Наро Банчэн гэгээн

Наро Банчэн Гэгээн (Naropa)

Наро Банчэн Гэгээн нь МЭ-ны 1016-1100 оны хооронд амьдарч байсан бодит энэтхэг хүн юм. Энэтхэгийн дээд кастын гаралтай хаан удмын хүн байсан боловч Наландарын их сургуульд жирийн оюутан болж элсэн амжилттай суралцан төгсөж улмаар гэлэн сахил сахилтай болж сургуульдаа номлол даасан Хамба багш болтлоо дэвшсэн байна.
10-р зуун бол тарнийн ёсны мастер багш нараар үерлэж байсан цаг бөгөөд Нарова ч тарнийн сургаалийг хүлээн авч Наландарын их сургуулийн карьераа дуусгавар болгож Өмнөд Энэтхэгийн мастер багш Диловын (Dilopa) сургалтанд хамрагдаж хамгийн хүнд бэрх нөхцлийг даван туулж тэр үедээ багшаасаа ч илүү алдартай болжээ. Орон цаг үе, ахуй орчлонг үзэгдлийн сансарт барж гүйцэн эрхшээж бидний мэддэг, оршдог ертөнцөөс ангижран тасарсан боловч Түвдийн багш Марвад өөрийн боловсруулж гаргасан Зургаан Ном (Naropa’s Six yoga) хэмээх сургаалыг дамжуулах үүргээ биелүүлэх зорилгоор бодит ертөнцөд эргэн ирсэн байна.
Энэхүү хялбаршуулсан сургалтын системээр хэрхэн суралцсан дадлагажигч ямар амжилтанд хүрснийг Мял богдын намтраас тодруулан харж болно. Дээрх зургаан системт хөтөлбөр нь хүнд угаас заяагдсан хязгааргүй боломжийг хэрхэн зөв хувиарлаж эрчимтэй суралцсаар үйлийн үрийн тогтолцоог удирдан жолоодохыг заасан бүрэн цогц сургалтын хөтөлбөр бөгөөд барууны буддист гэгддэг төвүүд (dharma center) бараг 100% эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
“Чанадын чанадад” номын уялга үгээс.
Дилова хутагт мянган жилийн өмнө амьдарч байсан хүн. Мянган жил болсон ч түүний дуу хуучраагүй. Эгэл жирийн бярман хүү нэг л өдөр “Чиний эцэг бол Хүрдэн бурхан, чиний эх бол Очирт дагина” гэсэн тэнгэрлэг дуу хоолойг сонсож, агшин зуурын хувиралд орсон тухай домог цадигт өгүүлсэн байдаг. Энэ бол тантрын ёгт хэл. Тэр бидэнтэй л адил өөрийгөө хэн гэдгийг мартчихсан яваад гэнэт санажээ.
“Марталт бол мунхаглал. Түмэн лай, буман зовлонгийн үндэс. Будда, та хоёр мөн чанараараа ав адилхан. Гагцхүү чи хэн гэдгээ санадаггүй, тэр санадаг. Чи унтчихсан, тэр сэрчихсэн” гэж Ошо багш хэлжээ. Хүн өөрийгөө мартаж байвал юу ч хамаагүй хийж явдаг. Үргэлж гадагшаа харж, өрөөл бусад уруу чиглэж, өнгөрсөн болоод ирээдүй үрүү савчина. Тэр бүх савлагаа арилж, хиймэл зүүмэл юмгүй энгүүн чөлөөтэй байх юм бол хиргүй тунгалаг, хил хязгааргүй амгалан хоосон чанараа сэрж мэддэг гэнэ. Нэгэнт сэрсэн хүн хорвоод амьдарч байгаа атлаа хорвоогийн чанадад амарлин цэнгэдэг юмсанж. Тэр цагаас хойш Дилова хүүрийн газраар хэсүүчилж, дууч эмийнд зарцлагдах зэргээр эгэл боргилоор амьдарч явжээ.
Түүнээс агшин зуур гэгээрэх махамтурын гүн увдисыг хүлээн авсан шавь нь Нарова юм. Нарова анх хааны хүү байгаад ордноо орхиж хувраг болжээ. Буддын шашны Их хөлгөний эрдэм мэдлэгийн төв болж байсан Наландра хийдэд шавилж, эрдмийн оргилд хүрч их бандита хэмээх цол хүртжээ. Гэтэл нэг удаа үзэшгүй муухай царайтай бөгтгөр эмгэн түүн дээр ирээд:
“Чи номын үг мэдэх үү?” гэж асуусан байна. “Тийм ээ, би мэднэ,” гэхэд нь, “Тэгвэл номын утгыг мэдэх үү?” гэв. Нарова “Би номын утгыг ч мэднэ” гэж хариулжээ. Гэтэл өнөөх эмгэн ихэд гашуудан уйллаа. Нарова уйлсан учрыг нь асуувал, “Би чиний худал үгэнд гашуудаж уйлсан юм. Чи номын үгийг мэдэхээс биш, утгыг нь огт мэдэхгүй шүү дээ” гэжээ. Нарова “Би мэдэхгүй бол өөр хэн мэддэг юм бэ?” гэхэд нь, “Миний ах Дилова л номын утгыг мэддэг” гэж хэлээд алга болжээ.
Диловагийн нэрийг сонсмогц Нарова гүн цочролд орж, хэний ч ятгалгыг сонсолгүй хийдийн ширээт ламын суудлыг орхиж, багшаа эрэн одов. Диловаг олж учиртлаа, учирсан хойноо үнэний авшиг хүрттэлээ олон сорилт туулжээ. Багш нь түүний хуучин хэв маягийг эвдэхийн тулд яргачин зандалчин элдэв дүрээр учирч, этгээд гаж шаардлага тавьдаг байлаа. “Би бол сурвалжит язгууртан, гэлэн санваартан, эрдэмтэн бандита” гэсэн сэтгэл нь ямар нэг байдлаар илрээд байсан учраас багш, шавийн хооронд зай үлдээд байж. Эцэст нь Нарова хэн ч биш болж, багшдаа бүрэн төгс бууж өгч, амь биеэрээ тахил өргөхөөр сэтгэл шулуудсан цагт л Дилова түүнд авшиг хүртээж, махамутрын дуугаа дуулж өгчээ. Тэр дуу өнөөдөр Ошо багшаар дахин амилж байна. Дилова Наровад дуулсан шиг Ошо багш шавь нартаа дуулж байна. Ошо багшийн тайлбар ганц Диловагийн гүр дууны тайлал биш, бүх үеийн тантрын сиддха нарын үзэл санааны тайлал. Энэ бол:
Адгаж тэвдэлгүй алгуур яв,
Аргамаг хүлэгтэн ч чамайг гүйцэхгүй
Ажил төрөл бүхнийг огоор,
Аугаа үйлстэн ч чамайг бараадахгүй.
Гүн далай умбах орон чинь
Гүехэн татаалыг бүү ойшоо.
Үлэмжийн чанар төрөлх гэр чинь
Өнгийн хорвоог бүү тоо.
гэсэн Мял богдын гүр дууны ч тайлбар.
Бурхан, чөтгөр хоёр нь
Дээд, доод хоёр.
Жаргал, зовлон хоёр нь
Хүсэл, хясал хоёр.
Хоёргүйн огторгүйд
Хос ганц амтаар
Согтон замхрах ерөөлийг
Миний нөхөд бүтээсүгэй
гэсэн Ноён хутагт Данзанравжаагийн онгод билгийн ч тайлал юм аа.
Цөхрөнгөө барам энэ ертөнцийн эрэл дунд аугаа их итгэлийн зам Тантар лугаа учрах нь элчилгүй элсэн цөлд баянбүрдтэй таарах шиг зол билээ… Хэрэв чи түүнтэй таарсан бол эргэлзэх хэрэггүй орогтун, умбагтун, амтлагтун.