Арьяандэв - Цогт Наландрын 17 их бандида

Арьяандэв гэгээн

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

2. Арьяандэв гэгээн (Ловон Пагвалха)

Арьяандэв гэгээн Сингала буюу одоогийн Шри-Ланка улсад Бурхан багшаас хойш 400 жилийн дараа хааны цэцэрлэгт бадам цэцэгнээс мэндэлсэн хэмээдэг. Зарим хүмүүс хаадын удам угсааны хатдын нэг нууцаар тээж, цэцэрлэгт үлдээсэн гэх ч бий. Хаан умайнаас бус шидээр хувилж мэндэлсэн онцгой хүү учраас ханхүүгээ болгож, өсгөн бойжуулсан байна.
Нагаржуна гэгээний нас нэлээд хэвийсэн үед Арьяандэв гэгээн мэндэлсэн бөгөөд тэрээр урьдын ерөөл буяны хүчээр Нагаржуна гэгээний хамгийн ойрын шавь болж, бага наснаасаа дээдийн номд шамдсан суралцсан. Хүү ухаан хурц, буян их, эрдэм номд авьяас чадвартай тул Нагаржуна гэгээний айлдсан ном сургаалыг торолтгүй сурч, шавь нарынх нь хамгийн дээд нь болж чадсан юм. Цогт Наландарын хийдэд номонд суралцаж, бага залуу насаа өнгөрөөгөөд Энэтхэгийн Андрапаржи муж буюу Өмнөд Энэтхэгийн Нагаржунаконда гэдэг газарт Балжири ууланд (Лусын оронд зорчих хаалга байдаг нутаг) хутагт Нагаржуна багшаасаа судар, тарнийн ховор нандин увдис ном сонсож, багшийгаа өргөн асарч дэргэд нь бараа болсоор үлдсэн насаа өнгөрүүлсэн гэдэг.
Арьяандэв гэгээний намтар Наландарын хийдэд нүүрлэсэн нэгэн том аюул хорлолыг дарсан үйл явдалтай холбогддог. Энэ бол тэрсүүд үзэлтэн Мүдэгдаянтай хийсэн тэмцэл юм. Мөн эцэг эхдээ маш их асрал, хүндлэл, халамжтай сайн хүү байсан тул эхийг асрагч буюу Махол хэмээн нэрлэсэн нь бий.
Мүдэгдаян болон Арьяандэв гэгээн нарын номын тэмцлийн түүхийг дэлгэрүүлэн өгүүлвээс:
Тэр цагт Энэтхэг орон, олон ханлиг улс болон оршин тогтнож байсан бөгөөд Мүдэгдаян нь Хачи буюу одоогийн Кашмир орны Шагидага овгийн бярман язгуурын баян сурвалжит айлд төрсөн байна. Түүний төрсөн газар, эцэг эхийн нэрийг түүхэнд олон янзаар бичсэн байдаг бөгөөд эцгийг нь Сингакухи, эхийг нь Сэрмэгмаа (Алтан нүдэт) гэдэг байжээ. Хүү мэндлэхдээ олон гайхамшигтай шинж тэмдгийг үзүүлсэн гэдэг. Хүүгийн эх нь бурхны шашинд ихэд сүжигтэй, хүүгээ эрдэмтэй сайн лам болгоно хэмээн боддог байсан боловч эцэг нь мэдэж, хүү тэрсүүдийн номонд суралцжээ.
Хүү тэрсүүдийн номын ёс сурахдаа онцгой сайн байсан төдийгүй тэрсүүд нарын шүтдэг Махавашүра тэнгэрийг бясалган түүний буудаг ариун нууранд очиж угаал үйлдэн ариусч залбирал ерөөл их тавьснаар түүнтэй уулзжээ. Тэнгэр түүнд “Чи ямар хүслээр намайг бүтээв?” хэмээн асуухад Мүдэгдаян “Би тийн ялах ба бүхний оройд хүрэхийг хүсч байна. Умайнаас төрсөн хэнд ч дийлэгдэхийг би үл хүснэм” хэмээжээ. Махавашүра тэнгэр, эрдэм ухаан агуу эзэмшсэн хүүгийн хүслийг болгоож түүнд Ума охин тэнгэрийг дүүг нь болгон, Эсрүн тэнгэрийг тоть болгон, шидэт чулуун самбарын хамт өгөөд “Энэ гуравтай байхад чи хэнд ч дийлдэшгүй хүчтэй байх болно” хэмээжээ. Мүдэгдаян энэ гуравтай болсноороо хэнд ч дийлдэшгүй хүчтэн болж, уулзсан болгоныг номоор дийлсээр тэрсүүдийн оройд гарч, алдар нэр нь газар сайгүй түгэж, хүү ч энэ байдалдаа ихэд омог дээгүүр болсон гэдэг. Ээж нь хүүгээ бурхны шашны эсрэг үзэлтэй болсонд ихэд гуньж, санаа зовох болж өдөр бүр Дарь-Эх бурхандаа мөргөн, зүүдээ манах болжээ. Нэгэн удаа эхийн зүүдэнд Дарь эх бурхнаас “Хүүгээ Наландарын хийд үрүү явуулах хэрэгтэй” гэж эш бошгийг үзүүлжээ. Ингээд эх нь хүүдээ хандаж “Хүү минь дээ, ойр хавийн хэдэн хийдүүдээр явж эрдмээр ялсандаа омгорхох хэрэггүй, харин чиний жинхэнэ эрдмийг шалгах газар бол Наландарын хийд юм шүү” хэмээн хэлсэн байна. Энэ бол ээжийнх нь хүүгээ бурхны номонд оруулах далд санаа нь байсан бөгөөд өөрөөс нь илүү эрдэм чадалтай хэн ч байхгүй гэдгийг нотлохоор омог, ухаан ихт Мүдэгдаян цогт Наландарын хийдийг зорив.
Мүдэгдаян нутгийн хүмүүсээс зам асууж зүг чигээ олж явсаар нэгэн бүсгүйтэй таарч, Наландарын хийдийг хаана байдаг тухай асуухад, бүсгүй “Та хөдөөний хүн юм уу?” хэмээсэнд Мүдэгдаян ихэд цочирдон зогтуссан байна. Тэгэхэд нь бүсгүй “Та шууд л Наландарын хийд гэж хэлж байгаа нь юм мэдэхгүй хөдөөний хүн болохыг харуулж байна. Та “Цогт Наландар” гэж хүндэтгэн дуудах хэрэгтэй” хэмээн түүнийг гоочилжээ. Ингээд бүсгүй түүнд Наландарын хийд орох замыг зааж өгөв. Мүдэгдаян хийдэд нэлээд дөхөж ирэх үедээ өөр нэгэн бүсгүйтэй тааралдан дахин өнөөх асуултаа асуужээ. Тэгэхэд нь бүсгүй:
– “Чи хөдөөний хүн бололтой. Агуу мэргэд суудаг тэр том хийдийн нэрийг ингэж эрээ цээргүй дуудаж болохгүй. Цогт Наландар хийд гэж хүндэтгэн дуудах хэрэгтэй” хэмээн нүдээ эргэлдүүлэн хэлжээ. Тэгэхэд нь Мүдэгдаян:
– “Тэндхийн мэргэд тэгээд хэр олон юм бэ дээ? хэмээн асуухад, бүсгүй:
– “Замыг нь мэдэхгүй хүн, мэргэдийг нь яаж ч мэдэх билээ дээ? Ганга мөрний элсний тоо хэд байна түүн лүгээ адил тоолж барамгүй олон мэргэд тэнд бий. Чи очиж үзээгүй юм чинь мэдэхгүй байх нь аргагүй дээ гэжээ. Энэ хоёр бүсгүй бол хоёулаа Ногоон Дарь-Эхийн хувилгаан дүр байсан аж.
Мүдэгдаян замдаа таарсан бүх хийдийн хуврагуудыг номоор дийлсээр Наландарын хийдийн зүүн зүгээс ирсэн бөгөөд энэ тухай цогт Наландарын хийдийнхэн аль хэдийнээ сонссон байжээ. Мүдэгдаян цогт Наландарын хийдэд ирээд “Би бол та нарын хувьд тэрсүүд үзэлтэн. Би та нартай номоор тэмцэлдэхээр ирлээ. Хэрэв би ялагдвал Ганга мөрөнд үйж үхэх болно. Харин та нар ялагдвал миний шашинд орно шүү” хэмээн тохирсон байна. Тухайн үеийн Энэтхэг оронд оюуны тэмцлийг хамгаас чухалд тооцдог байжээ. Тиймээс ард иргэд, хааны ордныхон гээд түмэн олны нүдний өмнө эзэн хааныг гэрчид суулгаад оюунаар тэмцэлдэх бөгөөд ялагдсан талын багш, шавь нарын хамт ялсан талын номонд даган орох, эс зөвшөөрвөөс бүгд усанд үйж үхдэг ёстой байв.
Цогт Наландарын хийдийнхэн түүнийг зөвхөн номын хүчээр бус, ямар нэгэн шид бүтээл оршсон байгааг таамаглаж байсан агаад энэ үед Наландарын хийдэд зуун мянган лам суралцаж байсан ажгуу. Тэд өмнөө барьдаг, хамгийн шилдэг 500 бандидагаа Мүдэгдаянтай тэмцэлдүүлээд дийлж чадаагүй байна. Энэ нь Мүдэгдаянгийн номонд бус харин ухаан, хэл хурц, Махавашүра тэнгэрийн шид хүчийг олсных байжээ.
Ингээд, Мүдэгдаян эзэн хаанд хандаж “Одоо, та намайг шилдгээр өргөмжилж, Наландарын хийдийг миний номын ёсоор явуулах ёстой болсон бусуу ?” хэмээсэнд хаан эргэлзэн яаран шийдвэрийг гаргалгүй хэсэг хойш тавьжээ.
Хийдийнхэн бүхэлдээ яах учраа олохгүй сэтгэл зовнин суух тэр үед нэгэн бандидагийн зүүдэнд тэрсүүдийн тэмцлийг няцаахын арганд номыг тэтгэгч Махгал сахиусанд үйлсээ захиваас сахиусны хувилгаан өмнөд Энэтхэгийн Балжири уулнаас /Срипарвада уул/ багш, шавийг залах элчинд одно хэмээн эш бошго үзүүлжээ. Багш, шавь гэдэг нь Нагаржуна гэгээн, Арьяандэвийн гэгээн нарыг хэлсэн байв. Тэгээд тэд цогт Наландарын хийдэд нүүрлэсэн аюулын тухай бичсэн захиаг балин зоогны дээр тавиад Махгал сахиусыг ихэд тахисанд түүний хувилгаан нэгэн хэрээ захиаг аваад Балжири ууланд хүргэж хутагт Нагаржунад өргөв. Тус захианд “Цогт Наландарын хийдэд гай нүүрлээд байна. Түргэн ирж тэрсүүд үзэлт Мүдэгдаяныг номхотгохгүй бол нийтээрээ түүний номын ёсонд орох, эс бөгөөс бүгдээрээ Ганга мөрөнд үйж үхэх боллоо хэмээн бичсэн захиа байв. Нагаржуна гэгээн Наландарын хийд үрүү зорих бэлтгэлээ базааж эхэлжээ. Учрыг мэдсэн шавь Арьяандэв нь багшдаа хандан “Багш аа та явах хэрэггүй. Энэ үйлсийг би бүтээж чадна” хэмээсэн байна.
Багш нь шавиа шууд явуулсангүй, харин Мүдэгдаянтай хийх тэмцэлд ялж чадах эсэхийг туршихаар шийджээ. Ингээд Нагаржуна гэгээн Мүдэгдаяныг орлон шавьтайгаа тэмцэлдсэн бөгөөд тэрсүүдийн ёс явдлыг маш сайн мэдэх учраас тэмцлийн үед гарч болзошгүй асуулт, тохиолдож магадгүй явдлын талаар заажээ. Нагаржуна гэгээн тэрсүүдийн ёсыг үнэхээр сайн мэддэг гэдгийг тэмцлийн явцад Арьяандэв гэгээн “Тэрсүүд номтой хүн бурхны нэрээр багш болон суугаа юм биш биз?” хэмээн багшдаа эргэлзсэн аж. Энэ даруйд Нагаржуна гэгээн тэмцлээ зогсоогоод “Маш сайн байна. Чи Мүдэгдаяныг давж чадах юм байна. Гэхдээ багшдаа эргэлзэх сэтгэл төрсний улмаас замд чинь бага зэрэг барцад саад тохиолдож мэднэ. Замдаа тааралдсан гурван зүйлийг аваад яваарай. Энэ ажлыг бүтээж цогт Наландарын хийдээ аврахаар яв даа, хүү минь” хэмээжээ.
Цогт Наландарын хийд хүртэл хурдан мориор зогсолтгүй давхихад сарын газар учраас Арьяандэв гэгээн газар товчлох увдисаараа Наландарын хийдийг зорьжээ. Замд нь тэрсүүдийн язгуурын нэгэн бүсгүй модны сүүдэрт суусан байсантай тааралджээ. Тэр бүсгүй түүнд хандан “Би шидийг бүтээж байгаа бөгөөд түүний зайнд мэргэн гэлэнгийн нүд дутаад байгаа юм. Та харваас мэргэн гэлэн байна. Надад нэг нүдээ хайрлаач” хэмээн гуйжээ. Бодьсадва хүн өөрт нь хандсан хэний ч, ямар ч хүслийг биелүүдэг учраас Арьяандэв гэгээн түүнд өрөөсөн нүдээ ухан өгчээ. Гэтэл бүсгүй нүдийг нь авмагцаа газарт шидээд дээрээс нь дэвсэлж гэнэ. Арьяандэв гэгээн, “Ингэж дэвслэх байсан бол нүдээ хэрэггүй өгчээ” гэсэн хармын сэтгэл хормын төдий төрснөөр түүний нүд нь буцаж төлжин ургасангүй өрөөсөн нүд сохор болсон гэдэг. Бодьсадва хүн бусдад өргөсөн бие эрхтэндээ харамсахын сэтгэл төрөхгүй аваас дахин төлжин ургаад хэвийн байдалдаа ордог гэдэг. Энэ бол Арьяандэв гэгээн багшдаа эргэлзсэнд учирсан барцад болой. Тэрээр багшийнхаа захисан ёсоор замдаа тааралдсан нэгэн савтай будаг, муурыг авч, ичихээ үл мэдэх өвчин туссан нэгэн гэнэн учирсан түүнийг дагуулан цааш явжээ.
Ийнхүү, Арьяандэв гэгээн өмнөд Энэтхэгээс, хойд Энэтхэг үрүү явах хол замыг нэг цагийн дотор товчилсон байна. Тэр Наландарын хийдэд ирээд шууд орсонгүй, хийдийн гадна талд ус авдаг том худгийн дэргэд суугаад, ус зөөгчөөр “Би ирлээ” хэмээн Наландарын хийдийнхэнд хэл хүргүүлжээ. Хийдийнхэн багш, шавь хоёрын хэн нэг ирсэн байна хэмээн баяр хөөр болж хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Ингэж Арьяандэв ирснийг Мүдэгдаян ч мэдсэн байна. Тэд шууд тэмцлээ эхэлсэнгүй бие биенээ өдсөн байдалтай хэсэг хугацаанд байжээ.
Мүдэгдаян Наландарын хийдийн лам нарыг хийдээс гаргах оруулах бүртээ “Нэг бөөрөнхий толгой, хоёр бөөрөнхий толгой” хэмээн тоо авдаг байжээ. Илүү бөөрөнхий толгой гарваас шинээр хүн ирсэн болохыг мэддэг байсан байна. Арьяандэвийг ирсэн өдөр нэг бөөрөнхий толгой илүүдсэнд Мүдэгдаян:
– Энэ илүү бөөрөнхий толгой хаана байсан байна? гэхэд Арьяандэв:
– Тэр бөөрөнхий толгой, хүзүүн дээрээ байна хэмээснээр Мүдэгдаян өөртэй нь тэмцэл хийхээр, өрөөсөн нүдтэй энэ хүн ирсэн болохыг мэджээ.
Маргааш өдөр нь Мүдэгдаян усны захад очоод нойтон мөчрөөр зүг зүгт ус шүршиж байхыг хараад Арьяандэв:
– Чи юу хийж байгаа юм бэ? хэмээхэд Мүдэгдаян:
– Би өвөг дээдэс, өөд болоочиддоо ус өргөж байна гэв. Арьяандэв гэгээн үүнийг сонсоод, хариуд нь овгор шороон дээр саваар ус зөөн асгаж эхэлжээ. Тэгэхэд нь Мүдэгдаян:
– Харин чи юу хийж байгаа юм бэ? гэхэд Арьяандэв гэгээн:
– Би өмнөд Энэтхэгийн Балжири ууланд мод тарьсан юм. Түүнийгээ хатчих вий, гээд л усалж байна гэхэд нь Мүдэгдаян:
– Ээ, тэнэг минь ээ. Тэр хол байгаа модонд, чи энд байгаа шороо уруу ус асгаад ямар нэмэр байгаа юм гэхэд Арьяандэв:
– Аль хэдийнээ өөд болоочдод та эндээс ус өргөөд болдог бол миний өргөсөн энэ ус ч бас тарьсан моддыг услахад тус болох л учиртай биш үү? Эс бөгөөс өөрөө надаас тэнэг биш үү? хэмээснээр тэдний тэмцэл эхэлсэн гэдэг.
Тэрсүүдийн ёсонд усанд биеэ угаах нь хүний нүглийг ариусгадаг хэмээн үздэг. Маргааш өглөө нь Мүдэгдаян голын усанд орж, угаал үйлдэж эхэлжээ. Энэ үед нь Арьяандэв гэгээн хүрч очоод түүнээс,
– Чи юу хийж байгаа юм бэ? хэмээхэд Мүдэгдаян:
– Би өөрийн хилэнц нүглээ угаан арилгаж байна гэхэд Арьяандэв гэгээн нэгэн алтан бумбыг хийдээс олж авч ирээд дотор нь баас хийгээд, гаднаас нь угааж эхэлжээ. Мүдэгдаян:
– Чи харин юу хийж байгаа юм бэ? хэмээхэд Арьяандэв:
– Би энэ бумбан доторх баасыг цэвэрлэх санаатай байна гэхэд, Мүдэгдаян:
– Ээ, тэнэг минь ээ. Чи бумбан дотор байгаа баасыг гаднаас нь яаж угаах гэсэн юм бэ? Дотор талаас нь угаагаач ээ, хэмээхэд Арьяандэв:
– Хүн өөрийн биеэ гаднаас нь угаагаад сэтгэлд байгаа хилэнцээ арилгаж болдог бол энэ бумбыг гаднаас нь угаахад доторхи баас ч мөн арилах л учиртай даа. Үгүй гэвэл өөрөө надаас тэнэг биш үү? хэмээжээ.
Мүдэгдаянгийн уур нь хүрч Арьяандэвийг тэнсэх зорилгоор нисч явсан нэгэн болжморыг атган аваад:
– Миний алганаас энэ шувуу амьд гарах уу, үхсэн гарах уу? гэж асуужээ. Тэгэхэд нь Арьяандэв:
– Тэр бол таны нигүүлсэнгүй сэтгэлээс хамаарна даа хэмээн хариулжээ. Мүдэгдаян “Амьд гарна” гэсэн хариулт сонссон тохиолдолд шувууг үхүүлэх, харин “Үхсэн гарна” гэсэн хариулт сонссон тохиолдолд шувууг нисгээд Арьяандэвийг “Худал хариуллаа” хэмээн няцаахаар төлөвлөж байсан нь бүтэлгүйтжээ.
Үүний дараа Мүдэгдаян хийдийн хаалганы дэргэд очиж зогсоод “Би гадагш одох уу? эсвэл дотогш орох уу?” хэмээн хоёр дахь асуултаа асуусан байна. Тэрээр дотроо хэлсэн хариултаас нь зөрүүлээд хөдлөх юм шүү, хэмээн бодож байтал Арьяандэв:
– Энэ таны хүслээс л шалтгаална даа, хэмээн хариулснаар Мүдэгдаян дахин түүнд ялагджээ. Ингээд уурссан Мүдэгдаян тэмцлээ эхлэхээр шийдэж, хаанд айлтган, маргааш ард олны нүдний өмнө, эзэн хааныг гэрчээр суулган шударгаар оюуны тэмцлээ хийхээр болжээ.
Маргааш өглөө нь ургахын улаан нарнаар нутгийн бүх ард иргэд, олон зуун тэрсүүд нар тулааныг үзэж сонирхохоор хааны ордны гадна талбайд цугларсан байв. Мүдэгдаян өрсөлдөгчийнхөө сэтгэлийг нь мохоох зорилгоор:
– Өрөөсөн нүдэт чамд хэлэх зүйл байна уу? хэмээхэд Арьяандэв:
– “Хурмаст тэнгэр мянган нүдтэй ч үнэн ёсыг үзээгүй. Догшид гурван нүдтэй боловч ч үнэнийг үзэж чадаагүй. Харин Арьяандэв би ганц нүдтэй ч, гурван сансрыг нэвт харах чадалтай” хэмээсэн алдарт үгээ хэлсэн байдаг. Тэгэхэд нь Мүдэгдаян эхлээд номоор тэмцэе хэмээгээд:
– Надтай тэнсэх хүнгүй тул чи эхлээд миний дүүтэй тэмцэлд хэмээн охин дүүгээ тэмцэлд гаргав. Охин дүү нь тэрсүүдийн ёсны Ума охин тэнгэрийн хувилсан дүр бөгөөд Арьяандэв гэгээн охин дүүгийнх өөдөөс нөгөө ичихийг үл мэдэх гэнэнг чармай нүцгэн гаргасанд тэрээр гэнэнгийн боссон бэлэг эрхтнийг хараад ичээд зугтаажээ. Мүдэгдаян энэ удаагийн тэмцэлд дийлэгдэв.
Мүдэгдаян дараагийн аргаа хэрэглэн “Тэгвэл чи миний тотьтой тэмцэлд” хэмээн тотио түүн рүү нисгэжээ. Тоть ч мөн Эсрүн тэнгэрийн хувилсан дүр байсан тул ямар ч асуултад хариулж чадах байжээ. Арьяандэв тотьны өөдөөс муураа тавьсанд муур нь түүний хүзүүг тас татжээ. Мүдэгдаян уурлан хилэгнэж:
– Чи бурхны шашинт гэлэн хүн байж, амьтны амь тасалсан хилэнц хураалаа даа, хэмээхэд Арьяандэв:
– Би хилэнцээ арилгахад чиний хилэнц арилах уу. Тотийг алсан муурын нүгэл надад ямар хамаатай юм бэ? хэмээн дахин Мүдэгдаянг хэлэх үггүй болгожээ.
Гурав дахь удаад нь Мүдэгдаян “Чи тэгвэл миний самбартай номоор тулалд” хэмээн хэлээд чулуун самбараа гарган дээш шиджээ. Самбарт нь асуултын хариу өөрөө тодрон гардаг шидтэй юмсанж. Арьяандэв замд таарсан савтай будгаа гарган номын самбар руу цацаж орхисонд самбар нь будагдаж, ямар ч хариулт тодрон гарах боломжгүй болжээ.
Ийнхүү Мүдэгдаян Махавашүра тэнгэрийн адислан өгсөн гурван зүйлээсээ салсанд тэрээр:
– Тэгвэл одоо шидээр үзэлцье хэмээн хэлээд огторгуйд хөөрч, мянган нүдэт Хурмаст тэнгэр болон үзэгдэв. Тэгэхэд нь Арьяандэв гэгээн түүний араас огторгуйд хөөрч мянган мутарт, мянган мэлмийт Жанрайсэг бурхан болов. Агуу Жанрайсэг бурхныг үзээд мянган нүдэт Хурмаст тэнгэр түүний өлмийд аргагүй сөгдөв. Дараа нь Мүдэгдаян луу болон үзэгдэж, амнаасаа их гал гарган турхирсанд Арьяандэв хариу их усаар тургин, галыг унтраасан байна. Мүдэгдаян Махавашүра тэнгэрийн хот мандлыг тэнгэрт зурахад, Арьяандэв гэгээн алгаараа дохин хот мандлыг нь арилгажээ .
Бүх шидээ үзүүлээд дийлэгдэж аргаа барсан Мүдэгдаян ихэд гутарч, бурхны шашинд орох нь ичгэвтэр хэрэг хэмээн үзээд Эсрүн тэнгэрийн оронд очиж хоргодохоор дээш нисэн зугтсан байна. Арьяандэв гэгээн араас нь нэхэн хөөж, 33 тэнгэрийн орон, Махаранз тэнгэрийн орныг өнгөрөн ниссэн байна. Ертөнцийн үзүүр орчим хүрэх мөчид Арьяандэв:
– Мүдэгдаян, одоо чи зогс. Наана чинь сансрын салхин хүрд эргэж байна хэмээхэд Мүдэгдаян:
– Чи түүнийг яаж мэдэж байгаа юм? Хэмээсэнд Арьяандэв гэгээн:
– Чи тэгвэл өөрийнхөө нэг туг үсийг дээш нь шидээд үз дээ, хэмээжээ.
Мүдэгдаян түүний хэлсэн дагуу нэг туг үс толгойноосоо зулгаан авч дээш шидтэл сансрын салхин хүрдэнд үс нь хумхын тоос болон хэрчигдэн хийсчээ.
Мүдэгдаян аргагүй эрхэнд зогссоноор Арьяандэв түүнийг аван доош буун иржээ. Мүдэгдаян Ганга мөрөнд үйж үхэхээр завдахад нь хаан түүнийг Наландарын хийдийн номын санд хийж хорь, хэмээн зарлиг буулгасан байна. Арьяандэв түүнийг хүлэхгүйгээр номын санд хорихыг хаанаас хүсчээ. Учир нь Мүдэгдаян шиг ухаан хурц хүн бурхны ном судрыг уншихгүй орхих нь үгүй хэмээн түүний ирээдүйн хувь заяа, Бурхан багшийн бошгыг болгоосон хэрэг байжээ. Номын санд байх зуураа Мүдэгдаян ном судар дээгүүр гишгэлэн, өтгөн, шингэнээ гаргах зэргээр ёс бус авирлаж байв. Нэгэн удаа өтгнөө гаргаж суух хоорондоо “Бурхан юу гэж бурсан бол?” хэмээн Ганжуурын судар дах Жамбалзаржүд бүлгийг эргүүлж суутал Бурхан багшийн өөрийнх нь тухай эш бошго үзүүлсэн хэсгийг олж үзжээ. Бошгод “Надаас хойш дөрвөн зуун жилийн дараа төрөх Лусын нэрт бээр миний шашныг нар мэт мандуулъю. Түүний шавь тэрсүүдийн алдартай багшийг номонд оруулах болой. Олныг сонссон Махол нэрт тэрбээр намайг машид магтах болно. Тэрбээр эрдэм бүхнийг сураад, сурсан бүхнээ өгүүлэн бичиж чадмой. Түүний сэтгэл машид сайн болоод, бурхан нугуудын номонд сайтар сүжиглэн, бүтээхэд бэрх арвис тарнийг ч бүтээж, Манзушир бурхны зохиол бүтээх болой. Эрдэм төгөлдөр, шагшаабад төгөлдөр, олныг сонсогч, шашны агуу их утгыг дорой нэгэнд тайлбарлан хүргэнэ. Эцэст нь нүгэл хилэнцээ барж чадаад, үйлдсэн буяныхаа үрээр амгалан заяанд төрөл авч, адаг сүүлд нь агуу дээд амгаланг эдэлж, санаанд багташгүй гурван эрдэнийн хүчээр, бурхны хутгийг олъю” хэмээсэн байжээ. Мүдэгдаян үүнийг үзээд маш ихээр цочирдож, хэдэн зуун жилийн өмнө, өөрийнх нь тухай ирээдүйн эш бошгыг Бурхан үзүүлснийг үзээд туйлын ихээр биширч, би ухаанаараа ялагдаагүй, харин миний үзэл буруу, судалсан шашин маань үнэнтэй нийцэхгүй байжээ гэдгийг ойлгосон гэдэг. Ингээд Мүдэгдаян өөрийнхөө үзэл явдалд туйлын ихээр гэмшиж хашгиран уйлж, урьд өмнө Бурхан, Бурханы ном, хуврагуудыг аймшиггүйгээр доромжлон гутааж явсандаа харамсан гэмшиж хэлээ угаар нь огтлохоор шийджээ. Тэгэхэд нь Арьяандэв гэгээний “Чи наад хэлээрээ бурхныг доромжилж болсон юм чинь, түүгээрээ бурхныг магтаж бас болно шүү дээ” хэмээхэд Мүдэгдаян уйлан хайлж, “Ээ халаг” хэмээн ихэд гэмшиж Жившаг гэдэг наманчилгааны номыг зохион уншжээ.
Ингээд Мүдэгдаян Арьяандэв гэгээний хөлд сөхрөн унаад “Би агуу бурхны шавь болъё. Намайг яг одоо хуврага болгож өгөөч” хэмээн гуйхад Арьяандэв гэгээн “Би чамайг хуврага болгохгүй. Багшид маань айлтгаж, хуврага болох хэрэгтэй” гэжээ. Ингээд Мүдэгдаян тэрсүүдийн бүх шинж тэмдгийг үгүй хийж үсээ дүйлээд Нагаржуна гэгээний суугаа газарт очиж хуврага болж шавь орсноор Ловон Бавуу нэртэй болжээ. Алдарт багшаа ийнхүү ялагдахыг үзээд сэтгэл зовнисон тэрсүүд нар олон зуун мянгаараа бурхны шашинд даган орсон гэдэг.
Хэрэв Мүдэгдаян анхнаасаа бурхны шашинтан байсан бол тийм их тусыг үзүүлж чадахгүй байх байжээ. Тэрсүүдийн номыг машид нарийн судалж, оройд нь хүрч, тэрсүүд нарт хамгаас хүндлэгдсэн тэрээр эцэст нь үзлээсээ буцсанаар дагагч маш олон тэрсүүдийн сэтгэлийг эргүүлж чадсан нь түүний урьдын ерөөл учир байсан буюу.
Тэр өөрийн хийсэн үйл хилэнцийг дээдийн ном, шашны ачлалаар хариулж арилгасан хүн юм. Тэр бурхны шашинд ороод тэрсүүдийн ёс нь бурхны шашнаас тэнгэрээс газар шиг ялгаатайг мэдэж, дэмий цагийг өнгөрүүлж олон нүгэлт үйл хийсэндээ туйлын ихээр харамсан гэмшиж “Бурхны сургаалыг үзэх тутам гүнгийрч цааш хязгааргүйд нэвтэрдэг тул аргагүй бишрэхийн эрхэнд магтахгүй байхын аргагүй” хэмээн дуу алдан бичсэн гэдэг.
Ловон Бавуугийн зүүдэнд Ногоон Дарь-Эх заларч, “Чи хэлээрээ өмнө нь маш их нүгэл хийсэн. Иймд Бурханд зориулан магтаал зохиовол нүгэл хилэнцээ ихээр барна” хэмээн айлдсан байна. Бурханд магтаал өргөсөн түүний маш олон бүтээл бий. Мөн Дарь-Эхийн үйлсийг магтсан бүтээл ч байдаг. Ногоон-Дарь эх дахин зүүдэнд нь үзэгдэж, Бурхан багшийн үйлийн үрийг номлосон бүтээл туурвибал, үлдсэн нүгэл хилэнцээ барна хэмээн сануулсан гэдэг. Ловон Бавуу үйлийн үрийг номлосон “Дурьдлыг ойр агуулах дөрөв” зэрэг маш олон бүтээлүүд бий.
Тэрбээр гайхамшигт хоёр багш Нагаржуна, Арьяандэв нарын айлдсаны дагуу бодьсадвын ёсонд суралцахдаа бусад бодьсадва нар гайхахаар агуу зохиолыг үзүүлсэн байдаг. Бурхны урьдын 34 төрлийн цадиг түүхийг өгүүлсэн бүтээлийг туурвиж, Бурхан олон төрөлдөө ийм агуу явдал мөрөөр явж чадсан байхад би ядахдаа Бурхны нэг ч гэсэн явдал лугаа адлыг бүтээе хэмээн шийдэж ган гачигтай, хоол хүнс ховордсон цагт, хайж явсаар олон зулзагатай үхлийн ирмэгт ирсэн өлөгчин барыг олоод, туйлын ихээр энэрэн хайрлаж, түүнд судсаа ханаад цусаа зуурсан аманд дусаагаад тэдэнд идэгдсэн гэдэг. Тэрээр амь тавихынхаа өмнө, өөрийн цусаараа хадан дээр ерөөл бичиж өргөсөн гэдэг. Ерөөлдөө Бурхан баранд биеэ өгч чадсан нь ямар агуу явдал болой. Энэ үнэхээр хүнд хэцүү юм. Маш их өвдөж байна хэмээгээд үхлийн мөч ирэх хүртэл Бурхныг магтсан байсан гэдэг.
Түүний амьдрал үйлсэд нь Дарь-Эх Бурхан ихээхэн нөлөөлсөн байдаг. Ээжийнх нь зүүдээр, замд таарсан хоёр бүсгүй болж, мөн үйлийн үр, шүтэн барилдлага, Бурхны магтаалыг зохион туурвих сануулга өгөх зэргээр Дарь-Эх Бурхан үргэлж хамт оршиж байжээ. Ловон Бавуу Наландарын хийдийн 17 бандидад орж чадаагүй ч, бүтээсэн гавьяа нь Арьяандэвийн намтартай хавсран ийнхүү дурьсагддаг болно.
Ийнхүү Мүдэгдаяны аймшигт тэмцлээр гайхамшигт бандида Ловон Бавуу төрсөн түүхтэй.
Бурхан багшийн айлдсан хоосон чанарын сургаалыг Нагаржуна гэгээн төв (ум) үзлээр дэлгэрүүлэн тайлбарлаж түүнийг өвлөн авч улам цааш дэлгэрүүлэн тайлбарласан хүн бол түүний оройн дээд тэргүүн шавь Арьяандэв гэгээн билээ. Арьяандэв гэгээн маш олон гайхамшигтай бүтээл туурвисны сор нь Төв үзлийн “Дөрвөн зуунтын тайлбар толь” бөгөөд түүний зохиол бүтээлүүд бүрэн өвлөгдөн ирээгүй гэдэг. Нагаржуна гэгээн Бурхан багшийн айлдсан нууц тарнийн ховор нарийн увдис Сандуйн ёсны гайхамшигт номлол бүтээлээ туурвин Арьяандэв гэгээнд үлдээж, Арьяандэв гэгээн түүнийг нь улам ихэд тодруулан дэлгэрүүлж, хожмын шавь нарт судар, тарнийн ном ёсонд суралцахад нүд нь болсон юм.
Арьяандэв гэгээн цогт Наландарын хийдэд удаан хугацаагаар заларч шашныг тэтгэж байгаад сүүлдээ Өмнөд Энэтхэгийн нутагт заларч шашин амьтны тусыг агуу ихээр зохиож байгаад Газни нутгийн ойрлцоох Раганата гэдэг газарт шавь Дайжинзэн Самбууд шашны үүргийг даатган тушаагаад шавь нарын мөнхөд барих үзлийг няцаахын тулд лагшингаа номын агаарт хураасан ажээ.