Нагаржуна Нагаржунай - Цогт Наландрын 17 их бандида

Хутагт Нагаржуна гэгээн

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

1. Хутагт Нагаржуна гэгээн (Гомбо Лүдүвийн гэгээн)

Нага нэрт гэлэн дор мөргөмүй.
Хутагт Нагаржуна гэгээнтний алдрыг Түвдээр Гомбо Лүдүв, монголоор Итгэлт Лусын бүтээлч хэмээн нэрлэдэг.
Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс хойш 400 жил хүрэхэд Билэг барамидын судар тэргүүтэн их хөлгөний сав аймгийн номыг бурхны зарлиг биш хэмээсэн муу атгаг бодол дэлгэрсний улмаас их хөлгөний шашин ихэд доройтсон цаг үед бурхнаас эш бошгыг үзүүлсэн Цог итгэлт хутагт Нагаржуна мэндэлж, их хөлгөний шашныг наран мэт мандуулсан юм. Бурхны айлдсан” Лангаршэгвийн до”- номонд “Урд зүгийн Бэдагийн оронд гэлэн Балдан хэмээн ихэд алдаршсан тэрээр Лус хэмээн нэрээр дуудагдаж, буй хийгээд үгүйд баригчийн зүгийг эвдэн, миний ханьцашгүй их хөлгөнийг ертөнцөд сайтар номлоод “Машид баясагч”-ын газрыг олоод, тэрээр Диваажинд одно” хэмээн айлдсан байдаг.
Ер нь их хөлгөний сав аймгийн номыг Майдар, Самандбадра, Очирваань, Манзушир тэргүүтэй бодьсадва нар анх хураан эмхтгэсэн байна. Бурхан багшаас хойш замбуутивд их хөлгөний номын сав бологч үгүй болсонд бурханд ихэд сүсэгтэй Лус нар дараагаар хураан эмхэтгэн өөрийн орондоо шүтээн болгон залсан ажгуу. Хожим Хутагт Нагаржуна Лусын орноос Билэг барамидын судар тэргүүтэн их хөлгөний сав аймгийн номыг залж, хүмүүний оронд их хөлгөний шашныг дэлгэрүүлсэн. Цог итгэлт хутагт Нагаржуна Энэтхэгийн өмнөд зүгийн Бэда хэмээх оронд үр хүүхэдгүй бярман язгуурын нэгэн гэр бүлд мэндэлсэн. Нагаржунагийн эцэг, эх нь хүүгээ нэгэн үзмэрчид шинжүүлж, түүний ирээдүйн амьдралын талаар асуусан аж. Үзмэрч бээр хүүгийн шинж тэмдэг их л сайн боловч 7 хоногоос илүү нас үгүй хэмээв. Эцэг, эх нь хүүгийнхээ насыг уртасгах ямар арга байгааг асуусанд үзмэрч 100 бярманд бинваад идээ өргөн ном айлдуулвал 7 сар наслах ба харин 100 гэлэнд бинваад идээ өргөн ном айлдуулвал 7 жил наслах ба түүнээс цааш өөр ямар ч арга байхгүй хэмээжээ. Нагаржунагийн гэрийнхэн үзмэрчийн хэлсэн дагуу бүгдийг хийж хүү ч 7 нас хүрэхэд ойртов гэнэ. Эцэг эх нь хүүгээ нүдэн дээрээ үхэхийг харж тэсэхгүй хэмээгээд, хүүг зарц нарын хамт ой цэцэрлэг, эргэл мөргөлийн газраар аялуулжээ. Тэд эргэл мөргөл үйлдсээр цогт Наландарын хийдэд ирж их бүтээлч Сарахатай уулзжээ. Хүүгийн бараа бологчид их бүтээлч Сарахад учир явдлыг өчсөнд тэрээр хүүг хуврага болговоос нас нь уртасна гээд хуврага болгож, Амидэва бурхны үүднээс “Үхлийг дарагч насны авшиг”-ыг хүртээв. Хүү ч Амидэва бурхны тарнийг цаг үргэлж уншиж байв. Яг 7 нас хүрэхийн урьд шөнийн турш Амидэва бурхны тарнийг уншиж, үхлээс гэтлэн насны шид хутгийг олсон гэдэг.
Улмаар 19 насандаа Наландарын хийдийн хамба Дажанзинсамбуугаас гэлэнгийн /аяга тахимлаг/ санваарыг авч алдар нь Гэлэн Балдан хэмээгдэв. Бодьсадва Лодой Ринчен тэргүүтнээс судар, тарнийн олон гүн номыг сонсож мэргэний туйлд хүрсэн аж. Тэрхүү орон нутагт их ган гачиг болж Нагаржуна гэгээнийг Наландарын хийдийн хамба бээр хийдийн нярвын албанд тушаасан агаад энэ үед их ган гачиг тохиолдон цагийн байдал маш хүнд хэцүү болсон ажгуу. Нагаржуна гэгээн их далайн нэгэн аралд рид хувилгааны хүчээр очиж, бүтээлч аршаас “Алтанд урвуулагч иер”-ийн увдис аргыг сураад нутагтаа буцан ирээд зэс, төмөр, чулуу зэргийг алт болгон урвуулж, түүнийгээ ган гачиг тохиолдоогүй нутаг оронд хүргэж үр, будаагаар худалдаж 12 жилийн турш хуврагуудын амьжиргааг тэтгэсэн байдаг. Шашны дотоод сан буюу винайн шашин, ёс доройтсоныг дахин сэргээхийн тухайд сургаал цаазыг цалгардуулсан 8000 хуврагийг Наландарын хийдээс гаргажээ.
Энэ үед гэлэн Дэжэд хэмээгч “Нотлолын чимэг” гэдэг 12000 шүлэгтэй номыг туурвин, их хөлгөний үзэл, явдлыг гэм хирээр булингартуулсан агаад түүнийг дагагч 500 орчим шавь нарыг нотлохуйн ухааны үүднээс няцаан зөв номд оруулсан байдаг. Энэ үед хоёр хүүхэд ном сонсохоор ирдэг байв. Тэднийг ирэхэд сайхан үнэр зүг зүгт тархан үнэртэж, тэднийг буцахад үнэр алга болж байжээ. Нагаржуна гэгээн үүний учир шалтгааныг асуугаад лусын хаан Жогбугийн хөвгүүд гэдгийг мэдсэн аж. Хоёр хөвгүүн ч хүмүүний гэм бузраас хамгаалахын тулд Зандан гошрыг биедээ түрхсэнээ хэлжээ. Нагаржунай гэгээн энэ зандан хаана байгааг асуусанд хөвгүүд бидний эцэгт байгаа таныг Лусын оронд заларваас тэрээр өгнө хэмээн өгүүлэв. Нагаржуна бээр Лусын оронд заларваас олон лусын сэтгэлд буяны үндсийг төрүүлэх, Билэг бирамидын судрыг лусын орноос залах тэргүүтэн хэрэг байгааг болгоон, лусын оронд биеэрээ заларчээ. Лусууд хутагт Нагаржунад агуу их тахилыг өргөөд ном зааж өгөх гуйлтыг айлтгажээ. Тэрээр лус нарт ном заасанд тэд ихэд баясан Нагаржунай гэгээнийг лусын оронд үлдэхийг хичээнгүйлэн айлтгасан байна. Нагаржуна бээр одоо би замбуутивд живаа суварга шүтээн босгох ёстой тул дараа дахин ирье хэмээгээд замбуутивдээ эргэн заларчээ. Тэрээр лусын орноос суварга шүтээн босгоход хэрэглэхээр ягчисын шавар авчирсан агаад харин “Зуун мянган Юм судар”-ыг залах болсонд лус нар судрын сүүлийн зарим хэсгийг эс өгсөнд тэдгээрийг лус нарт шүтээн болгон үлдээсэн гэдэг. Эдгээр нь Жадамба судрын “Үргэлж уйлагчийн бүлэг”, “Чойпагийн бүлэг” байжээ. Хожим “Дэлгэрэнгүй Юм судар”-ын сүүлийн хэсгээс авч нөхөн гүйцээсэн байдаг. Нагаржуна гэгээн их, бага хөлгөний аймаг бүгдийг судалж, мэргэжсэнээр тэдгээрийн оройн чимэг их багш болсон ажгуу. Хувь төгс шавь нарт 3 сав аймгийн ном, ялангуяа дээдийн ном винайн ёсыг ариунаар тогтоож арвитгаснаар урьд Бурхан бээр номын хүрдийг эргүүлсэн мэт анхдугаар номын дууг дуурсгасан болой. Түүнээсээ Ли Хара хэмээх оронд заларч” Алтанд урвуулагч иер”- ийн увдас аргаар их хэмжээний өглөгийг түгээсэн ажгуу. Шарвасити орон сэлт, Ражигар, Вишали, Занбага, Варанаси тэргүүтэн Энэтхэгийн төв нутгийн 6 томоохон хот, мөн бусад зүгийн нутаг оронд сүм хийд, суварга шүтээн олныг босгосон. Их хөлгөний номын хийд 108 байгуулсан. Махагалын лагшин дүр нэгийг босгож, шашныг сахин хамгаалахыг түүнд даатгажээ. Дорждан буюу Очир суурингийн суварганд чулуун сараалжин хэрмэн хашааг босгосон бөгөөд хэрэмний гадна талд бурхны 108 суварга бүтээсэн байна.
Балданбрэйбүнгийн суварганд хэрмэн хашаа барьсан агаад хэрмэн хашаан дотор 100 сүмийг босгосон болой. Тэрээр лусын орноос Билиг барамидийн судрыг залж Их хөлгөний ёс суртгаал баларсныг дахин сэргээсэн. Нагаржуна гэгээн Яруу бус дуут тивд заларч 200 жил орчим амьтны тусыг ихээр бүтээсэн гэдэг. Түүнээс Дэжод самбуу хааны тахил хүндэтгэлийн орон болж гурван жил орчим болоод Балжирибу тэргүүтэн ууланд бясалгал бүтээл хийж олон шид бүтээлийн эрдмийг олсон байдаг. Хутагт Нагаржунаг ном заах үед лус нар могойны дүр байдлаар дээш цогнойж хүндэтгэн нөхөр болж байсан тул Лусын бүтээлч гэдэг алдартай болжээ. Ширвага тэргүүтэн “Бодит өгүүлэгч“ нарын тэмцлийг няцаахын тухайд “Нотлолын 6 чуулган” хэмээгч “Тэмцлийг няцуулагч ”, “Далан хоосон чанар ” ,” Нягтад тээрэмдэгч ”,“Жаран нотлол ”, “Судрын бүхэн түүвэр ”, “Төв эрдэнийн эрх” зэрэг 6 номыг туурвисан бөлгөө. Эдгээр шаштируудаас “Билэг барамидын судар их эрдэнэ”-ийн гүн утгыг төв үзлийн ёсонд тайлбарласан “Билэг үндэс” хэмээх шаштир хамгийн алдартай нь мөн. Энэ мэт урьд бурхан бээр “Дунд номын хүрдэн”-г эргүүлсэн лүгээ адил дээдийн номын дууг хоёрдугаар удаа дуурсгасан болой. Түүнээс “Их хэнгэрэг” тэргүүтэн сударт шүтэж бурхны (Амгалантай ажирагсад) зүрхэн шим амьтан бүгдэд түгээмэл гэдгийг заасан “Номын төвийн магтаал” тэргүүтэнг зохиосноор дээдийн номын дууг гуравдугаар удаа дуурсгасан юм. Нагаржуна гэгээн насны шидийг олсон тул 600 орчим жил насалсан гэдэг бөгөөд түүний алдартай шавь нар нь Шагжамэдрэ, Нагабоди, Арьяандэв, Мадигаба тэргүүтэн шадар дөрвөн шавь, Ловонбавуу, Буддапалита, Лэгданжэд, Чандракирти тэргүүтэн ойрын шавь нар болой. Эдгээр шавь нар шашин амьтны агуу тусыг бүтээсэн. Үүнээс гадна мэргэн, бүтээлч шавь нар тоолшгүй олон буюу. Хутагт Нагаржуна ”Нотлолын зургаан чуулган” зохиол бүтээлээс гадна “Төвийн магтаалын аймаг”, “ Их хөлгөний оюун судлагдахуун”, “ Зүүд чандмань эрдэнэ”, “Бодийн чуулган”, “ Нууцын хураангуйн тайлбар”, Тутарга будааны судрын тайлбар” , “Тантарын бүхэн түүвэр”,” Бодь сэтгэлийн тайлбар”, Үүсгэлийн зэрэг хураангуйг бүтээх арга”, “Төгсгөлийн зэргийн таван зэрэг” тэргүүтэн судар, тарнийн олон номыг туурвисан байна. Анагаах ухааны талд “ Зуун найрлага” гэдэг шаштир зохиосон байдаг. Мөн хутагт Нагаржуна хаанаас аваад харц ардыг хүртэл сургасан ертөнцийн ёсны номуудыг туурвиснаараа ихэд алдартай. Үүнд: Хаанд зориулсан “Эрдэнийн эрх”, Хаанд илгээсэн захидал”, түшмэлд зориулсан “ Билгийн гол модон”, “Зуун билэг” харц албатад зориулсан “Ардыг тэжээхүй рашааны дусал” гэх мэт олон бий.
Товчилбоос тоолшгүй олон шавь нарыг их хөлгөний мөрд хөтөлсөн, 3 сав аймгийн ном, 4 тантарын тааллын тайлбар шаштирууд, нийтийн шаштир олныг зохиосон бөгөөд олон жил, өнө удаан хугацаагаар шашныг тэтгэсэн сайна. Энэ мэтээр агуу их шашны үйлийг зохиосонд хилэнцэт шулам Дэжан бээр үүнд тэсэлгүй Дэжодсамбуу хааны хүү болж төрөл авч Шонүү Нүйдан гэгч болжээ. Эх нь хүүдээ гоёмсог хуяг өгсөнд хүү бээр би үүнийг хаан ширээ барихдаа өмсөнө хэмээв. Эх нь чамд хаан ширээ барих хугацаа олдохгүй, чиний эцэг хийгээд Нагаржуна нар нэгэн адил насны шидийг олсон амь нэгтэй болно. Чи ямар эцгийгээ хөнөөлтэй биш, Нагаржуна Балжирибу ууланд байгаа тэнд очиж түүнээс толгойг нь гуйгтүн гэв. Шонүү Нүйдан бээр Нагаржуна гэгээнээс толгойгоо өгөхийг гуйсанд тэрээр бодьсадвын агуу их явдлаар замнаж байсан тул толгойгоо өгөхийг зөвшөөрчээ. Ингээд түүний толгойг мэсээр чавчиж таслах гэсэнд чадсангүй гэнэ.
Ингээд Нагаржуна гэгээн би урьд гүш өвсөөр нэгэн өтний толгойг хяргасан бөгөөд тэр нүглээ наминчилж арилгаагүй байсан учир түүний үр боловсорч байгаа болно. Иймд гүш өвсөөр миний толгойг тасал хэмээгээд таслуулсан агаад лагшингаас нь цус биш сүү гарсан гэдэг. Тасарсан толгой бээр “Би нь эндээс диваажинд одно. Хожим бие үүнтэйгээ учирна” хэмээн хэлсэн ажгуу. Үүнээс болгоомжилж толгойг нь нэг бээрийн хол газар орхисон байна. Түүнээс хойш толгой, бие аажим аажмаар ойртсоор байгаа агаад толгой, бие 2 нийлвээс босож, шашин амьтны тусыг агуу их бүтээнэ хэмээдэг.