Харибадра (Ловон Сэнгээсамбуу) - Цогт Наландрын 17 их бандида

Харибадра (Ловон Сэнгээсамбуу)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

14. Харибадра (Ловон Сэнгээсамбуу)

Харибадра гэгээнийг хаан язгуурт лагшин мэндэлсэн хэмээснээс бусад эцэг, эхийн алдар нэр, төрсөн газар орны тухай мэдээлэл тодорхойгүй байдаг. Түүний нэр авсан түүх нэг талаар эмгэнэлтэй, нөгөө талаар бахархалтай гэмээр юм. Эх нь түүнийг хэвлийдээ тээгээд төрөх дөхсөн байх үедээ өөрөө эндсэн бөгөөд учир нь эх нь арсланд бариулан идэгдсэн байна. Арслан эхийг нь идээд харин хэвлий дэх үрийг нь эсэн мэнд үлдээжээ. Иймээс түүнд Сэнгээсамбуу буюу “Арслан сайн” гэдэг нэр өгсөн байна. Тэрбээр бага наснаасаа нийтийн ухааны оронд сайтар суралцаад, номонд улам ихээр дуршиж, лам болоод, хорин нас хүрэх үедээ гэлэн санваар залжээ. Улмаар энэ үеэс эхлэн гадны болон дотоодын тогтсон таалал бүрийг судлан үзэж аль алинд нь мэргэшсэн байна. Тэрсүүд зэрэг бусад номлолын үзлүүдийг “гадна”, харин бурхны шашны үзэл онолуудыг “дотоод” тогтсон тааллал хэмээдэг болохыг бид өмнө өгүүлсэн. Түүний нийтэд алдаршсан тогтсон таалал нь “Налжаржодвын ума ранжидва” байжээ. Энэ тогтсон таалалтангуудыг дотор нь судрын явдалтан, егүзирва явдалтан хэмээн ангилан үздэг бөгөөд Харибадра гэгээн егүзирва явдалтан байжээ. Номонд гүнзгий орсноор Ширчингийн нууц утгыг тайлбарласан Майдарын гэгээний зохиосон “Ондогжан” шастирийн утгыг нэвт мэддэг болно хэмээн ам аваад Ханчин Шиваанцод шавь орж, хичээнгүйлэн судалсаар амандаа хүрч агуу явдал (бодьсадын) ба гүн үзлийн (хоосон чанарын) номуудыг бүгдийг судлан мэдэж номын утга бүрийг нээж оргилд нь хүрч чаджээ. Ханчин Шиваанцог урт насалсан хэмээсэн нэг шалтгаан нь Харибадра түүний шавь байсан явдал юм. Учир нь Ханчин Шиваанцоогийн залуу болон өндөр нас зооглосон байх үед нь шавь орсон хуврагуудын намтар түүхэнд дурдсан насны болон он цагийг зөрүү нэлээд их байдагтай холбоотой юм байна. Тиймээс энэ нь Ханчин Шиваанцог 900 насалсныг батлах нэг үндэслэл болдог ажээ. Ханчин Шиваанцогийн олон мянган шавь нар дотроос багштайгаа хамт Наландарын 17 бандидагийн тоонд багтан орсон хоёр гайхамшигтай шавь байдаг. Энэ нь Ловон Сэнгээсамбуу, Гамалашила гэгээн хоёр ажээ. Багш, шавь нар хамтдаа Наландарын 17 бандидагийн тоонд багтан орно гэдэг бол үнэхээр гайхамшигтай явдал юм хэмээн мэргэд дээдэс гайхан биширцгээдэг. Харибадра гэгээн багшаас ном сонсохын зэрэгцээ Энэтхэгийн зүүн зүгийн нутагт орших Хасарваанийн төгөлд олон жилийн турш Майдарын гэгээнийг бясалган суусан байдаг. Ийнхүү нигур учран золгох зорилго нь, тухайн цагт Майдарын гэгээний айлдсан “Ондогжан” шастирт бандида нарын хийсэн тайлбар олон байсан тул тэдгээрээс алийг нь голлон барьвал зүйтэй болоод өөрийн зүгээс нэгэн сайхан тайлбар зохиох хүсэл Харибадра гэгээнд байсан ажээ. Улмаар бясалгасаар Майдарын гэгээнийг бүтээж, зүүдэн байдлаар нигур учран хүсэл зорилгоо айлтгасанд Майдарын гэгээн “Одоо байгаа тайлбаруудаас хамгийн оновчтой болсон тайлбар бүрийг сорчлон түүж, нэгтгэн базаад нэгэн сайхан тайлбар зохио” хэмээсэн байна. Ийнхүү Майдарын гэгээний бошго лүндэнгийн дагуу Харибадра гэгээн Дармабадра хэмээх хааны нутагт суугаад “Дэлва донсол” буюу “Утгыг тодруулагч” хэмээх тайлбарыг зохиосон нь “Ондогжан” шастирын хамгийн шилдэг, гоц сайн тайлбар болж чаджээ. Харибадра гэгээн энэхүү тайлбартаа Майдарын гэгээний айлдсан дагуу тухайн үед гараад байсан бүх тайлбаруудаас үг утга хамгийн сайхан зохицсон, хамгийн оновчтой, уран тансаг тайлбаруудыг сорчлон түүж, эмхэтгэн цэгцэлж номлосон байна. “Дэлва донсол” нэрийг орчуулбал “дэлва” хэмээсэн нь “их тайлбар”, “донсол” хэмээсэн нь “утгыг тодруулагч” гэсэн утгатай юм. “Дэлва донсол” тайлбар нь олон мэргэн бандидагийн ухаан шингэсэн бөгөөд бичигдсэн арга нь гэвэл голдуу үг өрдөж, үг тулгаж, үг ба утгыг нь товч, тодорхой тайлбарласан учраас хамгийн шилдэг тайлбар болсон хэмээн мэргэд дээдэс үздэг ажээ. Нутгийн хаан Жалву Дармабадра энэ үед нас дээр гарсан байсан бөгөөд ийм шилдэг тайлбар гарсныг сонсоод туйлын ихээр баясаж, өөрөө олон шавь, ардыг цуглуулж “Дэлва донсол” номыг олон нийтэд тайлбарлан хүргэх ажлыг анхлан зохион байгуулжээ. Энэ үеэс хойш Харибадра гэгээн хэд хэдэн гайхалтай сайхан тайлбаруудыг зохиосон байна. Эдгээрээс дурдвал, “Дэлва донсол” тайлбараа “Ширчин”-гийн дэлгэрэнгүй номлол болон судартай тулгаж дахин нэг тайлбар хийсэн бөгөөд “Жадамба” судрын үг бүрийг тулгаж “Жадамба дэлчин” буюу “Жадамбын их тайлбар”-ыг зохиосон байна. Мөн Пагва Долдэ гэгээний зохиосон “Нитийн Нанва” номонд “Нити Ливүү Жава” хэмээх тайлбарыг зохиожээ. “Ширчин” судрын хамгийн хураангуй судар болох “Доо дүд” сударт тайлбар хийж “Дүдийн Гандид доглаа” хэмээх зохиолоо туурвижээ. Ийнхүү Харибадра гэгээн нь олон судар номонд шилдэг тайлбаруудыг зохиохын зэрэгцээ оюун төгөлдөр, номонд дуршилтай олон мянган шавийг эрдмийн оргилд хүргэж өгсөн гарамгай багш байжээ. Шавь нарынх нь дотроос охь манлай нь түмэнд алдаршсан Ловон Санжэй Ишэй юм. Харибадра гэгээн тоолж баршгүй олон шавийг хөтөлсөн нь номлол бүтээл, мэргэний туйлд хүрсэн төдийгүй, судар, тарнийн ёсонд мэргэшсэн агуу дээдсүүд болон заларсан байдаг. Тухайн үедээ ард түмний дунд “наран, саран” хэмээн хүндлэгдэн дээдлэгдэж байсан хоёр гэгээн бол Пагва Долдэ, Ловон Сэнгээсамбуу хоёр бөгөөд Сэнгээсамбуу гэгээн тоолшгүй олон шавийг номоор тэтгэж, мэргэний туйлд хүргээд лагшингаа номын агаарт хураажээ. Олон мэргэд дээдсийн адил хэний үр хүүхэд болж хаана мэндэлсэн, хэдэн насыг насалж, хаана хэзээ жанч халсан тухай хувийн намтар түүх нь бүдэг бүрхэг үлдсэн хэдий ч лагшингаа номын агаарт хураатлаа бусдыг энэрэн хайрласан их сэтгэлээ, бүтээсэн туурвилаараа өнө мөнхөд үлдээн оджээ.