Ринчэндорж ринбүүчи

Ринчэндорж ринбүүчигийн товч намтар

Бригүн гаржүд ёсны их багш Ринчэндорж нь 1984 онд “Тана” хийдэд анх шавилан сууж ангид тонилгохуйн санваарыг Түлгү нендаг жанцан ринбүүчи багшаасаа авч номын рашааныг олонтоо хүртжээ. Тухайлбал: Махамудрагийн 5 зэргэмж, Гүнсан ламтны айлдварын гүн увдис, Сансар нирваанаас ангижрахуйн “Их дүүргэлт-Зогчин” тэргүүтэн олон увдис, дамжлагыг заалгасан аж. Тэрээр мөн Түлгү тогмид ринбүүчигээс Дилвүба ёсны Чагкрасамбара буюу Дэмчиг бурханы эрх авшиг, дамжлага, хүчит увдис зэргийг хүртсэн ажээ.
1993 онд Бригүн Гаржүдийн их сургуульд элсэн орж Буддын гүн ухаан, судар тарнийн маш олон увдист шамдан суралцсан байна.
1995 онд Бригүн жавгон чэцан ринбүүчигээс гэлэнгийн санваарыг хүртсэн ба тэр жилдээ Махамудрагийн дадлага сургалт, Чакрасамбарагийн их тарни уншлагаа гүйцээн дүүргэжээ.
1996 онд Наробагийн зургаан егүзэрийн гүн мөрийн удиртгалыг хөтлүүлсэн.
Тэрээр мөн 3-н жилийн хугацаатай 2 /нийт 6-н жил/ удаагийн бясалгал бүтээл үйлдсэн ба Миларайва /Мял богд/-гийн агуй Непалын Лавчи, Алмора зэрэг адистэдэт дагшин газруудад байрласан бөгөөд илэрхий сайн тэмдгийг үзүүлэн цаашид үргэлжлүүлэн суух хүсэлтэй байсан ч дээрхийн гэгээний шахамдуу хүсэлтээр уулнаас бууж Энэтхэг болон Америкийн номын төвүүдэд хичээл зааж эхэлжээ.
2005 онд багш Бригүн жавгон чэцан ринбүүчигээс Марва ламын ёсны Хеважра /Жидор бурхан/-гийн таван бурханы увдис дамжлага, эрх авшгийг хүртсэн бөгөөд онцгой сайн шинж тэмдгийг үзүүлэн сайшаагдаж “Дүвбон” буюу “Бясалгал бүтээлийн багш” хэмээх алдрыг хүртсэн байна. Тэрээр олон дээдэс мэргэд багш нараас маш олон ном увдисыг хүртсээр ирсэн бөгөөд одоо барууны орнуудад ихэд алдаршаад буй Наровийн зургаан ном хийгээд Дилбүва ёсны Дэмчиг бурханы ном уламжлалыг голлон хөгжүүлж буй багш нарын нэг юм.
Өдгөө их багш Ринчэндорж нь Америкийн Чикагод байрлан ном айлдвараа айлддаг ба мөн Аризона мужийн Чино валей-гийн “Гарчин” хэмээх Буддын сургуулийн багш юм.
Дээдэс багш нарын лагшин, зарлиг, таалал нь ашид батад оршоод дэргэдэх номын шавь нөхөр сэлтсийн үйлс явдал арвидан дэлгэрэх болтугай.