Жодын үндэсний Дорж ловон Лувсанбанзар

Дорж ловон Лувсанбанзар

Жодын үндэсний Дорж ловон Лувсанбанзар (1914-2008).

1914 онд Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын 7-р багийн нутаг “Цант халтар” хэмээх газар малчин ард Долзодын Хандын дөрөвдүгээр хөвүүн болон мэндэлсэн байна. Бага насандаа бусдын адил аав ээжийн гар дээр хүмүүжиж байгаад өөрийн том ахын дэмжлэгтэйгээр Дэлгэрийн Чойрын хийдэд шавилан сууж дээдийн номын анхны үсгийг заалгаж төвөггүйхэн бичиж, уншиж сурав.
Буяны зам мөр нь ийнхүү эхэлж жодын номыг машид хүсэмжлэн зоч болохоор Баянцагаан сумын Бээлийн хийдэд шавилан суусан байна.
Лувсанжав багшаараа хангал, магтаал, хурлын бүх уншлаганы номнуудыг, Пунцаг зоч багшаасаа Ханд, Цээжүү, Дагинасын чихний чимэг увидаслал зэрэг номын авшиг, зан үйлийг хоцроолгүй номын ёсны дагуу хүртэж улмаар Дугар багш нь өөрийн гараар хавчиг үүрэг тэргүүтэн бэлтгэн өгч зоч лам болох ерөөл талбин урьдын номын барилдлагаар шавьдаа ихийг бүтээхийг айлдсан гэдэг.
Ингээд 17 насандаа Намхайгожидын ван авшигийг хүртэн тангараг дамцгийг нь доройтуулалгүй шимийг нь авч ертөнцийн явдлыг огоорч, өөрийн биеэ эх болсон хамаг амьтны тусын тулд зориулж хатуужлыг үйлдэв.
Өвлийн хүйтэнд Цантын уулын хадан агуйд Тойног бурхны нямба бясалгалд гурван жил суугаад, хавар болохоор Хэрэмийн шанд, Мухарын шанд, Нарангийн гурван овоо болон үхээрийн газарт чүмиг жарзыг гурван жил хийж гүйцээн агуу багш нарын сургаал номлолыг дамжлага суртал ялгалгүй ихэд чармайн суралцаж улмаар Мажиглавдонмаагийн гүн увидас лүйжинг тоонд нь хүргэн бясалгаж илтэд Тойног буюу Хилэнт хар дагинасын нигуурыг болгоосон Тойногийн хувилгаан байсан юм.
Амгалан бүгд багшийн адистэд байгаа тул ачийг хариулан багш нараа шүтэн сүсэглэн, ялангуяа нууц тарнийн очирт хөлгөний мөр бүгдэд гагцхүү багш чухал учраас багшийн егүзэрийг бясгалгаж тангараг цаазыг нь ягштал баримтлан ирэх учиртай .
Ингээд багш дээдсийн сургаал номлолыг үргэлжлүүлэн дамжлагыг нь үл таслан Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Төв аймгийн Баянбараат, Баянцагаан сумдын нутагт амьдран өөрийн эрдэм оюунаа ертөнцийн хамаг амьтны тусын тулд буяныг үйлдэж байв.
Ингээд 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн цаг үед том ах болох Сүхээ нь хэлмэгдэн баривчлагдаж, шашны үзэл санаа, номлолыг хүргэх боломжгүй болсон учир энгийн болж гадаад дүрдээ эгэл хүмүүний ёсыг үзүүлж байсан боловч дотоод сэтгэл үндсэндээ жодын гүн увидас багшийнхаа айлдсан дамжлагыг үргэлж өөрийн таалад болгоон доройтуулалгүй авч ирсэн байдаг.
1939 онд цэргийн албанд татагдан таван жил хугацаат цэргийн албыг хааж дуусгаад 1944 онд өөрийн төрсөн эгч Нямсүрэнгээ даган “Аж үйлдвэрийн комбинат”-д ажилчин ангийн эгнээнд орж эх орныхоо бүтээн байгуулалтанд өөрийн сэтгэл зүрхээ зориулан үр бүтээлтэйгээр тасралтгүй 36 жил ажилласан байдаг.
Монгол оронд ардчилсан хөдөлгөөн явагдаж шашин шүтэх эрх чөлөө дахин сэргэж “Наран Хөгцөт”-ийн өвгөн багш дээдсийнхээ номын аньсыг бүрэн үл гүйцээн бурхан болсныг сэтгэл дотогшоо хандаж, өөрийн гэмийг ажиглан буяны садангийн айлдвар зарлигийг даган ариун тангаргын үүднээс дамжлага төгөлдөр багш дээдсийн таалалд нийцүүлсэн байна.
Ингээд 1989 оны 12-р сарын 22-ны өдөр буюу шороон могой жилийн өвлийн эхэн сарын зулын 25-ны Богд ламын их дүйчэн өдөр Баянгол дүүргийн нутагт “Тарвалин” хийдийг үүсгэн байгуулж хурал номын үйл ажлаа дахин эхлүүлсэн байна.
Ингээд Энэтхэг улсаас Монгол улсад суух элчин сайд Бакула Ринбүчи багш СХД-ийн Баянхошуунд морилон саатаж улмаар “Намдолдэчэнлин” хэмээх нэрийг хайрлаж, шашин номын үйл хэрэг нь улам дэвжин дэлгэрч бурхны номыг сонсогч олон шавь нартайгаа ертөнцийн хүмүүний амар амгалангийн төлөө өөрийн биеээ зориулж ирсэн байна. Лувсанбанзар ламтны нөр их хөдөлмөрийг төр засаг, түмэн олон тухай бүр үнэлж дүгнэж ирсэн байна.
Үүнээс дурьдвал: Ардын хувьсгалын ойн медалиуд, Ардын армийн ойн медаль, 5,6-р таван жилийн гавшгайч, Хөнгөн хүнсний яамны 50 жилийн ойн медаль, АШНҮ-ийн тэргүүний ажилтан, Зөвлөлт Монголын ялалтын медаль, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, 1999 онд Алтан гадас одон, Ардчиллын ахмад зүтгэлтэн одонгоор тус тус шагнагдаж байжээ.