Хамба хутагт Номунхан Жамбалдорж

Хамба Хутагт Номунхан, Эрдэнэ бандида, ширээт лам, Мэргэн номч, ноён цорж Жамбалдорж

Хамба хутагтын дүрүүд нь Хутагт Жагарын оронд 6 дүр, Цаст Түвдийн оронд 7 дүр, Халх Монгол оронд 4 дүр тодорсны сүүлийн 4-р дүрийн хутагт юм. Хамба хутагт Жамбалдорж нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг хойд Тэрхийн эх болох “Данс нарийн” (өнөөгийн Архангай аймгийн Цахир сум) хэмээх газар “Бадаргуулт төрийн” 12-р он буюу билгийн тооллын 15-р жарны улаан (гал) нохой жилийн, хаврын тэргүүн цагаан барс сарын, шинийн 8, харагчин туулай өдөр буюу аргын тооллын 1886 оны 2-р сарын 12-нд эцэг Ядам, эх Дуламжав нарын хүү болон мэндэлжээ. Хүүг мэндлэхэд Ядам гуайн хот тод цэнхэр хүрээтэй, цагаан шаргал туяанд умбаж, гэрэлд нь хоттой хонь танигдаж байсан гэдэг. Энэ учрыг үзсэн хүмүүс Ядамынд нэгэн сайн хүү төрлөө хэмээн ярьдаг байжээ. Эцэг, эх нь хүүдээ Дарамсэд хэмээх нэр хайрлав. Дарамсэд хөвгүүний эрдэм чадал багаасаа мэдэгдэх болсон байна. Ядам гуайнх хаваржаандаа дөнгөж буугаад байв. Гэрээ төвхнүүлээд үлдсэн малаа авчрахаар Ядам гуай мордов. Энэ хооронд ээж нь гал асааж цай чанах гэтэл аав нь хэтээ үлдээгээгүй явсан байж. Хаврын зэврүүн өдөр даарч өлсөж ундаасаад сууж байгаа ээжийгээ хараад Дарамсэд хүү “Би танд гал түлж цай чанаж өгье” гээд тулганд аргал өрж хэд хэд үлээснээ гаднаас ус аваад ирье гээд гарав. Ээж нь “Хүүгээ ингээд гал асчихна гэж бодсон юм байх даа” хэмээн өхөөрдөн суухад нь тулгатай аргалаас утаа гарах нь тэр. Очоод хартал аргал уугаад асаж байв. Хүү ч ус оруулж ирэв. Ингээд баяр хөөр болон хоол цайгаа хийгээд сууж байтал Ядам гуай ирээд “Ашгүй манайд галтай хүн ирж та хэд минь галтай болж хоол цайтайгаа залгаа юу” гэж асуужээ. Ээж нь болсон явдлыг аавд нь хэлж манай хүү галын шидтэйг дуулгахад Ядам гуай хүнд хэлэхийг хоригложээ. Энэ үед Ядам гуайн ах бас цуг байж энэ бүгдийг сонсжээ. Хожим энэ явдал хошуунд яригдах болсонд Ядам гуай ахыгаа ам алдлаа гэж зэмлэж байжээ. Бас нэгэн удаа үеийн хүүхдүүдтэйгээ голын элсэн дээр аягаараа гэр хийж тоглож байв. Гэтэл цуг тоглож байсан хөвгүүн аягыг нь гол уруу шидчихэж гэнэ. Голын урсгал даган хөвж яваа аягаа Дарамсэд хүү нааш ир, нааш ир гээд даллахад урсгал сөрж эргэсээр урьд нь ирээд тогтжээ. Үүнийг харсан хүүхдүүд Дарамсэдийн аяга шидтэй хэмээн ярьцгаах болов. Мөн Богдод мөргөхөөр “Тэрх” хавиар даяанчилж явсан эмгэн нэгэн хот айлд очиход тав, зургаахан настай Дарамсэд хүү “Бөхөн шараар нутагтай бөхтөр эмгэн сайн явж байна уу ? Улс нутгийн олонтойгоо учрахын ерөөл бүрдээ юм болов уу ?” хэмээн хэвлүүлэн мэндэлжээ. Энэ үгний утгаас үүдэн Хамба хутагтын дараагийн дүр байж магадгүй хэмээн барагцаалсан гэдэг. Ингэж Дарамсэд хүүгийн ер бусын авъяас хошуунд тархаж ам дамжин яригдах болсон байна. Хошуу тамгаас удалгүй хошуу нутгийн сайн шинж үзүүлсэн 10 хүүхдийн нэрийг тодруулан Монгол орны шашны эзэн VIII Богд Жавзандамба хутагтад өргөхөд Дарамсэд хүүг “Хамба хутагтын хойд дүр эндүүрэлгүй мөн” гэж тамга даржээ. Сайн ноён аймаг, Далай вангийн хошууны жасаа тамгын газар Манжийн их жургаанд айлтгасанд, Манжийн хаан соёрхож зарлигаар Хамба хутагтын хойд дүрд өргөмжилж дахин тамга олгосон байна. Тариатын хүрээний Түвд Гачин ринбүүчи Ишдонмэ сэвлэг даахийг нь үргээж сахил хүртээн “Лувсандамчойжанцан” хэмээх сахилын нэр хайрлажээ. Эрдэнэ хамба, ширээт лам, номч ноён Цорж Агваангончигийн хувилгаан Дамчойжанцаны бат оршлын энэ адилын нэгэн залбирал хэрэгтэй бөлгөө хэмээн да лам Бүни, сойвон Даш, донер Ламжав, хаалгач Шарав, дарга Наянбуу, зайсан Дэлгэрдалай нарын хүсэлтээр VIII Богдын ёнзон, хамба номун хан, хувилгаан нэрт Лувсанбалданчойпэл бээр солдэв зохиож өгчээ. Ийнхүү “Бадаргуулт төрийн” 19-р он буюу 1893 оны харагчин могой жил Дарамсэд хүүг Хамба хутагтын “Чандмань Өлзийт”-ийн хийдэд мандал өргөн хутагтын сэнтийд залсан байна. Тэрээр бага насандаа Тариатын хүрээнд шавилан ном үзжээ. Хамба хутагтын шавь орж ном заалгасан багш нар нь болвоос өөрийн нагац ах болох Соном гавж, Төвд гавж Юмжав, Лхарамба Лувсанцэрэн (Тариатын хүрээний Хамба лам), 13-р Далай лам (XIII Далай ламыг 1905 онд монголд ирэхэд шавь орсон байна) нарт шавь орж лүн, ван, жинан тэргүүтэй олон ном заалгаж судалсан байна. Мөн “Тариатын хүрээ”-ний “Сэра игчаа”-тай “Санчүвлин” хэмээх чойрын дацанд ном үзэж “Гаарамба” буюу гавж болж анагаахын болон чойрын номонд ихэд мэргэшжээ. Хамба хутагт өөрөө Бурхан багш хийгээд Майдар бурханг шүтдэг байжээ. Учир нь Хамба хутагтыг мэндэлсэн жил Тариатын хүрээнд 40 тохой Алтан Майдар бурхан бүтээн залсан байдаг. Энэ тохиолыг билэгшээн ирээдүй цагийн бурхан Майдарыг шүтдэг байсан болов уу.
Хамба Хутагт Жамбалдорж нь анагаах ухааны өндөр мэдлэг чадвартай хутагт байжээ. Тэрээр хүн ардыг элдэв өвчнөөс сэргийлэн эмчлэхийн зэрэгцээ, “Отгонтэнгэр” буюу “Очирваань хайрхан”-ыг тайж тахих ажлыг хариуцан хийдэг байсны дээр “Отгон”-ны рашааныг нарийвчлан судлуулж хаягжуулах ажлыг хийхийн тулд ойр хавийн хүрээ хийдүүдэд урилга заллага явуулан “Сайн ноён хан” болон “Засагт хан” аймгийн маарамбуудыг цуглуулан бүх рашааны бүтэц найрлагыг нарийвчлан судлуулж, рашаануудад модон дээр Монгол, Түвд үсгээр хоёр талд нь сийлүүлэн хаяг хийлгэсэн нь саяхныг хүртэл буюу 1960-аад он хүртэл байсан байна.
Хамба Номунхан Жамбалдорж нь шашны төдийгүй төрийн зүтгэлтэн байж “Богд хаант” засгийн үед удаа дараа гавъяа байгуулсанд “Богд хаан Жавзандамба” хутагтаас 1902 онд “Эрдэнэ бандида” цол, 1911 онд “Долоон давхар Магнаг суудал бүхий түшлэг” болон “Хамба” ямба, халж олгосон мөнгөн тамганд “Хутаг” үгийг сийлүүлэн олгосон, 1918 онд “Хичээнгүй дуран билэгт” болон харавтар өнгийн “Хүрэн жолоо” зэргээр шагнагдаж байжээ. Мөн 1905 онд Манжийн эзэн хаанаас Номунхан цол, 1904 онд Ховдын Шар сүм “Түгээмэл амаржуулагч” хийдийг даах хэргээр 1 жил сууж хурал номыг тэгшитгэж байжээ. Үүгээр зогсохгүй Ховдын хязгаарыг цагаан оросын Казанцовын цэргээс чөлөөлөх дайнд оролцож Хатанбаатарын цэргийн хоол хүнсийг даах, цэргүүдийн дунд гарсан элдэв өвчнийг эмчлэх, мөн Казанцовын цэргүүд хаана байрлаж, ямар газар дайн байлдаан хийж шийтгэж яваа мэдээг, Хатанбаатарт мэдээлэх зэргийг удирдан зохион байгуулж байжээ. Ийнхүү тухайн цагтаа шашин төрийн нэр хүндтэй зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байсан юм. Хамба хутагт хэдийгээр Ардын засаг байгуу­лаг­да­хаас өмнө өргөн олны дунд бурх­­ны шашныг тү­гээн дэл­гэ­­рүү­лэхийн төлөө зүтгэж бай­­сан боловч бурхны шаш­ны талаарх төрийн бод­логод өөрчлөлт орсноор 1922 оноос шаш­­­ны асууд­лаас нэг мөсөн хөн­дий­­рөн хар болж, жирийн хү­ний амьдралд шилжин эхнэр хүүхэдтэй болжээ. Жамбалдорж гэдэг нэр эхэн үеийн намтар хийгээд Хамба хутагттай холбоотой сурвалжид дурьдагддаггүй бөгөөд харин сахилаа өргөж хар хүн болсноос нь хойш ийнхүү нэрлэх болсон бололтой. Эхээс төрхөд нь Дарамсэд хэмээх нэр хайрлаж, Хутагтаар тодорход нь Лувсандамчойжалцан хэмээх сахилын нэрийг өгсөн байдаг. Энэ сахилын нэрээрээ түүхэн сурвалж бичигт олонтаа тэмдэглэгдэн үлдсэн байх юм. Хамба хутагтын зан чанарыг ойр дотны хүмүүс болон шавь нар нь дурсахдаа: Хүү Сэнгэдорж гуай “Манай аав бол язгуураас намуун дөлгөөн, амгалан тайван зан төрхтэй маш энгийн даруу, хэн ч харсан нүд дүүрэн, инээмсэглэсэн элгэмсэг, аливаад зөөлөн ханддаг учир хүн сүрдэх айх явдалгүй бие хүний хувьд жирийн нэгэн хүн байсан хэмээн дурсан ярьжээ. Харин охин Жийжээ гуай “Манай аав ер нь ээж ч ялгаагүй ямар нэгэн илүү дутуу үг яриагүй, элдэв эд хэрэгсэлд бүр дургүй, үнэтэй цайтай юманд бүр дургүй, ихэмсэг дээгүүр зангүй, ямар ч хүнтэй ямар ч үед нэг зангаараа байдаг. Хүн бүхэнд өөрийн төрсөн шиг ханддаг тийм хүн байлаа хэмээн дурсан ярьжээ. Хамба гэгээний ахын хүү Дамдин гэдэг хүн “Гээгээ (Хамба хутагтыг авгайлж дууддаг нэр юм) бол монголын жирийн нэг малчин угсаатай хүн болоод ч тэр үү малчин хүнд их сайн, ядуу дорой, амьдралаар доголдож яваа хүнд ёстой нэг зүрх сэтгэл хоёроо бүрэн дайчилж өөрт байгаа бүхнээрээ юуг ч хайрлахгүй дэмжиж тусалдаг, маш их өрөвчхөн, бусдын зовлонг өөрөө үүрдэг. Шунал гэдэг юмнаас бүрэн ангижирсан авах идэхээс ангид хүн байсан юм. Өөрөө гэхэд хятад чисчүүнээс үнэн чанартаа илүү гарч үзээгүй. Янз бүрийн хөөрөг, эмээл хазаар (ташуур огт хэрэглэдэггүй) зэрэг нь жирийн нэг малчнаас ч долоон дор. Дулааны улиралд өмсдөг нэг цэнхэр чисчүү дээл, хүйтэн цагт өмсдөг нэг хүрэн тэрмэн дээл өмсдөг. Ямартаа манайхан гадагшаа гарахдаа өмсөж хэрэглэдэг хувцас хунар бий л байхдаа гэж ярьдаг сан гэж ярьдаг байжээ. Шавь Ичинхорол гуай Гэгээн багштан өндөр гуалиг нуруутай, давхраатай алаг нүдтэй, малигар дугуй цагаан царайтай, мах шөл яг таарсан, гоё ганган хувцас өмсөхгүй, гадаад дүр төрх нь үнэхээр сайхан хүн байсан юм хэмээн дурсжээ. Ийм л энгийн хэрнээ эгэлгүй нэгэн хутагт байсан байна.
Ардын зас­гийн үйл хэргийг эхнээс нь дэмжиж Хамба хутагт 1921 онд өөрийн хошууны нам, эвлэл, үүрийн ажилд нэг бай­шин, таван лан мөнгө, ши­рээ сандал зэрэг эд хө­рөн­гөөр тусалж байв. “Цэцэрлэг Мандал”-ын аймгийн Намын хорооноос “Хамба ху­тагт”-ын хэргэм зэрэг, цол ямбыг уст­гуулах тухай ирүүлсэн бич­гийг “Дотоод Явдлын Яам” 1925 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд ёсоор болгожээ. 1929 оны эцсээр улс орон даяар өрнөсөн хө­рөнгө хураах ажлын үеэр Хамба хутагтын хөрөнгийг тэгшит­гэн, гурван лангийн ал­тан буйгуйвч, хоёр цэнгийн ал­­тан очиртой бөгж, алтан очир жинс, шүрэн толгойт сүй­жин хөөрөг, мөн шүрэн толгойтой пийсүү хөөрөг гэх зэргийн найман ширхэг хөөрөг, адуу 87, үхэр 52, хонь 749, ямаа долоо зэргийг хураан авсан боловч хөрөнгөө нуун дарсан хэмээгдэж Завхан аймгийн шоронд хоригдсон бай­на. Түүнийг хагас жил орчим суулгаад 1932 оны Улсын баярыг тохиолдуулан өр­шөө­­­лөөр сул­ласан аж. Зав­хан аймгийн Идэр сумын VI багийн 1933 оны хүн амын тооллогод Ядамын Жамбал­дорж эрэгтэй 48 нас­тай, эхнэр Дуламжав, охин Гаваа, охин Жийжээ, хүү Жигмэд­дорж, хүү Нанзад­дорж, хүү Сэнгэдорж нарын хамт амь­дарч байсан гэжээ. Гэтэл Хамба хутагт Жамбал­­­доржийг 1938 оны 1 дүгээр сарын 16-нд дайч­лан баривчлах ордерыг БНМАУ-ын ДЯЯ-ны Зав­хан дахь хэлтсийн дарга Бямбаа баталж, төлөөлөгч Жамсранд олгосон байна. Тө­лөөлөгч Жамсран нь тус­лах Пүрэвжавын хамт Хамба хутагтыг Идэр сумын нутаг “Мануустай” хэмээх газ­раас баривчлан гэр ор­ныг нэгжин эд зүйлсийг нь битүүмжилсэн байна. Хамба хутагтыг 1938 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөөлөгч Даваарагчаа бай­цаажээ. Түүний хавтаст хэ­рэгт Ардын засгийг устгаж түүний оронд хуучны хаант засгийг шинээр байгуулж шарын шашныг дэлгэрүүлэх, эрх ямбаа хасуулсан хутагт хувилгаад, сайд түшмэдийн эрх ямбыг дахин олгож, эд нараар засгийн эрхийг бариулах зорилготой эсэргүү бүлгэмийг анх байгуулан удирдаж ажиллаж байсан ба эсэргүү бүлгэмдээ Зав­хан айм­гийн Идэр сумын V багийн харьяат Хамбын хү­рээний аграмба Маанийн Аюурбуни, Хам­бын хү­рээний аграмба Гүр­жавын Гомбо­жав, Ван­дан­­гийн Гомбожав, Хам­бын хүрээний маарамба Нарангийн Чүлтэм, Думаа­гийн Жамбалжанцан ху­вил­гаан, маарамба Намсрай, Тогтохын Ламжав, Хамбын хү­рээний Ойдов гавж, Сэ­рээ­тэр гавж, Загд гавж, Балжин­­ням гавж, Ламжав гавж, Рагчаа зайсан нарыг элсүүлсэн гэжээ. Я. Жамбалдоржийг уг хэ­рэгт нь Завхан дахь ДЯЯ-ны хэлтсийн төлөө­лөгч Бадамбазар ялын тө­лөв­­лөгөө боловсруулж, хэлт­­сийн дарга Бямбаагаар бат­­луулсан байна. Үүнд: Хам­бын хийдэд эсэргүү бүл­гэм байгуулж, гишүүдийг эл­сүүлсэн, Ардын засгийн эсрэг цуурхал дэгдээсэн хэ­мээн үзэж, Шүүх Цаазын Бич­­гийн 43, 44, 47 дугаар зүй­лийг баримтлан буудан алах ял төлөвлөснийг шүүхийн бус байгууллага болох Онцгой Бүрэн Эрхэт Ко­мис­сын 1938 оны 2 ду­гаар сарын 18-ны өдрийн V хур­лаар Хамба хутагт Жамбал­доржид хуулийн дээд хэмжээ өгч, шийтгэн гүй­­цэ­т­гэжээ. Тэрбээр баривчлагд­санаас хойш нэг сарын дараа бус­дын гарт өөд болсон нь энэ ажээ. Сүүлийн удаа баригдаад явахдаа нутгийн шавь олондоо хандаж:
“Ургаа мод, урсгал ус хоёроо хайрлаж яваарай” хэмээн айлджээ.
Хамба хутагт Жамбал­доржийн хэргийг хянан хэлэлцээд 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 134 дүгээр магад­лалаар цагаатгажээ.
Эх сурвалж: “Хамба хутагтын Түвд намтар”, “Хамба

Номунхан Жамбалдорж” Улаанбаатар 2006 ном болон бусад эхээс авав.