Асанга - Цогт Наландрын 17 их бандида

Хутагт Асанга (Пагва Тогмид)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

9. Хутагт Асанга (Пагва Тогмид)

Асанга гэгээн нь Энэтхэгийн зүүн нутагт барамсай язгуурын айлд төрсөн байна. Түүний ээж нь урьд насандаа Наландарын хийдийн том бандида явсан бөгөөд ном хэлэлцэх ёсонд алдаа гаргасны улмаас түүнээс хойш олон төрөлдөө эмэгтэй хүн болон төрж явжээ. Бандида хүн олон сахил сахидгийн нэг нь бусдыг мууд үл зүйрлэх, үл ёжлох, үл доромжлох зэрэг явдал байдаг бөгөөд сахилтай хүний хэлсэн үг маш хүчтэй байдаг. Мэргэд дээдсийн үзэж байгаагаар ээжийнх нь урьдын төрлийн бандида ном хаялцах үедээ мэтгэлцэгч бандидаг “эмэгтэй хүн шиг…” гэсэн утга оруулан хэлсэн тохиолдолд унал гарч олон төрөлдөө түүн лүгээ адил болдог хэмээдэг. Асанга гэгээний эхийн үе бол эмэгтэй хүн хэчнээн эрдэмтэй байсан ч амжилт гаргах боломжгүй үе байжээ. Эх нь их хөлгөний гүн үзлийн номонд мэргэн хүн байсан бөгөөд их хөлгөний шашин доройтож буйг хараад туйлын ихээр санаа зовж их хөлгөний шашинд эмэгтэй хүний зүгээс хувь нэмрээ оруулахаар шийдээд сахилаа буцаан өгөөд хаан язгуураас нэгэн хүү төрүүлсэн нь Асанга гэгээн, бярман язгуураас нэгэн хүү төрүүлсэн нь Ловон Егнэн байжээ. Хөвгүүддээ бага наснаас нь эхлэн нийтийн 18 ухааныг өөрөө заан сургахын зэрэгцээ Янжинлхам бурхны бясалгал заан өгч, оюун ухааныг нь ихээр хөгжүүлжээ. Энэтхэг оронд хөвгүүд нь эцгийнхээ үйл хэргийг залгуулдаг ёс байдаг дагуу хөвгүүд эрийн цээнд хүрэх үесдээ эхдээ хандаж “Эцэг маань хэн бэ? Ураг удмынхаа үйл хэргийг залгуулцгаая” хэмээн хэлсэнд эх нь “Та нарын эцэг хэн байх нь хамаагүй. Би та хоёрыг бүсгүй хүний заяа дагаж, ураг удам залгуулах гэж төрүүлээгүй. Ээжийнх нь хамгийн эрхэм зүйл, сүсэг бишрэл болсон Их хөлгөний шашин доройтож байгааг хараад эмэгтэй хүн болсон би юу ч гүйцэлдүүлж чадахгүй байсан учраас сахилаа буцааж та хоёроор дамжуулан энэ хэргийг гүйцэлдүүлэхээр төрүүлсэн юм. Тиймээс та хоёр явж энэ их хэргийг бүтээ” хэмээжээ. Асанга эхийн захиас дагуу лам болж, Наландарын хийдэд шавилан суугаад жилд гэхэд л буман шүлэг цээжилж, утгыг нь мэддэг болох зэргээр таван жил суралцжээ. Энэ үедээ “Ширчин” судрын утга өөрт нь маш бүдэг байгааг мэдэрчээ. Бурхан багш “Жамбалцонжид” судартаа Тогмид хэмээх хүү надаас хойш 900 жилийн дараа Ширчингийн нууц утгыг тайлна хэмээсэн утга бүхий бошго үзүүлсэн байдаг. Асанга гэгээн НТ-ын III-IV зууны үед Майдар бурхныг бясалгалаар бүтээн, нигур учран уулзаж, “Ширчин” судрын утгыг тайлж асуухаар Жарханжан хэмээх ууланд их бясалгалд суусан байна. Нийт гурван жил бясалгалд суугаад Майдар бурхантай уулзах ямарваа нэгэн шинж тэмдэг гарсангүй. Ингээд зорилго бүтэхгүй юм байна хэмээн бясалгалын агуйгаасаа гарч явтал замдаа нэгэн эмгэнтэй тааралджээ. Тэр эмгэн модны хөвөнгөөр нэгэн бүдүүн саваа төмрийн үзүүрийг үрж суужээ. Асанга эмгэнээс учрыг асуутал эмгэн “Би энэ төмрийг ирлээд зүү хийж юм оёх санаатай” хэмээжээ. Тэгэхэд нь Асанга “Энэ эмгэн модны хөвөнгөөр төмрийг үрээд зүү хийж юм оёно” гэж суухад би ийм түргэн шантарч болохгүй юм байна” хэмээн ухаараад агуй уруугаа буцан очоод бясалгалдаа дахин суужээ. Ийнхүү дахин гурван жил суутал Майдар бурхантай уулзах ямар ч шинж тэмдэг илэрсэнгүйд мөн л шантарч бясалгалаа зогсоогоод агуйгаасаа гарч явжээ. Явах замдаа хадны нарийхан завсраар нэгэн шувуу шурган ороод өд нь наалдсан байхыг үзээд очиж харвал шувуу тэр хадны завсраар орсоор байгаад хадыг элээж мөлийлгөсөн байхыг үзжээ. Ингээд “Энэ шувуу өдөөрөө энэ хатуу хадыг ч мөлийлгөж чадсан байхад би ийм түргэн шантарч болохгүй юм байна” хэмээн ухаараад эргэн агуйдаа очиж бясалган суужээ. Дахин гурван жил бясалгаад Майдар бурхан зүүдний төдий ч үзэгдсэнгүйд ихэд уйсаж бясалгалаа зогсоогоод агуйгаасаа гаран явжээ. Замдаа нэгэн хадны дээрээс ус дусаж байгаатай тааралдав. Ус дусалсаар байгаад дуссан хадыг нүхэлсэн байв. Асанга гэгээн үүнийг үзээд “Дусал ус хадыг ч нүхлэх хүчтэй байхад би ингэж шантарч болохгүй юм байна” хэмээн дахин эргэж агуйдаа очоод бясалгалдаа суужээ. Дахин гурван жил, нийт 12 жил бясалгалд суусан боловч Майдар бурхантай уулзах ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй аргагүй шантран бясалгалаасаа босон агуйгаа орхин явжээ. Ийнхүү явж байтал замд нь нэгэн нохой тааралджээ. Тэр нохойн бөгсөн бие өтөнд идэгдсэн учраас маш их зовж байв. Асанга нохойг хараад туйлын ихээр өрөвдөж туслах арга боджээ. Хэрэв өтийг нь гараараа хэчнээн эвтэйхэн түүсэн ч өт эмзэг учраас бяцраад үхэцгээнэ. Өтнөөс нь нохойг цэвэрлэхгүй бол хөөрхий энэ нохой зовсоор үхэх байдаг. Одоо яадаг билээ хэмээн бодоод нэгэн арга олж гуяны махнаасаа хэрчин аваад өтийг хэлээрээ түүж махан дээрээ тавихаар шийдээд нүдээ анин нохойн хонго руу тонгойтол нохой бус өөр зүйл тулжээ. Гайхан нүдээ нээвэл нохойны оронд Майдар Бурхан залран байжээ. Баярлах, гомдох зэрэгцэн “Би 12 жил бясалгаад тантай уулзаж чадсангүй” хэмээсэнд Майдар бурхан “Би чамайг агуйд бясалгалд суусан өдрөөс чинь эхлээд л чиний дэргэд байсан шүү дээ. Чи л намайг үзэхгүй байсан болохоос. Үнэмшихгүй бол миний дээлийн хормой чиний шүлсээр дүүрэн байгаа” хэмээн хормойгоо харуулсанд үнэхээр өөрийнх нь хаясан шүлсээр Майдар бурхны хормой дүүрэн байжээ. Хүмүүс бид муу үйлийн түйтгэрээсээ болоод дэргэдээ байгаа бурхныг үзэж чаддаггүй ажээ. Асанга гэгээнд Майдар бурхантай нигур учран уулзахад их нигүүлсэх сэтгэл дутаад байсан учраас уулзаж чадахгүй байсан бөгөөд хонго нь өтсөн нохойг өрөвдөн хайрласнаар нигүүлсэх сэтгэл нь хэмжээндээ хүрч ийнхүү уулзсан болохыг Майдар бурхан айлдсан байна. Хүмүүс үйлийн түйтгэрээсээ болж бурхныг үзэж чаддаггүй болохыг нотлохын тулд Майдар бурхан “Чи намайг мөрөндөө үүрээд хотоор яв. Хэр олон хүн намайг үзэж чадахыг хар” хэмээжээ. Ингээд Асанга гэгээн Майдар бурхныг мөрөндөө суулгаад “Майдар Бурхан заларч байна. Ирж мөргөөрэй. Адис аваарай“ хэмээн хашгиран явтал хүмүүс түүнийг “Зайлуул, ууланд олон жил бясалгалд суугаад галзуурчээ. Хөөрхий” хэмээцгээжээ. Харин нэгэн эмгэн түүний мөрөн дээр нохойн сарвуу байна хэмээн харсан бөгөөд ийнхүү харсан төдийгөөр үйл нь барагдан удалгүй их баян чинээлэг болсон. Мөн нэгэн тэрэгчин өвгөн бурхны тавхай байгааг олж үзсэн бөгөөд ийнхүү үзсэн төдийгөөр удалгүй их эрдэмтэй болсон хэмээдэг. Асанга гэгээн энэ үед чуулганы мөрийг олоод байсан бөгөөд гэгээрлийн энэ шатанд бие нь энд байвч, сэтгэл нь зуун газарт зэрэг ном сонсч чадах эрдэм олсон байдаг ажээ. Ингээд Асанга гэгээн Майдар бурхны лагайнаас зүүгдэн агшин зуур Гандангийн Түшида оронд очжээ. Түшида бол тэнгэрийн ариун орон бөгөөд тэнд Майдар бурхны тэнгэрүүдэд номоо номлодог Идга Чойнзонлин төв цэцэрлэгт хүрч үүр цайхаас үд болтол “Илт онохуйн чимэг” (Ондогжан) тэргүүтэй таван ном номлохыг сонсож таалалдаа багтаан аваад үзэхүйн мөрийг олж Хутагт болоод Замбуутивдээ залран ирэхэд тавин жил өнгөрсөн байв. Замбуутивийн тавин жил Түшидийн орны хугас өдөр ажээ. “Ширчин” судрын нууц утгыг үзүүлсэн таван ном нь “Ондогжан” (Илт онохуйн чимэг), “Ума намжид”, “Чойн намжид”, “Жүдлама”, “Судрын чимэг” бөгөөд Асанга гэгээн эдгээр номуудыг сонсох тусам шинээр эрдэм, самади даян төрж байсан хэмээдэг. Асанга гэгээн нь сэтгэл төдийтөн (сэмзэмба) тогтсон тааллыг голдрилд нь оруулсан учраас “Их тэрэгтэн” хэмээн хүндлэгддэг. Асанга хэмээсэн нь “Торолтгүй” гэсэн утгатай бөгөөд Замбуутивд буцаж ирэхдээ бусдын сэтгэлийг уншиж мэддэг зөн билгийг эзэмшсэн байсан нь түүний олон эрдмийн зөвхөн нэг нь байсан хэмээдэг. Майдар бурхнаас сонссон номоо Замбуутивийн хүмүүст хүргэхийн тулд Магада нутагт залран “Номын үзэг” (Чойжий нугуу) хэмээх хийд бариад таван номоо үсгэнд буулган тараан, тайлбарлаж эхэлсэн байна. Номоо Майдар бурхны айлдсан дагуу нь үсгэнд буулгасан бөгөөд шавь нарынх нь дотроос зөн билгийг олсон, самади дияаны өндөр түвшинд хүрсэн хүн тоо томшгүй олон гарсан хэмээдэг. Майдар бурхны айлдсан таван номонд утгын тайлбарыг өөрөө хийж гаргасан бөгөөд ингэхдээ “сэтгэл төдийтөн (сэмзэнба) тогтсон тааллыг баримтлан хийсэн байна. Эдгээр нь Са дэ на, Дон намни, Саян ойш, Дон ла баво дүйва, Ши дува, Намдан дүйва, То дүва зэрэг “Газрын таван аймгийн ном” хэмээн нэрлэгдсэн номууд байдаг ажээ. Эдгээр номоо туурвихдаа анх удаа “Сэтгэл төдийтөн” тогтсон тааллыг гарган ирснээрээ шинэ үзэл онолыг үндэслэсэн байна. Хутагт хүн бол хоосон чанарыг илтэд оноод бодьсадын гуравдугаар газарт хүрсэн байх тул “төв үзэл”-ийг олсон байх бөгөөтөл бусдад харагдах байдлаараа “сэтгэл төдийтөн”-ий ёсыг баригч мэт үзэгдэж, номоо ч энэ ёсны дагуу туурвин бүтээсэн нь шавийн оюунд (өөрийн дүү Егнэн зэрэг ) тохируулсан явдал байсан хэмээн судлаачид үздэг. Хэрэв Асанга “төв үзэл”-ийн дагуу номоо айлдсан бол хэн ч ойлгож чадахгүй байх байсан гэж мэргэд дээдэс үздэг. Дүү Егнэн тэргүүтэй ихэнх шавь нар нь номын үг, утгыг ойлгох чадвартай хэдий ч явдал мөр нь сэтгэл төдийтөн байсан учраас тэдний сэтгэлд тохируулан “сэтгэл төдийтөн” тогтсон тааллаар номоо туурвисан байдаг. Тиймээс дүү Егнэн нь ахынхаа номын үг, утга аль алинаар нь зөв ойлгон шавь нартаа дамжуулж чадсан юм. Асанга гэгээний шавь нарын дотроос утга, үгийг хамгийн сайн ойлгодог шавь нь Ловон Сэнгээсамбуу байсан гэдэг. Ловон Сэнгээсамбуу хожим “Ондогжан” сударт “Дэлэв донсол” хэмээх хамгийн ойлгомжтой, товч тодорхой тайлбарыг хийсэн байдаг. Харин Егнэнгийн шавь Пагва Долди эхлээд утгыг ойлгоод, үгэнд нь төөрч байсан бол шавь Зумбаа Долди үг, утгын аль алинд нь төөрч байсан хэмээдэг. Асанга гэгээний гол зорилго бол дамжлага нь тасрахад тун дөхөөд байсан “Их хөлгөн”-ийг сэргээн дэлгэрүүлэх явдал байжээ. Ингээд баруун зүгт залран суугаад номоо номлосон нь дөрвөн зүгээс олон шавь цугларах боломжийг бий болгож, номыг нь сонссон маш олон шавь төв үзлийн тогтсон таалалд эргэлт буцалтгүй орж, үүгээрээ Асанга гэгээний хүсэл биелж нэр алдар нь ч газар сайгүй алдаршжээ. Нутгийн ард түмэн Асанга гэгээний эрдэм чадалтай, зөн билэгтэй, илт мэдэлтэй болохыг гайхан шагших болсонд хаан түүнийг нь сорьж үзэхээр шийджээ. Хааны алдрыг Самачог хэмээдэг байсан бөгөөд хаан, тас хар одос үхрийг хэн ч мэдэх аргагүй байдлаар цагаан өнгөөр будаж үхэр сүрэгт нь тавиад, алтан хумхан дотор ялгадас тэргүүтэй бохир зүйл хийн сайтар битүүмжлэн таглаж гоёмсог торгонд боож гаднаас нь харсан хэн ч их л үнэтэй чамин зүйл байх мэт болгоод ордныхоо доод давхрын нэгэн өрөөнд тавьжээ. Ингээд Асанга гэгээнийг ордондоо урин залаад “Манайд танаар таалгахаар бэлдсэн хоёр зүйл байгаа. Та холоос шинжилж өгнө үү?” хэмээжээ. Тэгэхэд нь Асанга гэгээн “Нэг эрдэнийн сав байна. Дотор их бохир зүйл хийжээ. Мөн нэг амьтан байна. Уг өнгө нь хар боловч та цав цагаан болгожээ” хэмээсэнд хаан ихэд гайхан баясахаар үл барам сүжиг ихээр төржээ. Гэвч хаан Асанга гэгээнийг дахин сорихоор шийдэж Ганжуур судар дотроос гурван үгийн утгыг асуусанд гайхамшигтай мэргэн тайлбар өгсөн гэдэг. Энэ явдалд туйлын ихээр биширсэн хаанд гүн сүжиг баттай төрсөн төдийгүй хорин таван номын зүгийг байгуулан (ном айлдуулан дэлгэрүүлэх орон хийд байгуулах) олон ардад ном номлуулдаг болжээ. Энэ явцад дүү Егнэн нь ахынхаа эрдэм чадлыг хараад бахдан биширч номын зүг даган их хөлгөнд эргэлт буцалтгүй орсон төдийгүй рид хувилгаан нь цаглашгүй болсон хэмээдэг. Егүзэрва нар нь рид хувилгаан, ид шидийг хүсдэггүй боловч эрдэм оршсоны тэмдэг болж ташрамд нь хүссэн, хүсээгүй бий болдог байна. Тэдгээрээс дурдвал, газар товчлох увдисаараа жирийн хүний унаагаар 3 сар туулдаг газрыг 3 агшинд туулах явдал юм. Тэдний энэхүү гайхамшигт эрдэм чадалд биширсэн бусад шашны хүмүүс бурхны шашинд даган орж, нэг зуун бярман хүн нэгэн зэрэг өргөл хүндлэл үзүүлж байжээ. Мөн Үржинхандын оронд 108 суварга нэгэн зэрэг бүтээж байсан байдаг. Тэр цагт Мангада нутагт, Наландарын хийдийг урьд сүйтгэж байсан Кахлуба хэмээх тэрс үзэлтнүүдийн үргэлжлэл болсон түрэмгийлэгчид дайран орж ирэхэд Асанга гэгээн өөрийн шавь нарын хамт асрахуй сэтгэлийг бясалган суусанд тэдний хэрэглэсэн ямар ч зэр зэвсэг цэцэг болон хувирч, хамаг л зэр зэвсгээ барсан хэмээдэг. Асанга гэгээн насны үд хэвийсэн үедээ 12 жилийн турш Наландарын хийдийн хамбаар заларчээ. Тус хийдийн хамба байна гэдэг нь эрдэмт бандида нарын дээд хүндэтгэл, хүлээн зөвшөөрөл, эрдэм чадлын дээд оргил байсны илэрхийлэл юм. Хамбын суудалд залран номын үйлийн бүтээж байхдаа мянга орчим тэрсүүдийн багш нарыг номоор сөхрүүлж өөрийн номонд дагуулж их хөлгөний гүн үзэлд оруулсан байдаг. Тэрсүүд дотроос Наландарын хийдийг үнэхээр бусдаас шалгарсан мэргэд л зорин ирдэг байсан бөгөөд тэднийг сөхрүүлнэ гэдэг нь түүний эрдмийн цаглашгүйг харуулж байдаг. Асанга гэгээн хуврагын аймгийг машид эмхэтгэн ёс цааз, хууль санваарыг ариунаар байгуулж, олон шавийг номоор тэтгэсээр Бурхан багшийн хамгийн олон жил номоо номлосон газар болох “Тас цогцолсон уул”-ын ойролцоо Бимбисар хааны цэцэрлэг Махаражагир хэмээх газарт дүрст лагшингаа хурааж нирваан дүрийг үзүүлэн Гандангийн оронд заларсан билээ.