Нагаржунай

Хутагт Нагаржунай

Нага нэрт гэлэн дор мөргөмүй.

Их Гэгээнтэн багш Нагаржунай тухайн үедээ доройтож байсан бурхны шашны их хөлгөний ёсыг сэргээн дэлгэрүүлж, гүн ухааны Мадяамика буюу Төв Үзлийг машид тодоруулан зохиосон хэмээн ихэд алдаршиж, Энэтхэг, Түвд, Монголын эрдэмтэн мэргэдийн шүтээний орон болсон ажээ.

Гэгээнтэн Нагаржунай Бурханы шашныг сэргээн, олон амьтны тусыг хожим наран мэт бүтээнэ хэмээн Ланкаватара, Манзушримулакалпа, Махамэга, Махабзри зэрэг олон сударт Бурхан багшаас лүндэгнэсэн байдаг. Бурхан багшаас тийн лүндэн үзүүлсэн Гэгээнтэн Нагаржунай Энэтхэгийн өмнөд хэсэгт оршдог Видарба /Дал модны орон/ хэмээх газарт үр хүүхэдгүй нэгэн баян бярманы гэрт төржээ.

Шинжээчид хүүг үзээд, их хүний дүртэй боловч 7 хоног л насална. Харин 100 хүнд хоол өргөвөл 7 хоног нэмэх, 100 бярманд гүнцэг өргөвөөс 7 сар болох, харин 100 хуврагад гүнцэг өргөвөөс 7 наслана гэжээ. Эцэг эх нь ч 100 хуврагад гүнцэг өргөж 7 наслахын үед эцэг эх нь хүүгээ хэрхэн үхэхийг харж эс чадах тул хэдэн зарцаар бараа болгон алсад одуулжээ.

Тийн аялах үедээ хүү Аръяабалын хувилгаан Касарпана бурханы нүүрийг үзсэн гэдэг. Түүнээс асар удалгүй алдарт Наландарийн хийд дээр очжээ. Тэнд бярман, Их Шидтэн Сарахатай учирч шавь нь болсон байна. Шидтэн Сараха, шашинд орж, ертөнцийн амьдралыг тэвчвээс амьд үлдэх боломжтой гэсэнд хүү зөвшөөрч, ёсоор дагасан бөгөөд дараа нь багшаасаа “Үхлийг дарагч Аминдаваа бурханы” мандал, насны ван авшиг хүртэж, улмаар тарнийхаа тоог үхэх өдрөөсөө өмнө амжин уншиж гүйцээснээр үхлийг давжээ. Үүнээс хойш тэрээр 600 жил насалсан юм гэдэг.

Найман насандаа тэрээр ангид тонилохуйн санваар авч, бурханы шашны арван ухаан болон гүн ухааны гол үзэл онолуудыг нарийвчлан судалжээ. Дараа нь эцэг эхтэйгээ уулзсныхаа хойно Сараха багшаасаа Сандуйн ван авч, тарнийн ёсны гүн гүнзгий сургаал увдис хүртсэн байна. Тэгээд сахил хүртэж, Бикшү Шриманта нэр авчээ.

Орь залуу Манзушрийн хувилгаан, бодьсад Радна Мади багшид шавь орж, судар тарнийн ном сургаалыг маш дэлгэрэнгүй үзэж, улмаар судар тарнийн их багш болон ном айлдаж эхэлсэн гэдэг.
Нагаржунай төмрийг алт болгогч шид сурч, 12 жилийн гангаас болж, хэцүүдэж байсан Наландарийн хийдийн хуврагуудыг тэтгэж байсан байна.
Удалгүй тэрбээр Наландар хийдийн хамба болж, санваараа ариунаар нь сахисан хуваргуудыг сайтар шагнан урамшуулж, санваараа доройтуулсан хуварагуудыг хийдээсээ хөөж байжээ. Тэр 8000 гаруй хуврагийг санваараа доройтуулсны тул сүмээс хөөсөн гэж байдаг.

Нагаржунай Их хөлгөний ёсыг буруутгах гэсэн бикшү Самкарагийн зохиосон 12000 шад шүлэг бүхий “Мэдлэгийн чимэг” зэрэг олон номыг учир шалтгааны үүднээс бүрэн бүтнээр нь үгүйсгэж, Их хөлгөний ёсыг хамгаалж байсан байна. Жатасамгата хэмээх газар тэрээр 500 гаруй тэрсүүд үзэлтэй мэргэдтэй ном хаялцан дийлж, бурханы шашинд оруулсан байдаг. Нэгэн удаа түүнийг гурван сав ном айлдаж байхад нь хоёр лус ирж ном сонсож байжээ. Тэдгээр хоёр лусыг байх үед зандангийн сайхан үнэр үнэртэж байсныг анзаарсан Нагаржунай энэ тухай асуухад, тэд, өөрсдийгөө Таксака хэмээх лусын хүүхдүүд гэж танилцуулсан байна. Мөн тэд өөрсдийгөө хүний эвгүй үнэрээс болж зандангийн тос биедээ түрхсэн гэжээ. Нагаржунай тэднээс Дарь эх бүтээх болон сүм босгоход туслахыг хүсэхэд хариуд нь тэд, багшийг зөвхөн лусын оронд очсоны нь дараа л туслана гэж амлажээ. Тэгэж тэрээр лусын оронд морилж, номын хурыг буулган лусуудын эгээрэл хүслийг биелүүлээд Лусын оронд Бурхан багшийн үеэс хадгалагдаж байсан 100,000 мөрт билиг билгүүний Пражна парамита /Билиг билгүүний барамид/ судрыг Энэтхэгт залж, шашин амьтанд үлэмж их гавъяа байгуулжээ.

Нагаржунайг сүмийн цэцэрлэгт ном айлдах үед лусууд хүндэтгэл үзүүлэн зургаан могой шүхэр болон түүнийг нарнаас хамгаалдаг байсан тул түүнийг “Нага” буюу “Лусын бүтээлч” хэмээн нэрлэдэг болсон бөгөөд харин Их Хөлгөний Ёсыг алдарт харваач Аржунагийн харвасан сум шиг хурдтай хүчтэй дэлгэрүүлсэн тул “Аржуна” гэж нэрлэжээ. Тийнхүү Нагаржунай гэж нэртэй болсон юм. Их Гэгээн багш Нагаржунай Энэтхэгт сүм хийд болон суварга барих, Бодь модыг хамгаалан 108 суварга бүхий хана барих зэрэг тоолшгүй олон өглөг буян үйлдэж байсан байна.
Мөн түүнчлэн Пражня парамитагийн \Билиг билгүүний\ утгыг машид тодоруулан олон ном зохиосны дээр судар тарнийн тайлбар сэлтийг Бурхан багш эргэн ирсэн мэтээр өргөн дэлгэр туурвисан тул “Хоёр дахь Бурхан” гэдэг алдрыг хүртжээ.
Нагаржунай шашин номыг гурван удаа дэлгэрүүлэн зохиосон гэдэг бөгөөд үүнд:

1. Дээр дурдсаны дагуу Наландарийн хийдэд винайн ёсыг чангатган зохиосон нь Бурхан багшийн анхан номын хүрдийг эргүүлсэн лүгээ адил болсныг “суртлыг алгасагч хуврагуудад винайн ёсыг зохиож, шашныг ариусган зохиов” хэмээн тэмдэглэдэг.

2. Учир шалтгааны ухааны үүднээс “Төв үзлийг” тодруулан олон судар ном зохиох зэрэг гүн гүнзгий үзлийг машид өргөн дэлгэр зохиосон нь Бурхан багшийн хоёр дахь номын хүрдэн эргүүлсэн лугаа адил байсан хэмээн үздэг.

3. Энэтхэгийн өмнө зүгийн ууланд Нагаржунайгийн үйлдсэн үйлс, үүнд, Дармадату штава зэрэг ном айлдсан зэрэг нь Бурхан багшийн гурав дахь номын хүрдэн эргүүлсэн лүгээ адил байсан гэнэ.

Ошо “Агнистын гэгээ” номонд:

Нагаржунайгийн нэг түүхийг ярья. Тэр бол Будда, Махавир, Кришнатай эн зэрэгцэх Энэтхэгт тодорсон их багш нарын нэг.
Нагаржунай нэгэн ханлиг улсын нийслэлд бядан явжээ. Тэр улсын эх хатан Нагаржунайгийн шүтэн бишрэгч байв. Нагаржунай ордны үүдэнд бадар барихаар иржээ. Түүнд нэг модон аягаас өөр өмч үгүй. Хатан түүнийг хараад:
– Надад модон аягаа өгөөч. Дурсгал болгон нандигнаж явъя. Оронд нь танд өөр аяга өгч болох уу гэхэд Нагаржунай зөвшөөрчээ.
Шинэ аяга нь асар үнэт эрдэнийн чулуу шигтгэсэн алтан аяга байв. Нагаржунай юу ч дуугрсангүй. Ердийн ёсоор бол гэрээс гарсан хувраг “Би алт эрдэнэст гар хүрэхгүй” гэж хэлэх байсан. Гэтэл Нагаржунай зүгээр л тосон авчээ. Алт ч гэсэн шороо төдий болохоор ялгаа хийхийн хэрэг юун? Түүний гүн билгийг хатан хүртэл ухаарч чадахгүй эргэлзэв. “Их гэгээнтэн мөртлөө яагаад үгүй гэж хэлэхгүй байна? Хорвоогийн өмч бүхнийг орхисон хүн биш бил үү?” гэж бодолхийлжээ. Нагаржунайг татгалзсан бол хатан мэдээж гуйж шалах байсан. Тэгэх нь түүнд илүү тааламж төрүүлэх байжээ. Нагаржунай мөнөөх аягыг аваад замаа хөөв. Хотын гудмаар алхаж явахад нь нэг хулгайч түүнийг олж харлаа. “Дорой бадарчин ийм үнэт эдийг яаж хадгалж хамгаалах вэ? Хэн нэг нь түүнээс хулгайлах юм уу, дээрэмдэх нь лавтай” гэж боджээ. Тэгээд мань хулгайч Нагаржунайг дагав. Нагаржунай хотын гадна балгас болсон хуучин сүмд ганцаараа суудаг байж. Сүмдээ орохдоо өөрийг нь дагаж яваа хүний алхааг сонсчээ. “Энэ балгас уруу намайг дамайг дагаж ирэх хэн ч үгүй. Надад биш, аяганд л болж ирээ биз” гэж бодсон тул эргэж харсан ч үгүй. Түүнийг орсон хойно хулгайч оромжийн туурга налан зогсов. Гадаа хүлээж зогсоог нь мэдсэн Нагаржунай аягаа үүдээр чулуудчихав. “Ийм үнэтэй цайтай эдийг чулуудаад ямар жигтэй хүн бэ ?” гэж хулгайч гайхширчээ. Тэгээд:
– Орж болох уу, эрхэм ээ? Танаас асуух юм байна гэхэд, Нагаржунай:
– Аан, би чамайг удаан хүлээлгээд яах вэ гэж бодсон юм. Чи надтай уулзах гэж биш аяганы төлөө л ирсэн биш үү? Гэхдээ ормоор байвал ор гэжээ. Хулгайч орж ирээд:
– Ийм үнэтэй эдийг та юунд хөсөр хаяна вэ? Та үнэхээр гэгээн хүн бололтой. Таны өмнө худал хэлж зүрхлэхгүй нь. Би бол хулгайч гэхэд,
– Санаа зоволтгүй. Бүгд л хулгайч шүү дээ. Дэмий юм ярьж цаг үрээд яах вэ. Үргэлжлүүл гэж Нагаржунай хэлэв.
– Хааяа тань шиг хүмүүсийг харахаар ийм болох сон гэх хүсэл надад төрдөг. Даанч би хулгайч. Миний хувьд биелэшгүй мөрөөдөл биз ээ. Гэсэн ч би нэгэн өдөр ийм үнэт эдлэлийг ч тоож үзэхгүй чулуудах болтугай гэж залбирнам. Надад та сургаал зөвлөмж соёрхооч. Би олон гэгээнтэн дээр очиж байсан. Зартай хулгайч болохоор намайг хүн бүхэн таньдаг. “Эхлээд наад үйлээ орхи, тэгсэн хойноо л бясалгалд орох боломжтой” гэж тэд хэлдэг. Даанч би энэ ажлаа орхиж чадахгүй. Бясалгалын зам миний хувьд хаалттай бололтой гэж хулгайч хэлжээ.
– Эхлээд хулгайгаа орхи, дараа нь бясалгалд ор гэж хэлж байгаа бол тэр хүн бясалгалыг огт мэддэггүй хүн байна. Хулгай, бясалгал хоёр ямар ч хамаагүй. Хийдэг юмаа хийгээд л яв. Би чамд нэг арга зааж өгье гэхэд хулгайч:
– Ажлаа үргэлжлүүлж болох юм уу? Ай даа, бид үнэхээр ерөөл барилдлагатай хүмүүс бололтой. Ямар арга увдис вэ? Та надад бушуухан зааж өгөөч гэв.
– Чи зүгээр л ухамсар сэхээгээ хадгал. Хулгай хийх үедээ, айлын байшинд нэвтрэх үедээ, сан хөмрөг нээх үедээ, эд эрдэнэ өвөрлөх үедээ үргэлж ухамсартай, сэрүүн тунгалаг бай. Юу ч хийж байсан “минийх” гэж зүйл огт байхгүйг санаж сэрж бай. Тэгээл гүйцээ. Арван таван өдөр үүнийг хэрэгжүүлээрэй. Тэгээд уулзъя. Хэрэв энэ захиасыг хэрэгжүүлээгүй бол наашаа бүү зүглэ гэж Нагаржунай хэлжээ.
– Гуравдахь өдрөө хулгайч эргэн ирээд:
– Арван таван өдөр арай л урт юмаа. Та их зальтай хүн юмсанж. Таны заасан аргыг мөрдөхөөр би хулгай хийж чадахгүй байна. Сүүлийн гурван шөнө дараалан би ордонд нэвтэрсэн. Эрдэнэсийн санд хүрч, нээхэд минь түмэн зүйлийн эрдэнэс миний өмнө гялалзаж байлаа. Даанч тэр үед би ухамсраа сэргээхээр Буддагийн баримал шиг хөшчих юм. Өмнөөс гялалзах эрдэнэс ямар ч утгагүй санагдаад, гар хуруу хөдлөхөө больчихдог. Тэгээд л ирсэн замаараа гар хоосон хэдэнтээ буцав. Ажил үйлээ орхих шаардлагагүй гэж та хэлсэн. Гэвч таны арга намайг ацан шалаанд оруулчихлаа гэхэд Нагаржунай:
– Одоо чи өөрөө сонго. Хулгайгаа үргэлжлүүлмээр байвал бясалгалыг март. Бясалгалаа үргэлжлүүлмээр байвал хулгайг март гэжээ.
– Энэ гурван хоногт би амьд гэдгээ мэдэрсэн. Ордноос юу ч авалгүй буцахдаа өөрийгөө анх удаа хулгайч биш, бүрэн эрхт бодгаль гэж мэдэрсэн. Энэ гурван өдөр миний хувьд ер бусын гэгээн өдрүүд байлаа. Тийм учраас би бясалгалаа орхиж чадахгүй. Та намайг хэдийн урхиджээ. Одоо намайг шавиа болгож, авшиг хүртээнэ үү гэж хулгайч өвдөг сөгджээ.
Обьект нь юу ч байж болно, гагцхүү өөрөө ухамсарлаг байх юм бол бясалгал болно. Ижилслийг ухамсартайгаар үйлдэхэд бясалгалд урвадаг. Ухамсаргүй ижилсэл гэм болдог. “Энэ минийх, тэр манайх” гээд л олон зүйлтэй чи сэхээ сэвгүй ижилсэж явдаг. “Энэ миний эх орон, энэ миний үндэс угсаа, энэ манай туг далбаа …” Хэн нэгэн танай улсын далбааг хөсөр хаях юм бол уур чинь дүрсхийнэ. Үнэндээ чиний мөн чанар ямар ч улс үндсэнд хамаарахгүй шүү дээ. Туг далбаа бүгд зохиомол тэмдэг, эрээн даавуу, хүүхдийн тоглоом шиг зүйлс. Гэтэл чи түүний төлөө хүн алж, эсвэл өөрөө үхэж мэдэх. Тэр мэтчилэн элдэв өнгийн юмстай ижилсэж, мөн чанараа умартдаг. Энэ ижилсэл бол ухамсаргүй мунхаглал. Ухамсаргүй нь нүгэл юм. Жишээ нь чиний нэр Рам байг. Хэн нэгэн “Рам” – ыг доромжилмогц өөрийгөө доромжилсон мэтээр мэдэрнэ. Учир нь, чи Рам нэртэй ижилссэн явдаг. Энэ бол ухамсаргүй төлөв. “Рам бол зүүмэл нэр төдий. Би ертөнцөд нэргүй төрсөн. Энэ хүн хийсвэр нэрийг л доромжилж байна. Миний мөн чанарт хавьтахгүй шүү дээ. Тийм атал юунд уурлах вэ ?” гэж оюун ухаан чинь ажилладаггүй. Хэрэв тэгж ажиглаж шинждэг бол юунд ч уурлахгүй сэн.

Хутагт Нагаржуна гэгээн

Далай Лам – Нагаржунайн “Эрдэнийн эрхи” номын 1 ба 4-р бүлгийн тайлбар

Хутагт Нагаржунай – Ардыг тэтгэгч рашааны дусал