Сайн цагийн мянган бурхан

Жалсрай хувилгаан

Жалсрай хувилгаан нь наймдугаар богдыг Түвдээс залахад монгол амбан Цэрэнсандуйн хамт Түвдэд явж, богдыг залах зам зуурын саадыг арилгаж өгчээ. Тэрээр нэг удаа баруун Сөнөд хошууны ноёны хүүг эдгээжээ. Тэр хүү олон жил өвчтэй хэвтжээ. Эм, гүрэм юу ч тус болоогүй ажээ. Тэгсээр тэр хүү өвчин нь хүндэрч үхэхдээ тулжээ. Эцэг нь Жалсрай хувилгааныг ид шидтэй хэмээн сонссон учир уулзахаар шийдэж, хувилгааныд иртэл хувилгаан нүүж явахтай таарчээ.
Тэгээд хүүгийнхээ тухай ярьсан чинь Жалсрай хувилгаан тэмээний ачаан дотроос буу гаргаж ирээд, “Та хүүгийнхээ байгаа зүгт зогс” гээд ноёныг тэр зүгт зогсонгуут толгой дээгүүр нь хий буудаад, юу ч хэлэлгүй цааш нүүдлээ үргэлжлүүлэн яваад өгөхөд нөгөө ноён “Би холоос зорин ирж эд зоог, мөнгө өргөж байхад ядаж сахиус зангиа болтугай ч өгсөнгүйн дээр хүүгийн минь тухай сайн муу юу ч хэлсэнгүй хэмээн гомдолтой буцжээ.
Яг тэр үед өвчтөй хүүгийн орны хөндийгөөс буу дуугарч дарь хүхэр үнэртээд явчсан. Хүү цочоод огло харайн орныхоо өмнө муужирч унажээ. Ээж нь, хүүг минь авах чөтгөр ирлээ гэж санаад хүүгээ өргөж энгэртээ тэврэхэд хүү нь “Ижий минь, уух юм байна уу” гэжээ. Тэгээд өвчин нь ор мөргүй арилж, эх хүү хоёр гайхжээ. Хүүгийн эцэг ноён энэ үед гэртээ ойртох тусам хүүгээ үхсэн байх хэмээн бодож хүүгийнхээ шарилыг үзэх өдөр өнөөдөр болж дээ хэмээн санан уйлсаар гэрээ ил харагдах газар иртэл, гэрийнх нь өрх татаастай байхыг үзээд түргэн явсаар гэртээ орж иртэл эх хүү хоёр инээмсэглэн угтжээ. Тэр хоёр урьд өдрийн явдлыг ярьсанд ноён ч өмнөх явдлыг ярьж “Энэ гарцаагүй тэр ламын ач бололтой” хэмээн сүсэглэжээ. Тэр ноён түүнээс хойш жил бүр Жалсрай хувилгаантай уулздаг болжээ.
Бас нэг охин саад дайрагдаж ухаан мэдрэлгүй болсонд садангууд нь тэргэнд ачаад Жалсрай хувилгааны дэргэд авчирч арга чарга асуужээ. Хувилгаан хажуудаа байсан тоглоомон нум сумыг авч тэлж татаад охины толгой дээгүүр харваад “Одоо зүгээр” гэжээ. Тэгтэл тэр охин зүв зүгээр болж ачигдаж ирсэн тэргээ хөтлөөд буцжээ.
Мөн Жалсрай хувилгаан нэгэн удаа нүүж яваад огт танихгүй газар нэг айлд ортол нэгэн эмгэн гэртээ сүүгээ хөөрүүлэх гээд гал өрдөн сууж байжээ. Гэнэт тогоотой сүү нь дэвэрсэнд эмгэн хувилгааныг “Залуу банди чи босоод тогоотой сүүг өргөөд аваадах” гэжээ. Хувилгааныг босох үед сүү улам дэвэрсэнд тогооны бариул авч амжаагүй тул сандрахдаа өрөмнийх нь голоос нэг гараараа бариад тогоог өргөж тавьжээ. Эмгэн түүнийг үзээд маш их сүсэглэжээ. Хожим энэ тухай шавь нь хувилгаанаас асуухад “Тийм юм болсон, Гурван эрдэнэд сүсэглэсний хүч билээ ” гэхээс өөр юм хэлээгүй гэдэг.
(Монголын бурхан шашны аман түүхээс)