Гачэн Чогбрүл ринбүүчи - Гачэн Чогбрүл ринбүчи Гачэн Чогбрүл ренбүчи

Гачэн Чогбрүл ринбүүчи

Багш дор мөргөмүй.

Дайчин вангийн хошууны нийтийн багш ширээт ламаар Түвдийн Гачэн хувилгааны VII-р дүр Лувсандамбийням ламыг залж байжээ. Гачэн Ринбүүчи гэгээний намтар түүхээс сөхвөл Гачэн Лувсандамбийням гэгээн болбоос Банчэн богдын тааллын шавь бөгөөд Сэрдог гэгээнтэй төрөл дарааллан багш шавийн барилдлагатай байсан байна. Гачэн гэдэг нь Түвдийн Дашлхүнбэд их гол номлол, чойрийн таван ботид суралцан эцэслэн номд нэвтэрсэн мэргэдэд өргөдөг эрдмийн цол бөгөөд Сэбрагэсүм буюу Сэра, Брайвүн, Гандан дэва зэргийн одоогийн лхаарамба лугаа адил юм.

Халхын VIII-р Богд Жавзандамба хутагт мөн Банчэн богдын шавь байсан бөгөөд Банчэн богдоос Гачэн ламыг Халх богдын дэргэд суух жавтүйн ламаар өргөмжлөхөөр томилсонд залуу Гачэн лам дотроо дургүй байсан ба сэтгэлд омог төрж, ар Монгол гэгч угаас молхи газар гэнэ. Тэнд шашин дэлгэрэх гэж юу байх вэ. Миний хэргийн эрдэмтэй ламд тэр мэт газар хаанаас тохирох гэж санасан ч багшийн зарлигаас давахгүйн тул бараа бологч дагуулан, хөсөг цувуулан, сүйх тэрэг хөлөглөн их сүрийг бадруулан аянд морджээ.

Явсаар халхын нутагт дөхөж ирэхийн үест Монгол орны дээр бурхны лагшин дүр тодрох ба эрднийн шүхэр өлгөсөн мэт, мөн тэнгэр нарын чуулган бурхны лагшинаа тахил өргөн, хүндлэл үйлдэх тэргүүтэн олон сонин гайхамшигт үзэгдэл илтэд харагдаж, Шагжийн чадагч Бурхан багшийн иш үзүүлсэн миний шашин умраас умарт дэлгэрэх ба Богд тойн Содномзэмү, бурхны ном умраас умар зүгт харцаг адил малгайт, гахайн хамар адил гуталтын орноо сайтар дэлгэрнэ гэсэн ишлэлүүд сэтгэлд тодорхой ургаснаар гачэн лам бээр үнэнхүү сүжиг төрж, урьдын басамж бодол төрүүлсэндээ машид гэмшин, мэлмийн юунаасаа нулимс цувруулан, зүрхний угаас наманчлан залбирч явсаар их хүрээнд заларсан гэдэг.

Энэ үед хүйтний цаг байсан учир ламын залбирч явсан мутар хайрагдаж улмаар зүүн мутрын чигчий хурууны үзүүр мухар болсон ба эл учраас эрхтэн дутуу хүнийг Богд эзний дэргэд байлгах зохимжгүй хэмээсэн ч энэ лам эрдэм хэтийдсэн тул буцаахад эрдэм нь хайран хэмээгээд хүрээнд суулгасанд урд дүр Гачэн Гэгээн Жанчүвринчэн болоод өөрийн багш Сэрдог гэгээнтэй номын барилдлагат Боржигин Сэцэн вангийн Зүүн чойроос дахин дахин заллага айлтгаснаар заларч, номыг хүсэгч хар, шар нийтэд гүн, дэлгэр номын авшиг, хөтөлбөр тэргүүтнийг агуу ихээр хайрласнаар шашныг арвитган зохиожээ. Тэндээс VIII Богд зарлиг гаргаж, Сайн ноён хан аймгийн Дайчин Вангийн хошууд очиж шашин, амьтны тусыг үйлдэх хэрэгтэй хэмээснээр Дайчин вангийн хошуу Пандэчойнхорлин хийдэд номын ёсны дагууд залжээ.

Гачэн ламыг залрахад хошуу ноён эзгүй байсан ба Улиастайн яаманд амбан сууж байжээ. Хийдээс хошуу ноёнд илгээж учрыг мэдүүлсэнд тэрээр: “Хэдийгээр Богдын зарлигаар ирсэн ч эрдмийг нь тэнсэж мэдэгтүн. Эрдмээр дульхан бол Богдод айлтгал өргөн, эртхэн буцаа. Үнэхээр эрдэм төгс бол би өөрөө учран байж шийднэ” хэмээн элчийг буцаажээ. Ноён төд удалгүй нутагтаа ирсэн бөгөөд хийдийн ихэс лам нар ноёнд бараалхан, амрыг айлтгах дор: Өнөө ирсэн лам яав. Хэр эрдэмтэй хүн байна гэсэнд их хамба Зундуйсодов бээр:

Их хувилгааны анхны дүр

Энэтхэгийн орноо лагшин таалсан

Бусдын тусыг төрвөл үгүй бүтээн чадагч их баатар

Буман тарнийг эрхшээн баригч дээд хувилгаан Бисүгалбад залбирмуй.

Хоёрдугаар дүр

Энэтхэг орноо мэндэлсэн

Бурхан багшийн ариун дамжлагыг ёсчлон залгамжлагч

Буцалт үгүйн газраа түргэнээ хөтлөгч их багш Шагжшинэнд залбиръяа.

Гуравдугаар дүр

Энэтхэг орноо мэндэлсэн

Элдэв хувилгаанаар амирлангуйд

Тийн цэнгүүлэн чадагч

Дүвчин Домбивалад залбирмуй.

Дөрөвдүгээр дүр

Түвдэд мэндэлсэн анхны дүр

Би-д барих мунхрахуй үндсийг билгүүний илдээр товорголон тасдагч

Бишдэд үгүй их сүр их хүчит төрөлхтөний дээд

Дүвчин Ра лозава Дорждагвад залбиръяа.

Тавдугаар дүр

Түвдийн орноо лагшин таалсан

Зөөлөн эгшигтийн чихэн дамжлага увдисыг хоцроол үгүй залгамжлагч

Зөндөө бүтэх номын шимээр цэнгүүлэн зохиогч Ригдэнсэнгэд залбирмуй.

Зуравдугаар дүр

Түвд орноо мэндэлсэн

Алин номхогтохууны дуулал бүжгээр шамдах ариусан гэтлэхүйн мөрд

Алагчлал үгүй дагуулсан баригч айлдагчийн эрхт Жанчүвринчэнд залбиръяа.

Долдугаар дүр

Түвдэд мэндэлсэн

Арга билиг хослон барилдсаныг анхааран авсны хүчээр

Асрахуйгаар дээш татахын чин зоригийн эрхшээлт

Авралт Лувсандамбийням лам эрдэнэ дор залбирмуй.

Наймдугаар дүр

Гачэн гэгээнтний VIII-р дүрийн хувилгаан Лувсанжанчүвданзан гэгээнтэн Түвд нутагт мэндлэн аж төрж шашин, амьтны тусыг сайтар бүтээж байсан түүхтэй

хэмээгээд ламын төрөл үеийн дурдатгал, намтар, ламын эрдэм чадлыг тодорхой айлтгасны учир ноён сүжиг төрж, ламд бараалхан мандал тэргүүтнийг өргөн, багш шавийн барилдлага тогтоож, үнэнхүү сүжиглэснээр ламд олон олон номыг айлтган сонссоноор буяны чуулганыг асар ихээр хураан сэтгэлд номын үр баттай тогтож хошууны ард нийтийг ном, ертөнц хоёрын үүднээс ёсчлон тэтгэжээ.

Улмаар Гачэн гэгээнтнийг хошууны ширээт ламаар залж нийтийн багшид өргөмжилвэй. Хойно багш ламд дуган барьж өргөе гээд ямар дуган яаж барих вэ хэмээсэнд, лам хаалгыг нь баруун тийш харуулж баривал ямар ч яах вэ гэжээ. Ноён Монголд үүдээ буруу харуулдаг ёс байхгүй гэхэд, лам тэгж барьвал хэдэн үедээ тэсэх болов уу гэснээр хүссэнээр нь бариулсан юм гэдэг.

Учир нь Түвдийн Гүнбүмд Гачэн лам нарын хэдэн дүр дараалан заларсан “Гачэн гарво” хэмээх сүм байдаг агаад ур хийц хэлбэр загварыг нь бүгд адилаар бүтээсэн ба тэр түүнийг зүүн тийш нь харуулан барьсан байдаг ба хоёр сүмийг өөд өөдөөс нь харуулаг барилдлага, равнай, даатгал зохиосноор одоо мөн хоёул оршсоор буй.

Гачэн лам нас өндөр болсонд таалал төгссөн газраа эргэн төрдөггүйн учир сүмийн дэргэд нэг мод тариад энэ модыг сүмийн оройтой чацуурахад би энд төрнө гэж айлдаад Түвдийн газраа зорьсон ч одоогийн Өмнөговь аймаг Номгон сумын “Сангийн далай хийд” дээр хувилгаан лагшинаа номын агаарт хураасан ажгуу. Тэндээс гүдэнг нь Гүмбүмд залжээ. Удаагийн дүр Лувсанжанчивданзин (1925-1978) Түвдийн оронд мэндлээд, Гүнмбүм, Өвөрмонголын “Алтан дөшийн хийд”-д залагдав.

Есдүгээр дүр Халх Монгол орны Баянхонгор аймагт эцэг Цэенийн Батдорж, эх Дамдины Пүрэвсамбуу нарын гутгаар хүү Ренцэнсамбуу 1979 онд лагшин мэндэлжээ. 11 наснаас өвөг эцэг Г.Дамдингаар түвд ном заалган, 12 насандаа 1990 онд Паньдэчойнхорлин хийдийг сэргээхэд ууган шавиар суув.

Олноо Элчин багш хэмээн алдаршсан Бакула ринбүүчигээс Увш сахил хүртэн, Түвдийн Гүмбүм, Лавранд сурч байх үедээ урьд дүрийн Гачэн лам нартай багш шавийн барилдлагатай явсан Сэрдог гэгээн, Янжаа гэгээн тэргүүтэй олон эрдэмт багш нараас судар, тарнийн ёсны дамжлага увдис номуудын лүн, авшиг хүртэв.

Мөн Энэтхэгийн Дармасалад XIV-р Далай лам болон Халхын IX-р Богд Жавзандамба хутагт нарын зэрэг мэргэдээс бодь мөрийн зэрэг, оюун судлахуйн суртгаал, судар тарнийн ёсны олон хөтөлбөр дамжлага номууд болон ялангуяа Халх Богд Жавзандамба хутагтаас Гэлүгбагийн ёсны жод лүйжингийн дамжлага ном хөтөлбөр зэрэг дээдийн номыг олонтоо сонсон суралцжээ.

Бурхны шашны ёс дэг, шалгуураар олон удаа шүүн тунгааж, нарийн нягталж үзсэний улмаас Халх IX-р Богд Жавзандамба Хутагт Жамбалнамдолчойжижанцан бээр Дээрхийн Гэгээн Далай багшид айлтган соёрхсоны тул гал нохой жилийн өвлийн эхэн сарын шиний 15 буюу 2006-11-25-ны өдөр Гачэн ламын хойд дүр бодитой мөн хэмээн тодруулан, зарлиг гаргаж, Гачэн Чогбрүл ринбүүчи хэмээн өргөмжилсөн билээ.

Гачэн Чогбрүл ринбүүчи Ринчэнсамбуу гэгээнийг 2007 оны 8 дугаар сарын 15-нд “Тус амгалант номын хүрдэн хийд”-ийн ширээт ламаар залсан эл түүхт үйл явдалтай холбогдуулан, “Тус амгалант хийдийн”-ийн их сахиус Балданлхам бурхныг бүтээн залжээ. Уг бурхны шүншигт орох нандин зүйлүүдийг Далай лам, Халх Богд тэргүүтэн дээдэс хайрласан билээ. Гачэн Чогбрүл Ринбүүчи гэгээнийг тодруулан нутагтаа ирэх үест цагаан сарын шинийн нэгний наранд бурхны дүр мандсан ба гэгээний тахисан газрын лус илтэд үзэгдэх, онцгой дүрст солонго татах, хур буух тэргүүтэн гарав.

Гэгээнтнийг ширээнд залах цагт хур ус тэгшрэн, татарсан Түйн гол, Орог нуур тэргүүтэн саваа халин бялхаж, уулын ам бүрээс булаг горхи урсан, нар давхар солонгоор хүрээлэх, үүлэн дээр олон өнгөт дугуй солонго татах, урьд хожид үзэгдээгүй том загас уснаас цухуйх тэргүүтэн нэн гайхамшигт үзэгдлүүд олонтoo гарсанаар сүсэгтэн олон төдийгүй тэрсүүд номтны сэтгэлд ч сүжгийн нар мандвай.

Дээрх гэгээнтнүүдийн үе дараалан заларсан Гачэн ламын сэмчин дуган урьд урьдын ерөөл барилдлага Д.Чулуунбат хэмээх ачтаны буянаар сэв ч суулгүй үлдсэн юм.

Гачэн ламын чин сүсэгт шавийн манлай Хожгорийн Чулуунбат хэмээх ачтaны гавъяаг энд онцгойлон дурдах хэрэгтэй билээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн хар шуурга аливаа хүрээ, хийдийг туурь төдий болгох цагт Гачэн лам сэмчинг буулгаж, Богд сумын сургуульд хүргүүлэхээр зэхэн, унаа хөсгөө бэлтгэж байх үед Чулуунбат гуай ирж, энэ дуганыг нураах гэж завдсан хүнийг би зүгээр өнгөрөөхгүй гэж занан дөтлөж ирсэнийг зодож хөөжээ.

Чулуунбат гуай бага залуудаа “Паньдэчойнхорлин хийд”-д шавилан сууж байсан ба тус хийдийн харъяат Улсын начин Даль хэмээх С.Шагдар, ишгэн хэмээх Балжинням нартай нэгэн үе, сайн барилддаг бие бялдар том, бяр хүч их нэгэн байсан тул ойртох зүрхтэн гарсангүй гэнэ.

Уг хэргээс болж баригдан 10 жилийн ялд шийтгэгдэн, шоронд гурван жил сууж, мэдүүлэг өгөх бүрдээ, энэ дуган нэг ламын сууц, ардын засагт энэ дуган ямар гэм хийсэн бэ? Гэмгүй юм бол түүнийг өмгөөлсөн би ч гэмгүй. Харин тэр дуганыг нураасан байх юм бол би тэр хүнийг алж байж сална хэмээн мэдүүлэг өгсөөр Гачэн ламын сэмчин дуганыг хамгаалан авч гарч чаджээ.

Дээрх дуганд гар үйлдвэрийн артелийн агуулах, сүү тосны завод хүртэл байжээ. 1961 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн түүх, соёлын өвийг хамгаалах тухай 524-р тогтоолоор улсын хамгаалалтанд авч түүнээс хойш Эрдэнэцогт сумын музейг тэнд байгуулжээ.

Гачэн ламын энэхүү сэмчин дуганыг хадаас оруулалгүй Монгол мужааны уран аргаар углуургадан оньсолж түгжиж барьсан ба цоолборлон сийлбэрлэх тэргүүтнээр урлан чимэглэж бүтээсэн нь урлагийн ховор содон бүтээл болсон байна.

Түүнтэй адил нарийн ур хийц, хэв маягтай дуган Монголд өөр олон байхгүй гэхэд төдийлөн хилсдэхгүй буй за. Дээрх дуган барьснаас хойш бүтэн зууны нүүр үзэж байгаач 1986 онд гадна талын будгийг нь сэргээснээр өөр засвар хийгээгүйгээс эдүгээ он цагийн урсгалд тулгуур багана сууж мөдхөн засварлахгүй бол горьгүй болсон байна.

“Хийдийн хаягийн хөрвүүлэл”

Их амгалан гарахын орон номын баясгалант цэцэрлэг, Шашны оройн чимэг эш, онолын эрдэм төгссөн Номун хаан шашинд нэвтрэхүй тус ачит Эрдэнэ хамба гэгээн танаа :

Хошой чин вангийн зэрэгт дайчин засаг төрийн Жүн ван итгэмжит эрх үйзэн дүүрэгч илдэн Хун чин итгэлт, нягт мэргэн ноён та шашныг бадруулагч Эрдэнэ хувилгаан лам хийгээд хошуу түшмэд хүрээний лам нар ба шар, хар нийтээр өргөмжилвэй. “Машид амгалан”

Ялгуусан Богд Зонховын мэндэлсэн эх номын аймаг Гүнбүм орны шашныг мандуулах үйл дор Очирдарь Гачэн Эрдэнэ мэргэн хамба багш танаа урд төрөөс хошуу үүн дор залсан бөгөөд энэ зүгийн шашин амьтны тус амгаланг агуу их арвижин зохиосны номын ачийг хэн хэн ч хариулахад бэрх буй.

Өнөө бээр авралтай дээд багш танаа шинэ хийд, дацан хурал нэмэн зохиож, шашин амьтны тусыг урдаас нэн үлэмж дэлгэрүүлэн хүлээж, номын авшгийг хайрлаж хэн сүсэг сэтгэлтэнг орчлонгийн далайгаас гэтэлгэсний гаднаас тогтмол таалалчлан, шашин амьтан дор туслахын сонин гайхамшиг бадарсан Лавран үүнийг Монголчууд олноор өргөмжилсөн хааны долдугаар он, гал могой жилийн есдүгээр сарын шинийн 3-ны өдөр сайтар бүтээн гүйцэтгээд, Ван Гүргэмжав эхлэн хар, шар хошуу нийтээр чин бишрэхүй вээр сэтгэлийг нэгтгэн аврагч Гачэн Гэгээн багш танаа бат барихуйн авралыг айлтгаж, дээд багш танаа Лавран дор Их амгалан гарахын орон дээдийн номын их баясгалант цэцэрлэг хэмээн алдар өргөвэй.

Гачэн Чогбрүл ринбүүчи багш бээр 2018 оны зун Завхан аймгийн Отгон сумын ЗДТГ, Отгон сумын ард иргэдийн хүсэлт заллага айлтгасны дагуу Очирваань бурхны авшиг соёрхож тус сумын ард олонтой Очирт багш шавийн барилдлага тогтоосон бөгөөд Отгон-Тэнгэр хайрхныг тахисан юм. 2019 оны зун Завхан аймгийн Алдархаан сумын ЗДТГ болон тус сумын ард түмний хүсэлт мөн Яруугийн хүрээ Дашпунцоглин хийдийн заллага айлтгалыг таалан болгоож тус суманд морилж Цагаан дарь эх бурхны насны авшиг соёрхож, Цогт Ямандаг бурхны жинсрэг цутган дээдийн номын хурыг буулгаж тус сумын ард олонтой Очирт багш шавийн барилдлага тогтоосон билээ. Гачэн Чогбрүл ринбүүчи багшийг Монгол орны аймгууд болон Улаанбаатар хотын засаг захиргаа, ард олон залж нутаг орондоо дээдийн ном тавиулж, шашны утга учрыг олон түмэнд тайлбарлан таниулах, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг юм. Багш дээдсийн өлмийн лянхуа өнөд бат оршиг.