Васубанду - Цогт Наландрын 17 их бандида

Басубанду (Ловон Егнэн)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

10. Басубанду (Ловон Егнэн)

Басубанду гэгээний төрсөн он цаг, газар орон түүхэнд тодорхойгүй байдаг. Гэвч Басубандуг Асангагийн төрсөн дүү гэх бөгөөд эх нэгтэй, эцэг ондоотой хүүхдүүд байсан хэмээн үздэг байна. Эх нь бурхны шашинд сүжиг ихтэй хүн байсан бөгөөд их хөлгөний шашин уруудан доройтохыг хараад бурхны шашинд хэрэгтэй хүү төрүүлье хэмээн шийдээд хаан язгуураас Асангаг, бярман язгуураас Егнэнг төрүүлсэн хэмээдэг. Эх нь мэдлэг чадвар өндөр хүн байсан бөгөөд өөрөө хөвгүүддээ эрдэм зааж, тухайн цагийн боловсролын 18 ухааныг эзэмшүүлэхээс гадна оюун ухааныг нь хурц болгох зорилгоор бясалгал, ялангуяа Манзушир бурхны бясалгалыг зааж, тогтмол хийлгэдэг байжээ. Хоёр хүү эцэггүй өссөн бөгөөд хоёул нас биед хүрмэгц эцгийн ажил мэргэжил, ёс уламжлалаас өөрсдийнхөө амьдралын чиг баримжааг авья хэмээн энэ тухай эхээсээ асуусанд эх нь “Би та хоёрыг олж төрүүлдэг нь бүсгүй хүний заяа бодож үрийн зулай үнэрлэхийн тулд бус юм. Та хоёрын эцэг ямар хүн байх нь чухал бус, харин та хоёр юу хийж амьдрах нь л чухал байна. Бурхны ном, ялангуяа их хөлгөний ном сургаал уруудан доройтож, хүмүүс мунхаг сэтгэлд эзлэгдэн ёс зүйгээ алдаж буй өнөө цагт эрдэм чадалтай хүн, амьнаас ч илүү чухал болоод байна. Үүний тулд л би та хоёрыг төрүүлж өсгөсөн юм. Би бүсгүй хүн учир санаа зовохоос өөр юу хийж чадах билээ. Ийм учраас та хоёр явж лам болоод бурхны сургаалыг хөгжүүлэн дэлгэрүүл” хэмээжээ. Ингээд Асанга Бригамалашила хийд үрүү, харин Егнэн Наландарын хийд үрүү явж, тус тусын хийддээ лам болсон хэмээдэг. Гурван аймаг савын номонд гаргууд сайн болсон Егнэн, Наландарын хийдэд ухаанаараа гайхагдах болж, ялангуяа Авиддармын номонд түүнийг гүйцэх шавь байсангүй. Хэдий тийм боловч улам гүнзгийрүүлэн нарийн судлах ёстой хэмээн үздэг учраас Ловон Егнэн, Хачийн нутгийг зорьжээ. Ингээд өвөрмөц өгүүлээч тогтсон тааллын багш Ловон Гэндэнсамбууд шавь орж энэхүү тогтсон тааллын 18 сав аймаг урсгалын гол аньс, онцлог, тэдгээрийн үзлийн ялгаа, өөр бусад судрын ёсноос ялгаатай тал, мөн тэрсүүд ёсноос ялгаатай байдал, тэдгээрийн давуу болон сул талууд гээд бүгдийг судлан тэрсүүд үзэлтнүүдтэй хүнд хөнгөн ямар ч сэдвээр тэмцэлдэхэд хариулж чадах хэмжээнд хүртэл сурч судалжээ. Тиймээс Ловон Егнэнг өвөрмөц өгүүлэгчдийн номны эцэг хэмээн үздэг. Улмаар Хачийн оронд олон шавь нарт номоо номлож байгаад Наландарын хийддээ эргэн иржээ. Түүнийг Наландарын хийддээ эргэн ирэхэд ах Асанга нь бясалгал бүтээл хийсээр Майдарын гэгээнтэй нигур учран ном сонсдог болсон төдийгүй маш олон бүтээл ном туурвисан байжээ. Ах нь номуудаа зохиохдоо Егнэнгийн оюун ухаанд тааруулан зохиосон боловч, Егнэн эргэж ирээд ахынхаа эдгээр бүтээлүүдийг уншиж үзээд толгой сэгсрэн, огтоос хүлээж авсангүй. Түүгээр үл барам ахыгаа 12 жилийн турш самадид оршиж, Майдарын гэгээнийг бүтээж чадаад, ном сонсдог болсон явдалд үл итгэн, харин ч ахыгаа өөрийнхөө буруу будлиантай үзлийг түгээх зорилгоор заанд ачихуйц их хэмжээний ном зохиосон байна хэмээн шүүмжлэн доромжилсон байна. Дүүгийнхээ оюун ухаан нь өндөр хэмжээнд хүрсэн хэдий ч их хөлгөний ном бүтээлийг ойлгох хэмжээний буян дутаж байгааг ах нь болгоож байв. Тиймээс Асанга өөрийн хоёр шавьдаа судрын ном цээжлүүлээд Егнэнгийн бясалгал хийж буй газрын ойролцоо очоод дуу гарган түүнд сонсогдохуйцаар уншиж байхыг даалгажээ. Егнэнгийн билиг ухаан хурц учраас ямарваа зүйлийг зүгээр нэг сонсоод өнгөрөх хүн биш гэдгийг ах нь мэдэж байв. Тиймээс ямар номыг хэзээ унших мэт хэр хэмжээг нь тааруулан хоёр шавиа ээлжлэн явуулсан байна. Шавийн уншаад байгаа судрыг Егнэн өглөөгүүр сонсоод их хөлгөний ном бол худлаа бус, утга гүн юм гэдгийг ойлгоод, үдэш болоход маш агуу сургаал болохыг нь ойлгож, бишрэл төржээ. Ингээд өөрийн тэнэг явдалд туйлын ихээр гутран ахыгаа төдийгүй бүр бурхны шашин, Майдарын гэгээнийг шүүмжлэн доромжилсондоо, нүгэл хилэнц ихээр хураасандаа маш ихээр гэмшиж хэлээ огтлохоор шийджээ. Хоёр шавь нь түүнийг зогсоохоор оролдсонд Егнэн хэрхэн бурхны шашин, Майдарын гэгээн, ахыгаа шүүмжлэн доромжилсноо уйлан хайлан яриад “Би энэ хэлээр юу хийх вэ?” хэмээсэнд хоёр шавь “Та хэлээ огтолж амжина. Харин энэ нүгэл хилэнцээ арилгадаг арга чарга байгаа эсэхийг ахаасаа асууна уу. Ах тань Майдарын гэгээнтэй уулздаг өндөр дээд эрдэмтэй учраас энэ нүглийг тань ариусгах арга мэдэх байх. Бид таныг хүргээд өгье” гээд дагуулан явсаар ахад нь хүргэн өгчээ. Ингээд ахынхаа өмнө ирж, сөхрөн унаад хилэнцээ наманчилж шавь нь болоод ахаараа ном заалгаж их хөлөгний аймаг савын номонд суралцсан байна.Егнэн насан турш ахынхаа дэргэд шавилан сууж ном сургаалыг нь сонссон бөгөөд шавь нараас асуулт ирэхэд ах нь байнга л Майдарын гэгээнээс асууя хэмээгээд тэр даруйдаа уулзаж чаддаг эрдэмтэй байжээ. Тиймээс нэг өдөр Егнэн ахдаа хандан “Та намайг Майдарын гэгээнтэй уулзуулж өгөөч. Би гэгээн дүрийг нь нэг харья” хэмээсэнд ах нь энэ тухай айлтгасанд Майдарын гэгээн “Дүү чинь их хөлгөнийг доромжилж явсан үйлийнхээ үрээр намайг харж чадахгүй л болов уу. Харин судруудад тайлбарыг сайтар хийж, Жүгдэрнамжил бурхны нас уртасгах тарнийг тоолж бай. Тэгвэл дараа төрөлдөө миний дэргэд төрөх болно. Ийм л арга байна. Би хэчнээн уулзахад бэлэн байвч, өөрийнх нь үйлээс хамаарч энэ насанд уулзах боломжгүй юм байна” хэмээжээ. Егнэн энэ үгийг сонсоод огт гутарсангүй, харин ч сүжгийг илүү олоод “Ах маань лусын хаан адил. Харин өчүүхэн би усны шувуу адил. Лусын хаан хурыг харамгүй буулгавч, харангадсан шувууны хоолойд гацах нь цахлай өөрийн хоолойн хэмжээгээр усыг хүртэх адил” хэмээн өөрийгөө голж, ахыгаа магтан шүлэглэсэн байдаг. Энэ нь Егнэн даруу зангаар ийнхүү шүлэглэсэн болохоос түүнийг ухааныг зүйрлэн хэлбээс Наландарын хийдийн 500 бандидагийн мэдлэгийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц тийм их мэдлэгтэй хүн байжээ. Егнэн Бурхан багшийн айлдсан судар дандарын бүхий л айлдварыг багтаасан Гаанжуурын 108 боть, Даанжуурын 250 боть номыг үг үсэгчлэн бүрэн цээжилсэн, түүнийгээ жилдээ нэг удаа таслахгүйгээр уншдаг хүн байжээ. Ингэхдээ тэр, том зэс тогоонд шар тос дүүргээд бүлээн байлгаж, түүндээ суугаад бүтэн 15 хоногийн турш өдөр шөнөгүй сургаал уншдаг байсан хэмээдэг. Жадамба судар бол түүний өдөр тутмын уншлага байсан бөгөөд Бурхан багшаас хойшхи шавь нар дотор Бурхан багшийн эрхэм зарлиг үг бүрийг нь үсэг гээлгүй цээжээр уншдаг, утгыг нь бүрэн мэддэг тийм шавь гараагүй гэдэг. Тиймээс бурхны шашинтнууд Егнэнг хоёр дахь бүхнийг айлдагч хэмээн хүндэтгэн нэрлэдэг байна. Ийнхүү Егнэн бага хөлгөнтний тогтсон тааллын өвөрмөц өгүүлэгчээс ахынхаа ачаар их хөлгөний тогтсон таалалд орсон бөгөөд түүний 500 шавь ч мөн багшийгаа даган их хөлгөнд орсон гэдэг. Мөн Ловон Егнэн, багш шавь нийлсэн 500 орчим тэрсүүдийг номоор дарсны нөлөөгөөр нийт таван зуун мянга орчим тэрсүүд үзэлтэн их хөлгөний шавь болсон байдаг. Улмаар ахыгаа 12 жил Наландарын хийдийн хамбын суудалд суугаад таалал барахад нь Егнэн залган авч, олон жил хамбын ажлыг хийж, үйл хэргийг нь үргэлжлүүлэн Наландарын хийдийн сургалтыг шинэ түвшинд хүргэсэн гэдэг. Шинэ орсон шавиас эхлүүлээд сургалтыг хорин түвшинд зохион байгуулсан нь Их сургуулийн сургалт, шавь сургалтыг Наландарын хийдээс эхлэлтэйг нотлох нэгэн нотолгоо болдог байна. Егнэн шавь нарын хичээлийн хөтөлбөрийг чангатган, анхлан орсон хийгээд бусад суралцагч шавь нараа мэдлэгийн төвшнөөр нь 20 хуваан анги болгоод өдөр алгасахгүй өөрөө хичээлээ заадаг байжээ. Егнэнгийн хичээл заасан шавийн тоо тоймгүй олон болсон бөгөөд гарын шавийн тоо нь 60,000 хүрсэн гэдэг. Эдгээр шавь нарын дотроос ханьцашгүй дөрвөн шавь гарсан нь Ёндон Од, Лодойдамба, Ловон Чоглан, Пагвадолдэ нар юм. Эдгээр дөрвөн шавь нь багшаасаа нэг нэг номоороо илүү гарч чадсан боловч бусад бүх номоор багшийнхаа хаана нь ч хүрдэггүй байжээ. Винайн ёсонд багшаасаа илүү нь Ёндон Од, харин Авиддармын ёсонд илүү мэргэшсэн нь Лодойдамба, шалгадаг ухаанд багшаасаа илүү нь Ловон Дигнага, Билиг барамидийн ёсонд илүү гарсан нь Пагвадолдэ нар байжээ. Бясалгал бүтээл хийдэг, сэтгэлээ нисванисгүй цэвэр ариун байлгадаг, ном буяныг ямагт үйлддэг хэн боловч хэчнээн өндөр нас наславч бие нь эрүүл, ухаан нь саруул байдаг билээ. Үүний нэгэн жишээ бол, Ловон Егнэн 100 нас дөхөж байх үедээ Балба улсад их хөлгөний ном сургаалыг дэлгэрүүлж орон хийд босгох, шавь нарт сахил санваар өгөх, түүнийгээ хэрхэн ариун нандин сахих тухай винайн ёсыг таниулахаар 1000 шавиа дагуулан морилжээ. Тэр үед хуврагууд унаа хөсөг хэрэглэдэггүй, явганаар явдаг байсан тул урт замын турш явган явсаар сууж амрах үедээ номоо номлосоор явж очсон бөгөөд Балба улсад их хөлгөний сургаал номыг дэлгэрүүлж шавь нарт төдийгүй эгэл олонд ном номлон суусан гэдэг. Гэвч тэр үед сахил санваарыг сахихгүй, шашныг эгэл ертөнцийн амьдралтай хослуулж номын хувцас өмсөөд худалдаа арилжаа хийх, эхнэр хүүхэдтэй байх, газар тариалан эрхлэх, ном айлдаж байх үеэр зарим лам нарын хүүхдүүд ирээд ааваа гэж дуудахыг сонсоод маш их гутарч, шашин тэмдэг төдий болчихлоо, миний оролцоо байхгүй болов хэмээн боджээ. Хэдийгээр Ловон Егнэн маш урт наслах байсан боловч дээрх шалтгааны улмаас “Ийм байдлаар үргэлжлүүлэх боломжгүй боллоо” хэмээн зохиож байсан номоо яаравчлан дуусгаад өөрийнхөө насыг түргэн хугацаанд барж Жүгдэрнамжил бурхны тарнийг тонгоруулж гурав уншаад таалал барсан гэдэг. Ийнхүү Ловон Егнэн амьдралынхаа туршид Майдарын гэгээний зарлиг дагуу олон судар, шастирт тайлбар зохиож ирээдүй хойчийн олон хүнд бурхны номыг ойлгох нүдийг нь нээж өгсөн бөгөөд “Зод зава” хэмээх 8 бүлэгтэй номыг зохиож түүндээ тайлбар хийсэн байдаг. Энэхүү номондоо Ловон Егнэн өвөрмөц өгүүлэгчийн гол алдаа дутагдлыг өвөрмөгц өгүүлэгчийн ёсыг гаргаж байгаа байдлаар бичсэн нь маш их ач тустай болсон байдаг. Ловон Егнэнгийн шарилыг шавь нар нь Балба улсад суварга болгон бунхалсан нь одоо ч сүсэгтэн олны мөргөлийн орон болон сүндэрлэсээр байна.