Гамалашила - Цогт Наландрын 17 их бандида

Гамалашила

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

8. Гамалашила

Түвдэд шашныг ариунаар дэлгэрүүлэн зохиосон Ханчин бодьсадва Шиваанцо гэгээн таалал барахаасаа өмнө гэрээслэлдээ, Түвд орны газар нутаг, цаг уурын онцлог байдлаас үүдээд бусад орноос тэрсүүд үзэл ирж дэлгэрэх боломжгүй хэдий ч цаг хугацааны эрхээр дотоодын олон үзэл онолуууд хоорондоо тэрсэлдэн тэмцэлдэх өдөр ирж болзошгүй бөгөөд энэ үед Энэтхэгийн Сахор нутагт сууж буй миний шавь Гамалашилаг залаарай хэмээсэн. Мэргэн бүтээлч гэгдэх Гамалашила гэгээний гарал үүсэл, эцэг эхийн нэр түүхэнд тодорхой бус үлдсэн байдаг. Энэ нь хоосон чанарыг онож, бодь сэтгэлийг олсон мэргэд дээдэс “Би”-д барих атгаг үзлээс хагацаж, энгийн даруу болсон байдагтай нь холбоотой. Энэ үе бол, бурхны шашин цастын оронд анх дэлгэрэхэд сахил авсан анхны долоон шавийн нэг болох Бяруузанаг хавчин шахаж нутгаасаа хөөн явуулаад, бас нэгэн шавь Бал Жамъян түүнийг орлон Самъяа хийдэд үлдсэн үе байдаг. Мөн анхны долоогийн нэг болох Ишэгомбуу аглагийг шүтэн бясалгалд суухаар Маров Лозоваг хайн Лховрог нутгийг зорьсон байжээ. Тэгтэл Самъяа хийдийн харъяа Миеэсамдинлин хийдэд сурч байсан хятад шавь нарын дотроос Хуушаан Махаяана (Хашин) хэмээх нэгэн гэлэн шинэ үзэл, урсгал гарган иржээ. Хуушаан “Бид буян хийж байна хэмээн хурал хурж, зул хүж өргөж, маани мэгзэм уншиж, мөргөл бүтээл хийж байгаа нь шашны гол ажил биш бөгөөд үүгээрээ бид Ханчин бодьсадва Шиваанцо гэгээний дэлгэрүүлсэн бурхны ном сургаалыг буруу авч яваад байна. Харин бидний гол хийх ажил бол бясалгал бүтээл хийж, бие, хэл, сэтгэлээ чөлөөлөх учиртай. Үл бодох, үл ярихыг баримтлах нь гэгээрэлд хүргэх бурхны зөв зам мөн хэмээжээ. Энэ үзлийг “Юу ч үгүйн үзэл” гэж нэрлэх бөгөөд тэд оргүй хоосныг бясалгах нь “Хоосон чанар” хэмээн тодорхойлсон нь өөрийгөө дайчлах дургүй, амар хялбарт дуртай шавь нугуудын зан араншинд ихэд таалагдсан байдаг. Юу ч бодохгүй бясалган суугаа нь эцэстээ үр дүн авчраад байгаа мэт эндүүрсэн бодлууд тэдэнд төрж, улмаар Ханчин бодьсадва Шиваанцо гэгээний зөгнөн хэлснээр алдарт Самъяа хийдийн ихэнх хуврагууд энэхүү буруу үзлийг даган тахал мэт тархаж хийдэд шавь нарын дотор хагарал, зөрчил үүсэх болжээ. Хийдийн удирдлага хаанд бараалхан “Ханчин бодьсадва Шиваанцогийн номоор шавь нар явахаа больж, тэд үзэл, явдал таарахгүйгээс хүч үзэж, зодолдох зэрэг зөрчил гарах болов. Одоо яах хэрэгтэй вэ?” хэмээжээ. Хаан “Анхны долоог бүгдийг цуглуул. Явсан Ишэгомбуг олж ир” хэмээн зарлиг буулгажээ. Ишэгомбуг олохоор хоёр ч удаа элч явуулаад олж ирж чадсангүйд хаан хилэгнэн “Энэ удаа олж ирэхгүй бол толгойгүй гэж мэд” хэмээсэн байна. Шувуунаас өөр амьтан үл хүрэх халил хавцлын оройд олс дээс шидэн авирч, хүнд бэрхийг туулан явсаар Ишэгомбуг арайхийн олсон боловч Ишэгомбу эхлээд тэдэнтэй явахаас татгалзсан боловч эцэст нь хүний амь настай холбоотой асуудал учраас бясалгалаа зогсоон хаанд ирж бараалхаад “Намайг ном буянаа хийгээд өөрийн замаар явж байхад юунд ийнхүү хүчлэн дуудав?” хэмээсэнд хаан болж буй үйл явдлыг тайлбарлан ойлгуулжээ. Тэгэхэд нь Ишэгомбу “Ханчин бодисадва Шиваанцо ийм явдал болохыг эртнээс болгоон гэрээслэл үлдээснийг та бүхэн санаж байна уу?” хэмээсэнд хаан дуу алдан захиасыг санасан байдаг. Ингээд яаралтай элч зарж Энэтхэг үрүү Гамалашила гэгээнийг залахаар явуулжээ. Номонд “Ингээд Гамалашила гэгээнийг залан иржээ” гэсэн ганцхан өгүүлбэр байдаг боловч түүний цаана Цаст өндөр уулсын Түвд орноос халуун орон Энэтхэгийг зорин яваад Гамалашила гэгээнийг залж ирнэ гэдэг бол маш их хугацаа, хөдөлмөр, хүчин чармайлт байдаг. Энэ үед Хуушааны үзэл улам гааран даамжирсан бөгөөд энэ нь зориуд хорлох гэсэн санаа бус, харин ном сургаалыг өөрийн хэл дээр хөрвүүлэхдээ гаргасан алдаа, ойлголтын зөрүүгээс үүдсэн хэмээн мэргэд дээдэс үздэг байна. Хаан болоод хийдийн удирдлагаас “Та бүхэн үзлийн алдаа эндүүрэлд оржээ. Удахгүй, алдарт Ханчин бодьсадва Шиваанцо гэгээний алдарт шавь Гамалашила ирж та бүхэнд зөв бурууг ялган нотлох болно” хэмээхэд тэд хүлээн зөвшөөрөлгүй номоор тэмцэнэ хэмээн бэлдэж байжээ. Номыг судлагч, орчуулагчийн үгийн алдаа нь утгын болон үзлийн эндүүрлийг ийнхүү бий болгодог гэмтэй ажээ. Их Замбуу мөрний наана, цаанаас Гамалашила гэгээн, Хуушааныхан уулзсан гэдэг. Угтсан хүмүүсийн ихэнх нь Хуушааны үзэл бодлыг дэмжигчид байсан бөгөөд Гамалашила гэгээн тэднийг хараад “Намайг угтагч эдгээр нь оюун ухаанаараа учир шалтгаант үзэл бодлыг ойлгодог болов уу? Яадаг бол?” хэмээн ихэд санаа зовсон гэдэг. Угтагчид нь бурхны шашны үзэл бодлыг тодорхой хэмжээнд бясалган өөрсдийн үзэл бодлыг оюундаа бүтээсэн хүмүүс байв. Энэтхэгт тэрсүүдүүд учир шалтгааны эрэл хайгуулыг оюун ухаанаараа хийн бясалгасаар өөрсдийн эндүүрсэн үзлийг бүтээсэн байдаг хийгээд тэдэнтэй бурхны шашны үзлийг хамгаалан номын мэтгэлцээнийг хийсээр ирсэн. Харин тэгтэл Гамалашила гэгээн урьд учирч байгаагүй шинэ үзэл бодолтой тулгарах хэрэгтэй болсондоо ихэд санаа зовнисон гэдэг. Ингээд тэд их мөрний хоёр эргээс ном хаялцаж эхэлжээ. Гамалашила гэгээн “Хорвоо гэж юу вэ?” хэмээн асуугаад агаарт эрхээ эргүүлсэн байдаг. Хариуд нь Хуушаанууд орхимжоороо толгойгоо бүтээсэн бөгөөд энэ нь “Хорвоо бол мунхаг” хэмээсэн хариулт байжээ. Энэ үйлдлээр нь Гамалашила гэгээн “Хушаануудтай учир шалтгааныг ярилцаж, хүлээн зөвшөөрүүлэх боломжтой юм байна” хэмээн бага ч болов тайвширсан байна. Тухайн цагт оюуны тэмцлийг хийхдээ нутгийн эзэн хааныг гэрчид суулган бусад бага хаад, түшмэд, ард иргэдийн нүдэн дээр мэтгэлцээнийг явуулдаг бөгөөд ялагдсан тал нь ялсан талдаа бүгд шавь орох, эсвэл их мөрөнд үйж үхэх журамтай байсан тухай бид өмнө өгүүлсэн. Энэ бол оюуны үзэл бодол нь хувь хүний амьдрал, аз жаргал төдийгүй, нийгэм хүн төрөлхтөн зөв хөгжиж амьтан бүхэн аз жаргалтай амьдрахад хэр хэмжээнд чухал болохыг үзүүлж байгаагийн нэгэн илрэл билээ. Энэ удаагийн тэмцлийн болзол арай зөөлөн байжээ. Мэтгэлцэхээр товлосон өдөр ирэхэд хаан түүнийг зохион байгуулж, зүүн талдаа Гамалашилаг, баруун талдаа Хуушааныг суулгаж тэдэнд тус бүр нэг цэцгэн эрхийг өргөн, зүүж өгөөд “Ялагдагч тал нь ялсан талдаа өөрийн цэцгэн эрхийг зүүж өгөөд манай Түвд нутгаас үүрд яваарай” хэмээн тэмцлийн дүрмийг дурьтган сануулаад мэтгэлцээнийг эхлүүлэв. Тэмцлийг Хуушааны Махаяана (Хашин) багш эхлүүлсэн бөгөөд “Гэрэлт нарыг хааж байгаа нь хар үүл үү? цагаан үүл үү? гэдгээс үл хамаарч, үүл байгаа цагт нарыг хаадагт хамаг учир оршиж байна. Үүний нэгэн адил бусдыг энэрэн нигүүлсэж, бусдад сайхан сэтгэл үүсгэн эргэл мөргөл хийх зэргээр буян хийх болоод бусдыг хорлох нүглийн үйл хийх хоёрын аль аль нь бурхан болон гэгээрэхэд саад тотгор болно. Учир нь орчлон хорвоогийн хамаг амьтад бие, хэл, сэтгэлээрээ үйл үйлдэж л байгаа цагт үйл нисваанисыг хийж, ингэснээрээ үйлээс хагацаж бурхны хутгийг олж гэгээрч чадахгүй юм. Бурхан багш бээр мөн чанар үгүй , мөн чанараас бүтээгүй мэтчилэн үгүй гэсэн үгүйсгэлийг олонтоо айлдсан нь юу ч үгүй гэдгийг тодотгон айлдсан бөгөөд Бурхан багш гэгээрэлд хүрсэн хамгийн гол нууц нь юуг ч үл хийж, үл бодсонд байна. “ хэмээжээ. Энэ нь Хуушаан нар Бурхан багшийн хоосон чанарыг номлосон “Ширнэн” сударт айлдсан “Өнгө үгүй, амт үгүй, үнэр үгүй …” гэсэн үгийн утгыг буруу ойлгосон явдалд байв. Утганд бус үгэнд шүтэгчдийн хувьд ийнхүү эндүүрэл, төөрөгдөлд орох нь элбэг бөгөөд “өнгө үгүй” хэмээснийг түүний өмнөх мөрөнд нь айлдсан “өөрийн мөн чанараас бүтсэн” хэмээсэн үгтэй нь холбож “өөрийн мөн чанараас бүтсэн өнгө үгүй” хэмээсэн цагт сая зөв утга гарах байсан байна. Эс тэгвээс “нүд үгүй , чих үгүй …” хэмээн таслан ойлговол, эдгээрийг үл оршино хэмээн эндүүрэх болно. Гамалашила гэгээн түүний үзэл бодлыг няцаахдаа “Өөрийн тань үзэж байгаагаар бурхны хутгийг олно гэдэг нь хэнд ч хэрэггүй юм байна. Хүн өөрөө ч хаашаа зорьж буйгаа мэдэхгүй, тэр тухай бодохгүйгээр юу бүтээж буйгаа хэрхэн мэдэх вэ? Хүн өчигдөр болон өглөө, одоо юу хийж буйгаа үл мэдэж, бүхнийг мартан устга, өнгөрсөн бүхнийг оюун бодол тархинаасаа авч хая хэмээж буй нь тархин дундуураа сүхээр цохиулан ухаан алдан унасан хүнээс ялгаа юу байх билээ? Тэгэхээр юуг ч санахгүй, юуг ч зорихгүй, яг л мунхаг өвчтэй хүн мэт явсаар бурхны хутгийг олно хэмээсэн таны заасан замаар явснаас, харин юуг ч зорихгүй, адгуус мэт хоолоо хайсан мөрөөр зорчин явах нь дээр бус уу? Мөн “Юу ч үл бодно” гэсэн бодол чинь өөрөө бас л бодол шүү дээ. Тиймээс юу ч бодохгүй байна гэдэг нь боломжгүй юм” хэмээжээ. Ийнхүү Гамалашила гэгээн Хуушааны багшийн нотолгоог эрс няцааж “..юу ч бодохгүй байх..” үзэл чинь буруудчихлаа, хамаг амьтан орчлон хорвоод оршин буй нь үйлээс нь шалтгаалах ба бодсон бодол, үйлдсэн үйлийнхээ бурууг, зөв бодол зөв үйлдлээр засахыг чармайхын оронд, юуг ч үл бодон, үл үйлдэн суух нь гэгээрлийн зам мөр биш болохыг үзүүлжээ. Тиймээс бурууг арилгахын тулд зөв болгох аргыг эрэлхийлэн олж үйлдэх хэрэгтэй бөгөөд Бурхан багш юуг ч үл бодон, үл үйлдсэнээр гэгээрсэн бус харин ч зөв буруу үйлүүдийг учир шалтгааны үүднээс бясалган шинжилж танин бариад, бурууг хорьж зөвийг бясалган дадуулж, үйлдсэнээрээ гэгээрсэн болохыг үзүүлжээ. Хуушааны багш, задлан шинжилж бясалган дадуулахыг эрс эсэргүүцсэнээрээ Бурханы хутгийг олох зорилго болсон эх болсон хамаг амьтны тусыг бүтээе хэмээсэн санаа зоригдол нь бусад бодлын хамт арчигдчихлаа. Тиймээс таны үзэл онол Бурханы ном сургаал биш, эндүүрэл болох нь нотлогдож байна. Бурхан болох зам мөр гэдэг бодьсадын сэтгэлээр өдөөгдөж эх болсон хамаг амьтныг энэрэн нигүүлсэе хэмээсэн зорилго бөгөөд юмсын мөн чанарыг үнэн мөнөөр таньсан хоосон чанарыг оносон билэг оюуныг бодь сэтгэлтэй хослуулан байж бид Бурханы хутгийг олоход оршино. Иймд таны юу ч үгүй хоосон гэдэг үзэл зөв байх боломжгүй ч юм байна хэмээн нотолжээ. Гэтэл хуушааны Махаяана багш хариуд нь “Тэр байж болно. Гэхдээ юу ч бодохгүй эргэлзээ тээнэгэлзээ, хүсэл шунал үйлдэлгүй, оргүй хоосонд өөрийгөө чөлөөлснөөр огторгуй агаар мэт байж чадахыг бодьсадын аравдугаар газар хэмээдэг шүү дээ” гэхэд хоёр багшийг сонсож суусан хаан “Хоёр багшийн мэтгэлцээн, үзэл бодлыг сонслоо. Та хоёр хэн хэн нь зөв мэт тэнцүү байж чадлаа. Тиймээс одоо, та хоёр бус та хоёрыг дагалдагч шавь нар үгээ хэлэх хэрэгтэй, хэмээхэд хуушаан Махаяанагийн шавь нар өөрсдийн үзэл бодлыг тайлбарлаж, дараа нь хийдийн тэргүүн Бал Жамъяан өөрийн талын үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Аливаа зүйл анхан шатнаасаа эхлэн өгсдөг мөн чанартай тул юу ч үл хийж, үл бодвоос өсөлт ирэхгүй. Харин ч ухаан санаа самуурсан нь тархин дундуураа татуулсан мэт болох бөгөөд гэнэт бодьсадын аравдугаар газарт хүрсэн байх нь боломжгүй. Зөвхөн бодьсадын нэгдүгээр газарт хүрэхийн тулд, эгэл бодьсадва болсныхоо дараа чуулганы (цоглом) болон найруулгын (жорлом) мөрөөр явж хоосон чанарыг илтэд оносны дараа үзэхүйн мөрд хүрэх бөгөөд ингэснээрээ бодьсадын нэгдүгээр газарт хүрдэг. Энэ мэт бодьсадын ариусаагүй таван газар, ариуссан таван газар нийт арван газрыг туулж байж бодьсадын аравдугаар газарт хүрдэг. Өөрөөр хэлбэл хичээл шамдал, дадал бясалгалыг үйлдэн сууж, хоосон чанарыг оносон билэг оюуныг төвшин төвшнөөр дээшлүүлж, шат дараалан өгсөж явсаар бодьсадын сэтгэл нь аравдугаар газрыг олдог билээ. Тэгэхээр юу ч үгүйн бясалгал хийгээд шууд бодьсадын аравдугаар газарт хүрнэ, Бурхан болон гэгээрнэ гэдэг нь боломжгүй юм. Өндөр ууланд гарахад доороос нь дээшлэн өгсөж явсаар гардаг уу? эсвэл бэлд нь байж байтал гэнэт оройд нь гарсан байдаг уу? хэмээн асуухад Хуушааны багш, шавь нар хэлэх үггүй болж өөрийн хүзүүн дэх цэцгэн эрхээ Гамалашила гэгээний хүзүүнд зүүн өгчээ. Тухайн үед бүтэн өдрийн турш болсон үйл явдлыг товчлон хурааж энэхүү их тэмцлийн нэгээхэн хэсгийг үзүүлсэн бөгөөд шавь Ишэгомбу олон гайхамшигтай тайлбар нотолгоог мөн хийсэн байдаг ажээ. Ингээд мэтгэлцээний дүрмийн дагуу Хуушааны талынхан цастын орныг орхин одох ёстой болсонд зарим шавь нар нь ичгүүрт байдалтайгаа эвлэрч чадалгүй амиа егүүтгэсэн гэдэг. Ингээд хаанаас дахин Хуушааны ном суртлыг дагахыг хориглосон зарлиг гаргаж, Хуушааны ном суртгаалуудыг тэмдэглэсэн ном зохиолыг гүн нүх ухаж булсан байна. Энэ бүх үйл явдлын дараа хаан Гамалашила гэгээнээс “Одоо бид буруу үзэл, номоос саллаа. Цаашид ямар зөв ном сургаалыг дагах ёстой болохыг үзүүлж хайрла” хэмээсэнд Гамалашила гэгээн урьд нь Энэтхэгт суухдаа зохиосон байсан “Төв үзлийн үзэгдэл” (Ума нама) хэмээх номоо хааны хүсэлтээр маш их хялбаршуулан, анхлан суралцагсдад зориулан зохиожээ. Уг бүтээлдээ Бурхан багш бясалгалын тухай юу айлдсан, хоосон чанарыг хэрхэн ойлгох, ямар ном судар судлах, хэрхэн бясалгах зэргийг бурхны айлдсан Ганжуур судраас олон сайхан иш татан үзүүлжээ. Хаан түүнийг нь хүлээн авч, уншиж үзээд “Бид нэгэн насанд гэгээрэх нь байна гэж үү? Гэхдээ ийм олон зүйлийг уншиж мэдээд, нэгэн суудал дээр бүгдийг бодож, бүтээж бясалгахад энэ нас хүрэлцэхгүй юм байна. Үүнээс ч илүүгээр хялбаршуулан үзүүлж болохгүй юу?” хэмээн дахин хүсэлт тавьжээ. Гамалашила гэгээн энэ хүсэлтэд нь зориулан бясалгалын гурван зэргэмж (Гомрим дамбуу-анхдугаар зэргэмж, Гомрим гава-бясалгалын дунд зэргэмж, Гомрим тама-бясалгалын эцсийн зэргэмж) хэмээх алдарт зохиолоо Төвд нутагт суухдаа туурвисан гэдэг. Гамалашила гэгээн урьд нь Энэтхэгт суухдаа “Төв үзлийн үзэгдэл” хэмээх номоо зохиосон байсан бөгөөд шавь нугууд эхлээд энэ номыг багшаас сонсож, уншиж судлаад дараа нь бясалгалын энэхүү гурван зэргэмжээр дэс дараалан явах ёстой байна. Өөрөөр хэлбэл “Сонсох, санах, бясалгах” гэсэн дэс дарааллын дагуу үйлдэх учиртай байдаг байна. Үүнийг багахан дэлгэрүүлбэл:“Гомрим дамбуу” буюу “Бясалгалын анхдугаар зэргэмж”-д (эхний шатанд) хоосон чанар гэж юу болох, бодьсадын сэтгэлийг хэрхэн үүсгэсээр олох арга ухаануудыг сонсох, санах, бясалгах замаар үйлдэх,“Гомрим гава” буюу “Бясалгалын дунд зэргэмж”-д анхдугаар зэргэмжийн ойлголтуудыг товчлон хурааж өгөөд, “амарлингуй оршихуй” болон “үлэмж үзэхүй”-г хэрхэн хослон бүтээхийг үзүүлжээ. Хаан энэ бүхнийг ойлгож мэдээд “Той, сам, гом юм байна” хэмээсэн байдаг. “Той” хэмээсэн нь “сонсох” гэсэн утгатай. “Сам” хэмээсэн нь “санах” гэсэн утгатай. “Гом” хэмээсэн нь “бясалгах” гэсэн утгатай ажээ.“Гомрим тама” буюу “Бясалгалын эцсийн зэргэмж”-д “Анхдугаар болон дунд зэргэмжийн дагуу бясалгаж бүтээгээд ямар үр дүнд хүрэх болой?” хэмээсэн хааны асуултанд хариу болгон бясалгал бүтээлээ хийгээд ямар үр дүнд хүрэх, бурхны хутаг, гэгээрэл гэж юу болох талаар үзүүлжээ. Ийнхүү Гамалашила гэгээн, Нагаржуна гэгээний төв үзлийн сургаалыг гол шүн болгон, хүмүүний зөв явдал мөр нь бие, хэл сэтгэлээрээ арван цагаан буяны чуулганыг бүтээх явдал хэмээн үзүүлсэн бөгөөд Түвдэд дэлгэрсэн энэ үзлийг “Нямава ёс” хэмээх болжээ. Ингэж цастын оронд аугаа гэгээн Гамалашилагийн ачаар бурхны ном эргээд зөв гольдролдоо орж түгэн дэлгэрсэн түүхтэй. Гамалашила гэгээнтэн ум ранжадвын (өөрийн үндэстний төв үзэл[S1] ) тогтсон тааллын “Төв үзлийн үзэгдэл” хэмээх зохиолоо энгийн хүнд ойлгомжтой амар хялбараар зохион дэлгэрүүлэхийн зэрэгцээ бясалгалын гурван зэргэмжийн номоо бүтээн шашныг зөв гольдролд нь оруулан хөгжүүлснээр өөрийн багш Ханчин бодьсадва Шиваанцо гэгээнтний үүсгэсэн бурхны шашинг сэвтэхээс нь хамгаалж чадсан байдаг. “Төв үзлийн үзэгдэл” хэмээх зохиол нь хоосон чанарыг оноход хамгийн чухал зүйл болох өөрийн үндэсний төв үзлийн хоригдохууныг таних мэдэгдэхүүнийг машид дэлгэрэнгүй үзүүлсэн. Энэхүү судрыг үзсэнээр гэгээрэлд тэмүүлж буй бодгаль юуг, яаж хорих ёстойг суралцах гайхамшигтай гарын авлага болдог. Өөрийн үндэсний төв үзлийг дотор нь егүзэрийн ба судрын хэмээн хоёр ангилдаг бөгөөд эцэг хүү хэмээн нэрлэгдсэн багш Ханчин бодьсадва Шиваанцо, Гамалашила тэргүүтэй түүний шавь дагалдагч нарыг “Өөрийн үндэстний төв үзлийн егүзэрийн явдалтан” хэмээн нэрлэдэг. Харин Лэгдэнжид тэргүүтэй “Өөрийн үндэсний төв үзэлтэн”-гүүдийг “өөрийн үндэсний төв үзлийн судрын явдалтан” хэмээдэг байна. Энэтхэгийн мэргэдийг ихэнх бүтээл нь хурц ухаантай, өндөр төвшний сонсогчдын оюунд таацуулан товч хураангуй, гүнзгий утгатай айлдсан байдаг тул шууд орчуулан гаргахад эгэл төрөлхийтөнд төдийлөн ойлгомжгүй байдаг. Тиймээс Түвдэд зохиогдсон бүтээлүүд нь илүү энгийн, ойлгомжтой болсон байдаг хэмээн мэргэд дээдэс үздэг ажээ. Гамалашила гэгээний бясалгалын гурван зэргэмжийн тухай айлдсан зохиол нь Энэтхэгийн бандида нарын Түвд оронд зохиосон анхны бүтээл байх магадлалтай бөгөөд анхлан номонд орж буй, төдийлөн нарийн аньс явдлыг ойлгож амжаагүй эгэл төрөлхийтөнд зориулан нийтэд хүртээмжтэй амар хялбар, энгийн ойлгомжтой сургаж айлдсан тул өнөө цагийн хүмүүст ч суралцаж ойлгоход илүү дөхөмтэй байдаг. Хожим Жовужи Балдан Адиша гэгээн Түвдөд залрах үедээ ”Бодь мөрийн зул“ хэмээх зохиолоо туурвиад Наландарын хийдийн журмын дагуу Энэтхэгийн бандида нарт шүүлгэхээр илгээсэнд Наландарын хийдийн бандида нар үзээд туйлын ихээр магтан сайшааж, бурхны гүн нарийн сургаалыг ийнхүү энгийн бөгөөд товч тодорхой айлдсан нь хожмын хүмүүст маш их тустай болжээ хэмээн дүгнээд хэвлэн олшруулж нийтэд тараах тамгаа дарсан байдаг. Гамалашила гэгээний бүтээж соёрхсон бясалгалын гурван зэргэмжийн тухай энэхүү ном нь өдгөө ч бидэнд дамжлага нь тасралгүй уламжлагдан ирж адис жанлаваа хайрлаж байна. Өнөө цагт Далай багшийн барууны оронд айлдаж буй ном сургаал нь маш энгийн жишээ, үг хэллэгтэй байдаг нь бурхны шашин ихэд дэлгэрээгүй тэдний хувьд ойлгоход илүү хялбар дөхөм байдаг. Харин Далай багш лам нарт номоо айлдахдаа гүнзгий утга, үг хэллэгтэй жишээг судар номоос иш авдаг. Ийнхүү Гамалашила гэгээн Цастын оронд янз бүрийн таарамжгүй онол үзэл үүсэж бурхны шашинг сэвтүүлэхээс хамгаалж, ном бүтээлээ туурвиж түгээн дэлгэрүүлээгүй бол бурхны шашны ариун ном сургаал дэлхийд устаж үгүй болсон байх магадлалтай хийгээд Гамалашила гэгээний ачаар судар тарнийн ёс явдал дэлхийн бусад оронд үнэн зөв тархах боломжийг бүрдүүлсэн нь бурхны шашинд оруулсан том хувь нэмэр юм. Хожим Энэтхэг оронд бурхны ном, бясалгал бууран доройтоод, зөв хадгалагдан үлдсэн Түвд орноос залагдан буцаж тархсан байдаг. Харамсалтай нь Хуушаанууд түүнийг бясалгал бүтээлээ хийж даянд оршиж байх үед нь дөрвөн хүн явуулж хоёр бөөрийг нь авсан байдаг. Хуушааны бусармаг үйлдэл нь тэдний гаргасан шашны ёс суртахуун ямар бусармаг байсныг харуулаад зогсохгүй Гамалашила гэгээн тийнхүү таслан зогсоогоогүй бол бурхны шашинд ямар их аюул занал учруулах байсан нь тодорхой буй за. Бодьсадва нар хэзээ ч өөртөө ирсэн үхлийн аюулыг сөрдөггүй. Үйл үйлдсэн учраас үрийг нь эдлэх ёстой хэмээн үзээд өөрийгөө хорлож буй тэднийг энэрэх бодь сэтгэлээ алдалгүй байсаар амиа алддаг. Нагаржуна гэгээнийг ч мөн л олон янзын аргаар хөнөөхөөр оролдоод бүтэхгүй байсанд Нагаржунай гэгээн тэднийг энэрэн нигүүлсэж өвс ашиглан өөрийг нь хөнөөх аргыг зааж өгсөн тухай бид өмнө өгүүлж байсан. Үүгээрээ дээдэс мэргэд үйлийн үрийн хөдөлшгүй хуулийг өөрийн амь биеэрээ номлон харуулж буй нь энэ буй за. Хэдийгээр Гамалашила гэгээний биеийг нь хөнөөвч, сургаал ном нь дэлхий нийтэд хадгалагдан үлдсэн юм.