Бхававивэка гэгээн - Цогт Наландрын 17 их бандида

Бхававивэка гэгээн

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

4. Бхававивэка гэгээн (Ловон Лэгдэнжэд)

Бхававивэка гэгээн Өмнөд Энэтхэгийн Маляра гэдэг газарт хааны язгуурт мэндэлжээ. Тэр нутагтаа хувраг болж, гурван сав аймгийн номонд шамдан суралцан мэргэжээд төв нутгийг зорин цогт Наландарын хийдэд очиж, ловон Гэндэнсрүнвагаас их хөлгөний сав аймгийн олон ном, хутагт Нагаржунагийн увдис номыг ихэд шамдан сонссон бөгөөд тэндээсээ дахин Өмнөд Энэтхэгт морилж Очирваань бурхныг бясалган бүтээгээд ялгамжаат самаддияаны эрдмийг олсон ажээ. Тэрээр өмнөд Энэтхэгийн 50 орчим хийдийг тэргүүлж олон шавь нарыг дээдийн номоор сайн мөрд хөтөлсөн бөлгөө.
Ловон Буддапалита таалал барьсны дараа түүний зохиосон шаштируудыг үзэж судлаад, хутагт Нагаржунагийн “Билэг Үндэс” номлолд Буддпалитагийн хийсэн тайлбар номлолыг шүүмжлэн хориглож “Өөрийн үндэсний төв үзэл”- ийн ёсыг гаргасан байдаг. Ловон Бхававивэка бээр хутагт Нагаржунагийн увдис номонд шүтэн судрын аймгийн зарим нэгэн тайлбаруудыг зохиосон билээ. Эцэстээ тэрээр үрлийн шид бүтээлийг олсон агаад ловон Бхававивэка, ловон Буддапалита нар лагшин биеийг орхиж, арвист тарнийг баригчдын оронд өөд болон заларчээ. Тэр хоёр төв үзлийн ёсыг номлогч их багш нар боловч ловон Буддапалита цөөн тооны шавь нартай, ловон Бхававэвэка олон мянган шавь нартай байсан учир түүний “Өөрийн үндэсний төв үзэл”-ийн номын ёс ихэд дэлгэрсэн аж. Хоёр ловонг залрахын өмнө их хөлгөний шашин нэг байсан агаад ловон Бхававэвэка таалал болсны дараа хоёр хэсэг болж зөрчилдсөн байдаг.
Ловон Лодойдамба хутагт Нагаржунагийн номлолыг “сэтгэл төдийтний” ёсонд тайлбарласан номлолуудыг гаргасан байна. Түүний номууд нь өмнөд Энэтхэгт ловон Бхававивэкагийн шавь нарт дамжин ирсэнд тэд үл хүлээн авч, цогт Наландарын хийдэд ирцгээн ловон Лодойдамба тэргүүнтэй тэмцэлдсэн ажээ. Тэрхүү номын тэмцэлд ловон Бхававивэкагийн шавь нар ялан дийлсэн гэдэг.
Ловон Буддапалитаг хутагт Нагаржунагийн залуу үеийн шавь, ловон Бхававивэкаг түүний хижээл насны шавь хэмээн үзэх нь бий. Ловон Бхававивэка бээр Нагаржуна гэгээнээс гэлэн сахилыг залсан байдаг.