Чандрагирди (Ловон Балдандаваадагва) - Цогт Наландрын 17 их бандида

Чандрагирди гэгээн

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

5. Чандрагирди (Ловон Балдандаваадагва)

Хувийн намтар нь тодорхойгүй, бүрхэг хэдий ч ном бүтээл нь алдаршин үлдсэн мэргэд дээдэс олон байдаг. Ловон Чандрагирди Өмнөд Энэтхэгийн Самандра хэмээх газар мэндэлсэн. Бага наснаасаа ухааны оронд мэргэжин мэргэн болсон бөгөөд тэр нутагтаа хувраг болж, улмаар хутагт Нагаржуна, ловон Буддапалита, ловон Бхававивэкагийн шавь нараас судар, тарнийн олон номыг сонссон хийгээд ялангуяа төв үзлийн номлол, нууц тарнийн номлолыг судалж эцэст нь хүргээд мэргэний мэргэн болсон ажээ. Тэрээр цогт Наландарын хийдийн хамбын албыг удаан хугацаагаар хашсан байдаг.
Ловон Чандрагирди бээр хутагт Нагаржунагийн “Билэг Үндэс” номын үгийн тайлбар “Үгийг тодруулагч”, утгын тайлбар “Төвд орохуй”, Арьяандэв гэгээний ”Дөрвөн зуут”-ын тайлбар, хутагт Нагаржунагийн “Далан нотлол”-ын тайлбар, “ Төв таван цогцос” тэргүүтэн олон ном зохиол туурвисан. Ялангуяа ловон Буддапалитагийн номлол ёсыг ихэд дэлгэрүүлсэн аж. Түүний бүтээлүүдийг 11 дүгээр зууны үед ихэвчлэн Нагцо хэлмэрч, Бацав хэлмэрч тэргүүтэн Түвд хэлэнд орчуулсан байдаг. Тэрээр тарнийн номын ёсонд “Нууцын хураангуйн үндэс дамжлагын тайлбар тодорхой зул” “Нууцын хураангуйн зургаан бэлтгэл гишүүний тайлбар” зэргийг зохиосныг 10 дугаар зууны сүүлчээр Ринчэнсамбуу хэлмэрч Түвд хэлэнд орчуулсан ажгуу. Тэрээр зургийн үнээнээс сүү сааж хуврагуудыг сүүгээр ундаалж байсан гэдэг.
Мөн чулуун багана өөд гараараа тулалгүй авирах, хана туургаар нэвт одох, чулууны үсгээр Дүрүгчагийн цэргүүдийг буцаах зэрэг гайхамшигт рид хувилгааныг үзүүлж байжээ. Насны эцэст өөрийн төрсөн газартаа заларч сүм, хийд олныг барьсан байдаг. Өмнөд Энэтхэгийн Гонгуна хэмээгч оронд олон тэрсүүдийн мэргэдийг зуун нотлолоор няцаасан байна. Ловон Чандрагирди бээр бярман хийгээд гэргийтэн нарыг зонхилон бурхны шашинд оруулж, номын орон олныг байгуулсан билээ.
Тухайлан Манувамга ууланд тарнийн бясалгалд сууж дээдийн шид бүтээлийг олж, өнө удаан хугацаанд шид бүтээлийг үзүүлж байгаад солонгон биед одсон байна. Зарим эх сурвалжид түүнийг их урт, 300 орчим насалсан гэдэг. Тэрээр хэтрүүлэгч төв үзлийн ёсийг тодорхой, дэлгэрэнгүй, гүнзгий тайлбарсан нэгэн юм.