Буддапалита гэгээн - Цогт Наландрын 17 их бандида

Буддапалита гэгээн

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

3. Буддапалита гэгээн (Ловон Санжайжан)

Мэргэн хийгээд бүтээлчийн дээд, Буддапалита гэгээнтэн Өмнөд Энэтхэгийн Дамвала орны Галуу наадагч хэмээх газарт мэндэлжээ. Тэрээр төрсөн нутагтаа хувраг болсон агаад гэлэнгийн/аяга тахимлагийн санваар/сахил хүртжээ.
Буддапалита бээр багш нараасаа олон номыг сонссон бөгөөд ялангуяа ловон Лүейшэйнэнгийн шавь ловон Гэндүнсрүвагаас Хутагт Нагаржунагийн номлолыг сонсоод, утгыг нь нэгэн үзүүрт сэтгэлээр шинжлэн бясалган дээд билэг билгүүнийг олсон аж. Тэрээр гурван сав аймгийн болон дөрвөн тантарын номыг гүйцэд судлаад зогсоогүй дотоод, гадаадын тогтсон тааллын ёсыг судалж чандад нь хүрсэн байна.
Тэрээр Хутагт Нагаржунаг багшид шүтсэн бөгөөд бясалгал бүтээлийг онцлон хийж, Манзушри бурхантай уулзсан байдаг. Тэрээр өндөр шид бүтээлийн эрдмийн оргилд хүрсэн нэгэн юм.
Бандида Буддапалита өмнөд Энэтхэгийн Дандабүри хийдэд сууж, шавь нартаа олон номыг заасан бөгөөд Нагаржуна гэгээн, Арьяандэв гэгээн, бандида Ловон Бавуу тэргүүтний шаштир зохиолуудад олон тайлбар, номлол туурвижээ.
Ялангуяа тэрээр өөрийн багш Хутагт Нагаржунагийн төв үзэл буюу шүтэн барилдлагат хоосон чанарын утгыг, олон нотлолын үүднээс машид тодруулсан төв үзлийн шаштирын хаан буюу “Билэг Үндэс ном”-ыг хэтрүүлэгч төв үзлийн ёсонд тайлбарласан алдарт зохиол, өөрийн нэрээр нэрлэгдсэн“ Буддапалита”-г туурвисан юм. Түүнийг Хэтрүүлэгч төв үзлийн алдар цуутай их багш нарын нэг гэж үздэг.