засаг баригч ахлах лам нэгэн шинж тэмдгийг үзжээ. Түвдийн зүүн талд Лхас хотоос зүүн хойд зүгт Чойхор жалд орших ариун Лхамо Лхацо нуурын усанд түүний мэлмийн өмнө Түвд цагаан толгойн “А”, “Га”, “Ма” гэсэн гурван үсэг маш тодорхой урган гарч үзэгджээ. Уг нуурын усанд Түвдийн ирээдүйн хувилгааны дүрийг тодруулдаг ажээ. Дараа нь алтан, оюу мэт дээвэртэй гурван давхар өндөр дуганы дүрс хөвөн гарч түүнээс алслан гарах зам уулын зүг чиглэсэн байлаа. Эцэст нь тэрээр нэг этгээд хачин усны гоожууртай жижиг байшинг үзсэн байна. Тэрээр “А” үсэг зүүн хойд зүгийн Амдо мужийг зааж байна хэмээн итгэж хайгуулын гол багийг тийш илгээсэн байна.
Хайгуулын баг Гүмбүмд хүрмэгц зөв замаар явсан гэдэгтээ бүрэн итгэлтэй болов. Хэрвээ “А” үсэг Амдог зааж байгаа бол “Га” үсэг Гүмбүм хийдийг заасан нь үнэн болов. Учир нь Гүмбүм хийд гурван давхар алтан, мөн оюу мэт ногоон өнгөтэй дээвэртэй юм. Ингээд мөнөөх уул хийгээд этгээд хачин гоожууртай байшинг олох л үлдээд байв. Ойр орчмын тосгонуудад тийм байшинг хайж эхлэв. Хайгуулын баг эрж хайсаар Дээрхийн Гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай Лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоов. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Кевцан ринбүүчи зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ.
Хүүхэд түүнийг таниад “Сэрагийн лам, Сэрагийн лам” гэж хашгирсан аж. Сэра бол Кевцан ринбүүчийн хийд юм. Маргааш өдөр нь тэд явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII Далай Ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчирав. Тухай бүрт балчир хүү XIII Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон “Энэ минийх, энэ миний юм.” гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай Ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэсэн байна
Ийнхүү XIII-р Далай ламын хойд дүр мөн гэдгийг олон сорилгоор нягтлаад, сорилго бүрийг Засаг ламын нуурын усанд тольдсон гурван үсэг, дүрс зургаар баталгаажуулав. Эхний үсэг “А” нь Амдо гэсэн утгатай. “Га” нь ойр орших хийдүүдийн нэг Гүнбум эсвэл “Га”, “Ма” хоёр үсэг хамт байсан тохиолдолд тосгоны дээд талд орших Гармаа Ролбийдоржийн хийдийг бэлэгдэж байлаа.
Далай багшийг тодруулах үеэр, Далай багшийг тодруулах дээдэс лам нар Түвдийн нэгэн алдартай Лхамо цо буюу Лхамын нууранд тольдон харсан байдаг. Тэгэхэд А, ГА, МА гэсэн гурван үсэг гарч ирсэн бөгөөд, мөн Далай багшийн төрсөн газар нутгийнх нь байдал, Далай багшийн аавынх нь байшингийн хэлбэр дүрс харагдсан гэдэг юм. Тэр А, ГА, МА гэсэн гурван үсгийн учир нь:
Эхний А үсэг нь Амдо гэдэгт, дараагийн ГА үсэг нь Амдо нутгийн ойрхон Гүмпэн нутагт төржээ гэдгийг харуулсан. Харин МА гэдэгт хэд хэдэн тайлбар байдаг ба нэг тайлбар нь Дагво лүндэн хэмээх Далай багшийг лүндэгнэсэн номны лүндэн дотор “бие нь эрэгтэй хүүхдийн биетэй боловч нэр нь эмэгтэй хүүхдийн нэртэй гарна” хэмээн байдаг. Тэр лүндэнгийн дагуу Далай багш анхны ээж ааваасаа өгсөн нэр нь Лхаму Дондүв буюу Лхаму гэдэг нь эмэгтэй хүүхдэд өгдөг эмэгтэй нэр юм. Яг тэр лүндэнгийн дагуу эрэгтэй биетэй мөртлөө Лхаму Дондүв гэдэг эмэгтэй нэртэй байсан байна.
Лхам сахиусны зарлигийн дагуу мөн Лхамо цо гэдэг нууранд гарч ирсэн А, ГА, МА гэсэн гурван үсгийг тайлж уншсаны дагуу Далай багшийг тодруулсан байдаг. Мөн дээрх лүндэн дотор Далай багшийг Жанрайсэг бурхны хувилгаан хүн төрнө гэж айлдсан байдаг. Далай багшийн эгч Цэрэндулмаа Далай багшийг төрөхөд хажууд нь тусалж байсан ба Далай багш эхээс төрөнгүүтээ “Ум мани бад мэ хум” гэдэг үгийг амнаасаа айлдсан гэдэг. Энэ нь Жанрайсэг бурхны хувилгаан бодитой мөн юмаа гэдгийг харуулсан гэдэг.
1940 оны өвөл Лхамо Дондүвыг Ботала ордонд урин залж Төвөдийн оюун санааны удирдагч мөн хэмээн албан ёсоор өргөмжилсөн байна. Үүний дараа удалгүй олонд хүлээн зөвшөөрөгдсөн Далай Лам Жокан сүмд морилж сахил хүртэн даахь үргээх ёслолыг гүйцэтгэсэн юм. Энэ мөчөөс эхлэн тэр толгой халзан, хүрэн улаан лам хувцас байнга өмсөх ёстой боллоо. Эртний уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэнд өөрийнх нь Лхамо Дондүв нэрийг сольж Жамбал Агваан Лувсан Еши Данзанжамц нэрийг соёрхожээ. Ингээд тариачны бяцхан хүү эгэл хувцсаа номын хувцсаар солин 1940 оны 2 сарын 22-ны өдөр арслант ширээнээ заларчээ.
Ингээд түүний номд суралцах үе эхлэв. Сургалтын төлөвлөгөө нь бусад лам хуврагуудын адил учир шалтгааны ухаан, Түвдийн соёл ба урлаг судлал, санскрит, анагаах ухаан, бурхны шашны гүн ухааныг судлах хөтөлбөртэй байлаа. Сүүлчийн буюу буддын гүн ухаан хамгийн чухал, хамгийн хүнд сургалт тул таван хэсэгт хуваан судалдаг бөгөөд үүнд Пражняпарамита (билиг барамидын сургаал), Мадхьяамака (төв үзлийн ухаан), Винайн ёс (лам хүний сахил санваар, ёс суртахууны сургаал), Авхидхарма (метафизик) ба Прамана (учир шалтгаан буюу танин мэдэхийн онол) эдгээр таван хэсэг байв.
Эгэл хүүхдийн адил Түвдийн шар, сав үсгэнд суралцаж, арван хоёр нас хүрч гүн ухааны номонд суралцан 13 настайдаа Дрэппүнг, Сэра, Гандан хийдэд шавилж, 24 насандаа буддын шашны гурван их сургуульд анхныхаа шалгалтыг өгч, 25 насандаа Лхаарамбын дамжаа барьжээ.
Далай лам нар 400 гаруй жилийн турш шашин, төрийг хослон барьжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам уг уламжлалаар 16 настайдаа төрсөн нутаг Түвд орны эрх ашиг, шашин соёлыг тууштай хамгаалах болов.
1950 онд ная гаруй мянган цэрэгтэй Хятадын ардын чөлөөлөх арми Түвдэд цөмрөн орлоо. Дээрхийн гэгээн 1954 онд Лхас хотоос Бээжинг зорин мордлоо. Хятадын удидагчидтай Бээжинд энхийн хэлэлцээр хийв.
Дээрхийн гэгээн Энэтхэг улсад 1956 онд Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойд оролцов. Энэтхэгийн ерөнхий сайд Нерутай уулзаж, Түвд орны талаар ярилцжээ.
Нутагтаа эргэн ирсний дараа коммунист Хятадын удирдагчидтай хэлэлцэв. Дээрхийн гэгээнтэн хүчирхийллийг эв зүйгээр зохицуулахыг хичээж байлаа.
Гэвч түүний хичээл зүтгэлийг үл ойшоон Хятадын арми 1959 оны гурван сарын аравны өдөр Түвдийн нийслэл Лхас уруу цэргийн хүчээр дайран оржээ.
Энэ бүхний улмаас Далай лам ная гуруй мянган дүрвэгчидийн хамт Лхас хотыг орхин Энэтхэг улсад дүрвэн гарчээ.
Түүнээс хойш Энэтхэг улсын баруун хойд хэсэгт орших Дарамсалад амьдрах болсон билээ.
1959, 1960, 1965 онуудад дэлхийн тэргүүлэх улс гүрнүүд болон Нэгдсэн Үндэстний байгууллагад Түвдийн тусгаар тогтнол эрх чөлөөний талаар хэлэлцүүлэхийг хүссэн боловч энэ бүх оролдлого талаар өнгөрчээ.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Түвдийн уламжлалт боловсрол олгох газрыг өөрчлөн дүрвэн гарсан хүүхдүүдийн боловсролд анхаарч, орчин цагийн англи хэл, хиндү хэл, газар зүй зэрэг шинжлэх ухааны боловсрол олгох сургууль нээжээ.
Түүнээс хойш Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц хүний эрх, эрх чөлөө, хүмүүний ёс суртахууны талаар дэлхий даяар ном сургаалаа айлдаж, түүний айлдвар олон ном бүтээл болон хэвлэгдэж түгэн дэлгэрсээр буй билээ.
Даян дэлхийд хүч үл хэрэглэн энх тайвныг цогцлоогч сартваахь болсны тул 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд хүн төрөлхтөний энхийн төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “Нобелийн шагнал” олгосон билээ.
XIV Далай лам “Бодь сэтгэлийг хоосон чанартай хамт бясалгах” дадлагыг өдөр бүр хийх чадвартай сүсэгтнүүд өөрсдийгөө Далай Ламын жинхэнэ шавь нарын тоонд оруулж болно. Би үргэлж Бурхан Багш, хутагт Нагаржуна, Богд Зонховыг даган дууриадагтай адил миний шавь нар ч намайг үлгэрлэн дагаарай.” гэжээ.
Авралт Жанрайсэг бурхны адистид рашааны урсгал
Аль би тэргүүтэн зүрхний хүч тамирт үргэлж боловсрон
Айлдвар зарлигчлан бүтээхийн тахилаар машид хүндлэн
Ариун Самандбадраагийн агуу дээд явдлын эцэст хүрэх болтугай.
Ховор гайхамшигт шавь сэлт бурхны адистид хийгээд
Хоорондын шүтэн барилдлага хуурмаггүйн үнэн ба
Харин миний үлэмж сэтгэл ариуны хүч чадлаар
Хүсэн ерөөсөн хэрэг бүхэн хялбар бүтэх болтугай.

Дээрхийн гэгээнтний өдөр тутмын амьдрал
Дээрхийн гэгээн XIV Далай лам хүмүүсийн “Та өөрийгөө хэрхэн тодорхойлдог вэ?” гэсэн асуултанд “Би бол буддын эгэл жирийн л нэг хувраг хүн” хэмээн даруухан хариулдаг юм.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам үе үе Дарамсалагаас гадагш Энэтхэг болон гадаад улс орнуудад айлчилдаг. Ийм айлчлалын үед Дээрхийн гэгээнтний өдрийн дэглэм тухайн айлчлалын хуваариас шалтгаалаад өөрчлөгддөг. Хэдий тийм ч Дээрхийн гэгээнтэн эртэч нэгэн бөгөөд орой аль болох эрт унтаж амрахыг хичээдэг аж.
Дарамсалад байх үедээ тэрээр өглөө эрт 3 цагт босдог. Өглөөний угаалга үйлдсэний дараа 5 цаг хүртэл мөргөл хийж, залбирал уншин, бясалгана. Үүний дараа 5 цагаас өргөөнийхөө эргэн тойронд ойр зуур алхдаг. Бороотой бол гүйлтийн зам дээр алхана.
Өглөөний цайгаа 05:30- д ууна. Ерөнхийдөө өглөөний цайндаа овьёосны бэлдмэл, замба гурил, бин идэж, цай уудаг ажээ. Өглөөний цайгаа ууж байхдаа тэрээр тогтмол BBC радиогийн англи хэл дээрх олон улсын мэдээг тааруулан сонсдог. Цайгаа уусны дараа 06:30 цагаас 09:00 цаг хүртэл өглөөний бясалгал, залбирлаа үргэлжлүүлдэг гэнэ.
Ингээд 09:00 цагаас хойш бурхны шашны дээдэс, мэргэдийн айлдсан гүн ухааны ном, судруудыг уншиж, үзэж судалсаар 11:30 цаг хүргэхэд үдийн хоол нь бэлэн болсон байна. Түний Дарамсала дахь өргөөний гал тогоо нь зөвхөн цагаан хоол хийдэг гэнэ. Харин Дарамсалагаас гадуур морилж байх үедээ тэр бүр цагаан хоол шаардаад байдаггүй ажээ. Тэрээр винайн ёсыг баримтлагчын хувьд оройн зоог барьдаггүй.
Дээрхийн гэгээнтэн ажилтнуудтайгаа ажил хэрэг хэлэлцэх, эсвэл сүсэгтэн олон түмэнд айлдвараа айлдах, ярилцлага өгөх шаардлагатай бол ажлын өргөөндөө 12:30 – 03:30 цаг хүртэл ажилладаг. Мөн Түвд болон бусад орноос өөрийг нь зорьж ирсэн хүмүүсийг товлосон хуваарийн дагуу хүлээн авч уулзана. Орой 17:00 цагийн орчимд өргөөндөө буцаж морилоод хөнгөн цай уудаг. Үүний дараа оройн бясалгал, залбиралаа хийдэг ажээ. Ингээд орой 19:00 цагийн үед унтаж амардаг.





MNB – Шинжлэх ухаанч Далай лам” баримтат кино. /2020.07.06/