Түвдийн их иогч Жэцун Мяларепа

Түвдийн их иогч Жэцун Мяларепагийн амьдрал

Мяларепагийн эцэг Ширав Гялцэн 21 насандаа гарал угсаа сайтай Нянгца Каргентай гэрлэж Киа Нгац гэх тосгонд элбэг хангалуун амьдарч байтал Мяларепагийн эцэг талын ах дүүс, нагац Юндрүп Гялцэн, авга Кянг Ца Педон нар тэднийг бараадан ирж айл саахалт амьдарч эхлэв.
Мяларепагийн эцэг холын аянд явсан хойгуур эхнэр нь амаржин Мяларепаг төрүүлжээ. Хүүтэй болсон хэл дуулгах гэж хүн явуулжээ. Эцэг нь ихэд баярлан хүүдээ Топага (Түвдээр Мяларепа “сайхан мэдээ” утгатай ) нэр хайрлаж гэртээ ирмэгц нэрийн ёслол үйлджээ.
Мяларепаг 4 нас хүрэхэд эх нь дахин амаржин Пета Гонки гэх охин төрүүллээ. Түүнийг 7 настай байхад эцэг Ширав Гялцэн эдгэшгүй өвчинд нэрвэгдэн ах дүүсдээ захиасаа хэлхээр дуудаж ирүүлээд: “Миний хүү Мяларепаг нас биед хүртэл та нарт би эд хөрөнгөө гэрээслье, хүүг маань нас биед хүрч эхнэр авах үед эд хөрөнгийг буцаан түүнд шилжүүлээрэй” гээд баталгаат лац тэмдэгтэй гэрээслэлийг авга, нагац нарт нь өгөөд Ширав Гялцан нас эцэслэв. Энэ гэрээслэлдээ хүүдээ ирээдүйн эхнэр болох Зэссэй нэртэй охиныг тэмдэглэжээ. Авга нагац нар нь гэрээслэлийг ёсоор биелүүлхээ амлав.

Мяларапагийн залуу нас.

Эцгийг нь нас барсны дараа авга, нагац нар нь эцгийх нь үлдээсэн эд хөрөнгийг өөрийн болгож Мяларепа, түүний дүү Пета, ээжийг нь зарц болгов. Мяларепаг 15 нас хүрмэгц ээж нь авга, нагацтай нь уулзаж хүү минь одоо Зэссэйтэй гэрлэх боллоо хүүгийн өмч хөрөнгийг нь буцааж өгөөч гэхэд тэд гурвууланг нь хөөж гаргав.

Хар шидийг эзэмшин хорсолоо тайлав.

Ээж нь арга чаргаа хэрэглэн байж өөрийн эдлэн газраас багаханыг зарж мөнгөөр нь цагаан морь, оюу эрдэнийн чулуу худалдан авч дээр нь хоёр элдсэн үхрийн шир, хоёр хайрцаг түүхий чихэр бэлэг болгон бариж тухайн газар орноо нэрд гарсан сайн лам Сэнгэ Сабмэйд хүүгээ шавь оруулан даатгалаа.
Нэг жил гаруйн хугацаанд Мяларепа шидэт тарниар байгаль орчиныг эрхшээлдээ оруулан өөрчилж сурсан ч энэ нь түүнд чамлалттай санагдаж лам багшдаа илүү ихийг хүсэж байгаагаа хэлэхэд багш нь Цанронгд Наб Кулуны Ёнтэн Гяцо гэж эмч шидтэн бий, би түүнд өөрийн нууц тарнийн шид зааж өгөхөд тэр хариуд нь яаж мөндөрт шуурга хуруугаараа дохиж оруулахыг зааж, түүнээс хойш бид найзалсан, чи тэр хүнийг миний хүүгээр заалган олж оч гэлээ.
Мяларепа багш ламын хүүг дагуулан эрсэн хүнээ олж очоод багшийнхаа захианы хамтаар гар цайлгах бэлэг сэлтээ барин ид шид зааж өгөхийг гуйв. Ёнтэн Гяцо шидтэн түүнд сарлагын дайны том хадаар хэрхэн саад бартаа, ханан хэрэм, битүү хориг хийхийг шидэт уншлагын хамт заажээ. Мяларепа 14 өдөр шөнө уншлага хийв. 14 дэх орой нь түүний нагац ахын том хүүгийн хурим болж тосгоныхон уригдаж ирсэн байв. Мяларепа хар шидээр байшинг хөмрөн хаяж тэнд байсан 35 хүн цөм үрэгдэхэд (авга, нагац нараа амьд гэрчээр үлдээж өөрийнхөө хэрхэн хариугаа авч буйгаа үзүүллээ) байшингийн дээвэр дээр нь “энэ бол би, би их жаргалтай байна. Та нарын хариу чинь энэ.” гэсэн дарцаг намирч байхыг ээж нь олж үзээд хорслоо тайлжээ.

Энэ явдлын дараа тосгоныхон нийлж түүнээс хариугаа авахаар хэлэлцэж байх зуур эх нь Мяларепад сэрэмжил хэмээн хэл дуулган, эдэн үрүү ширүүн мөндөрт шуурга илгээ гэжээ. Мяларепа анхны багш лам дээр очин мөндөрт шуурга буулгахыг заалган тосгонд шуурга тавиж, тосгоноороо ургацгүй боллоо.

Ариун үнэний замийг эрэлхийлсэн нь.

Мяларепа хар шидээр муу үйл хийсэндээ байнга харамсан гансрах болж, багшдаа энэ тухайгаа хэлэхэд багш нь: “Бүх зүйл түр зуурынх байдаг юм, би маш олон нүгэл хийсэн хүн харин чи залуу байна энэ бол чиний буруу биш би чамд үүнийг зааж өгсөн нь миний л буруу. Одооноос эхлэн өөрийн хүн болж төрсний утга учир үнэнхүү гэгээрлийн замыг сахь” хэмээн захижээ.
Лам багш түүнд дулаан хувцас, уналга сарлаг өгч “Цангроны Нар хэмээх тосгонд байх Ронтон Лхаг лам чамд ариусах зорилгодоо хүрэх замыг заах болно“ гэж хэлээд үдлээ. Мяларепа эрсэн хүнээ олж унаж очсон сарлаг болон дулаан ноосон хувцсаа бэлэг болгон өгч өөрийн түүхээ бүгдийг ярьж, эгэх орчлонгийн хүрдээс ангижран дахин төрөхгүй энэ насандаа гэгээрлийн хутгийг олох эрдмийг зааж өгөөч гэж хүсчээ.

Мяларепа ийн бодов: “Өнгөрсөн хугацаанд би 14 хоногт л хар шидийг бүрэн эзэмшсэн, 7 өдрийн дотор мөндөрт шуурга оруулж сурсан юм чинь энэ ариуслын хичээл тун амархан нэг өдөржин бясалгал хийхэд л ариусч жинхэнэ бодисадва шиг унтаж байхдаа л гэгээрчихнэ” гэж бодоод багшийнхаа даалгаврыг хийлгүй унтаад өгчээ.
Тэгтэл багш нь ирж ихэд уурсан, чи их нүгэл хийсэн хүн тиймээс ариусахад маш их хүч чармайлт хэрэгтэй, би чамд хичээл заахгүй чамд Энэтхэгийн их мастер Наропагийн шавь Марапа туслана гээд түүнийг тийш замчлав.

Гүрүтэйгээ учирсан нь.

Мяларепа замд таарсан хоньчин бүрээс агуу Марапа хаана байдгийг сураглаж явсаар нэг тосгонд иртэл замын хажууд тариалангын газар хагалж буй нэг лам байхыг харан түүнээс агуу их орчуулагч лам Марапа хаана байдгыг хэлж өгөөч гэхэд ”Чи өөрөө хэн бэ ?” гэв.
Мяларапа өөрийн тухай танилцуулан хэрэг зорилгоо илтгэв. Өнөөх лам харин түүнд өөрийн хийж байсан ажлаа орхиод яваад өгөв. Хэсэг хугацааны дараа нэгэн жаалхүү ирж түүнийг дагаад яв гэлээ. Тэр жаалхүү түүнийг Марапагийн гэрт хүргэж иртэл өнөөх газар хагалж байсан хүн нь сууж байлаа. Ингээд Мяларепа Марапа гүрүгээ анх харсан нь тэр. Мяларепа хамт байж багшаар хичээл ном заалгана гэж бодоход ихэд баяр хөөртэй байлаа.

Гүрүгээ царайчилсан нь.

Мяларепа багшийнхаа даалгаснаар тосгоноор бадарчлан явж өглөг цуглуулах хэрэгтэй болов. 6 уут тариа цуглуулж гурвыг нь зарж сайн хийцийн хоолны тогоо худалдан авч, нэг уутаар нь мах, сархад аваад цөмийг нь Марапа багшдаа аваачин өгөхөд багш нь ихэд гайхан харснаа хүү минь чи их эрч хүчтэй юм. Одоо хар шидээрээ манай байшинг бас аянгад ниргүүлээтэх. Уур омог чинь дүрэлзэж байна уу ? гэхэд Мяларепа “Энэ ламын ааш их хэцүү юм. Тэвчиж царайчилж байгаад сурах юмаа сурах хэрэгтэй гэж бодож зогсов. Тэгээд Мяларепа худалдан авсан тогоо болон бусад зүйлээ өгөхөд багш нь тогоог ихэд тоон авч тахилынхаа ширээн дээр залаад бусдыг нь авсангүй. Мяларепа надад хичээл өгөөч гэхэд Марапа: “Юун”, “Цанг” тосгодоос олон шавь ирж надаас тусламж хүслээ. Ядрок Таклунг, Таклингын оршин суугчид тэднийг амар заяаг үзүүлэхгүй байна гэнэ. Чи тэр хоёр газрыг мөндөрт шуургаар номхотго. Тэгээд би чамд хичээл өгнө.

Мяларепа ч хүсэлтийг ёсоор гүйцэтгэж ирээд дахин ном эрдэм заахыг гуйхад Марапа: Нял Лорогоос ирсэн миний хэдэн шавь уруу Лобракын уулчид дайрсан байна. Тэд надыг басамжилж байгаа хэрэг. Чи өөрийгөө агуу шидтэн гэсэн байх аа. Тэднийг хар шидээр номхотго. Тэгвэл би Наропа гүрүгээс өвлөж авсан гэгээрэлд хэрхэн нэг насандаа хүрэх эрдмийг заана.

Мяларапа тарни уншин уулчдыг хооронд нь илдээр тулалдуулан устгав. Ингээд Марапа Мяларепаг үнэхээр шидтэн юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч дахин нэг сорилт давбал чамд эрдэм заана хэмээв. Энэ нь саяны устгасан уулчидын амийг буцаан авчрах хүнд даалгавар байв.
Мяларапа цөхрөнгөө баран уйлж суухад нь Марапагийн эхнэр Дагмема түүнийг тайтгаруулахыг хичээж байлаа. Маргааш нь Марапа Мяларапад хэлсэн нь: Өчигдөр би арай хатуу сорилт өгчээ. Харин түүний оронд одоо чи суврага босго. Тэгж чадваас би чиний хоол хүнс төдийгүй хувцсаар хангаж эрдэм ном заана гэжээ.

Хүнд бэрх сорилт.

Мяларепа суврагийн цамхгаа өрж эхэллээ. Эхнийхийг нь зүүн уулын оройд босгож, хоёр дахийг нь хагас дугуй хэлбэртэйгээр баруун уулын оройд, харин 3 дахийг нь маш бат бөх хойд уулын оройд босгож бараг дуусаж байтал Марапа ирж цөмийг нь нураачихав.
Марапа Мяларепад: Чи газраас хөндийлсөн чулуу бүрээ буцаан байсан байранд нь оруул гэв.
Ихэд урамгүй болсон тэрээр шүд зуун байж уулын оройгоос хормой хүртэл бүх чулууг байранд нь үүрч аваачин байршуулж дууслаа.
Марапа ахиад л “Одоо чи хэзээ ч нурахааргүй цагаан өнгийн арван давхар суврага барь” гэлээ. Мяларепа суврагаа ганцаархнаа барьсаар дуусахын даваан дээр Марапа ирж нураагаад дахиад эхнээс нь хий гээд явлаа.
7 дахь давхрыг бариж байтал Цангронгоос их Митон багшаас нь их хөлгөний сахиусны бясалгал авахаар иржээ. Тэгтэл Марапа Мяларепаг ирж үзээд “Их шидтэн минь нэг давхарт нь бясалгалын танхим хий. Гадуур тойрон алхах 12 багана бүхий тавцан суурь барь” гэжээ.
Мяларепагийн зовлонг ганцхан Марапагийн эхнэр ойлгож урам өгч, хооллон халамжилдаг байлаа. Мяларепа барилгын ажлаа дуусах гэж байтал бас нэг өөр шавь багшаас нь бясалгал заалгахаар ирсэнийг далимдуулан Мяларепа ч багшдаа бараалхтал Марапа багш нь “Чи юутай ирэв ? Энд байх эрх чамд байна уу ? Ямар бэлэгтэй ирсэн болоод чи энэ хүмүүстэй сууж байна” гэлээ.

Марапагын эхнэр Дагмема Мяларепад нууцаар нэг боодол цөцгий, жаахан бөс бараа, жижигхэн зэс тогоо өгсөнийг багшдаа гардаж барихад миний юмыг надад буцаан барихаа боль хэрэв өөр зүйл өгч чадахгүй бол эндээс гар гээд өшиглөлөө.
Маргааш өглөө нь Марапа лам дахин ирж одоо хурдан цамхгаа дуусга дуусахаар чинь би чамд хичээл өгнө гэв. Мяларепа ч хэлсэн ёсоор ажлыг хийж гүйцээв.
Энэ бүх хугацаанд үхэр чулуу, хад өргөсөөр байгаад түүний нуруу нүд хальтрам болж цус шүүрч байхыг Дагмема хараад өрөвдөн уйлж, нөхрөөсөө түүнийг битгий ингэж зовоогооч хичээлийг нь хурдан өгөөд явуулаач гэж гуйсан ч лам татгалзсан тул эхнэр нь нууцаар Мяларепад туслахаар шийдлээ.
Ингээд Дагмема Мяларепад нууц тарни зааж Дорже Пагмод бясалгах арга барилыг түүнд нууцаар зааж авшиг өглөө.

Шинэ багшийн эрэлд.

Мяларепа Дагмемад “Лам багш надад хичээл өгнө гэсээр өдий хүрлээ. Би цамхгийн 7 дахь давхраа бариад байна. Түүний хэлснээр 10 давхрыг дуусгавал хичээл өгнө гэсэн ч би үүнд итгэхгүй байна. Тиймээс надыг явуулах зөвшөөрөл өгөөч би төрөлх тосгоноо, ээжийгээ ч нэг хармаар байна.”
Марапа лам өөрийн гүрү Наропагаас эхтэй шинэ сарын 10 дахь өдрийг онцгойлон тэмдэглэдэг заншилтай юмсанж. Мөнөөх өдөр тохиож лам их ууж согтоод унтсан хойгуур нь эхнэр Дагмема нь Мяларепаг оргуулахаар зэхэж, бэлэг сэлт, эрдэнийн чулуунууд сэм авч, нөхрийнхөө өмнөөс хуурамч захиа үйлдэн үнэтэй торгонд баринтаглан лацдаад Мяларепад өгөөд “За чи үүнийг аваад лам Нокпа дээр хүрч оч. Марапа тан уруу намайг шавь оруулахаар явууллаа гээд энэ захиаг бэлгийн хамт өгөөрэй” гэв.
Мяларепа ч тэр ламыг хайн олж очлоо. Түүн дээр явж хүрэх үед тэрээр шавь нартаа далд ертөнцийн үнэн хэмээх хичээл өгч байлаа. Мяларепа малгайгаа аван дөхөж очих зуур Нокпа түүн үрүү нэг шавиа хэн болох яах гэж ирснийг мэдүүлэхээр угтуулав.

Мяларепа: Марапа багш зөвхөн надад л хичээл өгөхгүй. Бусад шавь нартаа харамгүй өгдөг. Харин надыг Нокпа лам уруу Наропа гүрүгээс удамшин ирсэн ховор нандин эрдэнэсийг хамт илгээлээ.
(Нокпа агуу шидтэн ирлээ гэж дотроо баярлаж байлаа.)
Мяларепа Нокпа багшид хүндэтгэлтэйеэ бүтэн сунаж мөргөөд захиагаа бэлэгний хамт өглөө. Нокпа лам бэлгийг ихэд нандигнан авч духандаа хүргэж хоймортоо залаад захиаг задлан уншлаа. Нокпа захиаг уншаад “За тэгэхээр Марапагийн тушаал юм бол би чамд заая л даа. Гэвч одоо надад бас ажил байна, олон газраас шавь нар ирсэн байна. Мөн надад дайсагнаж байгаа хүмүүс байгаа учир чи тэднийг нотхотгоод ир тэгээд хичээлээ эхлэе гэжээ.
Мяларепа үүнд яахан татгалзах билээ. Тэгээд тэрээр Нокпагын хүслээр хэд хэдэн дайсагнасан тосгоны тариалангын талбайг мөндөрт цохиулаад буцаж очлоо.
Нокпа лам Мяларепад авшиг, Хиважра мандал бясалгалын хичээл заалаа. Гэвч Мяларепагийн сэтгэл санаа багшаасаа оргож ирсэндээ тайван байж чадахгүй байсан тул бясалгалдаа орж чадахгүй байлаа. Нокпа “Яагаад заасан зүйл нь ахицгүй байгааг олж ядан байтал удалгүй нэгэн өдөр Марапагаас захидал ирэв. Тэр захидалд Мяларепагийн аваачсан захиа бэлэг сэлт зөвшөөрөлгүй очсон болохыг илчиллээ.

Нокпа лам Мяларепад хандан “Хүү минь ямар ч сайн хүн багшийнхаа адислал ерөөлгүй бол гэгээрэлд хүрэхгүй юм шүү дээ. Чи буцаад өөрийн багш Марападаа оч гээд, хамаг ямаагаа туугаад өөрөө Мяларепаг багшид нь хүргэж өгөхөөр хамт явлаа.”

Марапа багштайгаа ахин золгосон нь.

Нокпагаас чи яагаад миний шавьд дур мэдэн хичээл өгөв. Чиний сурсан бүхэн надтай хамааралтай биш үү хэмээн Марапа ихэд уурсахад Нокпа хүлцэл өчин таны захиа мөн таны багшийн үнэт чулуу бэлгэнд ирсэн болхоор би үнэмшсэн юм гэжээ.
Марапа эхнэр нь энэ бүгдийг зохион байгуулсныг мэдэж эхнэрээ зодох гэтэл эхнэр Дагмема сүмд орон өөрийгөө түгжчихэв. Марапа хэдэн өдөр сэтгэлийн дарамтад орж дуугаа хураан байсны эцэст эхнэртээ – гэгээрлийн замыг сонгож байгаа шавь бүхэн энэ хэцүүг үзэх хэрэгтэй учир би тэднийг ингэж шалгадаг юм. Тэр тусмаа Мяларепа бүр ч их тэсвэр хатуужил хат суух ёстой байсан тул би түүнийг ингэж шийтгэсэн гэж тайлбарлаад эхнэрээ уучиллаа.

Авшиг авсан нь.

Марапа гүрү Мяларепад хандан “Гэгээрэлд хүрэх маш хэцүү. Чи урьд их нүгэл хийсэн тул бүр хэцүү. Гэвч чи одоо бүрэн сэтгэл зүрхээ ариусган сүсэглэвээс дахин төрөхгүйгээр энэ насандаа гэгээрч чадна гэжээ. Мяларепа баярласандаа уйлж байлаа.
Өргөл өргөсний дараа тэрээр Мяларепатай нууц зан үйл хийн, Мяларепагийн үсийг тайран, зүүдээрээ тольдсон ялалтын туг гэсэн утгатай Мяла Важра гэдэг шинэ нэр өглөө.
Марапа түүний толгойд гараа хүргэн: “Хүү минь, би чамайг энд ирэхээс өмнө хувь заяаг чинь зүүдэндээ харсан, чамайг ирэхийг мэдэж байсан, чи миний шалгуурыг, маш хүнд хэцүү даалгавруудыг давж чадлаа. Чамд маш хэцүү байсан ч надад хорсож хараагаагүй. Үргэлж хүндэтгэлтэй байсан. Чи бол буддагийн залгамж мөн. Дотоод амар амгалан, бодлын энерги, мэдлэг оюун, гүн ухаан, тэмүүллээр нөхрөө хий. Миний заах хичээл бол сар бүтэн болох явцтай төстэй юм шүү.” гэжээ.

Энэтхэг үрүү хийсэн бэрх аялал.

Өмнөд хавцлын “Барын үүр” агуйд Мяларепаг маш хэцүү байсан ч завсарлагагүй бясалгахыг багш нь даалгаж Мяларепад маш том тосон дэн өгч чи өдөр ч шөнө ч энэ дэнлүүг толгой дээрээ тавьж тасралтгүй бясалга гээд агуйн амыг хаав. 11 сарын дараа Марапа эхнэртэйгээ эргэж ирээд агуйн гаднаас хэрэв чи амьд бол энэ ханыг нураагаад гарч ир гэхэд Мяларепа ханыг нураан гарч ирэв.
Тэр өмнөх насны үйлийн үрээ, үхлээ үзэж, хийсэн нүглээ биеэрээ мэдрэн ихэд шаналсан байв, Марапа болон эхнэр нь Мяларепаг тайтгаруулан ярилцсаны дараа тэд буцлаа. Мяларепа бясалгалаа үргэлжлүүлэв. Нэг шөнө түүний оюун санаанд хөх биетэй, ясан чимэглэл зүүсэн үзэсгэлэнтэй залуу эмэгтэй орж ирээд “Хүү минь чи аль хэдийнээ махамудрын, далд ертөнцийн зургаан номлолын эрдмийг эзэмшсэн. Үүгээр тасралтгүй бясалгаваас гэгээрэлд хүрнэ. Гэвч чи үхэгсдийн оюуныг шилжүүлэх эрдмийг сураагүй байна. Тэргүйгээр буддын нэгэн агшинд гэгээрэхүйн үүд хаалга хаалттай байх болно. Үүнийг эрж сур.” гэж захижээ.

Энэ зүүдний тухай Мяларепа хэдэн өдөр бодов. Тэгээд бясалгалаасаа гарч Марапа багш уруугаа зүүднийхээ талаар асуухаар очтол багш нь миний зөвшөөрөлгүй гарч ирэв гэж уурсав. Марапа зүүдийг нь сонсож бодолхийлсэнээ энэ бол охин тэнгэрүүдийн сануулга. Намайг Энэтхэгт байхад миний их багш Наропа үүнийг ярьж байсан юм байна. Би багштайгаа холбогдоод лавлъя гэв.

Тэгээд Марапа Энэтхэг үрүү багштайгаа уулзах хүнд бэрх аялалдаа гарлаа. Наропа багш нь сидха – биеэ олон хувилж энд тэндгүй хил хязгааргүй зорчин байдаг тул олоход бэрх байлаа. Удаан хайсны эцэст ойн гүнд олж уулзаад тэд хоёул Пулла Хари-н дагшин газарт суун ярилцаж үхэгсдийн бодол оюуныг тольдох эрдмийг заалгаж авав.
Наропа “Чи энэ тухай өөрөө бодож олов уу? эсвэл зүүдлэв үү ?” гэхэд Марапа “Миний нэг шавь Мяларепа зүүдэлсэн юм.” гэлээ.
Наропа “Ямар сайхан мэдээ вэ ? Харанхуй Түвдээс гэрэл гарлаа” хэмээн баярлан уулга алдан “Энэ шавь чинь их үйлийн эзэн байна.” гээд гараа Марапагийн толгойд хүргэн адислаад нүдээ анин гурвантаа Түвдийн зүг харан мэхийхэд уулс ой мод даган Түвдийн зүг хэлбийв.
(Энэ өдрөөс хойш Энэтхэгийн Пулла Харигийн уулс моднууд Түвд үрүү бөхийх мэт харагдах болсон түүхтэй гэнэ.)
Наропа охин тэнгэрүүдийн нууц зан үйл, тэднийг аргадан тойлох аргыг Марапад тайлж өгөөд Марапаг Түвд үрүү буцаалаа. Марапа гэртээ иртэл хүү нь үхчихсэн байв. Бүх лам хуврага шавь нь чадлаараа аргалаад барсангүй гэв. Марапа тэдэнд хандан “Их багш Наропагийн удам шавь нарт одоо зүүдээр үхэгсэдтэй хэрхэн холбогдох тухай дохио ирнэ. Та нар зүүдээ шинжин хүлээ.”

Гүрү марапатайгаа салах ёс хийв.

Наропа Мяларепаг тоон адисласан тул түүнийг Зангпук Дрок хэмээх агуйд бясалгахыг зөвшөөрлөө. Өдөр шөнөгүй бясалгаж байтал нэг өдөр зүүдэнд нь төрсөн нутаг ус, ээж нь үхчихсэн, дүү нь тэнүүлчин болоод гэр оронгүй явхыг харав. Тэгээд агуйн хаалгыг эвдэн гарч Марапа багш уруугаа олж уулзахаар явав. Багш нь түүнийг хараад бид хоёр энэ насандаа дахин золгохгүй гэсэн яалаа гэв.

Марапа “Миний багш Наропа надаар дамжуулан чамд эрдмээ өгч байгаа юм шүү. Чи надад шавь орохдоо гар цайлгах бэлэг хэр зэрэг өгснийг эс тоон би чамд эрдмээ өгсөн. Чиний чин эрмэлзэл ямар ч үнэтэй бэлэгнээс илүү сэтгэлийг минь уяраасан” гээд нулимсаа арчаад “Нугарашгүй бай, төгс төгөлдөрийн оргил байгаарай” гээд лацдаж хуйлсан цаас өгч “Чи үүнийг мухардалд орохоороо нээж үз. Түүнээс наана нээх эрхгүй. За ингээд аав хүү хоёул энэ насандаа уулзахгүй хүү минь гэв. Үүрээр багш нь өөрийн биеэр мөн 13 шавийн хамтаар Мяларапаг хагас өдөр хэртэй гаргаж өгөхдөө ихэд хайрлан сэтгэл нь үймэрч байлаа. Тэд хамтдаа сууж цай хоол идэцгээв.
Марапа Мяларепагын гарыг атган “Хүү минь Шилма гарцаар өнгөрөхдөө дээрэмчидтэй тааралдана болгоомжлоорой. Би чамайг ганцааранг чинь явуулахыг эс хүсэвч арга алга. Бид чиний араас замыг чинь хамгаалж залбирна. Эндээс ганцаараа яв. Лам Нокпа дээр очин миний зааснаас ялгаатай юм байвал сур. Бохирдсон энергитэй газрыг бясалгалаараа цэвэрлээд нэг газартаа 7-с илүү хонохгүйг хичээж яв.

Мяларепа Нокпа дээр ирэв.

Тантрын эрдмээр Мяларепа Нокпагаас илүү байсан ч дадлага дээр муу, харин үхэгсдийг тольдох эрдмээр Нокпа илүү байв. Тэгээд тэндээ гурав хоноод цааш явлаа. Мяларапа өөрийн төрөлх сууриндах хуучин гэртээ ороод эхийнхээ цайж хувхайрсан ясыг үзэж дэргэд нь хэсэг суухад сэтгэл нь үймэрлээ. Багшийнхаа захиасыг санаж сэтгэлээ эгүүлэн татаж цэвэр ариун сэтгэлээр бясалгаад өөрийн эх эцгээ дахин төрөлтөөс чөлөөлөв.

Өст хүн өлийн даваан дээр.

Идэх юмгүй олон хоног ядарч тосгоноор мах гурил гуйж явлаа. Нэгэн овоохойны гадна очоод хоол гуйтал авга эгчтэйгээ нүүр тулав. Авга эгч нь түүнийг танимагцаа нохойгоо тавихад Мяларепа зугтаж яваад бүдэрч шалбаагт унав. Тэрээр цааш явж өөр нэг овоохойд ирэв. Тэнд байсан хүмүүс харамгүй өглөг өгсөнд баярлан цааш явсаар Ца хэмээх хөндийд ирэхэд нагац ахтайгаа тулав. Мяларепа амьд үхдэл шиг харагдавч тэр түүнийг түвэггүй таниж том чулуугаар нүүлгэв. Мяларепа зугтаж амжив. Тэр хар шидээ хэрэглэх гэж санаснаа болиод уур хилэнд идэгдсэн тэр газраас холдлоо.
Маргааш нь Зэссей түүнийг тосгоны орчимд явааг дуулаад ирж уулзан ээж нь хэрхэн өнгөрсөн болоод дүү нь хэрхэн тэнүүлчин болсон тухай уйлан байж ярив. Зэссей түүнд сэтгэлтэй хэвээр одоо хүртэл гэрлэхгүй түүнийг хүлээсээр байгаагаа хэлэхэд Мяларепа “Надад энэ материаллаг хорвоогийн юм бүхэн сонин биш. Надаас юу ч бүү хүлээ. Би өөр зам мөрийг сонгосон. Гэхдээ би чиний төлөө залбирна” гэв.
Тэгтэл Зэссей “Чиний энэ байгаа байдал хүн гэхэд хэцүү хүүр гэхэд хэцүү. Энэ чинь тэгээд аз жаргалын зам Махаяана юм уу? Чи гуйлгачдаас дор харагдаж байна. Ямар Махаяана гэхээр ийм байдаг юм ?”
Мяларепа “Хэдхэн шашны ном үзсэн хүмүүс өөрсдийгөө бүгдээс дээгүүр өргөмжлөөд лам хувцас өмсөөд бусдын зовлонгоор баяжиж алдар нэр олж байгаа. Гэвч үнэнхүү ариун зөв мөртэй хэн боловч ямар харагдах чухаг биш. Харин би зөвийг гажуудуулагчидаас л хол, ертөнцийн найман хүлээснээс ангид байхын тулд ингэж явна. Шар хувцас өмссөн энэ замаар замнагч тэд ч найман хүлээснээс ангид байж чадахгүй байна. Гэвч Зэссей чи үүнийг ойлгохгүй дээ.”
Хэдэн өдрийн дараа авга эгч нь Мяларепа дээр ирж ийн учирлалаа. “Чи ариун номын хүн болсон юм чинь надад газар эд хөрөнгөө буцааж хэрэглүүлээч би харж хандаж байя.”
Мяларепа “За яахав авга минь сар бүр надад нэг уут арвай өгч бай. Тэгээд миний газрыг хэрэглэ.”
Хоёр сарын дараа авга нь ирж манай зээгийн сахиус нь биднийг хараагаад байна аргалж өгөөч гэхэд Мяларепа хүслээр болгов.

Эрс хатуу бясалгалын дэг.

Мяларепа бясалгалдаа сайн орж өгөхгүй байтал нэг өдөр ийн зүүдэлжээ. Зүүдэндээ тэр тариалангийн газар хагалж байна гэнэ, Газар нь маш хатуу тул сэндийлэх аргагүй байв. Болих уу яахав ? гэж өөрөөсөө асуутал тэнгэрт багш Марапа нь гарч ирээд хүү минь хичээ. Хүчтэй зоригтой бай. Чи чадна гээд Марапа өөрөө хэсэг газар хагалмагц тэр дор нь ургац ургаж байх юм. Мяларепа энэ зүүдийг учиртай байх гэж итгэн хэрэв бясалгалаа хичээсээр хийгээд байвал шинэ өөр юм мэдрэнэ гэж бодов.
Тэр өдөр авга эгч нь түүн дээр жаахан борц, уут гурил, элэгдэж муудсан дээл, тос авчраад Мяларепагаас газар байшингаа өгөхийг хүсэхэд түүний өглөгт баярласан Мяларапа газар байшингаа өглөө.
Маргааш нь Мяларепа газартаа үлдсэн өөрийн юмсаа авах санаатай хэнд ч мэдэгдэлгүй ирэн нэг агуйд бясалгал хийхээр суулаа.
Тэгж суугаад 3 жил өнгөрчихсөнийг анзаарсангүй. Түүний биеийг өвс ургамал ороож торлосон байв.
Тэр агуйгаас гарахад нар ээж байлаа. Түүний бие яг л амьд араг яс, үс нь үнсэн саарал болсон байлаа. Багшийнхаа өгсөн хэцүү үедээ нээж үзээрэй гэсэн хуйлаастай зүйлийг нээхийг хүслээ. Гэвч цаг нь биш гэдгийг мэдээд нээсэнгүй.
Хоёр жилийн дараа хэдэн анчин түүний байгаа агуйд орж ирүүт энд сүнс байна гээд гарч гүйв. Мяларепа тэднийг дуудан урт удаан хугацаанд хоол хүнсгүй бясалгасан болохоор ийм харагдаж байгаагаа хэлэхэд анчид түүнд махтай хоол хийж өгч түүнийг тэнхрүүллээ. Хоол идсэний дараа бясалгал нь бүр гүн болов. Тэрээр өтөөр хооллож байсан ба удаан хугацаанд хоол идээгүй билээ. Дахин нэг жил өнгөрлөө.
Дахин хэдэн анчид ирж Мяларапагаас хоол нэхэхэд “Ороонго өвс л зоогло өөр юм алга” гэхэд “Чам шиг харамч хүн үзсэнгүй. Чи лав хамгийн золгүй хүн байх” гэжээ. Мяларепа хариуд нь “Би хамгийн их заяатай хүн. Учир нь хамгийн сайн багш Марапад шавь орсон, хувцас, хоол хүнс, байр байдал хийгээд хүний хийсвэр зэрэглээт амьдралын хүлээснээс дээгүүр гарсан тэгснээрээ би өөрийгөө ялж, дайснуудаа дийлэх болно. Энэ материаллаг алаг хорвоод над шиг зоригтой чин сүсэгтэн үгүй. Харин та нар буддагийн төрсөн газраас ирцгээсэн атлаа Дарма гэж юу болохыг ч мэдэхгүй байх чинь там. Би мөнхийн амар амгаланг олсон, цаашид мөнхийн хутгийг олох нь дамжиггүй.”
Тэд Мяларепаг ухаан самуурсан хүн байна гээд явцгаав.

Нэгэн өдөр Мяларепагийн төрсөн дүү Пета ахыгаа олж харлаа. Түүнийг хараад итгэж ядан “Та сүнс эсвэл хүн үү ?”гэж асуув. “Мяларепа байна аа” гэх дуугаар нь таниад дүү нь мэгшин уйлж, тайвшраад хэрхэн ээж нь нас барсан яаж яваад тэнүүлчин болсноо бүгдийг тоочлоо. “Таныг яагаад ийм сүнс шиг болсныг ойлгохгүй байна ? Та ядаж хүмүүсээс багахан өглөг гуйгаад амьдарч байсан бол ийм болохгүй байсан” гэв.
Мяларепа “Би хэзээ үхэхээ мэдэхгүй. Надад хоол гуйж явах цаг байгаа эсэхийг ч би мэдэхгүй. Би зорилгодоо хүрсэн учир энэ бол миний аз жаргал бусад нь чухал биш.

Буддын Махаяана-Их хөлгөнд орсон нь.

Бясалгалаа хийж чадахгүй байхаас илүү өлсгөлөн Мяларепад байсангүй тэгээд багшийнхаа хүнд хэцүү үедээ үзээрэй гэсэн лацтай хуйлсан цаасыг задалж үзтэл хэрхэн бясалгалд учирсан бэрхшээлийн давах заавар болон энэ үедээ сайн хооллож байхыг сануулсан зөвлөгөө байв. Тэрээр Зэссей болон Петагийн авчирсан хоолыг идэн амьсгалын болон иогийн дасгалууд хийсэнд бөглөрсөн суваг нээгдэж анхаарал төвлөрөл сайжирч байгаа нь мэдэгдэв.
Тэрээр бүх юмс хоорондын зүй тогтол, үхэх-төрөх цикл, нирваан хоорондоо хамааралтайг ойлголоо. Тэрээр Самсара буюу үхэх төрөх мөнхийн эргэлтийг буруу үзлээс болдгийг, харин нирваан буюу мөнхийн амар амгалан нь өөрийгөө сэхээрэхээс эхтэйг, зөв хооллохын ашиг тусыг ч сайн ойлгов.
Багшдаа, зөв цагт хоол хүнсээр дайлсан дүү болон Зэссейд талархав. Тэрээр газраас хөөрөн бясалгаж, дуртай үедээ биеэ хөрвүүлэх эрдмийг эзэмшив.
Шөнийн зүүдэндээ тэрээр огторгуйгаар аялаж орчлонг бүхэлд нь дээрээс нь харж байна гэж зүүдэллээ. Мяларепа сайн сайхныг нийтэд дэлгэрүүлэх цаг ирэв гэж бодовч багш болон мэргэ төлгөөр түүнийг энэ насандаа зөвхөн бясалгалдаа биеэ бүрэн зориул гэснийг санав. Тэр заримдаа тэнгэрт нисэн дүүлж явдаг ба муу хүмүүс харвал бясалгалд нь халтай тул бясалгалдаа буцан төвлөрнө. Маш удаан хугацааны тасалдалгүй бясалгалын дүнд түүний бие сульдсан байв.
Мяларепа агуйгаа орхин гарч Дингрид ирж замын хажууд сууж байтал сайхан хувцаслаж үнэт эдлэлээр гоёсон бүсгүйчүүд хажуугаар нь өнгөрөх зуураа “Түүнийг хараач. Ямар хачин амьтан бэ ?” гэх нь сонстов.
Мяларепа “Залуу авхай нар минь. Та нарт ингэх шалтгаан бий гэж найдья.”
Нэг бүсгүй “Би дахин төрөхдөө ч ийм хачин төрөхгүй.” Мяларепа “Та аяд. Та хүссэн ч над шиг төрж чадахгүй” гэв.
Нөгөө бүсгүйчүүд түүнийг алдарт шидтэн Мяларепа гэж таниад уучлал гуйн сөхөрч 7 дун өгөөд өөрсдөд нь хичээл өгөхийг гуйж түүнийг бишрэн дагагч боллоо.

Орчлонгийн найман хүлээснээс ангижирсан нь.

/ 1. Ашиг хонжоо, 2. Гарз хохирол, 3. Алдар нэр ,4. Харанхуй мунхаг, 5. Шүүмжлэл, 6. Магтаал, 7. Баяр хөөр, 8. Зовлон/

Мяларепа Кяпук дахь нарны шилтгээн гэдэг агуйд бясалгаж байтал хүмүүс өдөрт хэд хэдээрээ ирж цай хоол авчирдаг боллоо.
Иймд хүнгүй газар бясалгахаар багшийнхаа зөвлөж байснаар Лачи уруу явахаар шийдлээ. Ингээд явах гэж байтал охин дүү Пета нь хоол хүнс дулаан хувцас авчирч өгөөд, “Би нэг удаа Дингрид лам Бари Лоцавыг харсан, түүний өмссөн зүүсэн нь магнаг торго , сэнтийд заларч хүмүүс өглөг өгөх гэж бужигнаж байсан шүү. Гэтэл миний ахын энэ зам харамч хүмүүсээр хүрээлэгдсэн юм уу ?” гэхэд Мяларепа “Миний нүцгэн нөмгөн, хоолтой хоолгүй явах нь чамд ичгэвтэр байгааг ойлгож байвч би өөрийн сонгосон замдаа үнэнч. Бүхий л зовлонг тосон авахад бэлэн. Чи битгий зов. Тэр баян тансаг хуврага хувилгаад бол над шиг зүдэрч явхаас зугтаж, ичиж яваа нь өөрсдийгөө улам хордуулж буй хэрэг.
Би өөрийн төлөө ингэж яваа биш бүгдийн сайн сайхны төлөө юм шүү. Мяларепа дүүдээ карма буюу үйлийн үрийн төлөөс гэж юу болохыг тайлбарлахад дүүгийх нь материаллаг зүйлд тэмүүлэх хүсэл үгүй болов. Энэ үед нагац ах нь нас барсан гэсэн мэдээ ирэв.
Удалгүй авга эгч нь ирж хийсэн үйлийн үрээ цагаатгаж өгөхийг, өөрийг нь уучилахыг хүсч, тэгвэл үлдсэн насаа сайн үйлд зориулья гэв.
Мяларепа түүнийг уучлан үйлийн үрийн хууль, шалтгаан ба үр дагавар хийгээд гэгээрлийн тухай номлов.
Авга нь иогич бясалгагч болж үлдсэн насаа ариусах үйлсэд зориулах болжээ.

Номын шавь нартайгаа учирсан нь.

Түүнд эрэгтэй, эмэгтэй олон шавь байсан. Тэдний дотор Речүн Доржи Дракпа, Гампопа, эмэгтэй шавь нараас нь Рэчүнгмаа, Падарбум, Сахли Аюу, Цэрингма нар нь бусад шавь нараас нь илүү дотно хүндтэй байрыг эзэлдэг.
Гампопа шавь нь Мяларепагийн орыг залгамжилсан байдаг.
Мяларепа Дагкя Дорже Зонг агуйд бясалгаж байхад түүний сахиус нь өөрөөс нь хичээл авахаар хүмүүс ирж явааг урьдчилан хэлэв. Гунтанд торгон агуйд бясалгаж байхдаа шавь нарынх нь нэг болох Ралай Заок Пуктэй учирлаа. Сүүлээр нь Рэчүнгтэй уулзаж түүнийг Энэтхэг явуулав.
Ронпухи хэмээх агуйд Мяларепа Сангя Киаб Репатай учрав. Нянангын агуйд Шакягунатай учирсан ба тэр хүү аль хэдийнээ Мяларепагийн үнэнч дагагч нь болсон байжээ. Энэтхэг үрүү явах замдаа эмэгтэй шавь болох Пей Дар Бумтай, буцах замдаа Репатай учирав. Намар өглөг гуйж явахдаа Шива О Репатай, Бачак Горад Нанзонгын Репатай уулзав.
Маунт Кайлаш уруу явах замдаа Дампа Гякпухатай Маунт Ловокерт уулзлаа.
Бурхдын, эх дагинасын айлдварын дагуу Мяларепа найман номын хүү, дотночилсон арван гурван эрэгтэй шавь, дөрвөн эмэгтэй шавь нийт хорин таван хичээнгүй сайн гарын шавийг бэлдсэн нь бүгд дээд түвшний мастерууд болсон юм. Эдгээр 25 шавь нэг бүртэй нь уулзаж явсан арвин их баримт байдаг. Маш олон хүмүүс түүнээс хичээл авсан юм. Мяларепа гэгээнтний сургаалыг дагаснаар сайн суурьтай нэг нь гэгээрч, гайгүй нэг нь буруу замаасаа сэхээрч, маруухан боловсорсон нэг нь ч муу үйлийг огоорсон юм. Мяларепагийн тэнгэр мэт уужим энэрэнгүй сэтгэлээр олон дорд төрлийн амьтад дээд төрлийг олсон юм.

Мяларепаг хордуулсан нь.

Дринд амьдардаг баян лам Гэш Цакпува эрдэм чадлаар өөртэй нь харьцуулашгүй Мяларепагын нэр алдар олонд ихэд түгэн дэлгэрсэнд хорсон түүнийг үгүй хийхээр зэхэж байв. Эхэндээ тэрээр Мяларепаг хүндэтгэж буй мэт байв. Хэсэг хугацааны дараа атаа хорсолд идэгдэн олон түмний өмнө Мяларепаг шившиг болгох гэж оролдсоор дийлэхгүйгээ мэдэн эцсийн аргаа хэрэглэхээр шийдсэн нь дараах үйл явдлаар батлагдав.

Модон бар жилийн намрын эхэн сараар Дринд болсон нэгэн хуриманд Мяларепа ба лам Гэш Цакпува хоёул уригджээ. Лам Гэш Цакпува олны өмнө зориудаар Мяларепаг хүндэлж буй дүр эсгэн түүнд мөргөж хариу хүлээсэнд Мяларепа багшаасаа өөр хэний ч өмнө бөхийдгүй тэрээр хариу мөргөөгүй билээ. Ингэхэд Гэш Цакпува ихэд уурсан “Би энэ тэнэгт өглөг өгч байсан байхад олны өмнө намайг шившиг болгож байдаг. Үүний чинь хариуг өгнөө” гэж хорсон бодов.
Тэгээд Гэш Цакпува Мяларепаг олны өмнө мад тавих гэж арга чаргаа бараад бичгээр ээдрээтэй зүйл асуусныг Мяларепа үзээд “Та үүнийгээ сайн мэдэж байгаа. Жинхэнэ ариун мөр зам орчлонгийн найман хүлээс-( = ашиг хонжоо, гарз хохирол, алдар нэр, харанхуй мунхаг, шүүмжлэл, магтаал, баяр хөөр, зовлон)-ийг огоорч, өөрийгөө дөвийлгөх үзлээ таягдан хаясны дараа л ирдэг юм” гэж хэлээд түүнд нэгэн доха дуулж өгөв.

Гэш Цакпува: “Магадгүй энэ нийгмээс ангид сахил сахих арга байх. Гэвч миний сурсан мэдсэнтэй таарч нийцэхгүй юм. Би таныг гэгээн ариун хүн гэж итгэсэндээ өөрийн тань өмнө сөхрөн хүндэлсэн юм.” гэхэд хуран цугласан олон түмэн нэгэн дуугаар Гэш Цакпуваг эсэргүүцэн “Мяларепа тантай харьцуулашгүй агуу хүн, таны сурсан мэдсэнийг олон хүн сурч хийж чадна. Та бол Мяларепагийн арьсны нэг нүхэнд ч хүрэхгүй шүү дээ.
Танд нэгэнтээ оюунлаг шинж үгүй болхоор эд агуурсаа арвижуулах ажлаа үргэлжлүүлдээ.” гэв.

Үүнийг дуулсан ламын уур хор буцалж нүүр нь улаан хүрэн болсон ч бүгд түүнийг эсэргүүцэж байгаа тул яаж ч чадсангүй  Дуугүй болов. Харин тэрээр хариад өөрийн эмсийн нэгэнд сүүнд хор хийн өгч үүнийг Дрин агуйд бясалгаж байгаа Мяларепад хүргэж уулгаад ирхээр чинь би чамд том гэгч оюу эрдэнэс өгнө гэлээ.
Өнөөх хүүхэнийг ирэхийг Мяларепа мэдэж байлаа. Тэрээр тэр хүүхэнд хандан ийн хэлэв: Би уунаа гэхдээ одоо биш. Дараа авчир. Эмэгтэй ихэд цочин сандарч лам Гэш Цакпува дээр эргэн ирж “Мяларепа багш өөрт нь хор өгөх гэж байгааг минь мэдэж байна” гэхэд лам хэрвээ тэр далдыг тольддог байсан бол дараа авчир гэхгүй байсан юм. Харин тэрний оронд өөрөө уу гэх байсан юм гээд бүсгүйд амласан эрдэнэсээ гарт нь атгуулаад, ээдүүлд хороо хийн дахин явуулаа. Энэ удаад Мяларепа Трод Ташигангд байлаа, Мяларепа инээмсэглэн “За тэгэхээр чи одоо хийх гэж буй нүглийнхээ шагнал оюугаа авчихаж дээ” гэхэд бүсгүй сандран барьц алдан сөхрөн мөргөж “Гэгээнтэн минь үүнийг битгий уу. Би нүгэлт амьтан” гэж уйлан уучлал хүсэв.
“Юуны өмнө би энэ хорыг чинь өөрт чинь уулгахыг хүсэвч энэ бол ариун зүйл биш. Миний энэ дэлхийд ирсэн зорилго биелэгдсэн тул явах цаг минь ч боллоо. Энэ хорыг уусан ч надад өчүүхэн ч ялгаагүй нэгэнтээ одох цаг болсон. Харин лам Гэш та хоёр хийсэн үйлийнхээ хариуг энэ насандаа эдлэнэ. Зовж туйлдахын цагт миний эрхэм номын хөвгүүдийг, намайг санаж сайн үйл ихийг хий. Хэрвээ би энэ хорыг уухгүй бол Гэш лам танаас эрдэнийн чулуугаа буцааж авах тул би ууя гээд хорыг авч уулаа.
Мяларепа их багш тэгээд шавь нараа дуудуулан хэл өгч, мөн өөрийг нь харж байгаагүй ч уулзахыг хүсдэг хэн бүгдийг ирж эцсийн захиас сонсохыг зөвшөөрөв.
Бүх шавь, бишрэгч, хэсэг ардууд Чуварт цуглан их багш Мяларепагаас хичээл ном сонсож хэдэн өдөр байсны дотор үйлийн үрийн таталцлын жамыг дэлгэрэнгүй сийрүүлэв. Тэгээд мастер Мяларепа тэдэнд “Миний айлдсан номын мөрийг дагаж яв. Цагаа дэмий бүү үр. Хэрэв та бүгд миний заасныг баримталваас дахин дээд төрлийг олж мэндэлнэ.”
Хуран цуглагсдыг тойруулан дайлж, ном айлдав, тэгхэд нэгэн лам таны биеийн байдлаас үзвэл та нирваанд суух цаг тань хараахан болоогүй байх шиг гэхэд Мяларепа “Миний ертөнц дээрх амьдралд төгсгөл ирж байна. Та нар удахгүй үзнэ.”

Гэш Цакпува хийсэн нүглээ наминчлав.

Хэдэн өдрийн дараа Гэш лам Мяларепаг хор уусны дараа ямар байгааг үзэх санаатай ирж санаагаа сайхан сэтгэлээр нуун биеийг тань асууж явнаа гэв.
Мяларепа “Бие минь ямар байгааг та сайн мэдэж байгаа. Миний бие эгэл нэгэн тэсэхүйеэ бэрх шархирч байна” гэсэнд Гэш “Гэгээрч орчлонгийн зүйлсээс ангижирсан хүмүүний хувьд эгэл хүмүүний өвчин тусна гэж байх уу? Хэрэв чаддагсан бол би таны оронд зовохсон, надад тэр өвчнөө шилжүүлж болохсон болов уу? ” хэмээн ёжтой хэлэв.

Мяларепа хариуд нь ” Надад ирсэн энэ өвчин жам ёсных бус таны хорлол гэдгийг та сайн мэдэж байгаа. Эгэл нэгэн тарчлан зовох өвдөлтийг эгэл бус нэгэн нь дотоод сэрэхүйн дасгал болгон хувиргадаг юм. Хэрэв би энэ өөрийн мэдэрч буйг чамд хоромхон ч мэдрүүлье гэхэд чи даанч үл тэвчинэ. Тиймээс би энэ өвчинг гоёл зүүсэн мэт бодож байна.
Хамгийн хорт уршиг бол бусдыг өөрөөсөө дээр байхыг тэвчиж үл чадах зан. Та нүглээс зайлж чадахгүй. Хэрвээ би өөрийн өвдөлтийг тан уруу шилжүүлвэл та өчүүхэн ч тэсвэрлэхгүй.”
Гэвч Гэш лам “Та надад өвчнөө түрхэн шилжүүлээч” гэж дахин шалж, түүнийг үнэхээр ингэж чадах эсэхийг үзэхийг хүсэв.
Мяларепа “За яахав хүсээд байгаа бол өөрийн өвчин шаналлыг тантай хуваалцья гээд түүнд шилжүүлхэд Гэш лам газар эвхрэн унаж ёолон гаслахад Мяларепа “За одоо би өвдөлтөө энэ хаалга уруу шилжүүллээ” гэхэд хаалга хяхтнан дуугарч бутран унав. Энэ үед Мяларепагийн биеэс өвчин шаналал гарсан байлаа. Мяларепа өвчнөө Гэш ламаас буцаан аваад би танд зөвхөн жаахныг нь л хуваалцсан юм гэтэл та өчүүхэн ч тэссэнгүй гэлээ.
Гэшийн сэтгэл харанхуйлж өөрийн хийсэн гэм нүглийг гүнээ мэдэрч машид их харамсан гашуудаж их багшийн өлмийд сөхрөн “Өршөө бурхны их хувилгаан минь, ариун гэгээнтэн минь өршөө. Таныг хорлосон хүн би байна. Би танд байгаа бүх баялгаа эд хөрөнгөө өгье. Надыг нүглээс хэлтрүүлээч. Өршөөгөөч та минь.”
Мяларепа амирлангуй суугаад “Бүхий л амьдралынхаа туршид би эд баялагт шунаж явсангүй. Одоо миний буцах цаг ирж байхад юуны хэрэг болох билээ. Харин та дахин ийм хар санаа нүгэл хийж болохгүй. Энэ бол танд өөрт тань гэгээрэх замын саад хийж байгаа зүйл. Би шавь нартаа таныг нүглээ нимгэлж бага зовоход тань тусал гэж захина.” Мяларепа түүнд зориулан ухаарлын дуу дууллаа.
Гэш лам “Цаашид би нүгэл хийхгүй. Би өөрийн амьдралынхаа туршид хуримтлуулсан бүх эд баялгаа таны шавь нарт болон бурханлаг үйлс дэлгэрүүлэхэд хандивлая. Үлдсэн бүх насаа бясалгаж суух болно.”
Мяларепагийн шавь нар өглөгийг хүлээн авч их багшийнхаа хойтын буянд болон зан үйлд зарцуулахаар болов. Гэш Цакпува Мяларепагийн үнэнч шавь боллоо. Мяларепа шавь нартаа хандан “Би энэ нүгэлтний гэмшлийг хүлээн авах гэж энэ хорвоод ирсэн тиймээс энэ хүнд хүндэтгэлтэй хандаарай” гээд Чувар луу явлаа.

Номын найман хүүдээ сүүлийн захиасаа хэлэв.

Мастер Дриш агуйд бясалгаж байх үест уулын оройнуудад түүний төрөх ахуйгаас өнөө хүртэлх амьдралын зураглал тэнгэрт харагдахыг тэнд байсан хүн бүр хараад их багшийн нирваан ирж байна гэж таамаглав. Түүний номын хөвгүүд болох “Их Гэрэлт“ Репа, Нанзонгийн Мастер Сибаны Репа нар ийн асуув. “Багш Буддын аль орон зайн ямар зүгт очих бол. Бид хаашаа тахилаа өргөх вэ? Багш бидэнд юуг захихав ? Биднээс юу хүсэх бол ? Бид багшгүйгээр ямар дэг барих вэ?”
Мяларепа “Хаа ч явсан хамаагүй би та нарыг орхихгүй, хүссэн үедээ дурсан санаарай. Та нарын зорилго үйлс бүхэн биелэнэ. Би бурхдын оронд зорчино. Миний бие явсны дараа Рэчүнг иртэл миний биед бүү хүрээрэй. Хэрэглэж байсан зүйлсийг минь түүнд өг. Тэр бясалгалдаа хэрэглэг. Удахгүй тэр энд ирсэн байх болно.” ” Одоо та бүгд миний амьдралынхаа туршид олж мэдсэн зүрхний баялгийг надыг явахаар гэрээслэлээс олж үзээрэй. Түүнд та нарыг чиглүүлэх бүх заавар бий. Энэ бол миний та нарт үлдээж буй эрдэнэс юм.” “Буян хийж байгаа нь гээд баячууд хэрэгтэй хэрэггүй зүйлс өглөг болгон өгөөд оронд нь хийсэн муу үйлийг нь цайруулахыг хүсэх нь буян биш. Харин өөрсдийн жижигхэн ертөнцдөө л буян гэж санаж байгаа. Хүмүүс болохгүй зүйлсийг нууцаар үйлдэж байхдаа өөрсдийг нь бурхдууд харж байгааг мэддэггүй. Тэд өөрсдийнх нь хүсэл шунал биелэхгүйд хүрэхээр сайн үйл хийж өглөг өгч эхэлдэг гэтэл тэд өөрсдөө хоол гэж хор зооглоод буян гэж балаг хийж байгаагаа ухаардаггүй. Та нар сэрэмжтэй бай хэт хүсэх, шунах нүглийн ундаа гэдгийг санаж энэ ундааг бүү уугаарай. Өөрсдийгөө ариун мөр замаар амьдарч хүнд хэрэгтэй байхад бүрэн зориул тэгж байж л та нар жинхэнэ хичээнгүй шавь болно.”
Репа асуусан нь: “Бид энэ биеийн амьдралаа хэн нэгний төлөө, бусдын тусын тулд өгвөл болох уу? ”
Багш “Хэрэв өчүүхэн төдий аминч үзэл үгүй бол тэгж болно. Гэвч материаллаг үзлийн цангаа байгаа цагт хүнд туслах нь битгий хэл, өөртөө ч туслаж чадахгүй. Огторгуй уужим цэвэр ахуй хязгааргүй иймд та бүгд бусдыг өөрөөсөө илүү хайрладаг болсон цагт л цэвэр оршихуй таныг гэгээрэлд бүрэн аваачна. Навтас нөмөрсөн ч хамаагүй. Нохойн хоол идсэн ч хамаагүй үзэн ядалт, хүслийн галаа удирдан зорьсон зүйлдээ хүрэхийн тулд өөрөө өөртөө хатуу бай”. Ингээд Мяларепа их гэгээнтэн Модон Туулай жилийн 12-р сарын 14-ний нар мандах цагт 84 насандаа самади буюу гүн бясалгалд оров.

Нирваан буюу төгс гэгээрлийг олсон нь.

Яг тэр үед тэнгэрт солонго татан, бурхдууд, охин тэнгэрүүд үзэгдэж, найман зүйлийн бадамлянхуа цэцэгс тойрог бүрийн голд дөрвөн зүгт дэлбээлж Мяларепагийн магтуу намуун уянгалаг аяз эгшиглэж эхэллээ. Мяларепагийн ахмад шавь нар болон дагагчид их багшийн биед хүндэтгэл үзүүлж байлаа. Зургаан өдрийн дараа тэд багшийн лагшинг үзэхээр ирэхэд сав шимийн хоосон чанарыг илтгэн туйлийн тайван, түүний бие нь найман настай хүүхдийнх шиг өнгөлөг байх агаад, найман дэлбээт бадамлянхуа суудалд завилан сууж баруун гар нь догшныг номхотгох мудрын барилтай зүүн гар нь шанаагаа тулсан байрлалтай байв.
Мяларепагийн ахмад шавь Рэчүнгийн үнэмлэхүй зургаан зарчим гэдэг дууг шавь нар бүгд сонслоо.
Шавь нар нь ялангуяа Рэчүн бусдаасаа илүүтэйгээр чандарлах газрын хажууд багшийнхаа ариун дагшин биений үлдэгдэл болор тунгалаг болон хувирахыг харах, түүнийг хүртэх найдлагаар хажуунаас нь алхам холдолгүй тэндээ хоноглов. Тэд өглөө нь үзтэл бурхдууд болон охин тэнгэрүүд бууж ирэн багшийн биеийн үлдэгдлийг юу ч үлдээлгүй авч одсон байв. Рэчүн ганихран дуулж нулимстай нүдээр их багшаа тэнгэр өөд үдэж байтал гэнэт их охин тэнгэр өндөгний чинээ таван өнгөөр солонгорсон багшийн биеийн ариун үлдэгдлийг тэдний зүг унагав.