Дүвчин Ра Лозава Дорждагва гэгээнтэн - Энэтхэгийн 84 шидтэний нэг Бисү Галбар гэгээнтний 4-р дүрийн хувилгаан

Дүвчин Ра Лозава Дорждагва гэгээнтэн

Багш дор мөргөмүй.

Ямандаг бурхны хувилгаан Дүвчин Ра Лозава Дорждагва гэгээнтэн нь Түвдийн бурхны шашинд гарсан Цогт Ямандаг бурхны дээд увидасыг эзэмшигчдээс хамгийн гайхамшигтай нь юм.

Өөрөөр хэлбэл Түвдийн Ямандагийн хувилгаадын тухайд түүнийг эс дурдваас өөр хэнийг дурдах билээ. Тэрээр 1016-1198 онд амьдарч байсан бөгөөд багадаа эрдмээр хэтийдсэн нэгэн байсан бөгөөд Балбад очиж суралцжээ.

Тэнд урдын дагинасын эш үзүүлсэн Баро хэмээх шидтэнтэй учран асар их сүжиг төрж Доржпагмын авшиг хүртээд буцах зуур дахин дагинас эш үзүүлснээр багшид дээд увидасыг шамдлаар дурдатгаснаар Ямандагийн асар гүнзгий увидасыг авах хүсэлтэй ч тухайн үед авшигийн өргөл барьц үгүй байлаа.

Ингээд тэрээр Түвдээс алт авч ирэн багшдаа өргөж Ямандагийн номын аймгийг бүрэн төгс хүртсэн байна.

Тэндээс адистэд шүтээн болон суварга тэргүүтэнд агуу их тахил өргөн мөргөл үйлдээд нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгаснаар гэтэлгэгч Манзушри бурхантай бодитой учирч бодь сэтгэл төрж, дандрын аймгийн утга бүхнийг бүрэн онож, номлох, тэмцэх, туурвихын ханьцашгүй хүчийг олсон ба улмаар Очирт Ямандаг бурхантай бодитой учирснаар эрхэм дээд шид бүтээлийг олсон билээ.

Бусад Ядам бурхдын нигуурыг илтэд болгоосноор номын сахиус нар үйлсийг тэтгэх тангараг өргөсөн нь асар гайхамшигтай.

Тэндээс Түвд үрүү буцах цаг болсныг багш нь зөвшөөрөхөд хамаг байгаа эд зүйл бүхнээ багшдаа сүжиглэн өргөж дахин учрахын ерөөл тавиад эх нутагтаа буцжээ.

Нутагтаа ирэхэд нь эх нутагт нь дайн самуун дэгдэж эцэг эх, ах дүүс нь дайсанд эзлэгдэн газар нутаг нь булаагдсан байв.

Ра Лозава бээр Ямандагийн үүднээс самуун дайсныг дарж, бүгдийг Манзушри бурхны оронд татан аваачснаар гэмээ цайруулж, нүгэл бүхнийг буянд урвуулжээ.

Ингээд Балба оронд дахин морилж Баро багштайгаа учран золгож тэр орноо 5000 гаруй шавь нарыг Ямандагийн увидасаар боловсруулж шүтээн босгох, өвчтөнг эдгээх, гурван эрдэнийг тахих тэргүүтэн шашин, амьтны тусыг агуу ихээр бүтээв.

Багшийн зарлигаар Энэтхэг орноо морилж шидтэн бандида нараас эрдмийг соёрхон номын нарыг өөрийн биед үүсгэн нууц тарнийн хоосон чанарт билэг оюун нь шингэж, номын лагшинг байгуулснаар нэгэн төрөлдөө бурхны хутгийг олсон юм.

Энэтхэгээс Балбад залран 6 жил хагасын турш саатан залраад Түвд нутагтаа эргэн заларч амьтны тусыг асар ихээр бүтээн ганцхан сарын дотор өөрийн үлгэрээр 1000 гаруй хүнийг аяга тахимлага болгосон ба Очирт Ямандагийн онцгой шидийг эзэмшжээ.

Түвдийн их багш Ра Лозава гэгээнтэн нь Энэтхэгийн 84 шидтэний нэг Бисү Галбар гэгээнтний дөрөвдүгээр дүрийн хувилгаан юм. Энэхүү гэгээнтэн 83 сүүдрийг зооглож Цогт Ямандаг бурхны лагшин дүрсийн байгууллаа номын агаарт хураажээ. Ра Лозава гэгээнтний IX-р дүрийн хувилгаан эдүгээ Их Монгол орны шашин амьтанд төрөл таалан шашин, амьтны тусыг бүтээж яваа IX-р дүрийн “Гачэн Чогбрүл Ренбүчи” багш билээ.

Гачэн Чогбрүл ринбүүчи