Мял богд

Мял богд

Түвдийн түүх намтрын зохиол туурвилын энгүй их баялаг нь Түвдийн утга зохиолын өв соёлын сангийн ихээхэн хэсгийг эзлэж байдаг юм.
Нийтийн тооллын VIII-IX зууны үед Түвдэд түүх цадигийн олон ном зохиол туурвигджээ. Тэдгээр зохиолуудын нэг нь “Миларайвын намтар” буюу “Мялын намтар” юм.

Мял богдын намтар

Миларайвын намтар нь 15-р зууны эцсээр зохиогдсон бичгийн их туурвил мөн бөгөөд Түвд үндэстэн бүхнээ нэн алдартай юм. Уг номыг зохиогч Санжаажанцан (1452-1507) нь тарнийн номонд онц мэргэжсэн нэгэн байсан бөгөөд “Зангийн галзуу Хэрүга” гэж ч нэрлэгддэг юм. Мөн Гаржүдба ёсны нууц тарнийн увдис номонд суралцсаны тул “Ясан чимэгт” ч гэж хэлэгддэг байна. Түүний зохиосон олон номын дотроос “Мялын цадиг дуулал” нэн алдартай бөлгөө.
Миларайба (1042-1123) нь түүхт нэгэн хүн бөгөөд Гаржүдын шашныг үндэслэсэн Марба хэлмэрч Чойжи-Лодой ламын шавь нь мөн. Миларайвын цадиг түүх нь бүхэлдээ уйтгар гуниг, гансралын хэлхээс бөгөөд түүний бага балчир ахуйд эцэг нь өнгөрч, орон гэр, тариалан, мал, эд хөрөнгө бүгдийг нь авга ах, авга эгч хоёр нь булааж аваад эх үр гурвуул (Миларайвын дүү охин) хэмжээгүй их зовлонг амсан зүдэрсэн агаад түүнээс улбаалан санаа сэтгэл нь машид хатуужиж, чин зоригоор олон жил бясалгал нямба, даяаныг үйлдсэн, түүний үр дүн нь нэн олон янзаар илрэн гарч ирсэн тухай өгүүлдэг юм. Миларайвын бүхэл насны амьдралын түүх үеэс үед амаар дамжин ирснийг дээр дурдсан Санжаажанцан суурь үндэс болгоод бичсэн ажээ.
Уул намтар зохиолоос үзэхэд Миларайвын ээж Нянца Гаржан нь хувиршгүй бат сэтгэлтэй, бусдад үл долигногч, хэрүүл зарганд хавтай, их хатуужилтай, хэрсүү ухаант бүсгүй бөгөөд энэрэн хайрлаж, өргөн хүндэлмээр нэгэн билээ. Доромжлон доройтуулагч дайснуудын өмнө үл бөхийн, хүүгээ хараалын увдис сургахаар алс хол илгээж, өштөн дайснаас өшөө авахыг батлан шийдсэн, хүү нь хараал хийсний үр дүн гарч дайсны олон хүн үхснийг сонсоод баярлан хөөрч, урт модонд цамцныхаа тамтагийг уяад даллан, их дуугаар хашгиран орилж буй тэр байдал нь нүдэнд харагдах шиг болдог билээ.
Намтар зохиолын дотор “Хичээл зүтгэлийг хэзээд үл орхих аваас үл бүтэх үйл нэгээхэн ч байхгүй” гэсэн зүйр үг байгаа мэт Миларайва чин зоригоор хараал увдис сурсаны ид чадлыг олж буй нь харагддаг.
Миларайвын намтар хэмээх энэ зохиолыг хамгийн анх Хөх хотын ширээт гүүш цорж монгол хэлнээ 17-р зууны үед орчуулсан бөгөөд 1949, 1955 онуудад Хятад хэлнээ орчуулагджээ. 1925 онд Франц хэлэнд, 1931 онд Япон хэлэнд, 1951 онд Англи хэлэнд тус тус орчуулагдан хэвлэгджээ.

“Агнистын гэгээ” цувралын “Мял богдын гэгээрсэн түүх” номонд:
“Амьтан бүгд бурхан чанартай боловч өөрөө өөрийгөө танихгүй сохортоо зовж гасалж, золбирч явдаг нь эмгэнэлтэй. Тэр тусмаа ухаант хүний биеийг олсон атлаа ариун үнэнийг сэхээрч амжилгүй үхэж үрэгдэгсэд олон бий” гэж багш нь хэлдэг. Үхлээс өрсөж гэгээрэх чин хүсэл нь түүнийг өөр хаашаа ч биш, зөвхөн даяанчийн буйдхан агуй уруу даллана. Багшийн хайрласан ариун ном түүнд амь амьсгал нь болжээ.
“Орчлонгийн хүлээс, төөрөгдлийн гачлан ямар эмгэнэлтэйг амьдаараа галд орсон шиг мэдэрсэн” тэрээр гадна хуурамч ертөнцийг бүрмөсөн огоорч, дотоод жинхэнэ мөн чанарлуугаа хүрэх аялал хийдэг. Энэ бол дэлхийг мөлхөж тойрохоос ч илүү хатан зориг шалгасан сорилт боловч цаашлах бүрий бурханлигаар согтуурсан уйдахын аргагүй аялал байжээ. “Атаат дайсан нь ч болов өрөвдсөндөө нулимс алдмаар” болсон үгээгүй дорой даяанчийн зүрхэнд тэнгэр бурхад ч бишрэн бөхийх гэгээрлийн цэцэг тийнхүү цоморлигоо нээжээ.
Саатаж торохын хязгаар үгүй
Эрх чөлөөг эдэлнэм би.
Шаналж гутрахын чилээс үгүй
Баяр баясгаланг амснам би.
Хор хөнөөл юу ч бай
Егүзэр миний чимэг болно.
Саад тотгор юу ч бай
Саруул оршихуйн гоёл болно.
Түүний гэгээрлийн баяр бахдал энэ. “Эхлээд хар муу явдалтай харанхуй мунхаг хүн байсан ч дараа нь үйлийн үрийг ухаарч, бие сэтгэлээ бясалгалд зориулбал бурхан болох нь санаа саванд багташгүй хэрэг биш. Тэр тусмаа жинхэнэ багштайгаа учирч, тантрын дөт замаар үнэнд зоривоос хүний насанд амжиж гэгээрэх нь эргэлзээгүй үнэн. Энэ бол оршихуйн хаалт хучаас бүхнийг тайлж, үнэнийг байгаа нүцгэн дүрээр нь олж харсны гавъяа… Миний хүрсэн өндөрлөгт та нар ч бас хүрч чадна. Өөрсдийгөө гололгүй Үнэн өөд тэмүүлцгээ!” гэж тэр хэлсэн юм. “Мял богдтой учирсан хар санаатан ч бай ариун бодь сэтгэлийн сүүнд уусч, харанхуй дотортон ч бай гэгээн билгийн гэрэлд хайлж байлаа” хэмээн уг намтарт дурдсан буй.
Тэр цагаас хойш мянга шахам жил өнгөрчээ. Гэвч илбийн хорвоод төөрч мунгинасан хүмүүний зовлонд эрт өдгөөгийн ялгаа үгүй шиг гэгээрлийн ариун сэрэхүйд орон, цагийн зааг үгүй. Мял богд гэгээрсэн анхны хүн ч биш, бас сүүлчийнх нь ч биш. Хэзээ нэгтээ таны ч, миний ч гэгээрсэн түүхийг хүүрнэх бус уу. Хязгааргүйн уудамд сэтгэх нь буддын ёсон билээ.

Мял богдын цадиг түүхээс

Нэгдүгээр хэсэг
Оршил хэсэг

Мял богд бээр Нянан хэмээх нутгийн Додпопүг хэмээх бясалгалын оронд олон шавь нар болон сүсэгтэн өглөгийн эздэд ном айлдан сууж байв. Тэр үед Мял богдын дотно шавь Райчүнва өөрийн бясалгалын урцандаа бясалгалд сууж байсанд шөнийн аль нэгэн үед ийнхүү зүүдэллээ. “Үржэн хандын орон гэж яригддаг маш сайхан нэгэн оронд хүрч очсон байх бөгөөд тэр газрын байшин барилга нь олон зүйл эрдэнээр хийгдсэн нэгэн их хотын дотор орвоос тэр хотын хүн ардууд торгон дурдан дээл хувцасыг өмсцгөөж, ясан болон эрдэнэсийг чимэг болгон зүүцгээсэн байх ажээ. Маш сайхан тунгалаг царай зүс бүхий тэдгээр хүмүүс юу ч үл ярин, гагцхүү Райчүн тийш мишээсэн харцаар ширтэн сууцгаах бөлгөө. Тэгтэл тэдгээр хүмүүсийн дотор өмнө нь Балбад уулзаж байсан Дипү хэмээх ламын шавь Варима хэмээх бүсгүй улаан дээл өмсөөд, тэдгээр улсыг толгойлон сууж байсан бөгөөд тэрээр босон ирж, “Дүү минь хүрээд ирэв үү. Ирсэн чинь маш сайн хэрэг болов” хэмээн хэлээд дагуулан явж, эрдэнэсээр барьсан нэгэн байшинд оруулж, таван тансаг бүрдсэн идээгээр зочлон дайлаад, хэлсэн нь “Одоо эдүгээ Үржэнд Мижодба бурхан ном айлдан сууж байна. Дүү минь чи ном сонсмоор байгаа бол би чамд зөвшөөрөл айлтгаж өгье” гэхэд ном сонсохыг туйлын их хүсэж “Тэгье” хэмээлээ. “Тэгвэл явцгаая” хэмээн бүсгүй хэлээд хамт явсаар хотын төвд хүрвээс эрдэнийн өндөр ширээн дээр урьд бясалгаж төсөөлж байснаас ч нэн илүү дүр бүхий Мижодба бурхан далай олон шавь нарын дунд ном заан сууж бүхийг үзээд баяр баясал, жаргал хөөр нэн их төрснөөс түрхэн зуур муужран мансуурах мэт болов.
Тэгээд Варима хэлрүүн: – Дүү минь, эндээ түрхэн хүлээж байгтун. Би бурханд зөвшөөрөл айлтгаад ирье – гээд явж зөвшөөрөл авч ирээд, түүнийг хөтөлсөөр бурхны өмнө хүргэв. Бурхны өлмийд мөргөж, бурхны мутраас адис аваад эгц өмнө нь сууж ном сонсож байтал бурхан инээмсэглэн хэсэг зуур Райчүнг ширтэн байсанд Райчүний санаанд “Намайг бурхан энэрэн болгоож байна даа” хэмээх бодол төрж байв. Мижодба бурхны айлдаж буй ном бүгд нь зөвхөн бурхан бодисадва нарын гарал угсаа, төрөл үе, намтар цадиг байсан тул тэр бүгдийг сонсоод сэтгэлд нь их бишрэл сүсэг төрж байлаа. Номын айлдварынхаа төгсгөлд Мижодба бурхан Дилоба, Нароба, Марба гурвын намтар цадгийг өмнө нь багшийн айлдснаас ч машид дэлгэрэнгүй, сонин сайхан түүх оруулан айлдсанд тэнд суусан шавь нөхөд манлай дээд сүсгийг олон суув. Төгсгөлд нь “Маргааш өглөө дээр өгүүлсэн тэдгээрээс нэн илүү гайхамшигтай Миларайвын цадиг түүхийг ярих тул сонсохоор ирцгээгээрэй” хэмээн бурхан хэллээ. Тэр үед ном сонсогч нөхдийн дотроос нэгэн хүн “Урьдах тэдгээр богд дээдсүүдээс илүү гайхамшигтай гэж баймааргүй юм аа. Хэрвээ үнэхээр тийм бол сонин сайхан, тансаг гайхамшиг нь санаа саванд багташгүй нэгэн байх нь дээ” хэмээн хэлэв. Өөр нэгэн хүн “Дээр намтрыг нь айлдаж өнгөрсөн тэдгээр богдсын эрдэм бол олон олон төрөлдөө буян хурааж, хилэнц нүглээ арилгаж баймааж нь олж авсан зүйл юм. Харин Миларайва бол ердөө нэгээхэн энэ төрлийн нас бие дээр урьд намтрыг нь өгүүлсэн тэдгээр дээдсүүдээс дутахааргүй эрдэм олсон юм” гэв. Эхний хүн “Тэгвэл тийм гайхамшиг бүхий ном эрдэмтэн мөн буй аваас амьтны тусын төлөө намтрыг нь айлдахыг бурханд айлтгахгүй бол бид бурхны шавь нарт харамсалтай зүйл болох тул бие, хэл, сэтгэл гурваа чандлан хичээж, самбаачлан хүмүүн амьтны тусын тулд айлтгах нь зүйтэй биз ээ” гэхэд мөн нэгэн хүн “Тэр Миларайва одоо хаана сууж заларч байна вэ” гэв. Нэг нь “Тэрээр Агнист юмуу Утияанагийн аль нэгэнд л сууж буй байх аа” хэмээн хэлэхэд нь Райчүн “Багш маань эдүгээ Түвдэд залран сууж байна. Ямар ч л гэсэн эдгээр хүмүүсийн ярьж байгаагаас үзэхэд надад дохио санаа өгөх гэсэн нь илэрхий байна. Тэгэхээр амьтны тусын төлөө багшийн намтар цадгийг айлдуулах хэрэгтэй юм байна даа” хэмээн санан сууж ахуйд мөнөөх Варима хүүхэн Райчүнгийн гараас барьж, атгаж базан, сэгсчиж “Дүү минь ойлгосон биз дээ. Дүү минь ойлгож ухаарсан биз дээ” хэмээн хэлж байтал Райчүн нойроос сэрэв. Сэрээд харвал үүр хаяарч байсан бөгөөд өмнөхөөс нэн илүү ухаан санаа тунгалаг, буянд дурлах сэтгэл нэн хүчтэй байсны дээр саяын зүүдээ тунгаан бодов. “Үржэн хандын оронд олон шавь нарынх нь хамтаар Мижодба бурхнаас ном сонссон нь маш зол гайхамшиг ажгуу. Түүнээс ч илүүтэй энэхүү лам багштайгаа уулзсан явдал бол аль ч талаар бодсон үнэхээр зол завшаан, гайхамшигт зүйл мөн байна. Мижодба бурхнаас ном сонссон нь ч багшийн минь ач буян мөн юм. Зүүдний тэдгээр хүмүүс багшийг минь Агнист, Одияанагийн аль нэгэнд байгаа гэж байхад би Түвдэд байгаа гэж бодож суудаг нь лам багшийгаа дорд үзсэн миний өтөл тэнэг үзэл бодол мөн хэрэг. Багш минь угаас бурхан тул зохиол цадиг нь хэтэрхий, ялангуяа багш минь хаана сууна тэр орон газар нь Агнист, Одияана мэт бурхны орон мөн болох гэдэгт итгээгүй миний буруу үзэл энэ ичмээр зүйл мөн” хэмээн өөрийгөө олонтоо муучлан донгодоод “Зүүдний ном айлдагч бурхан, сонсогч Варима болон бусад олон нөхдийн хэлж ярьж буйгаас үзвэл намайг амьтны тус хэргийн төлөө багшийн намтрыг айлтга гэсэн дохио санамж мөн байх тул ямар ч болов айлтгах хэрэгтэй” хэмээн бодоод лам багшдаа онцгой нэгэн бишрэх сэтгэл үлэмж их төрж, биеэ чичиртэл чин зүрх сэтгэлээсээ залбираад түр нэг бясалгалд умбатал мөн л зүүд бясалгал хоёрын дунд “Үржэнгийн орны чимэг хувцаст цагаан, хөх, шар, улаан, ногоон өнгө зүс бүхий үзэсгэлэнт таван бүсгүй Райчүний өмнө зэрэгцэн сууснаас нэг нь хэлсэн нь “Маргааш өглөө Миларайвын намтар цадигийг айлдах тул сонсохоор явъя” гэв. Нөгөө нь “Хэн айлтгах юм бэ” гэв. Нэг нь “Дотно ууган шавь нар нь л айлтгах буй за” гэж хэлэх үед цөм Райчүн тийш инээмсэглэн ширтэж суусан гэдэг. Нэг нь хэлрүүн “Гайхамшиг бүхий номыг сонсоход бүгд дуртай байдаг тул бид ч залбирч гуйсан болох шүү дээ” гэвэл өөр нэг нь “Намтар цадигийг нь айлтгахад ууган шавь нар нь айлтгах зохистой биз. Бид болвоос түүний шашин номыг нь дэлгэрүүлж, тэтгэх үүрэгтэй” гэцгээгээд солонго мэт замхран одлоо.” Түүний хойно Райчүн ч бясалгал нойроос сэртэл аль хэдий нь өглөө болж, нар мандаж байлаа. Райчүний санаанд “Эгч дүү урт наст таван дагина дохио сануулга өгч байгааг ч сайн ойлголоо” хэмээгээд бясалгалаа завсарлаж, цай зоогоо ханатал зооглоод багшийн дэргэд хүрч очвоос далай олон шавь нар өглөгийн эзэд багшийн дэргэд зай завсаргүй зэрэглэн сууцгааж байв. Райчүн багшдаа мөргөөд, амар мэндийг айлтгаж, өвдөг сөхрөн, алгаа хавсарч, ийнхүү багшдаа айлтгал өргөв: “Багш минь ээ, өмнө өнгөрсөн бурхад арван хоёр зүйл зохиол цадигаар амьтны хэрэг тусыг хэмжээлшгүй үйлджээ. Түүний үр буянаар эдүгээ бурханы шашин дэлгэрэн гийж байгаа хэрэг. Дилоба, Нароба, Марба тэргүүтэй шидтэн лам нар ч тус тусынхаа намтар түүхийг айлдсан нь одоо хувьт шавь нарынх нь боловсрон гэтлэх зам мөрийн хөтөлбөр болоод байна. Тэгэхээр лам багш минь та эдүгээ бид шавь нарынхаа санаа сэтгэлийг улам хичээл зүтгэлтэй болгохын тухайд болон ирээдүйн хувьт шавь нарыг ч хөтлөхийн тулд, мөн бас хотол олон амьтны төлөө их энэрэл нигүүлслээр багш та өөрийнхөө овог, гарал, угсаа язгуур сэлт цадиг намтраа айлдан соёрх” хэмээн гуйн залбирвал багш тэрээр инээмсэглэн “Райчүн аа, миний учир жунцан чамд тийм хэрэгтэй байгаа болоод чи асууж байгаа бол хариулая. Миний овог Чүнбо, язгуур Жосрай, миний өөрийн нэр Миларайва. Эхлээд нүгэлт үйлийг ч хийсэн. Дунд хэрд буяныг ч хийсэн. Харин одоо буян нүглийн үйлээс ангижраад үйлээ барсан тул ирээдүйд ч хийх үйлгүй болоод байж байна даа. Тэдгээрийн тухай дэлгэрүүлж ярих юм бол заримд нь уйлмаар, заримд нь инээмээр учир шалтгаантай юм олон бий. Хэлж ярьж болох ч хэрэг тусаар бага тул настай хүн амар тайван хэвтэхээ бодъё доо” гэхэд мөн Райчүн мөргөөд гуйсан нь “Ээ, багштан минь ээ, та анх бэрхшээл хатуужлаар гүн увдис номыг бясалгаж, нэгэн сэтгэлээр шамдан суусаар эдүгээ ахуй ёс хоосон чанарыг илт оноод, хамаг номуудыг барсан тул ирээдүйд хүлэгдэх нэгээхэн ч үйлгүй болсон нь лавтай мөн биз. Гэхдээ овог Чүнбо, язгуур Жосрай, тэрхүү Жосрайг Мила хэмээн нэрлэх болсон шалтгаан, төрж мэндлээд анхан нүгэлт хар үйлийг үйлдсэн хэрэг учир, дараа нь буяны цагаан үйлийн учир начраас болж зарим үед уйлмаар, зарим үед инээмээр тэдгээр явдалд хэрэг тус хэмжээлшгүй их байгаа тул би болон хамаг амьтны төлөө энэрэл гаргаж, амар жимэр суухыг үл бодон намтар цадигаа дэлгэрэнгүй хэлж өгнө үү. Энд цугласан ах, эгч, очирт садан та нар болон өглөгийн эзэд ахай ажаа та нар ч миний гуйлтад хамтарна уу” хэмээн олонтоо бөхөлзөн айлтгахад тэнд суусан ахмад шавь нар, сүсэгтэн өглөгийн эзэд нар ч олонтоо мөргөн залбирч “Райчүн богдын гуйсанчлан та зөвшөөрч, номын хүрдийг эргүүлнэ үү” хэмээн дахин дахин хэлцгээснээр Мила богд “Та нар тийм их чухалчилж шамдан асууж байгаа бол нуугаад байх хэрэг юу байх вэ. Хэлж өгье. Миний овог угсаа бол умар зүгийн Үрү хэмээх газрын нэгэн их хадат нутгийн Чүнбо хэмээх овогтон, хуучин тарнийн номонд мэргэжсэн Жосрай хэмээх бясалгаач ламын хүү орон газраар тэнүүчлэн явж, бурхан шүтээнд мөргөж явсаар, Зан нутгийн Ладод жан хэмээх газрын Жүнбажи хэмээх газар очоод тэр нутгийн ад зэтгэрийг номхотгож адислан сууснаар угаас тарнийн чадалтан мөн тул тустай хэрэг олон хийсэн учир нутгийнханд хүндлэгдэн шавь өргөнтэй, үйлс өрнүүнтэй болж, нэр нь ч Чүнбо Жосрай хэмээн алдаршиж, хэдэн жил сууж, тэр нутгийнхны өвчин ад саад барчид юу ч болсон залагдаж байдаг нэгэн боллоо. Нэгэн удаа тэр нутагт урьд өмнө Жосрайгийн байгаа газар хэзээ ч ирж үл чадах нэгэн ад, өмнө нь хэн ч дийлж номхотгож чадаагүй тэрээр Жосрайд үл сүсэглэгч нэгэн өрх айлд хоргодон суугаад гэрийн эзнийг хорлон байсанд Жосрайгаас бусад бүхий л лам нарыг залж хатуу зөөлөн гүрэм заслыг хийлгэсэн авч тун тус болсонгүй, харин ч мөнөөхөн ад элэглэн инээх зэргээр илтэд тохуурхан байх болов. Тэр үед Жосрайд сүсэг буруу тэр хүнд садангийн нэгэн хүн нь адын эзгүй хойгуур “Чүнбо Жосрайг зал” хэмээн зөвлөсөнд гэрийн эзэн “Шарханд тус болохоор бол нохойн өөхийг ч билээ түрхэж болдог гэдэг. Яахав, дууд л даа” хэмээв. Тэгэхээр нөгөөх хүн Жосрайг урин залсанд адын буй газарт ойртох сацуу Жосрай сүрийг бадруулан, их дуугаар “Чүнбо Жосрай гэгч би ирж байна биш үү. Ад тотгоруудын махыг идэж, цусыг уудаг тул сууж байгтун” хэмээсээр түргэлэн очихуйд Жосрайг хажуудаа ирэхээс өмнө тэрхүү ад эмээн дагжиж цочин харайгаад “Яадаг билээ. Намайг залгих нь, намайг залгих нь” хэмээн дахин дахин үглэсээр Жосрайг хажууд нь очингуут “Би таны ирэх газар огт очдоггүй тул миний амийг хэлтрүүлэн соёрх” гэлээ. Жосрай ч тэр адаас хойшид хэнд ч хорлол хийхгүй гэсэн ам хайланг нь авч тавьж явуулав. Мөнөөх ад өөрийг нь шүтдэг нэгэн айлд хүрч очоод мөн л “Залгих нь, залгих нь. Ийм хэцүү бэрхийг өмнө ер үзсэнгүй” хэмээн хэлж суусанд тэр айлынхан “Яав, ийв. Ямар хүнээс болов” хэмээхэд “Чүнбо Жосрай гэгч ирээд амийг минь алдуулах шахлаа. Ам өчгөө ч өглөө” гэж хэлжээ. Түүнээс Жосрайгийн чадал эрдмийг өгүүлэх хэрэг гарахад хүн бүгд Мила буюу залгих (Хуучны орчуулганд энэхүү үгийг “Баршгүй” “Дийлдэшгүй” хэмээн орчуулсан байна.) хэмээн өгүүлэх болсноор овгийн нэр Мила хэмээн алдарших болов. Тэр ад ч хожим хэнийг ч хорлолгүй байсаар нас барсан гэж хэлэлцдэг билээ.

Тэр явдлын дараа Чүнбо Жосрай гэргий авч нэг хүүтэй болжээ. Тэр хүү нь хожим нас биед хүрч гэрлээд хоёр хүүтэй болсон бөгөөд том хүү нь Мила Додонсэнгэ хэмээх түүнд Мила Доржсэнгэ хэмээх нэгэн хүү төрсөн бөгөөд түүнээс хойш түүний удамд ганц хүү л төрдөг жамтай болжээ. Мила Доржсэнгэ шоо сайн тоглож сураад олон мөрий хожиж хөлжиж сууснаас нэгэн удаа тэр нутгийн, шоонд маш сайн, арга зальтай, ах дүү олонтой нэгэн хүн Мила Доржсэнгийн багцааг тэнсэхийн тулд багахан мөрий тавьж шоо тоглоод хожигдон хэмжээг мэдээд маргааш нь тэрээр дахин тоглож сохор азаар хожсон мэт дүр үзүүлсэнд Мила Доржсэнгэ бухимдан шаралхаж, маргааш хожигдлоо нэхэж тоглоё гэхэд цаад хүн зөвшөөрөв. Мөрийг өмнөхөөс ихээр тавьж тоглоод санаа сэвийг нь арилгахын тулд гурван удаа хожигдсон болоод “Би ч гэсэн мөрийгөө нэхэж болно биз дээ” гэхэд “Болно” гэлээ. Мөрийнийхээ их багыг хоёул зөвшилцөн хэлэлцэж тариалан, гэр байшин, эд малаа бүгдийг шооны мөрийд тавьж, буцах няцах байдал гаргахгүй гэж гэрч бичгээр батлаад тоглосноор нөгөө хүн нь хожиж бүхий л эд хөрөнгийг нь хожигч хүний ах дүү нар тоолж данслан авав. Мила эцэг хүү нар хувхай хоосорсон тул нутаг орноо орхиж явсаар Манюл Гүнтан хэмээх нутгийн Жа-аза хэмээх газар ирж нутаглаад эцэг Додонсэнгэ нутгийнханд судар уншиж өгөх, балин гаргах, мөндрөөс тариаланг нь хамгаалах, нялх хүүхдийг даатгах тэргүүтэн гүрэм хийж айл хунараар явсаар чамгүй хөрөнгө цуглуулав. Хүү Доржсэнгэ нь өвөл нь өмнө тийш явж Балбад, зун нь умар Брүгбаад очиж их гарын наймаа хийнэ. Бага гарын наймааг Манюл Гүнтан хоёрын хооронд хийснээр эцэг хүү хоёр овоо хөрөнгөжиж авчээ. Тэр зуур хүү Доржсэнгэ уул нутгийн нэгэн энхрий бүсгүй лүгээ гэрлэж нэг хүүтэй болсон бөгөөд Мила Шаравжанцан хэмээн нэрлэж энхрийлэн өсгөж байх үед өвөг Додонсэнгэ насан нөгчиж хойдын буяныг сайн хийв. Мила Доржсэнгэ худалдаа арилжаагаа хийсээр хөрөнгө нь улам нэмэгдсээр урьдах алдсан хөрөнгөнөөсөө ч их баялагтай болжээ. Жа-азатай зах нийлсэн Ормо хэмээх нутгийн нэгэн хүнд гурвалжин хэлбэртэй сэтгэлд нийцтэй нэгэн тариалангийн талбай байсан бөгөөд түүнийг алт болон өмнө умард нутгийн олон эд бараагаар худалдан авсан нь Гурвалжин Ормо хэмээн алдаршжээ. Тэр тариалангийн талбайн дэргэд, газарт нь багтсан нэгэн байшингийн торх байсаныг ч худалдаж аваад сэлбэн засаж барьж эхлэв. Тэр үед Мила Шаравжанцан ч эрийн цээнд хүрч хорин настай болсон тул Жа-Аза нутгийн Нян хэмээх овогт нэгэн сайн айлын Гарможан хэмээх өнгө үзэсгэлэн төгс атлаа амьдралын хар ухаанд гаргууд, дайсан нөхөр алинд ч сайн муу занг гаргаж чадах, язгуур өндөр хүүхнийг бэрээр буулгасан бөгөөд тэрээр Нянца Гаржан хэмээн нэршсэн билээ.

Түүнээс байшингаа ч барьж дуусгаснаар, дээд асарт тариа будаа зэрэг ойр зуурын зүйлээ хийдэг, өнцөгтөө зоогийн өрөө бүхий, дөрвөн баганатай, найман нуруутай, Жа-Аза нутагт жавхаа нэмсэн гурван давхар нэгэн байшин боссон нь “Дөрвөн баганат, найман нуруут” хэмээн алдаршаад тэрхүү байшиндаа сэтгэл тэнэгэр, нэр хүндтэй еэ амьдарч сууцгаав.
Тэр үес хуучин нутаг Жүмбажи дахь хамаатан саданд Мила Додонсэнгэ эцэг хүүгийн алдар цуу сонсогдсон тул Мила Доржсэнгийн авга ахын хүү Юндэнжанцан гэгч эхнэр хүүхэд болон дүү охин Чүнца-Балдан нарын хамтаар мөн нутгаасаа гарч Жа-Азад нүүж ирлээ. Мила Доржсэнгэ элгэмсэг халуумсаг хүн тул их хөөр баяр болж, нутаг газар зааж, орон гэр төхөөрч өгөөд худалдаа наймаанд ч сурган худалдаа эрхлүүлснээр тэд цөм эд малаар баян тарган болцгоов. Түүнээс хожимхон Няца Гаржан бие тулгар болсон агаад энэ зуур Мила Шаравжанцан өмнө нутгаас авчирсан их эд бараагаа, умар зүгийн Дагзэ нутгийн зүг худалдахаар яваад нэлээдгүй удах хойгуур усан луу жилийн намрын тэргүүн сарын хорин таван, ялгуусан одны тохиол бүрдсэн өдөр би ээжээсээ төржээ. Ижий минь эцэгт “Эдүгээ энд намрын ажил ч дуусав. Надад ч нэгэн хүү төрөв. Хүүд нэр өгч мялаах хуримыг хийхийн тул түргэн ир” хэмээсэн үг бүхий захидлыг хүн зарж илгээсэн нь эцгийн буй газар хүрч, элч ч учир түүхийг дэлгэрэнгүй хэлэв. Эцэг минь маш их баярлаж “За хө, би ч хүүдээ өгөх нэрийг бодож амжлаа. Манай удамд ганц л хүү заяадаг тавилантай бөгөөд тэр нь ч жам ёсоор болж эдүгээ надад хүү төрсөн байнам. Сонссон даруй баяр төрсөн тул би хүүгээ Тойвгоо (Сонсоод баясгалант) гэж нэрлэе. Одоо худалдааны үйл бүрэн дүүрсэн тул явъя” хэмээгээд нутагтаа хүрч ирэв. Надад Тойвгоо хэмээн өөрөө нэр шивнэж, нэр өгсний мялаалга хуримыг сайтар хийгээд энхрийлэн өсгөв. Хожим миний яруу аялгуу бүхий үг яриаг сонссон бүгд сэтгэл нь баясдаг болсон тул “Тойвгоо гэдэг нэр чинь чухам л зохисон байна даа” гэж хэлдэг байсаан. Тэгээд намайг дөрвөн нас хүрсэн жил, ээж минь нэгэн охин төрүүлсэн нь Гонмоожид (Жаргал-Итгэл) хэмээн нэр өгөгдсөн бөгөөд сэвхтэй учир Вэда (Сэвхэт) Гонжид хэмээн энхрийлэн дууддаг болсон. Бид ах дүү хоёр алт оюугаар гэзэг үсээ чимсэн нь гялалзан гялтагнаж байдаг байсныг санаж байна. Нутаг орны хүмүүс ч бидэнд ам сайтай, бид ч шударга сайн ханддаг тул чадалтай сайн нь саданархаж, чадалгүй ядуус нь боол зарц минь болж явлаа. Биднээс далдуур нутгийн хүмүүс “Эдгээр тэнүүлчид манай нутагт ирээд мал сүрэг, эд бараагаар баяжсан уу гэхээс буурсан нь үгүй. Гаднах байшин, доторхи хогшил, эхнэр нөхөр хоёрын өмсөж зүүж зэргийг хаанаас нь ч харсан илт байна даа” хэмээн ярьдаг байжээ. Тийнхүү олон түмний дууриал хүндлэл болон байтал Мила Доржсэнгэ өвөө насан хутгийг олж, хойдын буянг зүйл бүрээр бүрэн сайн үйлдсэн билээ” хэмээн айлдлаа.
Богд Миларайвын цадигаас бие лагшин мэндэлсэн зохионгуй бөгөөд анхдугаар бүлэг болой.

Сэтгэл шимширхүйц гашуун зовлонг үзсэн нь II бүлэг

Райчүн мөнхүү асуув. “Багш аа, анх эцгээсээ хагацаад гашуун муу доромжлолыг олонтоо үзсэн гэж айлддаг байсан тань юу байсан бэ” гэхэд “Тэгээд намайг долоон нас хүрэх үед, эцэг Мила Шаравжанцан хүнд өвчин тусаж хэвтэрт ороод, эмч домч, мэргэч төлөгч нарт үзүүлвээс эдгэхгүй хэмээн хэлцгээж ямар ч арга чарга хийсэнгүй. Ах дүү амраг садан бид ч түүний өвчин илааршихгүйг мэдэцгээв. Эцэг тэрээр өөрөө ч эдгэнэ гэсэн итгэл найдвар нь тасраад авга ах, авга эгч тэргүүтэй ойр холын хамаатан садан, анд нөхөд, гэмгүй явдаг нутгийн зарим нэгэн хүмүүсийг дуудан ирүүлж, гэргий, хүүхэд, эд малаа захиж хэлээд, үгийнхээ төгсгөлд “Эцгийн голомтыг хүүд нь залгамжлуулах” тухай дэлгэрэнгүй бичсэн гэрээс бичгийг бүгдэд уншиж сонсгов. Тэгээд гэрээс бичгийнхээ утгыг хурааж хэлсэн нь “Би энэ өвчнөөс одоо нэгэнт мултарч чадахгүй боллоо. Тэгэхээр миний энэ хүү эдүгээ бага балчир байгаа учир авга ах, авга эгч тэргүүтэй садан хамаатан та бүгдэд захиж даатгах зүйл минь бол миний гол чухал өмч болсон үхэр, адуу, хонь гурав, гар зуурын өмч болсон гурвалжин Ормо гэхчлэн нүдэнд багтахгүй талбай бүхий тариалан газар, байшингийн доор буй үхэр, ямаа, илжиг гурав, дээд асарт байгаа алт, мөнгө, зэс, оюу, торго дурдан, үр будаа, тариа тэргүүтэн товчхон хэлэхэд хүний хэрэглэдэг бүхэн бусдаас царайчлахгүй элбэг буй бөгөөд үүний нэгхэн хувийг миний хойд буянд зориулаарай. Үлдсэнийг нь миний хүүг гэрлэж бараалтал та нар харж хандаж байгаарай. Ялангуяа хоёр авгадаа үүнийг тухайлан захия. Хүү минь багадаа Зэйсэ охин лугаа сүй тавьсан тул хүүг том болохоор Зэйсэтэй гэрлүүлэхдээ ээж нь өөрөө худ бэрийн угтлага бэлэг барааг илүү дутуугүй хүргэж, эцгийн голомтыг хүүд минь нэр төртэй залгамжлуулагтун. Тэр болтол миний гэргий хүүхэд эд гурвын минь жаргах зовохыг авга ах, авга эгч та нар садангууд минь мэд. Битгий зовоогоорой. Би үхэвч булш хүүрээсээ харж байх болно” гэж хэлээд нөгчив. Тэгээд эцгийн хойдын буяныг хийж дуусгаад, “Үлдсэн эд хөрөнгийг Няца Гаржан өөрөө эзэмшвэл зохих биз ээ” гэх мэтээр үг хэлэх зохистон бүгдээр санаа нэгдэн хэлж, биднээс “Яавал дээр вэ” хэмээн асуутал, авга ах, авга эгч хоёр “Ойр дотно нь гэвэл бид л байна. Дүүгийнхээ эхнэр хүүхдүүдийг бид зовоохгүй. Эд малыг нь гэрээсийн дагуу бид харж хадгалж байя” гээд манай нагац болон, Зэйсэгийн эцэг эх нар тэдэнд хичнээн учирлан хэлээд үгийг нь тоолгүй эр хүний эдэлдэг бүхнийг авга ах, эм хүний хэрэглэдэг бүхнийг авга эгч хураан авч, бусдыг нь тэхий дундуур нь хувааж авцгаагаад “Та эх үр гурвуулыг тэжээнэ” гэцгээн бидэнд ямар ч эд мал өгсөнгүй ээ. Тэр ч байтугай бид зун тариа бордооны үйлд авга ахын боол, өвөл ноос ноолуурын үйлд авга эгчийн зарц, хоол гэж нохойн хоол, хийлгэдэг ажил нь илжигний ажил, хувцас гэж таранхай тамтаг хөдөрч, бүс гэж шидэмс бүслээд, чөлөө сэхээгүй ажилласаар гар хуруу минь хагарч осгоруутаж эвэршээд, хувцас муутайн эрхээр царай биений өнгө зүс хөсрий дааж, бие турж, ёстой л яс арьс гэгч болов. Эцгийг байхад алт оюу гялтагнаж байсан үс гэзэг минь үнсэн саарал юм болж, бөөс хуурс гялтагнаж явах боллоо. Үзэж, сонссон бүхний сэтгэл сэмэрч, нулимс асгарч байсан гэдэг. Авга ах, авга эгч хоёр улс амьтны ил далд муу хэлэхийг юман чинээ үл бодон бид эх үр гурвуулыг тарчлаан зовоож байсан тул ээж минь авга эгчийг Чүнца балдан (Гарьдын зээ тэгш цогт) биш Дүдмо дагдан (Барсын дайтай өлөгчин шулам) байна даа хэмээн хэлсэн тул авга эгчийг Дүдмодагдан гэж нэрлэх боллоо. Ертөнцийн зүйр үгэнд “Эзэн бус нь эзэн сууж, эзэн нь үүдний нохой болно” гэдэг л бид эх үрст тэр үед тохиолдсон юм даа. Урьд эцэг Мила Шаравжанцанг амьд ахуйд сайн муу хүн бүхэн бидний царайг хардаг байсан бол бид хожим хамаг эд хөрөнгөнд минь эзэн суусан авга ах, авга эгч хоёрыг царайчлан харж явах боллоо. Нутгийн хүмүүс ээжийн минь тухай “Эр нь хүчирхэг бол эм нь хэрсүү. Ноос зөөлөн бол цэмбэ сайн” гэж хэлдэг тэр чухам үнэн үг юм. Өрх гэрийн нуруу хугараад өгөхөөр ийм л болж байна. Анх Нянца-Гаржан нөхрийн сайнаар харц дээгүүр, толгой өндөр, ухаан хурц, цээж тэнүүн, ундтай устай явдаг байсан. Харин одоо ухаан нь мохож, тэнхэл нь тасарсан байна даа” хэмээн ярьцгааж, өнчин хүнд ноён олон гэгчээр биднээс ядуу нь ч араас шоолж тавлаж байх болов. Надад Зэйсэгийн эцэг эх дээл гутал, эд зүйл хааяа өгч, “Эд хөрөнгө гэдэг хэврэг батгүй, өглөө эртийн өвсний шүүдэр л гэсэн үг, тиймээс эдгүй ядуу гэж бүү гутар. Чиний өвөг дээдэс чинь хувхай хоосноос л хөрөнгөжсөн хүмүүс. Та нар амьд л байсан цагт эд хөрөнгөтэй болох цаг ирнэ, гайгүй” хэмээн сэтгэлийг минь байн байн засаж тайтгаруулдаг байлаа.

Түүнээс намайг арван таван нас хүрэх цагт, ээжид эцэг эхээс нь өвлөгдөн ирсэн бөгөөд нагац ах минь тариа тарьж амьдралаа залгуулдаг, Брэбэ-данчүн хэмээх нэр нь ёозгүй ч ургац ашиг нь сайн тариалангийн газраас нагац минь жил бүр арвай далд хийн хураан хуримтлуулсаар байсан нь нэлээдгүй их болсон түүгээрээ их мах худалдан авч, цагаан арвайгаар гурил бэлдэж, хар арвайгаар архи нэрээд “Нянца Гаржан дүү минь үр хүүхдүүдийнхээ хамтаар эд хөрөнгөө өвлөж авахад нь хэрэглэнэ” хэмээн хадгалж суужээ. Тэгээд бид өөрсдийн “Дөрвөн баганат, найман нуруут” байшиндаа олон олбог ширдэг бусдаас гуйж дэвсээд, авга ах, авга эгч нар тэргүүлсэн ах дүү садан хамаатан, нутгийн сайн ханддаг бүгдийг урьсны дээр ялангуяа эцэг Мила Шаравжанцангийн нөгчих үеийн явдал, гэрээсийн бичгийг мэдэх хүмүүсийг дуудаж ирүүлээд, авга ах, авга эгч хоёрын өмнө ууц сүүл тавьж, бусад хүмүүст бүхэл оногдох ёстойд бүхэл, мөч оноох ёстойд нь мөч оноож, шаазан аягаар архи сөгнөж, сайхан найрыг үүсгээд, ээж минь, найрлагчдын дунд босож зогсоод, “За тэгэхээр, хүү төрөхөд нэр, архи уухад үг гэж байдагчлан би ч хэд гурван үг хэлье. Эцэг Мила Шаравжанцан нас нөгчих үедээ гэрээс захиас хэлж асныг мэдэх өндөр настан хүмүүс болох авга ах, авга эгч нараар тэргүүлэн энд суугаа та бүгд сонсцгооно уу” гэхийн хамт нагац ах, эцгийн гэрээс бичгийг уншиж дууссаны дараа ээж маань “Саяын уншиж сонсгосон энэ бичгийн үг утга нь энд суугаа ахмадуудын санаанд тодорхой санагдаж буй тул олон үг нуршиж ярих хэрэггүй болов уу. Утгыг нь хураангуйлж хэлвэл авга ах, авга эгч хоёр, эх үрс биднийг халамжлан үнэхээр сайхан туслан тэтгэснийг үргэлж санаж явахаа хэлэхийн хамт, одоо миний хүү, Зэйсэ бүсгүйтэй ханилж, өрх гэр тусгаарлах цаг болсон тул бидний хадгалуулсан эд хөрөнгийг өгнө үү. Зэйсэ охиныг бэр буулгаж, худ ураг бололцон, аавынх нь гэрээслэсэн ёсоор эцгийн голомтыг хүүд нь өвлүүлж өгье” хэмээн хэлэв. Авга ах, авга эгч хоёр урьд нь хоолон дээр ходоод нийлэхээс биш, үгэн дээр ам нийлдэггүй атал энэ өдөр ам санаа нэгдээд, намайг ганц гэж бүүрэлхэж, авга ах олон хүүгээрээ түрүү барин, “Та нарын эд мал гэж хаана байгаа юм бэ. Мила Шаравжанцан тэрээр эсэн энх, тэнхлүүн байхдаа биднээс тариа, байшин, мал үхэр, алт оюу зээлж авснаа үхэх үедээ буцааж өгсөн юм. Та нарын юм гэж нэгээхэн цэн алт, нэгээхэн атга арвай, нэгээхэн олгой тос, нэгээхэн алд торго, газар гишгэх ганц малыг ч үзээгүй. Та нарын энэ гэрээс бичиг гэгчийг хэн бичсэн юм бэ? Өнчин өрөөсөн та нарыг өлбөрч үхүүлэлгүй тэжээсэн нь их юм. Ер муу хүнд мэдэл өгвөл мөрөн голын усыг ч хэмжинэ гэгч энэ байх даа” гээд хүү нартайгаа үсрэн босож ирээд, хуруугаа инчдэн, хормойгоо сэгсэрч, хөлөө дэвслээд “Тэгэж даварч байгаа бол байшин чинь ч бидний өмч тул та гурав гарч зайл” хэмээн ээжийг алгадан зодож, дүү бид хоёрыг дээлийнхээ сугалдаргалан унжуулсан ханцуй нударгаараа ороолгож нүдэв. Тэр үед ээж минь “Мила Шаравжанцан чи эхнэр хүүхэд биднийхээ хувь заяаг харж байна уу? Би булш хүүрээсээ харна гэж хэлсэн тэр харж үзэх цаг чинь эдүгээ болсон байна” гээд уйлан, түрүүлгээ харж ойчоод, холбирч өнхөрч байв. Дүү бид хоёр уйлахаас өөр олигтой юу ч хийж чадахгүй байлаа. Нагац ах ч авга ахын олон хүүгээс айгаад өмөөрч чадсангүй. Нутгийн бусад хүмүүсээс бидэнд сайн ханддагууд нь бид эх үрсийг хөөрхий хэмээн өрөвдөн уйлж байсан бөгөөд бусад нь ч сэмхэн шогширч байсан ажээ. Авга ах, авга эгч хоёр “Биднээс эд хөрөнгөө нэхээд байсан, тэр чинь та нарт өөрсдөд чинь байгаа биш үү. Нутаг орны айл хунарын хүмүүст архи махыг амь хайргүй бэлдэж хурим найр хийсэн энэ чинь та нарын хөрөнгө биз дээ. Бидэнд л лав байхгүй. Байлаа ч гэсэн өгөхгүй. Та эх үрс өнөр болвоос цэрэглэн ирж хөрөнгөө авна биз, цөөн гэвэл хараал хийнэ биз” гэж хэлээд гарч одлоо. Түүний дараа бидэнд сайн санагч хүмүүс ч явцгаав. Ээж минь түрүүнээс хойш тасралгүй уйлсаар суусанд нагац ах болон Зэйсэгийн эх эцэг нар тэргүүтэн бидний дотно хүмүүс бүгдээр ээжийн сэтгэлийг засаж аргадахын тулд сууцгаагаад, үлдсэн архийг ууцгааж, ээжийг “Битгий уйл даа, уйлсны тус гэж юу байхав? Өнөөдөр найранд цугласан бүхнээс эд гуйж авч болно. Бид энд буй бүгдээр ч аль сайнаа өгцгөөе. Авга ах, авга эгч хоёроос чинь ч аль сайныг нь та нарт авч өгье” гэхэд нагац ах “Тэр ч тийм шүү. Тэгээд энэ хүүгээ эрдэм номд сурга. Та эх үрс манай гэрт суугаад, тариа тариалан эрхэл. Аль тустай бүхнийг л хийхээс өөр аргагүй. Ямар ч л байсан авга нартаа муугаа үзүүлэхгүй байх хэрэгтэй” гэж хэллээ. Ээж маань “Өөрийнхөө хөрөнгийг эзэгнэж чадаагүй байж, бусдаас гуйж олсон эдээр үр хүүхдээ тэжээхгүй. Авга нар, биднээс булаасан хөрөнгөөсөө нэг хэсгийг нь өгье гэсэн ч бидэнд одоо хэрэггүй. Энэ хүүгээ эрдэм сургахаар яав ч явуулая. Бид эх үрсд аваг ах, авга эгч хоёр эд малыг минь өгөхгүйн дээр, бид гуйлга гуйж царай алдаж амьдарваас тэр хоёрын бах тав улам ханах биз. Энэ байгаа тариалангаараа аргацааж сууя даа” гэлээ. Тэгээд Жа-Азагийн Митод гадха хэмээх газарт, Нинмааваа хуучин тарнийн багш, лус найман аймгийг тахигч, айл амьтанд хүндтэй нэгэн амьдарч асан түүн рүү намайг бичиг үсэг сургахаар явууллаа. Тэр үед садангууд ч ганц хоёр эд зүйлийг өгсөн бөгөөд ялангуяа Зэйсэгийн эцэг эх хоёр хүнс хоол, аргал түлш өгч туслав. Зэйсэ намайг бичиг үсэг сургах айлд хүргэж өгөхдөө ч сэтгэлийг минь байн байн засаж явав. Нагац ах маань ээж, дүү хоёрыг айл амьтанд зарцлуулахгүй гэж аль чадахаараа хоол ундыг өгч, ээжийг гуйлгачин болголгүй, хүний дайтай амьдруулахыг хичээж байв. Ээж минь ойр зуурын оёдол нэхмэлийн үйл хийж олсоныгоо аль чадахаараа хурааж, дүү бид хоёрт өгдөг байлаа. Дүү минь байгаа чадлаараа хүний амьтны гар хурууны үзүүрт зарагдаж, айл амьтан хэсүүчлэн явж, хоол хувцас олж байсан ч гэлээ бид гэдэс дундуур, мөр нүцгэн, сэтгэл гундуу, жаргалын бараа ер харсангүй билээ” хэмээн Мила богдыг ярьж дуусахад түүнийг сонсож суугаа тэд бүхний сэтгэл үймэрч, гансран, уйлж, хэсэгтээ л чимээ аниргүй байцгаалаа.

Гашуун зовлонг амсаж, санаа сэтгэл цөхөрсөн тухай өгүүлсэн хоёрдугаар бүлэг төгсөв.

Холбоотой хуудас:

Түвдийн их иогч Жэцун Мяларепагийн амьдрал