Сахъяапрабха (Шагжа-Од) - Цогт Наландрын 17 их бандида

Сахъяапрабха (Шагжа-Од)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

16. Сахъяапрабха (Шагжа-Од)

Сахъяапрабха гэгээн нь Энэтхэгийн баруун хязгаар, Хачийн (одоогийн Афганистан, Кашмир) нутаг орчим лагшин мэндэлжээ. Эцэг эхийн нэр, язгуур, удам угсаа, хаана ямар эрдэм боловсрол эзэмшсэн зэрэг мэдээлэл ховор бөгөөд, харин Жонан Дарнатын бичсэн “Шашны түүх” номонд түүнийг Госалын хааны агь байсан хэмээн тэмдэглэсэн боловч, тодорхой эх сурвалж, баталгаа олдоогүй ажээ. Сахъяапрабха гэгээнийг Ёндон–Од гэгээний шавь нь байсан гэх боловч мөн л баталгаатай эх сурвалж олдоогүй байна. Ёндон-Од гэгээн бол “Винайг эрхшээсэн эзэн” хэмээн түүхэнд алдаршсан хийгээд түүний шавь нар винайн ёсыг амь лугаа харгалзуулан, өчүүхэн ч хир халдаахгүй сахиж чаддаг, мөн сахиж чадалгүй алдсан байхад төдийлөн алдас, гэм гарахааргүй 112 бүдүүн уналаас ч гэсэн нэгийг ч гаргахгүй ариунаар сахиж чаддаг, алдсан тохиолдолд даруй наманчлан арилгаж чаддаг байсан нь Бурхан багшийн үеийнхтэй адил байсан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байсан. Сахъяапрабха гэгээн Ловон Ёндон-Од гэгээний тийм шавь нарын нэг байсан бөгөөд түүнийг, багшийнхаа зохиосон “Дүлвийн сүмжава” (Гурван зуутын тайлбар) хэмээх номонд “Гэрэл төгөлдөр тайлбар”-ыг зохиосон тул тийнхүү шавь нь байсан гэж таамагладаг ажээ. “Гэрэл төгөлдөр тайлбар” хэмээх ном нь түүний зохиосон маш олон номоос хамгийн гайхамшигтай нь хэмээн мэргэд дээдэс үздэг байна. Өөрийн зохиосон тайлбартаа дахин өөрөө нэмж тайлбар зохиохыг “рандал” гэх бөгөөд, тэрбээр олон гайхамшигтай рандалуудыг зохиосон байдаг. Тэсрэндэнзэн хааны үед Энэтхэгээс уригдан ирсэн Лозова Зандевадранрагшида хэмээн дуун хөврүүлэгч Данжуур судрыг Түвд хэл үрүү буулгахдаа түүний зохиолуудыг албан ёсоор багтаасан байдаг ажээ. Сахъяапрабха гэгээнд зориулан зохиосон залбирлын үгийн утгыг сийрүүлбэл,

Ариун гурван суртгаалын эрдэмт чандманийн их гуу санг эрхшээгч, хэмээсэн нь гурван суртгаалын эрдэм бүхнийг чандманиар зүйрлээд тэрхүү чандмань эрднийн их гуу санг нь эрхшээж, түүний эрхийг олсон буюу өөрөөр хэлбэл, сайн сайхан бүхнийг нь өөртөө шингээж чадсан болохыг нь үзүүлжээ.

Амарлингуйн винайн номлолыг хиргүй өнөд арвитгахад зорьж, хэмээсэн нь нийт шашны номлол сургаал өнөд болоод хиргүй орших, тэр дундаа винайн аймаг, номхотголын аймгийн номыг хиргүй бөгөөд элдэв буруу үзэл суртлын хир халдаалгүй, энэ зуурын бус өнөд удаан оршуулан цааш цаашид нь улам арвитгуулахын тулд зорьж үйлдэж явсан болохыг нь үзүүлжээ.

Агуу их явдлын ёсны гол утгыг сайтар тайлаад винайг сахигчийн дээд, хэмээсэн нь түүний зохиол дунд “Агуу явдлын тайлбар” хэмээх бас нэгэн алдартай зохиол байдаг хийгээд өөрөө винайн ёсыг амь лугаа харгалзуулан сахиж чаддаг байсан болохыг нь үзүүлжээ. Алдарт туурвигч Шагжаа-Од буюу Сахъяапрабхагийн өлмийд соёрхолыг талбимуй, хэмээсэн нь винайн ёсны маш олон тайлбар зохиож, тэдгээр нь Данжуур сударт багтсан байдгийг үзүүлсэн ажээ.