Дилов хутагт Жамсранжав 1949 он

Дилов хутагт Башлуугийн Жамсранжав

MNB телевиз – Дилав хутагт Жамсранжав.

Башлуугийн Жамсранжав (1884 оны 10 сарын 8 Засагт хан – 1965 оны 4 сарын 7, Нью-Йорк хот) – Монголын шашин болон төрийн зүтгэлтэн. Монголын тусгаар тогтнолын зүтгэлтэн, шашны мяндагтан, хутагт. Таван настайд нь Диловын хувилгаанаар тодорч шашны боловсрол эзэмшсэн. Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Намтартаа “Дилова хутугту” хэмээн бичжээ.

Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг.

Түүнийг 1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг”-т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Энэ цуурхэл харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болсон нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно.

Tegshee Tegsh-ийн багш 1922 онд Гандантэгчэнлин хийдийн харъяа буддын гүн ухааны Идгаачойнзинлин дацангийн шавь болж суусан бөгөөд залуу лам шавь нарт хожмоо Гандантэгчэнлин хийдийн номч мэргэн хамба лам, гавж тухайн үедээ эрдэмт залуухан гаарамба С. Гомбожав чойрын ном заадаг байсан гэдэг.
1931 оны өвлийн нэг өдөр гаарамба багш нь дуудаж маргааш өглөө “Алтангэрэл” судраа аваад манайд ирээрэй, үсэг тоолон уншина гэсэн гэдэг.
Маргааш өглөө нь нар ургах үед гаарамба багшийндаа очиж үеийн лам нартай дөрвүүлээ нар ханын баруун толгойд тусахын хирд “Алтангэрэл” судрыг уншиж эхэлж.
Бага үдийн алдад хаалга нээгдэж нэгэн нуруулаг лам орж ирэхэд нь гаарамба багш нь ихэд хүндлэн дээш залж, цай идээ барьж хэсэг ярилцан суугаад гарахаар босохдоо өнөөх лам “Би хол явах болоод аян замаа даатган энэ номыг хуруулж байгаа юм аа” гэж хэлээд дөрвөн ламд 3, 3-н янчаан бариад явжээ.
Гаарамба багш нь ирсэн ламыг гаргаж өгөөд орж ирэхдээ энэ лам Дилов хутагт байгаа юм. Хол ажлаар явж байгаа юм гэж хэлсэн ба хэд хоногийн дараа хутагт зорьсон газраа саадгүй хүрсэн гэнэ гэж хэлсэн гэдэг. Харилцаа холбоо, зам харгуй, утас холбоо хөгжөөгүй үед Дилов хутагттай хэрхэн холбогдож байсан нь гайхмаар.
Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө алд биений алжаах зүдрэхийг умартан, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, тусгай үүрэг гүйцэтгэхээр оргодол босуулын дүрээр хил нэвтэрсэн Дилов хутагт Б. Жамсранжав хожим Монгол орныг нөмөрсөн их хэлмэгдүүлэлтийн улмаас өөрт нь үүрэг даалгавар өгч явуулсан хүмүүс нь хэлмэгдэн цаазлуулснаас болж анх гарсан зорилго нь өөрчлөгдөж ар талтайгаа холбоо тасарсан гэдэг.

Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч-тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.

Өмнөд нутагт тэрбээр Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж байхдаа Америкийн монголч эрдэмтэн О. Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй эрдэмтний урилгаар Америкийн Нэгдсэн Улсад морилж, Жонс Хопкэнсийн их сургуулийн Монгол судлалын тэнхэмд багшлах болжээ. Хожим Нью-Жэрси мужид Халимагуудын байгуулсан буддын сүмийн хамба болжээ.

1960 онд Дилов хутагт <<Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил “Нэгдсэн Үндэстний Байгууллага”-д бие даасан гишүүн байж болно>> хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа билээ.

Амьдрахын эрхээр олон газраар явж байсан Дилов хутагт өөрийн номын нөхөр, шавь Америкийн Монголч эрдэмтэн Оуэн Латтиморын тусламжтайгаар АНУ-д суурьшин насан эцэстлээ амьдарсан бөгөөд төрж өссөн Монгол нутаг, мяралзан цэлэлзэх Ойгон нуур, үзэсгэлэнт сайхан Баян-Айраг уул юугаа санаж бэтгэрч байсан гэдэг.
Насан өтөл болсон тэрээр Нью-Йорк хотноо нээгдсэн БНМАУ-ын элчин сайдын яамны хашааг бараадан, дотор тоглох Монгол хүүхдийн цангинасан дууг сонсож, алтан соёмбот далбаагаа мандахыг баясан харж, өөрийг нь чиглэн ирсэн жаахан бор Монгол хүүгийн өмнө өвдөг сөхрөн, нулимсаа дуслуулан, борхон гарыг нь атган адис авч, хүүгээ дуудан ирсэн залуухан Монгол бүсгүйд энэ цэцэрлэгт “Пикник” хэмээх хортой ургамал ургадаг тухай хэлж, түүнээс болгоомжилж байхыг захисан гэдэг.
1961 онд Монгол улс НҮБ-ын гишүүнээр элсэхийн урд шөнө учрах саад зэтгэрийг амирлуулахын тулд “Чойжалын дүгжү”-г шөнө дөл болтол уншиж, маргааш нь НҮБ-ын төв байранд очиж, шинэ гишүүн элсүүлэх ажиллагааг өөрийн шавь Онон Өргөнгөө, номын нөхөр, шавь Оуэн Латтиморын хамт ажиглагчийн суудлаас сэтгэл догдлон харж, БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр бүртгэх тэр мөчид нүдний нулимсаа барьж дийлэхгүй, магнай тэнийн баярлажээ.
Ажиглагчийн суудлаас алга таших, дуу чимээ гаргах, үг хэлэхийг хориглодог гэдгийг сануулсан шавьдаа “За яахав яахав хөгширч зөнөсөн өвгөн будилж байна” гэж бодно биз хэмээн хэлж, алгаа чангаар ташиж суусан гэдэг.
Ийнхүү гэгээн хутагт, эрдэмт дээдэс тэрбээр эх нутгаа санан бэтгэрсээр 1965 оны 4-р сарын 7-нд түм түжигнэж, бум бужигнасан Нью-Йорк хотын даруухан дүүрэгт орших гэртээ насны нараа жаргаасан ажээ.

“Танай оронд улааны засаг тогтсоноор, шашин ном нь доромжлогдон доройтож, хүн ард нь хэлмэгдэн цусаа урсгасан. Монголын өнөөгийн засаглал, нийгмийг солих хэрэгтэй гэж танд бодогдохгүй байна уу ?” гэхэд Дилов хутагт Жамсранжав: “Арай гэж эвлэсэн ваарыг дахиж хагалаад яах нь вэ. Эргэж бүрэлдээ ч үү, үгүй ч үү. Тусгаар Монголын голомт асч л байвал түүний тулд энэ хэрийн золиос байх буй заа” гэсэн гэдэг. Нэгэн цагт эх орныхоо тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тэмцэж асан нөхдийнхөө чин хүслийг тэрбээр ийн цөөн үгээр илэрхийлжээ. АНУ-ын Нью Жерси мужид амьдралын сүүлийн жилүүдээ үдсэн Дилов хутагт Нэгдсэн үндэстний байгууллагын байрны өмнө, олон орны далбаан дунд намирах бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг байн байн ирж харах дуртай байж. Яг тэр агшинд л түүний амирлангуй гүжирмэг төрхөнд бахархал гэрэлтэж, нүд нь нулимсаар чийгтэн гялалздаг байсан гэдэг. Төр улсынхаа төлөө ухамсарт бүхий л амьдралаа зориулсан буурал хутагт эх орныхоо шороон дээр ясаа тавьж чадаагүй юм. Энэ нь өөрийнх нь хэлсэнчлэн тусгаар тогтнолын төлөө төлөх үнэ-золиосны нэгээхэн хэсэг байсан биз ээ. Ийм өвгөдийн өмөлзөж эргэх сэтгэл, өндийж ивэх ясаар тулагдсан тусгаар тогтнолоо өнөөгийн бид яаж хайрлаж, ямар үнээр цэгнэж яваагаа бодох цаг болсон мэт… Үр хойчис тань өнөөдрийн Монгол хүн таныг хэрхэн дурсах бол?

Жогноогийн Бямбасайхан “Хашхираан” номоос (2018 он)

Эх орны даалгавраар хилийн чинадад Дилав хутагт Б Жамсранжав.

Амьд Будда.

2017 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 10 минутад Вашингтон хотын захын дүүргийн буйдхан кафед цувны захаа босгож, бүрх малгай духдуулсан залуу хаалга татан тэвдэнгүй орж иржээ. Тэрээр сэжигтэй харцаар ийш тийш нүд гүйлгэснээ хоосон танхимын булангийн ширээнд очиж суугаад ази царайтай зөөгч үрүү тас ширтэв. Зөөгчийг ирэхэд тэрээр:
– Нэг аяга кофе өгчих гэж нөгөө л гөлөрсөн чигээр бувтнаад:
– Чи монгол уу ? гэж асуулаа. Зөөгч “Тийм” гэж толгой дохичихоод бодол болсоор явж одов. Захиалсан кофег авчрахад залуу:
– Намайг Жеймс Хэнри гэдэг хэмээн өөрийгөө танилцууллаа.
– Миний нэр Ренцэндорж. Хэлэхэд хэцүү тул Дори гэж дуудахад болно.
Жеймс амандаа тун тодоор Ренцэндорж хэмээн өгүүлэхэд түүний аялгагүй цэвэрхэн хэлэхийг сонссон Дори:
– Та монгол хэл мэддэг юм уу ? гэж сониучирхав.
– Үгүй. Гэхдээ монголын талаар нэлээдгүйг мэднэ шүү. Тухайлбал Чингис хаан, Дилова хутагт Жамсранжав гэж
өгүүлээд Жеймс зөөгч үрүү сонжих мэт гялалзсан нүдээр нэвт сүлбэв. Түүний харцанд самгардсан зөөгч:
– Гайхалтай гээд мушийх аядав.
– Тийм шүү хэмээн толгой дохиод Жеймс:
– Би сарын өмнө танай кафегаар үйлчлүүлсэн. Тэр үед таныг хармагцаа монгол хүн байна гэж бодсон гэв. Түүний ийн өгүүлэхийг сонсоод Ренцэндоржид таагүй мэдрэмж төржээ.
– Та тэгэхээр намайг зорьж иржээ гэж тэрээр сэрдсэн маягтай хэлээд:
– Яах гэсэн юм? гэлээ.
– Надад таны туслалцаа хэрэгтэй байна. Би сэтгүүлч. Үнэндээ хүн төрөлхтний хувьд тайлагдашгүй, хачирхалтай, оньсого мэт явдлыг дагнан судалж, бичдэг. Аавынхаа ажлыг өвлөсөн гэх үү дээ. Аав маань энэ тал дээр нэлээдгүй алдартай, олны танил хүн байлаа.
– Тэгээд? Би сайн ойлгосонгүй.
– Гурван сарын өмнө аав маань нас барахад түүний үлдээсэн гурван хайрцаг бичиг цаасыг онгичиж байгаад дундаас нь би хэдэн сонин баримт олсон юм. Үнэхээр хачирхалтай, ер бусын гэж хэлж болмоор. Тэдгээр баримтуудыг цэгцэлж эмхэтгэн нийтлэл болгоод сонинд өгтөл хэвлэхээс татгалзсан. Гурван ч сонин татгалзсан. Тэгээд дэмий хадгалах нь хайран санагдаад монгол хүн таарвал сонирхуулъя гэж хүсэх болсон. Магадгүй танд хэрэг болж мэднэ. Танай улсын тусгаар тогтнолтой холбоотой баримтууд.
Ренцэндорж мэл гайхав. Түүний юун тухай яриад буйг нэг л сайн ухаж ойлгосонгүй. Ёстой л оньсого шиг санагджээ. Тэгээд:
– Монгол Улстай холбоотой гэдэгт бат итгэлтэй байна уу? Та андуураагүй биз? хэмээн нүдээ жартайлган асуулаа.
– Үгүй. Даллас хотод буудуулж амиа алдсан манай улсын хамгийн залуу Ерөнхийлөгч хүртэл холбогдсон баримтыг би эндүүрнэ гэж үү ? хэмээн Жеймс хөөрсөн сэтгэлээ дарж ядан хэлээд:
– Та О. Латтимор, М. Мэнсфилд, Дилова хутагт гэх нэрийг сонсож байсан уу? гэж догдлон асуулаа.
– Дилова хутагт Жамсранжав бол 1930-аад оны эхээр Монголоос дүрвэн гарсан лам хүн. О. Латтимор бол хятад, монгол судлаач эрдэмтэн. М. Мэнсфилдийг бол дуулаагүй юм байна.
– Дилова хутагтад америкчууд ямар нэр хайрласныг та мэдэх үү?
– Үгүй.
– Цорын ганц Амьд будда. Энэ ямар утгатай вэ ? гэхээр бүхнийг эзэмдэгч гэсэн үг. Хаалганы дээр өлгөсөн хонх жингэнэн хоёр хүүхдээ дагуулсан бүсгүй дуу шуу болсоор орж ирснээр тэдний яриа завсарлав. Жеймс лангуун дээр ирэн кофены тооцоо хийхдээ нэрийн хуудсаа зөөгчид өгөөд:
-Хэрэв танд сонирхолтой санагдаж байвал орой манайд хүрээд ирээрэй. Би байж байна гэж хэлээд гарч одов.
*****************************************
Орой есөн цагийн хэрд үүд тогших дуулдахад Жеймс яаран онгойлговол Ренцэндорж зогсож байлаа.
– Таныг ирнэ гэж мэдсэн юм. Орооч гэж гар алдлан хэлэв. Буйданд тухалсны хойно Жеймс хавтастай баримтууд авчран өмнөө дэлгээд:
– Та үүнийг үз. “Вашингтон пост” сонины 1951 оны 9 дүгээр сарын 16-ны дугаарт нийтлэгдсэн мэдээний хайчилбар гээд Ренцэндорж уруу сарвайлаа. Тэрхүү хайчилбар нь “АНУ дахь цорын ганц амьд Будда Вашингтоны их сургуульд айлчлав” хэмээх гарчигтай мэдээ байх бөгөөд Дилова хутагтын нүдээ анин залбирах зургийг хамт нийтэлжээ. Зургийн дор “Өөрийн найз О. Латтиморын төлөө маш хүчтэй тарни уншив” гэсэн тайлбар зүүлттэй байлаа.
– Зургийн дор байх тайлбар аавын маань сонирхлыг татсан юм билээ. Та телепат гэж өмнө нь дуулж байсан уу?
– Үгүй ээ.
– Зайнаас хүний оюун санаанд нөлөөлөхийг хэлж байгаа юм. Дилова хутагтыг аав маань үл мэдэх тарнийн хүчээр сенатуудын оюун бодолд нөлөөлсөн гэж сэрддэг байжээ.
– Яах гэж? Яасан гэж? хэмээн Ренцэндорж гайхширлаа.
– Үүнийг ойлгохын тулд танд би товчхон түүх ярьж өгье. Нэгдсэн Улсын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннеди 1963 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Техас мужийн Даллас хотноо олон нийтийн өмнө толгойдоо буудуулж амиа алдсанаар Америкт коммунизмын эсрэг айдас дээд цэгтээ хүрсэн юм. АНУ-д хоёр дахь удаагаа дэгдсэн энэхүү коммунизмын эсрэг улаан халуурлыг сенат Жозеф МакКарти эхлүүлсэн байдаг. Тэрээр 1950 оны 2 дугаар сарын 9-нд Баруун Виржиниягийн Уиллинг хотод Бүгд Найрамдах намаас зохион байгуулдаг Линкольны төрсөн өдөрт зориулсан уламжлалт арга хэмжээн дээр төрийн департамэнтэд 208 коммунист сэм шургалсан болохыг зарлаж америкчуудыг цочроожээ. Тэрээр энэ үеэр эдгээр хүмүүсийн нэрсийг Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бирнс мэдэж байгаа хэрнээ ямар ч арга хэмжээ авалгүй тэдгээр коммунистууд төрийн бодлогыг тодорхойлсоор байна гэж шүүмжилсэн юм. Ингээд 208 коммунистын эрэлд америкчууд морджээ. Хамгийн түрүүнд армид их цэвэрлэгээ хийгдэн хэдэн мянган хүмүүсийг хомроголон баривчилж, ял оноосон байдаг. 1950 оны 3 сарын 20-нд Жозеф МакКарти эрдэмтэн Оуэн Латтиморыг ЗХУ-ын тагнуул, коммунист гэж буруутгаж, хэрэг нээжээ. НҮБ-ын шугамаар Афганистан улсад ажиллаж байсан тэрээр өөрт нь тулгасан хэргийг дуулаад сенатад мэдүүлэг өгөхөөр АНУ-д яаралтай дуудагдан иржээ. Оуэн Латтиморыг ийнхүү сенатад мэдүүлэг өгөх үеэр Дилова хутагт түүнийг гэм буруугүй, хэрэг нь цагаадах болтугай гэж залбиран хүчтэй тарни уншиж байгаа нь энэ юм.
Зургийн учрыг сая ойлгосон Ренцэндорж мөрөө хавчин:
– Манай шашинд лам нар тарни уншиж сүсэгтнүүдийн зам мөрийг тэгшитгэх, муу явдлаас сэргийлэх нь түгээмэл үзэгдэл.
Энэ бол буддын шашинд хандах хувь хүний үзэл бодол гэж өгүүлээд:
– Үүнд гайхшраад байх зүйл үгүй гэж нэмлээ.
– Дилова хутагт сенатад Оуэн Латтиморыг мэдүүлэг өгөхөөр очих бүрд тарни уншдаг байсан гэдэгт би хувьдаа бат итгэлтэй байна. 1952 оны 2 дугаар сард Сенатын Дотоод Аюулгүй Байдлын Дэд Хороо энэ асуудлыг эцэслэн хэлэлцэхээр Латтиморыг дуудаж мэдүүлэг авчээ. Ямартаа ч О. Латтиморын талаар бүтэн 17 сарын турш олон мянган баримт бичгүүдийг цуглуулж, 66 гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн 226 хуудас бүхий дүгнэлт гаргасан байдаг. Түүнийг 1930 оноос эхэлж ЗХУ-ын талд ажиллаж эхэлсэн гэж үзсэн ч энэ нь нотлогдоогүй учир түүнийг буруутгаж чадаагүй юм. Та төсөөлөөд үз. Ганцхан хүний эсрэг бүхэл бүтэн нэг жил таван сарын турш баримт цуглуулж, дээрээс нь 66 гэрчээс мэдүүлэг авчихаад гэм буруутайг нотолж чадаагүй нь гайхалтай биш гэж үү ?
Тэгэхэд өчнөөн олон яруу найрагч, хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийг аравхан хуудас баримтаар коммунист болохыг нь нотолж шоронд хорьж дөнгөсөн юм шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй тарни нөлөөлсөн байгаа биз хэмээн Жеймс өрөөн дундуур холхингоо гараа савчуулан хэлэв. Тэгснээ гэнэт эргэж Ренцэндорж руу хараад:
– Та Дилова хутагтыг Монголоос дүрвэж гараад юу хийж явсныг мэдэх үү ? Тун сонирхолтой хүн шүү. Одоохон таньд би ярьж өгье гээд хавтастай баримтуудыг эргүүлснээ хоёр хуудас сугалж авав. Цаас уруу нүүрээ наах шахам тонгойн харж амандаа бувтнан байснаа толгой өргөж хоолой заслаа.
– АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х. Уоллес 1944 оны 7 дугаар сарын 2-нд Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийхэд О. Латтимор түүнийг дагалдан явжээ. Х. Уоллесын зорилго бол Монгол Улс үнэхээр тусгаар тогтносон улс мөн үү ? гэдгийг өөрийн нүдээр харж, биеэр танилцах явдал байжээ. Монголд ирэхээсээ өмнө дэд Ерөнхийлөгч ЗХУ, Хятад улсад мөн айлчилжээ. Тэр үед Хятад улсын удирдагч Чан Кай Шиний зөвлөхөөр Дилова хутагт ажиллаж байв. Хачирхалтай тохиолдол биш гэж үү? Хамгийн сонирхолтой нь 1942 оноос О. Латтимор, Дилова хутагтын хамт бүтэн жил Чан Кай Шиний зөвлөхөөр ажилласан байгаа юм. 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улсад тусгаар тогтносон улс болохыг дэмжих эсэх асуудлаар бүх ард түмний санал хураалт болжээ. Хэрэв монголчууд бие даасан улс болохыг дэмжвэл Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн байлаа. Санал хураалтаар монголчууд 100 хувь тусгаар тогтнохыг дэмжсэнээр 1946 оны 1 дүгээр сарын 5-нд Хятадын Засгийн газар Монгол Улсыг хүлээн зөвшөөрчээ. Үүнд Чан Кай Шиний зөвлөхөөр зургаан жилийн турш ажилласан Дилова хутагтын нөлөө орсон байж таарна. Тэр хүн номын хүчээр Чан Кай Шинд нөлөөлсөн гэж би боддог юм. Эндээс Дилова хутагтын зорилго юу вэ ? гэсэн
асуулт аяндаа ургаж гарна. Та үүнийг юу гэж бодож байна ?
– Та надаар Чан Кай Шиний зөвлөхөөр Дилова хутагт ажилласан нь тохиолдлын хэрэг биш гэж хэлүүлэхийг хүсээ юу?
– Яг тийм. Дилова хутагт АНУ-д ирснээр энэ нь санаандгүй явдал бус, мөн түүний зорилго бүр ч тодорхой харагдана.
О. Латтимор Хятадад иргэний дайн дэгдсэн үеэр Дилова хутагтад захидал илгээж АНУ-д хүрэлцэн ирэхийг урьсан байдаг. Эх захидлынх нь хуулбар энэ байна хэмээн Жеймс гар дах хуудас цаасыг өргөөд:
– Танай улс одоо кирилл бичигтэй. Тэд тухайн үед босоо монгол бичгээр харилцдаг байжээ. Та ингэхэд монгол бичиг мэдэх үү ? гэлээ.
– Бага зэрэг гадарлана гэж Ренцэндоржийг өгүүлэхэд тэрээр цаасыг түүнд өгөөд:
– Та тэр дугуйлсан хэсгийг надад уншаад өгөхгүй юу ? гэв.
– Таны надад хайрласан хүүхэд таныг маш их санаж байна.
– О. Латтимор хэдий гэр бүл зохиосон ч эхнэр нь найман жил хүүхэд олоогүй юм. Наана чинь бичсэнээс үзвэл Дилова хутагт номын хүчээр тэдний гэр бүлд хүүхэд хайрласан болж таараад байна. Ийм юм байж болох уу? Библийн сударт өгүүлснээр ариун элч л онгон Марийг жирэмсэн болгодог. Тэгэхээр Дилова хутагт хэн болж таарч байна вэ? гэж хэлээд Жеймс гараа энгэртээ зөрүүлэн бодол болов.
Ренцэндорж “Манай буддын шашинд ийм явдал тохиолддог” гэж хэлэх гэснээ түүнийг Христийн шашинтай болохоор ойлгохгүй биз гэж санаад амаа хамхив. Жеймс гэнэт ярьж гарав.
– Оуэн Латтиморын хүчин чармайлтын үрээр 1949 оны 2 дугаар сарын 20-нд Дилова хутагт АНУ-д ирж Балтимор хотод Жон Хопкинсын Их сургуульд түүнтэй цуг ажиллах болжээ. О. Латтимор, Дилова хутагт хоёрын харилцаа эртнийх бөгөөд ер бусын гэдгийг та эндээс ойлгосон байх. О. Латтиморыг ЗХУ-ын тагнуул, коммунист хэмээн буруутгаад байсан МакКартигийн тэргүүлдэг сенатын дэд хороог 1954 оны 12 дугаар сарын 2-ны өдөр сенатын 67 гишүүний саналаар татан буулгаснаар энэ явдал өндөрлөсөн юм. Ганцаардаж, архинд орсон сенатын гишүүн МакКарти 1957 оны 5 дугаар сарын 2-нд элэгний хатуурал өвчнөөр гэртээ нас нөгчжээ. Америкчуудыг коммунизмын айдасд автуулж дөнгөсөн МакКартиг санхүүгээр гол ивээн тэтгэгч нь манай улсын хамгийн залуу Ерөнхийлөгч Жон Кеннедигийн эцэг Жозеф Кеннеди байсан нь тун сонирхолтой шүү. Бас дүү Роберт Кеннеди нь МакКартийн дэд хорооны гишүүн байсан юм. МакКартийн улаан хэнээрхэл, олон хүнийг хэлмэгдүүлсэн хүчирхийлэл, эмгэнэлт төгсгөл тэдний нүдний өмнө болсон. Олон жил хүчирхэг хэвээр байх юм шиг төсөөлөгдөж байсан МакКартийн гэнэтийн золгүй сүйрлийн гол эзнээр Роберт Кеннеди түүнтэй номын хүч, тарнийн шидээр тэмцэж байсан Дилова хутагтыг гэж үзсэн байгаа юм.
– Энэ ч дэгсдүүлсэн хэрэг байх аа?
– Үгүй. Үнэхээр тэгж бодсон. Тэр Дилова хутагтыг сенатын 67 гишүүний оюун санаанд алсаас тарнийн хүчээр нөлөөлсөн гэж үзсэн. Тиймдээ ч Нью-Йоркод байдаг түүний гэрт Роберт Кеннеди нууцаар зочлон уулзжээ. Үүнийг батлах зураг ч надад бий гэж Жеймс тайвнаар өгүүлээд хавтсан дундах цааснуудыг ухан нэгэн зураг гаргаж ирэн Ренцэндорж руу сарвайлаа.
Роберт Кеннеди, Дилова хутагт хоёрыг нөхөрсөгөөр ярилцаж байх зуур зургийг даржээ. Тэд биеэ барьсан, хянасан зүйл үгүй, тун энгийн харагдах аж.
– Энэ үеэр Роберт Кеннедиг би Дилова хутагтад хамтарч ажиллах санал тавьсан гэж боддог. Магадгүй эсрэгээр ч байж болно.
– Ямар зорилгоор хамтарч ажиллана гэж ?
– Хамгийн ээдрээтэй нь энэ. Тухайн үед Ардчилсан Нам доторх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд түүний ах Жон Кеннеди өрсөлдөж байлаа. Тэр үнэхээр санаанд ормооргүй байдлаар өөрийн намын хүчтэй нэр дэвшигч Хемфри, Жонсон нарыг ялж чадсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Жон Кеннедийг Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Ричард Милхаус Никсон хүлээж байлаа. Р. Никсон бол Ерөнхийлөгч Айзенхауэрын дэмжлэгийг хүлээсэн, нийт америкчуудын талынх нь саналыг аль хэдийн халаасандаа хийсэн хүчтэй өрсөлдөгч байв. Дараагийн Ерөнхийлөгчөөр Ричард Никсон сонгогдоно гэж америкчуудын ихэнх нь үзэж байсан 1960 оны 8 дугаар сард сонгууль болжээ. Хэний ч таамаглаагүй үр дүн гарч нийт сонгогчдийн 49,7 хувь нь Жон
Кеннедид, 49,6 хувь нь Ричард Никсонд саналаа өгснөөр зуу гаруй мянган хүний илүүгээр АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчөөр Жон Фицжералд Кеннеди сонгогдсон юм. Ард түмэн үүнийг гайхамшиг, ид шид гэцгээж байлаа. Би ч бас тэдэнтэй санал нэг байна. Үүний ард Дилова хутагт байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь Жон Кеннедийн сонгуульд ялах магадлал 100-аас ганцхан хувь байсан.
– Ид шид гэхээс илүүтэй сонгуулийн сурталчилгааг сайн хийсэн байж болно шүү дээ?
– Таныхаар болог. Гэхдээ эхлээд та үүнийг сонсох хэрэгтэй. Би Жон Кеннедиг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр зүгээр нэг үг унагачаагүй гэж бодож байна. 1961 оны 1 дүгээр сарын 21-ий өдөр АНУ-ын хамгийн залуу Ерөнхийлөгч тангараг өргөхдөө ингэж хэлсэн байдаг юм. Та анхааралтай сонсоорой гэж өгүүлээд Жеймс адар өөд ширтэн цээжинд нь байх тэдгээр үгсийг сүр жавхлантайгаар хэлэхээр биеэ цэхэллээ.
“… Америкийн хойч үе болсон бидний үг яг энэ цаг мөчөөс, яг энэ газраас бидний анд, дайсан хэнд ч болов хүрэх болтугай. Саад тотгор тохиож, хүндрэл бэрхшээл учирсан ч ямар ч үнээр болов эрх чөлөөг мандуулахын төлөө бид бүхэн анддаа тусалж, дайснаа эсэргүүцэх болно гэдгийг маань бидний төлөө болон бидний эсрэг зогсож буй улс орон алин боловч мэдэж автугай.
Үүнийг мөн үүнээс ч илүүг бид амлаж чадна. Бидэнтэй соёл болоод сэтгэл санаагаараа хамт байсан эртний холбоотнууддаа бид бүхэн үнэнч шударга андын холбоог амлаж байна. Бүгдээрээ нэгдэж зориглон хөдөлвөөс бидэнд хийж чадахгүй зүйл бараг үгүй. Харин дан дангаараа хийж чадах зүйл бидэнд бараг алга аа. Бид олон хэсэг болж аз туршихыг хүсэхгүй байна. Эрх чөлөөний эгнээнд маань нэгдэж буй шинэ улсууддаа бид бүхэн колонийн хараат байдал нь, хатуу чанга дарангуйллаар хэзээ ч солигдохгүй гэсэн ганц зүйлийг амлаж чадах байна. Тэдгээр улсуудыг бидний үзэл санааг бүрэн дэмжинэ гэж найдахгүй байгаа ч ямартаа ч өөрсдийнхөө эрх чөлөөг тууштай дэмжинэ гэдэгт бид бүхэн бат итгэлтэй байна. Дэлхийн бөмбөрцгийн хаа ч зовлон зүдгүүрийн хүлээснээс ангижрахаар тэмцэж буй тэдгээр хүмүүсийг өөрөө өөртөө туслахад нь бид шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлах болно. Гэвч энэ нь коммунистууд биднээс өрсөөд хийчих вий гэсэндээ бус, тэдний саналыг авах гэсэндээ ч биш, гагцхүү ингэх нь зүйтэй гэж үзсэн учраас л бид энэ бүхнийг хийж байна… ”
Жеймс чимээгүй болов. Түүний харцанд гуниг тодорч Ерөнхийлөгч Жон Кеннедийн золгүй үхэлд харамсаж буй нь илэрхий байлаа. Тэр санаа алдаад аядуухнаар:
– Жон Кеннеди Ерөнхийлөгч болсныхоо дараа НҮБ-д Хятадыг төлөөлж байсан Тайванийн Ерөнхийлөгч Чан Кай Шинд дөрвөн сарын хугацаанд гурван ч удаа захиа бичиж Монгол Улсыг НҮБ-д элсэх асуудалд хориг тавихгүй байхыг хүссэн байдаг. Энэ таныхаар тохиолдол уу ? 1961 оны хавар Ерөнхийлөгч Кеннедийн саналаар Сенат дахь Ардчилсан Намын олонхийн бүлгийн ахлагчаар М. Мэнсфилдийг сонгожээ. Энэ хүн бол Монтанна мужаас АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдоод байхдаа Ерөнхийлөгч Ф. Рузвельтийн даалгавраар дэд Ерөнхийлөгч Х. Уоллесын айлчлалын бүрэлдэхүүнд багтан 1944 онд Хятадад ирж байжээ. Түүний гол даалгавар бол Хятад, Монголын нөхцөл байдлыг судлах, дүгнэлт гаргах явдал байв. М. Мэнсфилд 1945 оны 7 дугаар сарын 21-нд Конгрессын хуралдаан дээр Монголын тухай дэлгэрэнгүй үг хэлж тус улсын тусгаар тогтнолыг АНУ нэн даруй зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. М. Мэнсфилдийг ийнхүү олонхийн бүлгийн ахлагчаар томилсон нь мөн л тохиолдол уу ? Энэ хүн ажлаа авсан өдрөө Ерөнхийлөгч Жон Кеннедид Монгол Улсыг нэн тэргүүнд хүлээн зөвшөөрөхийг уриалсан тухай баримт сенатын хуралдааны протоколд хадгалагдан үлджээ. Энэ хоёр тохиолдлыг ердийн давхцал гэж үзэх үү ? М. Мэнсфилд, О. Латтимор, Дилова хутагт нар дотны найзууд байсан нь бас л тохиолдол уу ? гэлээ.
Ренцэндоржид хэлэх үг олдсонгүй. Тэрээр:
– Сонирхолтой юм гэж бувтнаад хөмсөг зангидлаа.
– 1961 оны 10 дугаар сарын 25-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван улс Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх санал өгөхөд АНУ түдгэлзэж, Чан Кай Шинийн Тайвань санал хураалтад оролцоогүй юм. Ингээд Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-д албан ёсоор элсэхэд Дилова хутагт тэрхүү хурлын танхимд уйлаад сууж байсан юм шүү дээ. Та энэ зургийг харахтун.
Хавтаснаас зураг гарган Жеймс Хэнри Ренцэндоржид өглөө. Тэрээр:
– НҮБ-ын чуулганаар Монгол Улсыг гишүүнээр элсүүлж буй тэр мөчид авсан гэрэл зураг. Дилова хутагт нулимсаа арчаад сууж байгаа биз ? Зорилгоо биелүүлсэн хүн баярлахгүй яах билээ дээ. Энэ хүн Хятад ч тэр, АНУ-д ч тэр ийнхүү үүргээ биелүүлж чадсан. Одоо би танаас нэг зүйл асууя ? Амилсан будда, Дилова хутагт Жамсранжав гэж хэн бэ?
– Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн хутагт лам байжээ хэмээн Ренцэндоржийг дуугарахад түүний хоолой зангиран байлаа.
Жеймс Хэнри толгой дохиод:
– Дилова хутагт Жамсранжав бол танай улсаас зорилготой илгээсэн увидаст тагнуулч. АНУ-ын Ерөнхийлөгчийг хүртэл илбэдэж чадах юм гэж хэн зүүдлэх билээ. Дэлхийн гүрэн Хятад, Америкийг өмнөө сөхрүүлж чадсан амьд будда гээд инээмсэглэв.
Тэрээр бичиг цаасаа хумих зуураа:
– Аав маань энэ бүгдийг олоод харжээ. Даанч тухайн үед хэн ч тоогоогүй. 1965 онд Дилова хутагт 82 насандаа нас нөгчсөнөөр энэ баримтууд хэнд ч сонин биш болжээ. Одоо ч бас тийм бололтой. Магадгүй танд хэрэг болж мэдэх юм гээд Жеймс Хэнри хүрэн хавтсыг Ренцэндоржид хоёр гардан барьлаа.
Тэрхэн хоромд Ренцэндорж олон жилийн тэртээ Америк явахад нь онгоцны буудал дээр гаргаж өгсөн эцгийнхээ “Хүсвэл хүн бүр Будда болж чадна” хэмээх захиасыг гэнэт санажээ.

Дилова хутагтын айлдсан Арьяабалын маань.

Эх сурвалж:

https://mn.wikipedia.org/wiki/Дилов_хутагт_Жамсранжав