Бригүн Гаржүд Очирт хөлгөний ёсны их багш Дрүпон Ринчэндорж ринбүүчи

Дрүпон Ринчэндорж ринбүүчи

Бригүн Гаржүд Очирт хөлгөний ёсны их багш Дрүпон Ринчэндорж ринбүүчигийн товч намтар.
Бригүн Гаржүд ёсны их багш Дрүпон Ринчэндорж нь 1984 онд Түвд орны Хам мужийн “Тана” хийдэд анх шавилан сууж ангид тонилгохуйн санваарыг Бүрүлгү Няндаг Жанцан ринбүүчи багшаасаа авч номын рашааныг олонтоо хүртжээ.
Тухайлбал: Махамудрагийн 5 зэргэмж, Гүнсан ламтны айлдварын гүн увдис, Сансар нирваанаас ангижрахуйн “Их Төгсгөл- Зогчэн” тэргүүтэн олон увдис, дамжлагыг заалгасан аж. Тэрээр мөн Бүрүлгү Тогмид ринбүүчи багшаасаа Дилвүба ёсны Чагкрасамбара буюу Дэмчиг бурхны эрх авшиг, дамжлага, нандин увдис зэргийг хүртсэн ажээ.
1993 онд Бригүн Гаржүдийн их сургуульд элсэн орж Буддын гүн ухаан, судар тарнийн маш олон увдист шамдан суралцсан байна.
1995 онд Дээрхийн Гэгээн Бригүн Жавгон Чэцан ринбүүчи багшаас гэлэнгийн санваарыг хүртсэн ба тэр жилдээ Махамудрагийн анхааран авлага, нямба дүйва, Чакрасамбарагийн их тарни уншлагаа гүйцээн дүүргэжээ.
1996 онд Наробагийн зургаан егүзэрийн гүн мөрийн удиртгалыг хөтлүүлсэн.
Дрүпон Ринчэндорж ринбүүчи мөн 3-н жилийн хугацаатай 2 /нийт 6-н жил/ удаагийн бясалгал бүтээл үйлдсэн ба Мялрайба /Мял богд/-гийн агуй Непалын Лавчи, Алмора зэрэг адистэдэт дагшин газруудад залран нямба бүтээлд шамдсан бөгөөд илэрхий сайн тэмдгийг үзүүлэн цаашид үргэлжлүүлэн суух хүсэлтэй байсан ч Дээрхийн Гэгээн Бригүн Чэцан ринбүүчи багшийн шахамдуу хүсэлтээр уулнаас бууж Энэтхэг болон Европ, Мексик, АНУ-ын номын төвүүдэд хичээл зааж эхэлжээ.
2005 онд багш Бригүн Жавгон Чэцан ринбүүчи гэгээнээс Марва ламын ёсны Хэ Базар /Жидор бурхан/-гийн таван бурхны увдис дамжлага, эрх авшгийг хүртсэн бөгөөд онцгой сайн шинж тэмдгийг үзүүлэн сайшаагдаж “Дүвбон” буюу “Бясалгал бүтээлийн багш” хэмээх алдрыг хүртсэн байна.
Тэрээр олон дээдэс мэргэд багш нараас маш олон ном увдисыг хүртсээр ирсэн бөгөөд одоо барууны орнуудад ихэд алдаршаад буй Наробагийн зургаан ном хийгээд Дилбүва ёсны Дэмчог бурхны ном уламжлал, Махамутра, Зогчэн зэрэг нандин ховор номуудыг голлон хөгжүүлж буй багш нарын нэг юм.
Өдгөө их багш Дрүпон Ринчэндорж ринбүүчи нь АНУ-ын Чикаго хот дахь Чикаго Радна Шри Санга төвд залран ном айлдвараа айлддаг ба мөн АНУ Аризона мужийн Чино валей-гийн “Гарчэн Буддист Институт” хэмээх Буддын Шашны төвийн эрхэм нэгэн багш юм.
Дрүпон Ринчэндорж ринбүүчи багштан Монгол улсын Өвөрбаясгалант Хамарын хийдийн дээдэс багш нар, сүсэгтэн олны урилгаар 2019 оны 8, 9 дүгээр сард Монгол орноо морилон дээдийн номын рашааны хурыг буулгасан билээ.
2019 оны 8 сард Гачуурт дахь Улаанбаатар Буян компани, хийдэд Бригүн Пова буюу Потид номын жүд, 9 сарын 7-14нд Тусгаар Монгол улсын Өвөрбаясгалант Хамарын хийдэд Бригүн Гаржүд ёсны их багш Дрүпон Ринчиндорж ринбүүчи ламтан морилон заларч саатахдаа
1. Гүрү Дорж Долд
2. Хоёр мутарт Гомбо Махагала сахиус
3. Дүйнхор ёсны Шар Чунт
4. Мялрайба богд
5. Пүрэв ядам Важракилаяа
6. Янсан, Зангад сахиусны ван авшиг хөтөлбөрийг гүн дэлгэр айлдан мөн Улаанбаатар хотын Яармагт орших Дээд Бодь Хийд буюу Жанчивлин хийдэд Авидын пова болон Одсэржамаа бурхны авшиг соёрхож номын барилдлага сэргээн тогтоож Мөнх хааны буулгасан айлдвар зарлигийг биелүүлэн Монголчууд бидэнтэй номын барилдлага ариун ерөөлийг дахин тогтоосон билээ.
АНУ-с 2022 оны 8, 9 дүгээр сард Дрүпон Ринчэндорж ринбүүчи багштан Будда Продакшны хамт олон болон шавь нар сүсэгтэн олны хүсэлтээр Монгол орноо дахин залран Налайх хотод эд баялаг арвижуулагч Цагаан Замбал бурхны ван авшиг,
Завхан аймагт Нууцын Эзэн Очирваань бурхны ван авшиг, бүтээлийн арга,
Эрдэнэ Зуу хийдэд Бригүн Пова буюу Потид номын жүд увидас,
Улаанбаатар хотод Дэмчог, Дорж Пагмо Бурхны ван авшиг,
Бригүн Жово Жигдэн Сүмгон Гэгээний (1143-1217) 800 гаруй жилийн өмнө айлдан хайрласан Хамт Төрсөн Махамутра Жүд,
Цагаан Дара эхийн Ван авшиг зэрэг дээдийн номын рашааны хурыг буулгана.
Дээдэс багш нарын лагшин, зарлиг, таалал нь ашид батад оршоод дэргэдэх номын шавь нөхөр сэлтсийн үйлс явдал арвидан дэлгэрэх болтугай.
Ум аа гүрү базар дара хум.
2022-08-08