Улаан Чоожоо

Дашдаваа хувилгаан

Таван зуун эр хонины хэрэг.
Далай Чойнхор ван “Даашинхүү”-гийн пүүсэнд 500-н эр хонины өртөй байжээ. Санаандгүй байтал нь нөгөө пүүсний нэгэн данжаад, хэдэн зарцтайгаа өр нэхэж хүрч ирээд, маргааш буцна гэж яаруулжээ.
Ван сандрахдаа юу ч гэсэн тав тухтай байлга, тусгай гэр барьж өг хэмээн албат нартаа захиад, шадруудаа цуглуулан хэрхэхийг хэлэлцвэл, дэргэдийн нэгэн түшмэл нь: Мэргэн хувилгаан Дашдавааг л залахаас биш. Айл амьтан намаржаа өвөлжөөгөө бараадаад, нутаг холдчихсон байдаг. Тэгээд ийм давчуу цагт ондоо арга байхгүй гэснийг бүгдээрээ зөвшин, Дашдаваа хувилгааныг залахаар эмээлтэй морь хөтлөн нэг нь довтолгоод, оройхон залаад иржээ. Ван ч учир зовлонгоо хэлвэл, мэргэн Дашдаваа хувилгаан: “10-н хайрцаг шүдэнз, 500-н хонь багтах хашаа хэрэгтэй дээ” гэжээ. Хэлснийг нь төдөлгүй амжуулав. Лам гарч харснаа ,”Болжээ. За нөгөө шүдэнзээ аваад ир! ” гээд, 500-н хар толгойтой шүдэнзний модыг хашаан дотор урагш нь харуулаад зулчихаж гэнэ. Амар жимэр хоноод, өглөө нь босч хартал хашаа дүүрэн ижил зүстэй, ижил шүдтэй 500 эр хонь хээв нэг хивээд хэвтэж байх юм гэнэ. Ван ч сэтгэл өегшин, данжаадад тоо ёсоор хүлээлгэн өгч, өрийн данс дугуйлсанд данжаад “Энэ Монголчууд та нар мөн сүрхий улс аа. Ингэж нас, зүсийг нь тааруулдаг байх гэж” хэмээн толгой сэгсрээд тэнгэрт тоос татуулан, туугаад оджээ.
Явсан хойно Дашдаваа хувилгаан: “Их сүрэгтэйгээ нийлмэгц нэг нэгээрээ сугарч хаягдсаар, Халхын хилийн дээсийг гатлах үед ганц хонь үлдэхгүй дээ” гээд инээмсэглэж суусан гэдэг.
Дашдаваа хувилгааны тухай олон хууч яриа ард түмний дунд ам дамжин үлдсэн байдаг .
(Ц. Цэрэн-Очир “Бууршгүй Монголын буянт мэргэд” номноос)