Дармагирди - Балданчойдаг - Цогт Наландрын 17 их бандида

Дармагирди (Балданчойдаг)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

12. Дармагирди (Балданчойдаг)

Наландарын 17 бандидагийн дотроос шалгадаг ухаанаараа өндөр зэрэгт хүрсэн хоёр бандида бий. Түүний нэг нь “Парчин” буюу билиг барамидийн судар дотор багтсан “Цадма Нам дэл” номыг зохиосон бандида Дармагирди буюу Балданчойдаг (Ловон Чойдаг) юм. Дармагирди гэгээн Өмнөд Энэтхэгийн Димала буюу одоогийн Сэра, Гоман дацангийн ойролцоо нутагт тэрсүүд үзэлт Ронян Нэндарын хүү болон лагшин мэндэлжээ. Бага насандаа аливаа зүйлийн учрыг олох, хүлээж авах чадвар, ой тогтоолт сайтай сэргэлэн хүүхэд байсан бөгөөд 17 нас хүртлээ эцгийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн тэрсүүд үзлийн тогтсон таалал бүрийн сургаалуудыг нэгд нэгэнгүй үзэж судалжээ. Тэрээр ийнхүү сурч судлах явцдаа тогтсон тааллуудын алдаатай буруу талуудыг оюунаараа шинжлэн ямар ч хуурмаггүйгээр гарган ирсэн бөгөөд анагаах ухаан, урлахуй ухаан зэрэг арван их, бага ухааныг гаргууд эзэмшиж тэрсүүд үзэлтнүүд дотор хамгийн мэдлэгтэй, биширч дагахуйц нэгэн болон хүндлэгджээ. Дармагирдигийн ном үзэж судлах үйл нь арвин бөгөөд нэг өдөр Бурхан багшийн зарлигласан номыг олж үзээд туйлын ихээр биширч, цааш үргэлжлүүлэн судалсаар үнэнхүү сүсэг бишрэл төрж, улмаар гэнэн санваар авчээ. Түүнийг гэнэнгийн хувцас өмсөж явах болсонд тэрсүүд үзэлт найз нөхөд нь ихэд гайхаж, учрыг асуухад “Манай зарлиг, тогтсон тааллууд дотор алдаатай зүйлс олон байна. Харин бурхны сургаалыг шинжлэн судлах тутам улам гүн гүнзгий болж үнэн зөв нь нотлогдож байна” хэмээжээ. Иймээс тэрсүүд үзэлтнүүд түүнийг эгнээнээсээ хөөж, Дармагирди ч Наландарын хийдэд суралцахаар очжээ. Улмаар гэцэл сахилыг авч бурхны шавь болоод 3 сав аймгийн ном бүгдийг судалжээ. Цээжлэн тогтоосон ном нь бурхны зарлиг, тогтсон тааллын хийгээд тарнийн ёсны таван зуугаад судар байсан боловч сэтгэлд нь ном үзэж гүйцлээ хэмээх бодол төрөхгүй байсан гэдэг. Ингээд Дигнага гэгээний (Ловон Чоглан) шавь Ванчугдэ багшаар “Цадма гүндү” номыг гурвантаа хөтлүүлжээ. Эхний ном хөтлөлтөөр Ванчугдэ багшийнхаа хэмжээнд хүрч, дараагийн хөтлөлтөөр Ловон Чоглангийн хэмжээнд хүрч, гуравдугаар хөтлөлтөөр Ловон Чоглангаас өндөр хэмжээнд хүрчээ. Ингээд багшдаа “Та зарим хэсгийг тайлбарлахдаа жаахан эндүүрэл гаргаад байх шиг…” хэмээн эндүүрлүүдийг нь засч хэлж эхэлжээ. Ванчугдэ багш, шавь нь багшаасаа илүү болчихлоо гэхээр миний нэр хүнд уначихна гэсэн бодол тээсэнгүй. Мөн “Би Цадма гүндү номыг Ловон Чоглангаас өөрөөс нь сонссон тул чи дуугүй бай” ч хэмээн хэлсэнгүй. Харин ч шавиа өөрөөсөө илүү болсныг шударгаар хүлээн зөвшөөрч “Миний шавь Цадма гүндүү шастирыг дэлгэрүүлэн тайлбарлана” хэмээн туйлын ихээр баярлажээ. Ингээд шавьдаа “Чиний оюун ухаан аливаа юмыг ойлгох чадвараар намайг хол давж байна. Тиймээс шавь минь! Миний алдаатай ойлгосныг жишээ болгоод энэхүү алдарт зохиолд дахин тайлбар зохио. Миний нэрийг бичээд энэ хүний үзэл тохирсонгүй, алдаатай байжээ. Ловон Чоглан байсан бол өөрөө ингэж тайлбарлах байсан байх гээд өөрийнхөө зөв тайлбар болгоныг нэгийг ч үлдээлгүй сайтар бичээрэй” хэмээн зарлиглажээ. Энэ бол амин хувиа хичээсэн, алдар нэрийг горилсон буруу үзлийг үндсээр нь хорьж чадаад “Бурхны шашин ирээдүйд үнэн зөв дэлгэрч, хамаг амьтан зовлонгоосоо эгнэгт хагацаж, жаргалантайгаа эгнэгт учраад, түүнээсээ хэзээд бүү хагацаасай” хэмээсэн хувраг хүний үнэнхүү авралын үг, чин хүсэл юм. Ингээд Дармагирди, багшийн зарлиг дагуу тарнийн ёсны багшаас Дэмчиг бурхны ван авшиг хүртэж, бясалгасаар Дэмчиг бурхантай бодитойгоор нигур учирчээ. Дэмчиг бурхан “Ямар зорилгоор намайг бясалган бүтээв?” хэмээн асуусанд “Буруу үзлийн ухаан бүгдийг хорьж түүнийг дарах шалгадаг ухааныг өөртөө олж авах хүслээр таныг бясалгасан юм” хэмээн хариулжээ. Дэмчиг бурхан “Тарнийн ёсны Дэмчигийн Түг таг ” нэртэй судар байгаа хэмээн айлдаад “Ха Ха Хум” дуугараад нүдэнд нь үзэгдэхээ больжээ. Тэр судар Түвд хэлээр байдаг эсэх нь одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа юм байна. Энэ үеэс хойш Дармагирди гэгээний оюун ухаан, үйлс пэрэнлэй нь улам их дэлгэрсэн гэдэг. Тэрээр буруу үзлийг дарахын тухайтад тэдний мэргэдтэй ойр байж цаад шалтгааныг нь мэдэх хэрэгтэй болжээ. Тиймээс энгийн дүрд хувилан мэргэн багшийн зарц, туслах болохоор ядуу дорд хувцаслан хаа сайгүй явж буруу үзэлтнүүдийн мэргэд багш нарыг сураглан явах болжээ. Ингээд буруу үзлийн хамгийн дээд болсон Дамцигшоннурварва гэдэг хүний гэрт очиж зарц нь болоод 50 хүний хийдэг ажлыг ганцаараа хийх болсонд “Олон жил болоход ийм хүнтэй таарч байсангүй” хэмээн Дацигшоннурвава туйлын ихээр баясан хамгийн итгэлт хүнээ болгожээ. Дамцигшоннурварва өөрийн сургаалын амь болсон хэсгийг хэнд ч зааж өгдөггүй, зөвхөн наагуур зүйлсийг л заадаг бөгөөд хамгийн ёзоор болсон зүйлээ зөвхөн эхнэр, хүү хоёртоо л заадаг байжээ. Дармагирди тэдний хамгийн итгэлт хүн нь болж, эхнэр хүү хоёртой нь ойр дотно байж юу хийх хэрэгтэй бүрийг хамгийн сайнаар нь хийдэг байжээ. Дамцигшоннурварвагийн эхнэр нэгэн өдөр “Чи ажлыг ийм сайн хийж байгаа нь давхар нэг зорилго байна даа. Энэ нь юу юм бэ?” хэмээн асуухад Дармагирди “Би тогтсон тааллыг тань сайн заалгах хүсэлтэй” хэмээн хэлжээ. Ингээд эхнэр хүү хоёртой нь маш ойр байж асууж шалгаасаар байгаад тогтсон тааллынх нь амь болсон нууц хэсгийг мэдэж авчээ. Хүн аливаа зүйлийг хорихын тулд цаад амь болсон зүйлийг нь л мэдэж чадвал хориход амархан болдог. Ингээд зорилгоо гүйцээсэн тул тэдний гэрийг орхин явах болж, явахынхаа өмнө ажлын хөлсөнд авсан бүх алт эрдэнэсээ хайлуулаад буруу үзэлтний оргил болсон Дамцигшоннурварвад өргөөд, байсан бүх мөнгөө хамт зарцлагдаж байсан нөхдөдөө хуваан өгөөд тэр шөнөдөө тэднийхээс бүр мөсөн явжээ. Цааш явж байтал Риванпэлжээ гэдэг уулын ойролцоо хаад ноёд, тэрсүүдийн болон буддын олон мэргэд, худалдаа наймаа эрхлэгчид гээд ард олон бужигнасан том цуглаантай тааралджээ. Гэтэл энэ нь тэрсүүдийн болон буддын мэргэдийн оюуны тулаан байсан бөгөөд эзэн хаанаар гэрчлүүлсэн, ноёд түшмэд, баяд язгууртан, худалдаачид, тариаланчид, малчид гээд олон иргэдийн цуглаан байжээ. Тэр цуглаанд тэрсүүд үзлийн таван зуун мэргэд тэмцэлдэж байсан бөгөөд Дармагирди буддын мэргэдийн дунд орж гурван сар тэмцэлдээд эцэст нь тэднийг бүгдийг нь номхотгон бурхны шашинд оруулжээ. Оюуны тэмцэл өндөрлөхөд түүнийг үзэж сонирхож байсан тавин баян хүн биширсэндээ тэр нутагт бурхны шашны тавин хийд барьж босгосон гэдэг. Дамцигшоннурварва, тэрсүүдийн таван зуун мэргэдийг өөрийнх нь зарц номхотгон буддын шашинд оруулсныг сонсоод маш ихээр хилэгнэн уурлаж өөрийн тавин шавиа дагуулан иржээ. Гэхдээ энэ удаа Дамцигшоннурварва Дармагирдитэй амиараа дэнчин тавин тэмцэлдье гэхэд Дармагирди хаанд хандан “Хэрэв энэ багш ялбал намайг алах, шоронд хийх, буруу үзэлтний тогтсон таалалтан болгох зэргийн алин байхыг хаан та өөрөө мэд, харин би ялвал энэ хүнийг бурхны шашны үзэлтэн л болгохоос бус алж болохгүй” хэмээжээ. Дамцигшоннурварвад хэний ч мэдэхгүй таван зуун нууц асуулт байдаг бөгөөд Дармагирди гэрт нь зарцлагдаж байх хоорондоо энэ бүх асуултыг нь мэдээд хариултыг нь бэлдсэн байжээ. Тиймээс түүнийг буулган авч, бүх шавь болон шүтэн бишрэгчдийнх нь хамт бурхны шашинтан болгожээ. Энэ нь буддын бусад мэргэдийн дотроос буруу үзлийг номхотгох үйлээрээ хамгийн дээд нь болдог ажээ. Ийнхүү суутал Самгар ажарья хэмээх нэгэн тэрсүүд үзэлтэн түүнийг номын мэтгэлцээнд дуудтал, Дармагирди гэгээн өмнөх мэргэдийн адил “Дараа жил мэтгэлцье” хэмээн хойшлуулжээ. Энэ тухай зар газар сайгүй тарж, цаг өнгөрөх тутам улам олон хүний сонорт хүрч, хаад ноёд хийгээд маш олон хүний сонирхлыг татсан байна. Иймээс тогтсон хугацаа болоход тэдний мэтгэлцээнийг үзэж сонирхохоор эзэн хааныг гэрчид суулган маш олон хаад ноёд, ард иргэд цугларчээ. Самгар ажарьяагийн талаас аль дийлэгдсэн тал нь Ганга мөрөнд орж үйж үхэх болзол тулгасанд Дармагирди зөвшөөрөн мэтгэлцээн эхэлжээ. Ингээд Дармагирди тэднийг ялсанд тангараг ёсоор багш шавь нар бүгд Ганга мөрөн үрүү орсон байна. Дармагирди тэднийг хэчнээн хорьсон боловч тэрээр ам тангаргаа үл буцаасан бөгөөд үйж үхэхийнхээ өмнө өөрийн шавь болох Батар ажарьяд “Чи түүнтэй ахин ном хаялцаад, заавал дарж номхотгоорой. Хэрэв тэгж чадахгүй бол би чиний хүүхэд болж төрөөд түүнтэй дахин номоор тэмцэх болно” хэмээжээ. Батар ажарья шавь нь ч мөн л Дармагирди гэгээнд дийлэгдсэн учраас Самгар ажарья хэлсэн ёсоороо гурван удаа төрөл авч шавийнхаа хүү болон мэндлээд номоор тэмцэн дийлэгдсэн гэдэг. Самгар ажарья бол төрөл авахыг өөрийн хүслээр зохицуулах эрдмийг олсон хүн байсан бөгөөд ийнхүү гурван удаа дийлэгдсэний эцэст аргагүй эрхэнд дөрөв дэх төрөл дээрээ Дармагирди гэгээний шавь болон мэндэлж, улмаар бурхны шашныг дэлгэрүүлэхэд маш их үйлс бүтээсэн хэмээдэг. Тэр үед Энэтхэгийн өмнө зүгийн нэгэн нутагт буман иргэдийг захиран суудаг, гэлэн хуврагуудад өргөл хүндлэл үзүүлж байнга гүнцэг өргөдөг Бадмажэва гэдэг нэгэн хаан байжээ. Нэгэн өдөр хаан гэлэнгүүдэд гүнцэг өргөж байтал Дармагирди тэнд ирсэнд хаан түүнийг ихэд өргөмжлөн хүндлээд хэн болохыг нь асуусанд Дармагирди “Билиг билгүүний дээд нь Нагаржуна гэгээн, явдлын дээд нь Зандрагоомий гэгээн, шалгадаг ухааны дээд нь Дигнага (Ловон Чоглан) гэгээн. Харин эдгээр мэргэдээс сурч, зохион гаргадаг нь би байна” хэмээжээ. Хаан түүнийг алдарт Дармагирди гэгээн болохыг мэдээд ордныхоо дэргэд байр орон барьж түүнийг залан суулгасан бөгөөд тэнд суухдаа Дармагирди гэгээн “Цадма дэдүн” номоо бичсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй хаан, хийд орон олныг барьж босгон өргөсөн бөгөөд эдгээр хийд оронд Дармагирди гэгээнийг хүрээлэн арван мянга орчим гэлэн, гэцэл хуврагууд сууж байсан гэдэг. Тэр цагт тэрсүүд үзэлтэн маш олон байсан бөгөөд Дармагирди гэгээнийг “Цадма дэдүн” номоо бичиж байх үед нь түүнийг хорлохоор ордных нь дөрвөн талаас гал тавьж шатаасан байдаг. Тэрбээр рид хувилгаан, эрдэм чадлыг олсон мэргэд дээдэс хэзээ ч бусдад эрдмээ үзүүлдэггүй боловч энэ удаа аргагүйн эрхэнд Дармагирди гэгээн нэг багцад (1 км) орчим өндөрт хөөрч аюулаас зайлсан бөгөөд түүнийг харсан хүмүүс алмайран гайхаж, маш ихээр биширч байсан гэдэг. Энэ тухай Нагаржуна гэгээн олон зууны тэртээ “Шалгадаг ухааны нэгэн мэргэн над мэт аргагүйн эрхэнд огторгуйд хөөрнө” хэмээн бошголсон байдаг. Дармагирди гэгээн тэнд суухдаа тарнийн олон ном зохиосон боловч тэдгээр нь төдийлөн алдаршаагүй, харин “Шалгадаг ухааны долоон аймаг” буюу “Цадма дэдүн” ном нь хамгийн их алдаршин үлджээ. ”Цадма дэдүн” буюу шалгадаг ухааны долоон номын эхний ном болох “Цадма намдэл”-ийн тахилын үгэнд (чоджод) “Энэ долоон ном бол Дигнага гэгээний (Ловон Чоглангийн) зохиосон “Цадма гүндү” номын тайлбар юм” хэмээсэн байдаг. Ловон Дигнагаг “Цадма гүндү” номоо зохион гаргах үед тэрсүүд үзэлтнүүд маш их атаархаж байсан учир тус ном төдийлөн дэлгэрч чадаагүй ажээ. Тиймээс Дармагирди гэгээн “Энэ ном нь Дигнага гэгээний номыг эсэргүүцэгч тэрсүүд нарт ямар ч хэрэггүй, тэдэнд зориулаагүй ном юм” хэмээн алагчааллыг гаргасан байдаг. Үүнийг нь үзсэн зарим хүмүүс Дармагирди гэгээн бол бодь сэтгэлгүй нэгэн байна. Учир нь хамаг амьтанд номоо зориулаагүй байна гэцгээж байсан бол энэ нь “Хүн хүсэхгүй бол юу ч байгаад хэрэггүй бөгөөд нарны гэрэл хойшоо харсан нүхэнд тусахгүй байгаа нь нарны бус нүхний өөрийнх нь буруу харсанд орших юм” хэмээсэн утгатай байжээ.. Дармагирди гэгээн Цадма намдэл номоо хүмүүст ойлгоход нь хялбар болгох үүднээс өөрийн тайлбарыг нэмж зохиосон бөгөөд түүнийхээ дараа өөрийн хамгийн ойрын шавь болох Лхаван Лодой, Шагжа Лодой хоёрт “Цадма намдэл” номонд тайлбар зохиохыг зарлиглажээ. Энэ дагуу Лхаван Лодой шавь бээр гурван удаа тайлбар зохиосон бөгөөд эхний тайлбарыг багш нь ус уруу хийж, хоёр дахь тайлбарыг галд шатаасан тул шавь нь гурав дахь тайлбараа багшдаа өргөхдөө “Багш минь, надад үүнээс илүү тайлбар хийх буян алга” хэмээн хэлсэн байдаг. Багш нь гурав дах тайлбарыг үзээд “Шастирын утгыг гаргасан боловч үгэн дээр нийцэхгүй талууд байна” хэмээгээд хүлээн авч тайлбар дотор нь дөрвөн шад шүлэг нэмж оруулжээ. Эхний шад нь “Оюуны хүч сул дорой тэдгээр нь гүнзгий номыг мэдэж чадахгүй”, хоёрдугаар шад нь “Машид хичээнгүйг олж эс чадваас оюунтнууд тэдгээр нь ч дээдийн үзлийг олж үл чадна”, гуравдугаар шад нь “Амьтан нугууд машид сайтар номлолыг миний хэмжээнд олж үл чадна”, дөрөвдүгээр шад нь “Далайд цутгах олон голын адил тэдгээрийн утга хүч бүхэн миний биед шингэсэн юм” хэмээсэн байдаг. Энэ дөрвөн шад шүлэг нь маш гүнзгий утгатай бөгөөд намайг таалал төгссөнөөс хойш утга нь доройтох вий хэмээн халаглахдаа зохиосон ажээ. Эхний шаданд: Шалгадаг ухааныг оюуны их хүчээр сурч мэдэж чадах тул оюуны хүч сул дорой хүмүүс шалгадаг ухааны гол утгыг ойлгож чадахгүй байж мэднэ. Харин хоёрдугаар шаданд: Оюуны хүч сайн хүмүүс ч гэсэн машид хичээнгүй сэтгэлийг үүсгэх хэрэгтэй бөгөөд үүсгэсэн ч гэсэн энэ номын гүнзгий утгыг ойлгож чадахгүй байж мэднэ. Гурав дахь шаданд: Энэ номын утгыг миний хэмжээнд ойлгох хэрэгтэй. Дөрөв дэхь шаданд: Далайгаас уур гараад үүл болно үүл хуралдаад бороо орж жижиг гол горхинуудыг бий болгож байгаа бөгөөд тэр нь эргээд далайдаа цутгадагтай нэгэн адил “Цадма намдэл” номын гол утгыг би гаргаж өгсөн боловч намайг таалал болох үед тэр нь надтай хамт мөнх бусыг үзүүлэх вий хэмээн халагласан тус тус утгатай гэдэг. Гүнзгий утганд нь “Цадма намдэл” номыг судалж утгыг ойлгосноороо хүн бурхны хутгийг олж чадах учраас энэ номыг сайтар судалж мэдсэнээр өөр номлолыг төдийлэн судлалгүй, зөвхөн энэ номоор дамжуулж бурхны хутгийг олж чадах юм шүү гэсэн утга агуулгыг гаргаж байгаа ажээ. Ийнхүү номоо зохиож, тайлбар хийж өндөрлөөд Дармагирди гэгээн нутаг уруугаа явсан бөгөөд тэндээс явахдаа хааны ордны үүдэнд нэгэн бичиг бичиж үлдээжээ. Тэнд, “Өгүүлэхдээ мэргэн миний алдар нарны гэрэл мэт юм. Хэрэв би бурхны номыг сайтар эс дэлгэрүүлбээс ном нь унтаж буй нойр мэт болон унтраад, ном бусыг өгүүлээчид маш олон болон мандах болно” хэмээсэн байжээ. Дармагирди гэгээн, багш нарынхаа доройтсон хийд орныг сэргээсэн бөгөөд нутагтаа очоод өөрөө зуу гаруй хийд, бусадтай хамтран түүнээс олон хийд барьж босгосон бөгөөд тэдгээр сүм хийд нь одоогийнх шиг засал ном хийдэггүй, зөвхөн гэлэн сахилтай ариун бясалгаач нар бясалгал хийж ном шастираа судлан хэлэлцдэг байжээ. Олон хийд барьсны үр дүнд тэнд суух шавь нарын тоо олон болсон бөгөөд тэдгээр нь бүгд гэлэн, гэцэл сахилтай лам хуврагууд байжээ. Нас ахиад ирэх үе, амьдралынхаа эцэст Дармагирди гэгээнд дэргэдийн таван шавь байсан бөгөөд тэдгээр нь ямар хүмүүс байсан тухай түүх, шастирт тодорхой заагаагүй байна. Тэрбээр шавь нарын хамт бясалгал бүтээл хийж, олон шавийг сайн мөрд хөтлөн оруулж бурхны шашныг ихээр дэлгэрүүлсээр нутагтаа төрсөн газрын ойролцоо таалал барсан бөгөөд энэ үед долоо хоногийн турш тэнгэрээс цэцгээр бороо орж, сайхан үнэр ханхалж байсан гэдэг.