Вимуктисена (Пагва Долдэ) - Цогт Наландрын 17 их бандида

Вимуктисена (Пагва Долдэ)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

13. Вимуктисена (Пагва Долдэ)

Энэтхэгийн баруун хойд хэсэг буюу одоогийн Бирм улсын хил орчим нутагт Пагва Долдэ (Вимуктисена) гэгээнийг лагшин мэндэлсэн хэмээн үздэг. Түүний эцэг эхийн нэр, язгуур угсаа түүхэнд тодорхойгүй үлдсэн бөгөөд судлаачид түүнийг Наландарын хийдийн Санжайван хэмээх нэгэн том бандидагийн үеэл хэмээн тодорхойлдог байна. Тэрбээр бага наснаасаа эхлэн ном эрдэмд шамдан суралцаж, хорь орчим насандаа гэлэн санваар авч, өвөрмөц өгүүлэгчийн тогтсон тааллын номлолд гүнзгий мэдлэг олжээ. Өвөрмөц өгүүлэгчийн ёс бол бага хөлгөний тогтсон таалал бөгөөд Пагва Долдэ (Вимуктисена) гэгээн сургаал номоо гүнзгийрүүлэн судлахын хэрээр их хөлгөний сургаалыг ихэд бишрэх болсон байна. Ингээд Наландарын хийдэд ирж, Ловон Егнэнд шавь ороод, их хөлгөний аймаг савын номуудыг заалгажээ. Энэ үед багш нь өндөр настай байсан бөгөөд бага хөлгөний тогтсон тааллыг орхиод их хөлгөний ёсонд агуу мэдлэг олсон байжээ. Пагва Долдэ (Вимуктисена) гэгээн бол Ловон Егнэнгийн сүүлийн шавь нарын нэг бөгөөд багшийн дэргэд ухааны нүдийг олж номын утгыг нээж, ялангуяа Ширчиндо буюу билиг барамидын ёс явдлыг гүйцэд нарийн судлан агуу их мэдлэгийг олжээ. Пагва Долдэ (Вимуктисена) гэгээн олон жил бясалгал бүтээл хийж, ном үзсэний үр дүнд асар мэргэн болсон байдаг. Тэрбээр бясалгасаар Бурхан багшийн айлдсан Юм Ширчин судар, түүнийг задлан тайлбарласан Майдарын гэгээний “Ондогжан” (Илт онохуйн чимэг) шастирын хооронд үл авцалдах жижиг зөрүүнүүд гарч байгааг анзаарчээ. Энэ нь түүний номын үг, утга хоёрыг гүйцэд таньж мэдсэн хүн болохын нэгэн илрэл юм. Улмаар бясалгах явцдаа бартаат замын донсолгоог мэдрэх адил үг, утгын зөрүү хэд хэдэн газарт байгааг илрүүлсэн байдаг. Тиймээс тэдгээрийг хэрхэн зөв таацуулан эвлүүлэх боломжтой эсэхийг эрэлхийлэн бясалгасаар нэгэн үүр шөнийн заагаар зүүдэндээ Майдарын гэгээнтэй уулзжээ. Майдарын гэгээн “Чи Варанаси уруу явбаас эргэлзээ чинь арилж болохоор байна” хэмээсэн утга бүхий бошго үзүүлжээ. Ингээд Пагва Долдэ (Вимуктисена) энэхүү бошго лүндэнгийн дагуу Варанаси буюу Бурхан багшийн анхны номын хүрдээ эргүүлсэн газрыг зорин явсан байдаг. Тэнд морилох үедээ Шиви гоча хэмээх нэгэн хүнтэй тааралджээ. Тэр хүн бол гэнэн санваартай (увш), ном их үзсэн, эгэлгүй хүн байсан байна. Учир нь тэр хүн Нагаржуна гэгээн лусын орноос Юм Ширчин буюу хоосон чанарын номуудыг залж ирсэн адил, Дарь эхийн орон болсон Бодалын орноос найман бүлэгтэй “Нити” ботиудыг хүний ертөнцөд залж ирсэн байжээ. Майдарын гэгээний үзүүлсэн бошго лүндэн үүгээр тайлагдаж “Нити” судрын найман бүлгийг судлан үзээд Вимуктисена гэгээний эргэлзээ тээнэглэзээ бүрэн арилж, бүрхэг байсан бүх зүйлс тодорхой болж улмаар үг, утгын зөрүү бүрийг дүйцүүлэн “Нитийн гэгээ” (Нанва) хэмээх тайлбарыг зохиожээ. Энэ нь Бурхан багшаас хойш “Нити”-ийн ботид хийсэн анхны тайлбар бөгөөд умранжүдвын ёсны үүднээс “Нити” судрыг гүн гүнзгий тайлбарласан урьд гараагүй хийгээд хожим ч гарахааргүй тийм агуу тайлбар болжээ. Энэ тухайгаа ч Пагва Долдэ (Вимуктисена) гэгээн “Урьд хожид гараагүй нэгэн тайлбарыг зохиохоор шийдсэн” хэмээн тайлбартаа өөрөө цухас дурьдсан байдаг. Мөн өөрөө “Бурхны айлдсан найман бүлэгт “Нити” судар, түүнд хийсэн Майдарын гэгээний тайлбар “Ондогжан” шастир хоёрыг дүйцүүлэн харьцуулсан тайлбар нь “Нитийн гэгээ” болж чадлаа” хэмээн өөрийн бүтээлээ дүгнэн бичсэн байдаг. Өмнөх бүлгүүдэд бид Ловон Егнэн тус тус нэг зүйлээрээ өөрөөс нь илүү гарсан дөрвөн их шавьтай байсан тухай өгүүлсэн. Пагвадолдэ гэгээн бол нь багшаас билгийн чанадад хүрэхүйн номын утгыг оносоноороо илүү гарсан шавь нь байсан юм. Түүний агуу эрдэм, ухааныг бишрэн Наландраас зүүн зүгт орших дөрвөн гүрэн түүнийг “Багш” хэмээн алдаршуулан, төрийн багшаараа залжээ. Тэдгээр гүрнүүдэд Пагва Долдэ (Вимуктисена) гэгээнтэй холбоотой бясалгал бүтээл, ном судар үзэж судалдаг нутаг нутгийн орон хийдүүд нийт хорин дөрөв гарсан байдаг. Эдгээр хийд орнуудад Пагва Долдэ (Вимуктисена) гэгээн залагдан гуч орчим жил судар тарнийн хоосон чанарын үг утгыг төв үзлийн ёсонд дэлгэн, ялангуяа “Илт онохуйн чимэг” судартай харьцуулсан судалгааг олон шавь нартаа зааж сурган номоо номлосоор суусан байна. Түүнийг эдгээр орон хийдэд ээлжлэн залрах болгонд түүний номын тайлбарыг сонсохоор цугласан шавь нар нь гэлэнгээр тооцоход арван мянгаас доошгүй байдаг байжээ. Пагва Долдэ (Вимуктисена) гэгээний намтар нь түүх шастирт ихээхэн бүрхэг үлдэж, харин зохиосон номоороо ертөнцөд гайхагдсан юм. Судлаачид түүнийг Хутагт байсан эсэх дээр санал зөрөлдөөнтэй байдаг. Учир нь тэрбээр маш эгэл даруу зантай, хэзээ ч хутагтын зам мөрийг бусдад үзүүлдэггүй байжээ. Гэвч бурхны судар болон түүнд хийсэн тайлбар хоёрын хоорондын харьцааг тодруулан гаргаж, агуу гүн гүнзгий номыг зохиож, тайлбар хийсэн явдал нь түүнийг эгэлгүй хүн байсны баталгаа юм. Мөн үүний нэгэн баталгаа бол тухайн цагийн Энэтхэг оронд “Тэнгэрт нар сар хоёр байгаа шиг, газарт хоёр Нанва байна” хэмээн хэлэлцдэг байжээ. “Нанва” хэмээсэн нь “Гэгээ” гэсэн утгатай бөгөөд нэг “Нанва” нь энэхүү “Нитийн гэгээ” (Нанва) хэмээх Пагва Долдэ (Вимуктисена) гэгээний бичсэн тайлбар, нөгөө нь Ловон Сэнгэсамбуугийн зохиосон “Нитийн жанан” хэмээх шастир юм. Бурхан багшийн айлдсан “Юм Ширчин до” судрын ил утга нь хоосон чанар, нууц утга нь “Илт онохуйн чимэг” буюу Майдарын гэгээний айлдсан найман аймаг тайлбар байдаг. Энэхүү нууц утга нь бараг бүрэн устаж алга болох хэмжээнд хүрээд байсан энэ үед хоосон чанарын утгыг гэгээ татах мэт тодруулан өгсөн учраас хоёул гэгээ гэдэг нэртэй, нэг нь “Чимгийн гэгээ” нөгөө нь “Нитийн гэгээ” гэсэн утгатай юм байна. Энэ хоёр номыг Чойрын дацангуудад голлон, олон жил судалдаг. Майдарын гэгээний номлосон найман бүлэгтэй “Ондогжан” шастирын зарим бүлэг нь алга дарамхан газар багтах хэмжээний богинохон байдаг бол зарим нь арай урт арван зургаан нүүр байдаг. Тэдгээрийг судлах утгыг ойлгон эзэмших арга нь ном хаялцах, мэтгэлцэх, судрын үг, утга мөргөлдүүлэх байдлаар номын утгыг нь асуух, ингэснээрээ номын утгыг онох явдал байдаг байна. Бурхны шашинтнууд нь мэргэдүүдээ “Ертөнцийн зургаан чимэг, хоёр чуулган” хэмээн алдаршуулан хүндэлдэг. Үүнд: “Ертөнцийн зургаан чимэг” нь: Нагаржуна, Арьяндэва, Асанга, Ловон Егнэн, Ловон Чоглан, Ловон Чойдаг нар юм. Эдгээр мэргэдээ номыг анх зохиосон, түүнд тайлбар хийсэн хэмээн хоёр чуулганд хуваадаг. Үүнд: Шастир номыг анхлан зохиосон гурав: Бурхан багшийн “Ширчиндо” судрын гол утгыг зохиосон Нагаржунай, Асанга, Ловон Чоглан гурав юм. Судар, шастирт тайлбар хийсэн гурав: Нагаржуна гэгээний номын гол утгыг тайлбарлан дэлгэрүүлсэн Арьяндэв, Асанга гэгээний номын гол утгыг тайлбарлан дэлгэрүүлсэн Ловон Егнэн, Ловон Чоглангийн номыг дэлгэрүүлэн тайлбарласан Ловон Балдан Чойдаг нар юм. Дээрх зургаан мэргэд бол Бурхан багшийн номлолын гол утгыг маш гүнзгий гарган тайлбарлаж, түгээн дэлгэрэх нөхцлийг бүрдүүлсэн учраас ертөнцийн зургаан чимэг хэмээн дээдлэгдсэн юм.