Дигнага - Ловон Чоглан - Цогт Наландрын 17 их бандида

Дигнага (Ловон Чоглан)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

11. Дигнага (Ловон Чоглан)

Цадамын (шалгадаг) ухаанд өөрийн багш ловон Егнэнгээс илүү мэргэшсэн шавь бол Дигнага юм. Ловон Егнэн 500 төрөлдөө бандидагийн төрөл авч байсан мэргэн хүн боловч цадамын ухаанаар түүнээс илүү эрдэмтэй шавь нь болсон билээ. Бурхны айлдсан эрхэм зарлиг дотроос гүнзгий нарийн аньсыг үзүүлсэн ёсыг бодит хүчит оюунаар (энэ бодит хүчит оюун гэдэг нь үнэний хүч буюу Бурхан багшийн айлдсан гэдэг утгаар нь нотлох бус бодит учир шалтгааны нотлолыг хэлж байна) тайлбарласан юм. Үндэс угсаа салаа мөчрөөр нь тайлбарлаж бусдад үзүүлэхийн учирт нотлохуйн ухааны зуун үүдийг нээсэн. Тэрсүүдтэй тэмцэхдээ ч гэсэн Бурхан ингэж айлдсан хэмээн маргалдахгүй бодит үнэн дээр тулгуурлан тэмцэлддэг. Ийнхүү оюуны зуун (олон арга замаар) үүдийг нээснээр тийн шинжлэлийн ухааны нүдийг хайрлан зохиогч хэмээгддэг бөгөөд одоогийнхоор бол шинжлэх ухаан, оюун ухааны бодитой дүн шинжилгээ, туршилт болоод бодит үр дүнг батлан үзүүлсэн ажгуу. Өөрөө энэ ухааныг (цадмава-шалгадагийн ухаант) олчихсон бөгөөд өрөөл бусдад энэ оюуны нүдийг хайрлан өгөгч тэнсэлгүй эрдэмт Дигнага буюу бусад хэн нэгэнтэй харьцуулшгүй өндөр төвшинд хүрсэн Дигнагагийн өлмийд соёрхлыг талбия хэмээсэн. Дигнагагийн үед тэрсүүдүүд асар ихээр ялагдсан байдаг. Гэсэн хэдий ч тэрсүүдийн өөрсдийнх нь үзэл, явдалд олон дэвшил гарсан. Яагаад гэвэл тэдний өөрсдийн оюунаар харж дүгнэж чадаагүй юмыг олон талаас нь хардаг болгож тэдний ч гэсэн оюуны нүдийг нээж өгснөөр, тэд итгэсэн үзэл явдалдаа маш их нухацтай ханддаг болж эхэлсэн байдаг. Бурхны шашны шалгадаг ухааны олон талаас нь шалгаж дүгнэдэг ухааныг тэд эерэгээр авч ашигласан. Тиймээс тийн шинжлэлийн оюуны нүдийг хайрлагч хэмээсэн байна. Энэ хүний алдар гуншин зохиол бүтээлтэй нь ч яг тохирч нийлж байдаг. Дигнага өмнөд Энэтхэгийн Синга багда гэдэг орны Газаня гэдэг газарт барамсай язгуурт төржээ. Төрсөн газар нь тодорхой байгаа хирнээ аавынх нь нэр тодорхойгүй. Аав нь бярман байсан учир аавынхаа язгуурыг авсан байх ёстой бөгөөд ээжийнх нь нэр бас тодорхойгүй байдаг. Дигнагагийн авъяас бага балчираасаа тодорсон ба оюун ухаан маш их хурц хүү байжээ. Өөрийн үзэл бүтээлийг сураад зогсохгүй бусад тэрсүүдийн хамгийн нарийн явдал ёсуудыг маш сайн мэдэж чадсан байдаг. Тэрсүүд дотроо Ригжид (ухааныг баригч) гэдэг урсгалыг судалсан бөгөөд энэ нь оюуныг нэгдүгээрт тавьдаг оюунлаг урсгал байдаг. Түүний гэм алдаа дутагдлыг бүгдийг нь судалсан юм. Олноо өргөгдсөн аймаг дотроо 5 задардгийн нэг болох Наймавугийн аймгийн хамба Ланбужинба багшаас гэнэн сахил авахдаа багшийнхаа нэрнээс тасалж авдаг ёсны дагуу нэрээ авчээ. Ийнхүү Дигнага Чоглан хэмээх нэртэй болжээ. Энэ үед багш нь өвөрмөц өгүүлээчийн тогтсон таалалтан байсан учраас бодьгалийн “би”-г байгаад барьдаг үзэл нь боломжгүй юм шиг Дигнагад санагдаж байв. Ийм учраас багшийнхаа үзэл бодлыг эсэргүүцэж түүнтэй тэмцэлдэж болохгүй байсан боловч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нэг арга олжээ. Өдөр нь 4 цонхтой байшинд, шөнө нь болохоор цонх болгоноо нээгээд 4 цонхны гадна түүдэг асаагаад хувцсаа тайлаад нүцгэн бясалгал хийгээд байв. Найз нөхөдүүд нь яагаад байгаа юм бэ? гэж асуухад манай багш бодьгалийн “би”- г байгаа гэж заасан, гэтэл би нарны гэрэлд ч “би”- гээ эрээд олсонгүй, шөнө 4 түүдгийн гэрэлд ч гэсэн өөрийн бодьгалийн “би”- гээ эрээд олсонгүй. Багшийн байгаа гэх бодьгалийн “би”- г би эрээд олохгүй байна гэснийг найз нар нь багшдаа очиж хэлжээ. Багш нь манай өвөрмөц өгүүлэгчдийн ёсыг эсэргүүцэж няцаах гээд байгаа юм байна ийм учраас наадахыгаа хөөж явуул гэсэн. Ийнхүү Дигнага анхныхаа ном үзсэн хийдээсээ хөөгдсөн юм. Хийдээсээ гарч явж байгаад Наландарын хийдийн ловон Егнэн (Васубанду) ламтай тааран түүнд шавь ороод их хөлгөний номлол, бурхны эрхэм зарлиг нийт 500 боть номыг оюундаа багтааж (цээжилсэн) чадсан. Тарнийн ёсны нэгэн багшид давхар шавь орж Манзушир бурхны бүтээлийг заалган, бясалгал бүтээлийг ёсчлон хийж Манзушир бурхны нигурыг үзсэн гэдэг. Манзушир бурхны таалал, зарлигийг хүссэн хугацаагаар сонсож чадах хэмжээнд хүрсэн. Ловон Чоглан маш олон тэрсүүдийг номоороо тэрсэлдэж буулган авч бурхны шашинд оруулсан юм. Ловон Чоглан 108 боть Цадамын ухааны ном зохиосон бөгөөд өдрийн цагаар хийдүүд үрүү явж ном айлдаад, зарим үед агуйд бясалгалд суудаг байсан. Нэг удаа бясалгалд сууж байхдаа маш олон зүгт цацарсан олон ном зохиосон байна хэмээн болгоожээ. Үүнийг цэгцлэх ёстой, энэ бүгдийг цэгцэлсэн нэг шаштир зохиоё гэж таалаад, зохиох номынхоо тахилын үг болох 4 шад номыг чулуун дээр биччихээд оройн гүнцэгэндээ морилсон байна. Тэр тахилын үг нь Цадамын ухааны номлолоор амьтанд тусалъя, Бурхан багшид хэлний үүднээс мөргөе гэсэн утгатай бөгөөд тэр 2 шадыг бичсэн төдийд л хуй салхи дэгдэж газар хөдөлж байгалийн сонин хачин үзэгдэл гарсан байна. Ойролцоо байсан тэрсүүдийн нэгэн ловон лам байгалийн хачин сонин үзэгдэл гараад, янз бүрийн номын дуу сонсогдоод байхаар ямар учиртайг нь ажиглажээ. Тэрсүүдийн лам ч гэсэн илт мэдэлтэй хүн байсан учир түүнд чулуун дээр бичигдсэн тахилын шүлэг харагдсан бөгөөд очиж үзээд Ловон Чогланг гүнцэгэндээ явсан хойгуур 2 ч удаа арилгасан байна. Ловон Чоглан арилгаж байгааг харчихаад дахин 3 дахь удаагаа Бурхан багшид тахилыг өргөөд туурвилын тахилын үгээ Цадамын аймгийн номыг бүгдийг нь багтаасан нэг шаштир болгож зохиоё гэсэн утгатай 4 шадаа чулуун дээрээ бичээд доор нь энэ номыг битгий устгаарай, ирээдүйн амьтанд нүд болсон их тустай юм. Энэ ном таалагдахгүй байна гээд тоглоом шоглоомоор ч болсон арилгаад тусгүй, энэ ном миний таалалд байгаа юм. Энэ номыг арилгахыг хүсвэл оюун ухааны хүчээр номоор мэтгэлцэе. Намайг гүнцгэндээ яваад иртэл хүлээж байгаач гэж бичиж үлдээсэнд, нөгөө хүн түүнийг нь ирж харчихаад хүлээжээ. Ловон Чогланг оройн гүнцэгнээсээ ирэхэд тэрсүүдийн ловон лам хүлээгээд байж байв. Тэд тэмцэлдэхээр болсон ба аль нэг ялагдсан нь ялсан хүнийхээ шашинд ордог уламжлалтай, шашнаараа дэнчин тавьдаг байв. Тэд мэтгэлцэхдээ Бурхан багш ингэж айлдсан гэх бус учир шалтгааны ухаанаар цэвэр оюунаараа, номын утгыг гаргах байдлаар мэтгэлцжээ. Тэд маш их мэтгэлцсэн боловч тэрсүүдийн лам Ловон Чогланг ялж чадсангүй. Тэрсүүдийн лам “Би оюун ухаанаар ялагдлаа. Одоо хоёулаа ид шидээр тэмцэлдье” гэжээ. Ингээд тэр амнаасаа гал гарган тургиад Ловон Чоглан ламын номын хувцас болон биеийг нь хүртэл шатааж сэв суулгажээ. Тэр лам өөрөө ч гэсэн ялагдахгүйн тулд өөрийгөө шатааж хүмүүсийн нүдний өмнө амиа хорлосон. Ийм үйл явдал нүдэн дээр нь болсонд Ловон Чоглан лам маш их сэтгэл нь гонсойж бодьсадва хүний хувьд амьтан бүгдийн тусын тулд бодийн сэтгэлийг би олсон билээ. Гэтэл би буруу зам уруу орсон нэгэн хүнийг номхотгож чадахгүй байтлаа амьтан бүгдийн тусыг яахин үйлдэж чадах билээ гэж сэтгэл нь ихэд хямарч би бодийн сэтгэлийг орхиё хэмээгээд шүлэг бичсэн чулуугаа дээш шидэж үүнийг газарт буцаж унах хүртэлх хугацаанд л би бодийн сэтгэлтэн байя гэжээ. Гэтэл дээш шидсэн чулуу нь бууж ирэхгүй байхаар нь дээш хартал Манзушир Бурхан бодитойгоор морилоод шидсэн чулууг нь барьчхаад”Язгуурын хөвгүүн ээ битгий ингэж зохио. Үйлдэнэ гэсэн бол чи заавал зохиох ёстой. Яагаад гэвэл чиний энэ зохиол ирээдүйд Бурхан багшийн гүн номлолыг харах нүд болох ёстой юм. Чамайг үүнийг хийж дуусан дуустал, чамайг бурхны хутгийг олон олтол би өөрөө чиний багшийн үүрэг гүйцэтгэх болно” хэмээн айлджээ. Манзушир бурхан өөрийн биеэр огторгуйд үзэгдэж айлдсан учир Ловон Чоглан өөрийн сэтгэлийг буцааж Цадамын ухааны 108 боть номын утгыг хураасан (Цадма гүндүй) зохиолоо бүрэн гүйцэд зохиосон гэдэг. Ловон Чоглан Цадмагүндүй шаштираа зохиож дууссаны дараа тэр үед Энэтхэгт Бурхан багшийн сургаал ихэд хүчтэй дэлгэрч байсан бөгөөд тухайн үеийн лам нар шашнаа аваад явдаг байсан. Өнөөгийн байдлаар 5 ботийн эхний Цадма гүндүй гэдэг судар нь бүхний тулгуур суурь ухаан гэж болно. Ловон Чоглан Цадмагүндүй гэдэг шаштираа зохиож дууссаны дараагаар Ловон Чойдаг гэдэг лам заларч Цадамын ухааны 7 аймаг сударыг зохиосон нь их алдартай бөгөөд өнөөдөр өмнөд Энэтхэгт байгаа 3 том хийдэд үзэж байгаа Цадамын ухаан энэ номоор явагдаж энэ номыг багш нар хөтөлдөг. Энэ номын дагуу Цадамын ухаанд суралцсаны дараа Парчингийн ухаанд орно. 5 ботийн суурь нь болсон Цадма гүндүй судрыг зохиосон хүн бол Ловон Чоглан лам юм. Түүнээс хойш Ловон Чойдаг лам заларч Цадамын ухааныг дэлгэрүүлсэн байдаг. Шалгадаг ухааны гол суурь болсон номыг ловон Чоглан анх зохиосон учир их гавьяатай гэж үздэг. Өмнөд Энэтхэгт их 3 газар буюу хоёр хоёр дацантай нийт 6 дацан нийлээд өвлийн их чойр (Жамьянгүнчой буюу Жан гүнчой гэж бас хэлдэг) хурдаг. Өөрийнхөө зиндааны өөр хийдийн ламтай харалдаа өөд өөдөөсөө харж суугаад 12 сарын турш ном хаялцдаг. Энэтхэгт нэг жилд нь Брайбун хийдэд дараа жил нь Гандан хийд, Сэра хийдэд хийгээд буцаад Брайвүнд хийх жишээтэй тойрдог юм байна. Харин Түвдэд болохоор ингэж тойрдоггүй яг нэг газар буюу Жан гэдэг газар хийдэг. Энэ Жан гэдэг газар нь анх Ловон Чоглангийн Цадамын номоо зохиосон, 4 шад шүлгээ чулуун дээр бичээд дээш шидэхэд Манзушир бурхан түүнийг нь барьж аваад айлдвараа айлдсан газар юм. Энэ чулуу нь энэ газарт булагдсан гэж үздэг. Энд жил бүр лам нар цугларч ном хаялцдаг ба мөргөхдөө янз бүрээр зарим нь тэнгэр лүү харах гэх мэт аль дуртайгаараа мөргөдөг ажээ. Мөргөж байхад нөгөө Чоглангийн шидсэн чулуу тэр газарт булаастай байдаг учир мөргөж буй хүний доор таарах юм бол тэр ламын оюун ухаан ихэд дэлгэрдэг гэж үздэг учир хаана хамаагүй дуртай газраа мөргөдөг байна. Жан гүнчой гэдэг нь өөр өөр хийдийн лам нар хоорондоо ном хаялцдаг болохоор хийд дотроо лам нар хоорондоо ном хаялцсанаас илүү мэдлэг чадвартай болж сайжирдаг байна. Цадамын ухааныг анх гаргаж ирсэн болохоор Ловон Чоглан замбуулин хорвоод ямар их ачтай юм бэ ? гэдэг нь тодорхой юм. Ловон Чоглан Цадма гүндүй номоо айлдаж дуусчихаад нэгэн модны сүүдэрт удаанаар номын бясалгалд сууж байхад том том биетэй заанууд гарч ирээд биеийг нь сүүдэрлэж, зарим нь ойр орчимд нь ус цацаж сэрүүцүүлж байсан тохиолдол байдаг. Маш олон заан болон ойн амьтад нэгэн ламыг хүрээлээд байхыг нь хараад нэгэн хаан хажуугаар нь явж байхдаа харчихаад, очиж “-Та ловон Чоглан лам мөн үү ” гэж асуухад ” – Хүмүүс намайг Чойжий ланбуу гээд л байдаг. Би энгийн нэгэн Шагжийн гэлэн лам байна” гээд даруухан ёсыг үзүүлсэн гэдэг. Тэр хаан Чогланг гүнцгэнд залаад, сүүлд нь өөрөө ном сонсож шавь ороод, Цадамын ном номлодог хийд орон барьж өгчээ. Тухайн үед орчин тойрондоо байсан тэрсүүдүүдийг бүгдийг нь номхотгож бурхны шашинд оруулсан байна. Чоглан өмнөд Энэтхэг үрүү төрсөн нутагтаа буцаж явсан байдаг. Ийнхүү Чоглан хаантай уулзахдаа ч гэсэн “Би Цадамыг зохиосон гэж хэлээгүй энгийн гэлэн хэмээгээд хааны ордонд элбэг хангалуун байхыг хүсээгүй, Наландарт ч маш олон шавь нартай хирнээ насаараа л ганцаараа нэр хүнд, алдар нэрийг хорьчихоод явдаг байжээ. Алдар нэр, хүндлэлийг огт хүсдэггүй амьтанд хаана туслах хэрэг байна тэнд л явж байдаг. Бандида нар бүгдээрээ л даруухан ёсыг барьж хадан агуйнд амьдардаг байсан. Ловон Чоглан өмнөд Энэтхэгт мэндэлсэн, Егнэнд шавь орсон, Наландарт ном үзсэн, номын барилдлага, номын зохиолыг хаа сайгүй хийсэн бөгөөд хамгийн сүүлд Энэтхэгийн Хар шугуй гэдэг ойд гав ганцаараа таалал барих ёсыг үзүүлсэн байна. Ловон Чоглангийн үзүүлсэн номыг нь харахаар таалал нь сэтгэл төдийтний тогтсон таалалд зохиосон байдаг боловч нарийн шинжлээд үзэхээр өөрийнх гол таалал нь төв үзэлтэн байсан нь харагддаг. Өөрийнх нь үзүүлж байсан дүр байдал таалал хоёр яг тохирч байсан эсэхийг үнэхээр мэдэхгүй юм. Доторх таалал бол дээшээ байсан нь тодорхой юм. Ловон Чоглан лам бол Манзушир бурхны таалалд даган баригдсан гэгээнтэн юм. Тухайн үед ном зохиогоод Наландарын хийдийн бандида нарын чуулганаар орж үнэлгээ өгдөг байсаны дагуу Ловон Чоглангийн зохиосон Цадма гүндүйг бүх бандида нарт тарааж уншуулахад зарим нь гайхан биширч, зарим нь ойлгохгүй нохойны хүзүүнд зүүж хотоор явуулсан байдаг. Ингэж нохойны хүзүүнд зүүж хот орноор хэрэн тэнүүчлүүлж олон газраар явуулсан нь түүний энэ алдарт зохиол дэлхийд алдарших, дэлхийд дэлгэрэх шүтэн барилдлага байсан байх.