Хутагт Ламчүн

Ламчүн хутагт

Ошогийн “Агнистын гэгээ” цувралын “Ухаарал, Бясалгал, Гэгээрэл” номонд:
Бидэнтэй л адил усан нүдэт, цусан зүрхэт, хар толгойт хүний үр алдаж эндэж, төөрч будилж явсаар хэзээ нэгтээ сэхээ орж, амьдралын утга учрыг эгээрэн, ариусч гийсэн нь ганц Будда, ганц Мяларайва биш ээ. Гэгээрэхийн тулд сод авяастан, гоц билэгтэн байх ч албагүйг олон түүх цадиг гэрчилдэг.
Хутагт Ламчүн гэхэд хоёр үг тогтоочих ой билиг хомс нэгэн байжээ. Энэтхэгийн Шравасти хотод бярманы хөвгүүн болон төрсөн тэрбээр бярман удмын нэр сүрийг залгаж явахын тулд хар багаас вэдийн номд суралцах гэж өнө оролдсон ч хамаг багш нартаа гологдон, юу ч сурч чадаагүй аж. Эцэг нь өөд болсны дараа аар саар өв хөрөнгөө барж, ядарч гуцаж яваад бурхны хувраг болохоор сахил хүртжээ. Ижил нөхөд нь гурван аймаг савын номд боловсрон, билгүүн хийгээд самадийн эрдэмд мэргэшиж буйг харавч өөрөө нэгээхэн ч номын үг үсэг тогтоох хувьгүйдээ гашуудан уйлж суухад нь Будда таарчээ. Гашуудсан учрыг нь мэдсэн өршөөлт багш түүнд “Тэнэгээ мэддэг тэнэгийг тэнэг биш, мэргэн ухаантан гэнэ. Тэнэг атлаа өөрийгөө мэргэн ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэдэг юм” гээд Ламчүнг дагуулан явжээ.
Алдарт наян архадын суудаг байсан Жэтэбана хийдэд авчирч, Ламчүнгийн үйлийн түйтгэрийг арилгах уран аргын үүднээс түүнд гэлэнгүүдийн улавчийг арчиж, хийдийн хашаа хороог цэвэрлэх үүргийг оноов. Ийнхүү ажиллаж байхдаа “Дүлбан, димбан” буюу “Хирээ арилгая, тоосоо арилгая” гэсэн утгатай хоёр үгийг байнга уншиж бай гэж Будда зааж өгсөн гэнэ. Ламчүн чин сэтгэлээсээ мөнөөх “дүлбан димбан”–аа уншаад л цэвэрлээд байдаг байж. Нэгэн удаа хашааны хог шүүрдэж байхдаа “Энэ хир тоос гадна талыг хэлсэн юм бол уу, дотор талыг хэлсэн юм бол уу?” гэж гайхшран бодолхийлжээ. Тэрхэн хоромд,
Хир тоос гадны тоос биш,
Хир тоос сэтгэлийн тоос
Сэрэмж төгөлдөр билгийн нүднээ
Сэтгэлийн тоос өөрөө арилна.
гэсэн урьд сонсоогүй номын үг цээжин дотроос нь урган гарчээ. Энэ номын утганд улам бүр нэвтрэн бясалгасаар Ламчүн удалгүй билгийн мэлмий нээсэн гэгээн архад болсон түүхтэй.