Гунапрабха (Ёндон-Од) - Цогт Наландрын 17 их бандида

Гунапрабха (Ёндон-Од)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

15. Гунапрабха (Ёндон-Од)

Өмнөх бүлгүүдэд Ловон Егнэнд, нэг нэг эрдмээрээ түүнээс (багшаасаа) давж гарсан дөрвөн их шавь байсан тухай өгүүлсэн. Ёндон-Од бол эдгээр дөрвөн их шавийн нэг бөгөөд багшаасаа винайн ёсны эрдмээрээ илүү байжээ. Түүний тухай тодорхой намтар түүх ховор бөгөөд бидэнд өвлөгдөн ирсэн намтарт түүнийг бярман язгуурт төрөл зохиосон хэмээн дурдсан бөгөөд эцэг, эхийнх нь нэр тодорхойгүй байдаг. Бярман язгуурын айлд мэндэлсэн учраас бага наснаасаа эхлэн тэрсүүд ёсны гүн нарийн үзлийг сайтар судалж, улмаар тэрсүүдийн тогтсон таалалд машид мэргэн болсон байна. Мөн үүний зэрэгцээ эртний Энэтхэгийн язгуур ухааны нэг болсон нийтийн дуун ухаанд (яруу найраг, эвсүүлэн зохиох ухаан, хэл зүйн эрдмүүд гэх мэт) машид мэргэн болжээ. Мэргэд дээдсийн таамаглаж байгаагаар 20 настай байх үедээ өөрийн төрсөн нутаг Жумлагийн бурхны шашны хийдэд шавилан сууж гэлэн сахил авч хожим нь Ловон Егнэнд шавь орсон хэмээдэг. Тогтсон тааллын хувьд эхэн үедээ бага хөлгөний өвөрмөц өгүүлэгчийн 18 аймгийн ном сургаалыг судлан түүнд мэргэшсэн бол Ловон Егнэнд шавь орсноор их хөлгөний ёс уламжлал, түүн дотроо винайн ёсны ном сургаалыг машид гүнзгийрүүлэн үзэж судалсан байна. Нянтойн аймаг савын ном нь өвөрмөц өгүүлэгчийн 18 аймаг номын нэг бөгөөд Ёндон–Од гэгээн нь нянтойн аймаг савын ном төдийгүй, 18 аймаг ном сургаалыг бүгдийг гүйцээн үзэж мэргэшсэн учраас түүнийг “Винайг эрхшээсэн эзэн” хэмээн түүхэнд алдаршуулжээ. Бага хөлгөний ном сургаалд винайн ёсыг хамгийн нарийн гаргасан байдаг. Тиймээс бага хөлгөний өвөрмөц өгүүлэгчийн 18 тогтсон тааллыг бүгдийг гүйцээж үзнэ гэдэг бол винайн ёсонд төдийчинээ мэргэшнэ гэсэн үг юм. Түүний хүлээн авсан тогтсон таалал нь юмс бүхнийг (суурь бүхнийг буйд өгүүлэгчийн ёс) бултаар байхуйд өгүүлэгчийн ёс байжээ. Энэ ёсны дагуу ”Дүлваан до зава” буюу “Винайн судрын үндэс” хэмээх алдарт зохиолоо туурвисан бөгөөд энэ нь одоо ч винайн ёсны гол гарын авлага болсоор байгаа ажээ. Улмаар төрсөн нутаг Жумладаа эргэж заларч, бурхны шашны “Ада бури” хийдэд шавь нарыг ном сургаалаар тэтгэн суусан байна. Үг ба утганд хоёуланд нь дээд болсон хүнийг мэргэн гэдэг. Ёндон-Од гэгээн маш мэргэн багш байсан бөгөөд шавь нарын тоо нь маш олон болсны дотор гэлэн сахилтай 5000 багш түүнд шавь орсон байдаг. Ёндон-Од гэгээн “Дүлва бумдэ” буюу “Винайн буман аймаг” номыг цээжлэн, өдөр тутмын уншлага болгож түүнийгээ чанд мөрддөг байсан бөгөөд түүний ийм шавь нарын тоо тухайн үедээ 500 орчим байжээ. Түүний шавь нар винайн ёсыг амь лугаа харгалзуулан, өчүүхэн ч хир халдаахгүй сахиж чаддаг байсан байна. Тухайлбал, сахиж чадалгүй алдсан байхад төдийлөн алдас, гэм гарахааргүй 112 бүдүүн унал байдаг бөгөөд, түүний шавь нар ийм бүдүүн уналуудаас ч нэгийг ч гаргахгүй ариунаар сахиж чаддаг, алдсан тохиолдолд даруй наманчлан арилгаж чаддаг байсан нь Бурхан багшийн үеийнхтэй адил байсан хэмээн мэргэд дээдэс шагшин магтдаг. Энэ мэт олон гэлэн шавь нар сахилаа нарийнаас бүдүүнийг хүртэл ариунаар сахисны өлзий хутаг тэр нутаг оронд оршиж элдэв зүйлийн сайхан шинж тэмдэг олон гарсан байдаг. Үүнээс нэгийг дурдвал, нутгийн эзэн хаан Ширэ Хаши өөрийн түшмэл Мадингараг шийтгэх үедээ түүний цаазын ялыг хэлтрүүлж, оронд нь хоёр нүдийг нь ухах шийтгэл оноожээ. Хааны зарлиг ёсоор шийтгэл авч сохорсон түшмэл, Ёндон-Од гэгээн болон түүний гэлэн шавь нар дээр ирж аврал эрсэн байна. Тэгэхэд нь тэд “Багш, шавь бидний сахил санваараа ариунаар сахисны хүчээр энэ хүний өвчин зовлон илааршиж, урьдын адил бүрэн бүтэн нүдтэй болох болтугай” хэмээн ерөөл тависанд “үнэнийн хүч”-ээр түшмэлийн нүд шинээр ургажээ. Бурхан багш болон түүний шавь нарын дотор “үнэнийг өгүүлсэн” түүх олон байдаг. Бурхан багшийн үеэл Девадат буюу Лхайжин ямагт Бурхан багштай тэрсэлддэг байсан бөгөөд нэгэн удаа хэтрүүлэн уусан эмэндээ хордоод маш ихээр зовж тарчлан үхлийн ирмэгт ам нас нь тулсан байдаг. Энэ үед Бурхан багш түүний зулайд мутраа хүргээд “Миний мах цусны тасархай болсон хүү Рахула болон мөнхөд надаа тотгор үйлдэгч Девадат хоёрыг энэрэх сэтгэл маань яг ижилхэн нь үнэн болвоос Девадатын бие нь илаарших болтугай” хэмээсэнд Девадатын уусан эмийн хор нь бүрэн гадагшилж, бие нь илааршиж, эсэн мэнд болсон байдаг. Энэ явдлыг эзэн хаан олж дуулаад туйлын ихээр бишрэн сүжиглэж өөрийн биеэр Ёндон-Од гэгээнд бараалхаж төрийн багшаараа хүндэтгэн залж, өөрийн хэмжээнд хүндлэх зарлиг буулгаж, өргөл барьцыг агуу ихээр зохиох болжээ. Энэ их эрх мэдэл, өргөл барьцын дунд Ёндон-Од гэгээн өөрийн баримталдаг дэг жаягийг өчүүхэн төдий ч алдалгүй сахилаа нарийнаар сахиж чаддаг байсан байна. Өмсөж зүүх нь тоотой, идэж хэрэглэх нь хэмжээтэй, суугаагаараа унтаж, өргөл барьц болгоноос өчүүхнийг ч өөртөө хүртэлгүй тэр чигээр нь хийддээ олон шавь нарийн хэрэгцээнд өргөдөг байжээ. Тэрбээр өндөр насыг насалж төрсөн нутаг Жумладаа таалал барж, жанч халсан гэдэг.