Улаан сахиус нөхдийн хамт

Жамсран цорж

Жамсран цорж гэж Улаан сахиусны хувилгаан хүн байсан гэдэг. “Хүн нь өөрөө Улаан сахиус. Цай ундаа нь өөрөө архи.” хэмээн түүнтэй хамт бурхан шашны үйл хэрэг бүтээж явсан хүмүүн дурсан өгүүлсэн юм. “Бурхдууд дотроос хүн айдаг бурхан гэж байдаг. Тэр дотроо лам нар ч айдаг 2 бурхан байдгийн нэг нь Ямандаг, нэг нь Улаан сахиус юм. Улаан сахиусны номыг лам нар айгаад уншдаггүй юм ш дээ. Жамсран цорж хүүхэд үхүүлсэн лам бол лам биш ээ.” гэж айхтар үг хэлсэн юм даа хэмээн тэрээр дурсан ярьсан юм. 1950-иад оноос хойш хүүхэд байхаасаа түүнийг мэдэх энэ хүмүүний дурдатгалаас өгүүлье.

Энэ хувилгаан нь Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн бөгөөд өвөр монгол гаралтай хүн. Мэргэжил нь хүний бага эмч. Эмч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй.

“Яаж амьдардаг байсан юм ? Ажил төрөл хийнэ биз дээ?” гэхэд “Ажил хийдэггүй. Юмаар дутна гэж байхгүй” хэмээн өгүүлсэн юм. “Бурхны номтой хувилгаан хүн болохоор ажил хийхгүйгээр ч амьдарчих юм байна.” гэхэд “Тийм” хэмээн хариулсан юм. Гавьяа шагнал байсан уу ? гэхэд “Олон тэмдэгтэй л байсан юм. Чухам юу байсныг мэдэхгүй” гэв.

Гэр бүлтэй эхнэр нь Дуламсүрэн гэж эмэгтэй байсан бөгөөд 4, 5 хүүхэдтэй байжээ. Хүүхдүүд нь одоо байдаг.

“Галд улайсгасан төмөр хэлээрээ долоодог байсан.” гэж ярьдаг байсан “Энэ үнэн үү?” гэхэд “Тийм” хэмээн хариулсан юм.

18, 19-тэй байхад бурхны ном үзээгүй байхад бурхны ном ярьж өгдөг байжээ. “Бурхны ном заасан уу?” гэхэд “Тэр үед бидэнд бурхны ном заана гэж байдаггүй байсан юм. Би та нарт бурхны ном заавал шоронд орно гэдэг. Тэгээд өөрөө ч орон шоронд олон орсон хүн. Чойжин хүн байсан болохоор хувцас хэрэглэлээ хураалгаж байсан. Бурхны номыг амаараа ярьж өгөөд цээжлүүлдэг байсан. Яриа л болохоос цаасан дээр юм бичүүлэхгүй. Нууц алдана.” гэсэн юм. “Яриагаар ном заалгахаар чинь хэцүү ш дээ. Тогтохгүй биз дээ.” гэхэд “Тэх. Хэцүү. Амаараа л яриад өгдөг байсан. Бүгдийг тогтоох гэж байхгүй шүү дээ. Ихэнхийг нь ойлгож авахаас өөр арга байхгүй.” гэлээ. “Тэр үед чинь шавь орох хориотой байсан биз дээ?” гэхэд “Хориотой байлгүй яахав.” “Тэгвэл та шавь орсон гэхээсээ нууцаар ном заалгаад л явж байсан юм байна” гэхэд “Тийм.” хэмээн хариулсан юм. “Загнаж барих юм байв уу?” гэхэд “Гайгүй” хэмээн хариулсан юм.

Эхнэртээ “За тэндээс хүн ирж явна. Дуламсүрэн хоолоо хийж бай.” гэж хэлдэг. Энэ тэндээс хүн ирж явааг бүгдийг мэддэг байсан гэдэг. Дорнод аймгаас Буриад өвгөн 67 машинтай ирсэн юм. Би тэр хүнтэй таарсан юм. Тэр өвгөн бүүр үхэх гэж байгаа царайтай. Цагаан даавуу шиг болсон царайтай. Цав цагаан болчихсон. Хоол иддэггүй. Ийм байлаа. Тэгээд мэнд усаа мэдээд тамхилж бариад нөгөө хүн нь хоол идэж чадахгүй. Жамсран цорж эхнэртээ “Дуламсүрэн чи энэ хүнд нэг тараг хийгээд ир” гэж хэлсэн юм. Тэгээд тараг хийгээд өгсөн. Тэгээд таргийг нь барьчихаад нэг үлээчихээд “За. Чи энийг ид ээ.” гэсэн. Тэгсэн “Багш аа хоол орохгүй. Идэж чадахгүй.” гэсэн чинь Жамсран цорж “Ид чи.” гээд айхтар том дуугарсан. Тэгээд нөгөө өвгөн тэрнээс жаахан идсэн. Тэгсэн чинь хамар дээгүүр нь улаан цус буугаад ирсэн. Бас хоёр хацар дээр нь улаан цус буугаад ирсэн. Цус байхгүй цав цагаан байсан хүн. Маргааш өглөө нь шөл уугаад нөгөө хоол идэхгүй хүн чинь тэгээд зүгээр. Улайсгасан төмөр долоож байхыг нь бол үзээгүй. Жамсран цорж “Галын юмтай хүн халуун юмнаас айдаггүй, буцалдаггүй, түлэгддэггүй гэж ярьж байсан. Галын тарнитай номтой хүнд чинь халуун гэж ер нь бараг байдаггүй юм шүү дээ” гэж байжээ. Улаан сахиус чинь гал бадарсан догшин сахиус ш д гэхэд “Тэр чинь өөрөө гал болж явдаг хүн шүү дээ.” гэсэн юм. “Галнаас айдаггүй л хүн юм байна” гэхэд “Айхгүй. Айхгүй.” гэсэн юм.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Шовх Шарав гэж хүн байсан юм. Тэрний хөгшин өндөр Лхамсүрэн гэж эмэгтэй хүн байсан юм. Тэр хүн доошоо юм нь тогтдоггүй. Цус алдаад байдаг. Тийм хүн байсан юм. Тэр хөгшин явах нь ээ. Хариугүй. Шовх Шарав гэдэг хүн нь өөрөө бага эмч хүн. Лам хүн хүн байсан юм. Тэр Лхамсүрэнг бид нар Нэнэ гэдж дууддаг байсан. Жамсран цорж “Шарав гуай та. Нэнэг орой 9 цаг хүртэл аргалж байгаарай. Би 9 цагаас хойш Нэнэг үхүүлэхгүй.” гэж ярьж байсан юм. Өвлийн оройны 9 цаг байсан юм даа. 9 цаг боллоо доо. Жамсран цорж “Аяганд нэг хүйтэн ус хийгээд ир. Цэвэр ус.” гэж хэлсэн. Тэгээд тэр аяган дээр бичиггүй цаас тавьсан. Дээр нь өнгөрсөн хүний яс буюу анатомийн яс гэж ярьдаг шүү дээ. Анатомийн яс аягатай усан дээр тавьж байгаад ус ус уруу үлээсэн. Усан дотор юу ч хийгээгүй. Тэгсэн тэр аягатай ус улаан өтнүүд болж байсан. Жамсран цорж “За за за. Одоо боллоо. Энийг аягатай нь гадаа хаячихаарай.” гээд хүүд нь өгч байсан. “Тэр цаастай нь өттэй нь гадаа хаячих. Одоо болсоон. Шарав гуай. Нэнэ одоо 80 нас хүрнээ.” гэж байсан юм. Тэр хөгшин хоол унд идэхгүй байсан. Тэгсэн 3 цагийн үед үг нь наашаа гарахгүй. Толгой дээр нь хүн чихээ тавьж байж сонсно уу гэхээс биш. Дуугарахгүй. Тэгсэн Нэнэ “Жаахан юм идмээр байна аа” гэсэн. Тэгээд аяга шөл уучихсан чинь газар дээрээ хамар дээр нь цус буугаад ирж байна. Тэгээд зүгээр болсон.

Сүхбаатар аймгийн Уулбаян суман дээр цагдаа ирж Жамсран цоржийг баривчилж байжээ. Дарьзав гэж 67 машин унасан цагдаагийн жолооч үүдэн дээр тэрэгтэйгээ ирээд хэдэн цагдаа нар орж ирээд бариад явж байсан. Жамсран цорж “Ногоон малгайтангууд намайг барих гэж яваа биз дээ та нар.” гэж байсан. Тэгээд бариад аваад явсан. Жамсран цорж “Би 2, 3 унтаад ирнэ ээ.” гэж хэлсэн. Өөрөө жороо хар морь унадаг байсан юм. Газар цавчилсан тийм хар морь. “Багш аа. Морио яах вэ?” гэсэн “Уяатай л байж байг.” гэж хэлсэн юм. 2, 3 хоноод хүрээд ирсэн. Өвлийн хүйтэн шүү дээ. “Багш аа 2, 3 унтаад ирлээ. Өвс тавьж өгөх үү ?” гэлээ. Жамсран цорж “Байж л байг. Миний унаа юм бол байж л байг.” гэсэн юм. Тэгсэн тэр нутгийн улсууд ажигласан байсан. “Энэ тарган хар морь 2, 3 унтахад нэг баамаар юм. Нэг шээмээр юм. Ердөө юу ч гарсангүй. Тэгж ярьж байсан.” Тэгсэн тэр бараг л адуу мөн ч юм уу биш ч юм уу байсан юм шиг л байна лээ дээ.

Сүхбаатар аймгийн аймгаас хойш 40 километрт орших Тал булгийн рашаан дээр хамт очсон юм. Сүхбаатар аймгийн шаралсан улсууд тэр рашаанаас уугаад зүгээр болдог байсан юм. Тэр рашаан дээр очоод том мөнгөн аягаар 21 аягыг уухыг нүдээрээ харсан юм. “Та хэдэн аяга уусан бэ? Яаж ороод байна ? Дараалаад л уугаад байгаа юм уу?” гэхэд “Би уугаагүй ээ. Ердөө усгаад усгаад л уучих юм. Тэгээд л ороод л шингээд байгаа байхгүй юу.”

Жамсран цорж 70 хүрээгүй юм даа. “Цаг цөвүүн боллоо. Би явна аа.” гээд жилийн өмнө юм уу хэдэн сарын өмнө ярьдаг байсан юм. Тэгээд яваад өгсөн тухай дурссан юм.

“Ямандаг, Жамсран хоёроор оролдоод хэрэггүй.” гэж ярьж байсан ? “Хатуу сахиус юм аа. Оролдох чадалтай хүн бол оролдох л байх”. гэсэн юм даа.