Шантаракшита (Шиваанцо) - Цогт Наландрын 17 их бандида

Шантаракшита (Шиваанцо)

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

7. Шантаракшита (Шиваанцо)

Шантаракшита гэгээн Энэтхэгийн зүүн хэсэгт орших Юл Бенгало буюу Сахор орныг захиран суусан Зүглэгзимба (Харшийг эзэмшигч) хэмээх их хааны хүү, охин зэрэг гурван хүүхдийн дундах хүүхэд болон лагшин мэндэлжээ. Шантаракшита нэрийг орчуулбал “Амирлангуй далай” хэмээсэн утгатай ажээ. Түүх намтарт нь түүний бага насны тухай, хэрхэн сурч боловсрон, хэзээ лам болсон тухай тодорхой байдаггүй хэдий ч түүний туурвиж бүтээсэн үйлс зохионгуйн талаар баялаг түүх бий. Шантаракшита гэгээн Наландарын хийдийн гарамгай багш байсан бөгөөд “Налжиржодвын ум ранжидва” ёсыг анх үзүүлсэн юм. Юмсын хоосон чанарыг таниулдаг “Ум” (төв) үзлийг “хэтрүүлэгч төв үзэл” (ум ранжидва), “өөрийн үндэстэн” (ум танжүрва) гэсэн хоёр үзлээр тайлбарладаг. Хэдийгээр Шантаракшита гэгээн нь төв үзлийг өндөр түвшинд онож, танин мэдсэн егүзэр хүн байсан боловч “сэтгэл төдийтөн” тогтсон тааллыг баримтлагч шавийнхаа оюунд тохируулан анх удаа “хэтрүүлэгч төв үзэл”-ийг “сэтгэл төдийтөн” тогтсон тааллаар тайлбарлан гаргажээ. Ингэж шинээр гарган тайлбарласан энэ үзлийг “Налжиржодвын ум ранжидва” үзэл хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь “Шалгадаг ухаан”-ыг илүү нээлттэй болгосон сургаал байжээ. Шантаракшита гэгээн Энэтхэг оронд сургаал номоо айлдан шавь нарын оюуныг гэгээрэлд хөтлөн суусан төдийгүй Түвд оронд заларч бурхны шашныг дэлгэрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэжээ. Тухайн цаг үе болох МЭ VIII зууны үед Тэсрэндэнзэн хаан (755-797) Түвд орныг захиран сууж байжээ. Хүн төрөлхтний түүхэнд хүмүүс аливаа зүйлсийн учир шалтгааныг эрэлхийлэн тайлбарлахыг оролдох эхэн үедээ ямарваа нэгэн далдын хүч, онгод тэнгэр зэрэг бөө мөргөлд итгэх, сүсэглэх хандлага ноёрхдог дагуу тухайн үеийн Түвд нутагт бөөгийн ёс олон түмний оюун санаа, сэтгэл сүсгийн эзэмдэн гаарч байжээ. Далдын хүчинд мухраар итгэх итгэл сүжгийг халж учир шалтгаанд суурилсан, оюунлаг сургаал номыг дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн хүн бол Тэсрэндэнзэн хаан юм. Ард түмний оюун санаа, ёс уламжлалд олон мянган жил уламжлагдан тогтсон энэхүү бурангуй үзлийг засч залруулан, шинэтгэх нь бүрэн эрхт хаан хүнд хүртэл бэрхшээлтэй байсан хэдий ч Наландра хийдийн гарамгай багш Шантаракшита гэгээний ариун үйлсийн ачаар VIII зуунд Энэтхэг орноос Түвдэд бурхны шашин асар ариунаар дэлгэрсэн түүхтэй. Тэсрэндэнзэн хаан бурхны сургаал номыг ард түмнийхээ оюун санааны хөтөч болгохыг туйлын ихээр зоригдон суух үедээ урд зүгийн Энэтхэг орны Наландарын хийдийн аугаа их багш Шантаракшитагийн тухай олж сонсоод түүнийг нутаг орондоо урин залахаар шийдэн өөрийн итгэмжит төлөөлөгчийг томилон заллага айлтгуулахаар явуулжээ. Энэ үед Шантаракшита гэгээн 70 насыг зооглон суусан бөгөөд урьдын галавт тавьсан ерөөл нь биелэл болох гэж буйг урьдчилан мэдээд элчийг өөдөөс хөдлөн Балба нутагт саатан түүнийг хүлээн суужээ. Томилогдсон элч Энэтхэг орныг зорин явахдаа Балба нутгаар дайран явсан бөгөөд заллага айлтгахаар яваа их багш Шантаракшитаг Балбад саатан буйг олж мэдээд туйлын ихээр баясан түүнд бараалхжээ. Ингээд “Тэсрэндэнзэн хааны даалгавраар бид таныг Түвд орондоо залахаар алсаас зорин явж байтал өнөөдөр энд тантай учирсан нь юутай их аз завшаан билээ” хэмээсэнд Шантаракшита гэгээн “Би эртний ерөөлөөр уулзах энэ өдөр ирэхийг урьдчилан мэдээд та бүхнийг тосож яваа маань энэ билээ. Урд зүгийн Энэтхэг нутгаас гарч та бүхэнтэй учрахын тулд завсрын Балба нутагт цаг нөхцөөж сууна даа” хэмээсэн гэдэг. Ийнхүү Шантаракшита гэгээн цастын оронд заларч Тэсрэндэнзэн хаантай уулзан хийд орон байгуулах ажилдаа оржээ. Тэдний анхны байгуулсан хийд бол алдарт Самъяа хийд юм. Бөөгийн ёс улбаа олон мянган жил ноёлж, бөөгийн ёсонд дадсан, газар орны лус савдаг, тэнгэрүүд уг хийдийг байгуулах барилгын ажилд нь үлэмж саад учруулсан гэдэг. Өдөр барьсан барилга нь шөнөдөө нурдаг, газар хөндсөн, барилгын ажилд оролцсон хүмүүс нь өвдөж зовох, үхэж үрэгдэх, осолдох зэргээр өлзий бус үйл явдлууд тохиож эхэлжээ. Энэ байдалд санаа зовсон Тэсрэндэнзэн хаан хэрхэх учиртайг Шантаракшита гэгээнээс асуусанд “Газар орны тэнгэр лусууд маш догшин байна. Тэднийг агь тарнийн хүчтэй зан үйлээр номхотгох хэрэгтэй боловч өдгөө миний нас өндөр болж тэрхүү хатуу үйлийг гүйцэлдүүлэх хүчин мөхөс болжээ. Харин урд Энэтхэгт номоо номлон суугаа, агуу их шидтэн Ловон Бадамжунайг залан ирүүлж газар орны лус савдгуудыг номхотгон эхэлж номонд оруулах хэрэгтэй” хэмээжээ. Хаан ёсоор болгож Ловон Бадамжунайг Энэтхэгээс залан ирүүлснээр эртний галавт тавьсан тэдний ерөөл биелж, хаан Тэсрэнзэндэн, багш Шантаракшита, Ловон Бадамжунай гурав нэгэн дор цугларч бурхны шашин Түвдэд дэлгэрэх бүрэн нөхцөл шалтгаан бүрджээ. Ловон Бадамжунай Түвдэд ирэх замдаа, ирсэн хойноо ч хар зүгийн бүхий л тэнгэр, газрын эзэд лус савдгуудыг номын хүчээр өөрийн өмнө ирүүлэн хатуу зөөлөн ном номлон тэднийг ялан дийлж, номхотгон сөхрүүлж, номонд оруулан цаашид бурхны номыг сахин хамгаалах андгай тангаргыг нь авч саад тотгор бүхнийг зогсоосон байна. Тэнгэр, лус савдгууд нь андгай тангараг нэгэнтээ тавьсан бол хэзээ ч түүнээсээ үл буцдаг тул тэднээс ирэх хорлол саад үүгээр төгсжээ. Гэвч саад бүхэн үүгээр арилаагүй байв. Бөөгийн ёс уламжлалд хатуу орсон хааны ойрын түшмэд хийд барих ажилд саад учруулж эхэлжээ. Хаан нэг сум тусах газрын хэмжээтэй хийд барих зарлиг буулгасан бөгөөд тэр сумыг нэг л удаа нутгийн хамгийн сайн баатраар харвуулах ёстой байв. Гэтэл хааны зарлигийг эсэргүүцэгч түшмэлүүд тугалган сумны голыг нь хөндий цутгаж харваачид өгчээ. Тиймээс харваачийн тавьсан сум хааны хүссэн хэмжээнд хүртэл хол тусч чадаагүй байдаг. Энэ нь хүмүүсийн учруулсан олон саад тотгорын нэг байв. Хэдийгээр Ловон Бадамжунай хар зүгийн тэнгэр, лус савдгуудыг номонд оруулан номхотгосон хэдий ч Балдан Лхам сахиусны дагуул болох Цэрэн чинай, Данва жунай тэргүүтэй урт наст таван тэнгэрүүд номонд орохгүй өдөр барьсан хийдийн барилгыг шөнөд нь нурааж байжээ. Тиймээс Ловон Бадамжунай самадид оршиж, хатуу, зөөлөн ном номлон тэдгээр урт наст таван тэнгэр, тэдний арван хоёр дагуулыг өөрийн өмнө шийтгэн цаазалж, тэднийг номхруулж номонд оруулснаар шөнө нурах бус, харин тэнгэрүүд шөнө нь нэмж барьдаг болжээ. Ингээд өдөртөө хүмүүс ажиллаж, шөнөдөө тэнгэр нар гүйцээж байсан тул хийдийн ажил маш хурдан ахиж, өөрөө босох мэт болсон гэдэг. Тиймээс Самъяа хийдийг хүмүүс барьж эхлүүлсэн боловч өөрөө бүтсэн хэмээдэг. Энэ нь тэнгэрүүд шөнө барьж байсныг харуулдаг ажээ. Хийд орны ажил өндөрлөхтэй зэрэгцэн хуврагын аймгийг байгуулах ажилдаа тэд оржээ. Ингээд, Хятад зэрэг орнуудад шашныг дэлгэрүүлэхдээ хийд орноо яаж барьж, сахилтай лам нараа хэрхэн сургасан талаар судлан үзсэний эцэст Түвд хүмүүс сахил сахиж хэр зэрэг чадах талаар туршихаар шийдэж, эзэн хаантай зөвлөлдөн эхэлж долоон хүнд сахил өгчээ. Энэ цагаас хойш тэдний анхны долоо хэмээдэг болжээ. Энэ долоон хүнийг сонгож сахил өгснөөр Түвд оронд бурхны шашин оршиж чадах уу? үгүй юу? гэдгийг шийдэх учраас эзэн хаан өөрийн биеэр айлуудаар явж ихэд хичээнгүйлэн сонгосон байдаг. Хаан сонголтоо хийхдээ язгуур, удам угсаа, хүмүүжил, хүн чанар, авьяас чадвар, ухааны цар зэргийг нь анхааран үзсэн болов уу? хэмээн судлаачид таамагладаг бөгөөд ахмад насны гурав, дундаж насны нэг, балчир насны нийт долоон хүүхдийг сонгосон байдаг. Харин түүхэнд тэдний нэрийг дурьдаагүй байна. Шантаракшита гэгээн Түвдэд залраад Ханчин бодьсадва нэрээр алдаршсан байдаг. Ханчин хэмээсэн нь орчуулбал их хамба гэсэн утгатай бөгөөд энэ нь хамба ламаар сууж байсныг илтгэх бус харин Түвдэд анх сахил өгсөн багшаа их хамба буюу Ханчин хэмээн өргөмжилдөг ёс байдаг байна. Бодьсадва хэмээсэн нь бодь сэтгэлийг завсаргүй төрүүлсэн нэгэн байснаа зам мөр, ёс авир, үйл хэргээрээ үнэнхүү баталж, үлгэр жишээ болсон байсантай нь холбоотой ажээ. Ханчин Шиваанцогийн сахил өгсөн анхны долоон шавь бүгд алдартай дуун хөрвүүлэгч Лозова нар болж, эрдэм чадалтай, сахилаа ариунаар сахидаг номт мэргэд болон нэрээ дуурсгасан байдаг. Хаан тэднийг ямагт анхаарч байсан бөгөөд тэдний дундаас Лочин Бяруузана хамгийн алдартай болжээ. Түүнийг сахилаа ариунаар сахиж, эрдэмд гаргууд сайн болсноор нь Ловон Бадамжунайтай адил хэмээн хэлэлцдэг байжээ. Харамсалтай нь бөө нарын буруу суртал ухуулгын хар гайгаар анхны долоо болон Ловон Бадамжунай нарыг асар ихээр гүтгэн, төрөл бүрийн аргаар буруутгаж, амь насыг нь хороох ажиллагаа явуулж байжээ. Иймээс энэ байдлыг тэсэхээ больсон, эсвэл тэдний сэтгэлийг амраах зорилгын алин болохыг хэн мэдэх билээ, ямартаа ч Ловон Бадамжунай Түвдээс дүрвэн гарсан байдаг. Самъяа хийд нь бурхны шашны эхийг Түвдэд анх тавьсан газар орон мөн бөгөөд тэнд Цогчин хурлууд хурдаг, том танхимуудад нь ард түмэнд бурхны сургаалыг тайлбарлан таниулдаг, орчуулагч нарын уудам өргөөнүүдэд нь Энэтхэгээс урин залж ирүүлсэн, Санскрит, Түвд хэлтэй орчуулагч нар сууж судар шастирыг Түвд хэлнээ хөрвүүлдэг, эрдэмтэн лам нарын хянаж хааны тамгаар баталгаажсан судар шастируудыг хэвлэдэг, бясалгалын өргөө дацангуудтай, гэгээрлийн олон үйл ажиллагаа явуулдаг байжээ. Бурхны шашин анх дэлгэрч байгаа цастын энэ оронд харь хэл дээр байгаа ном судрыг зөв орчуулж нийтэд түгээн нутагшуулах нь хэцүү боловч хамгаас чухал ажил болохыг Тэсрэндэнзэн хаан, Ханчин Шиваанцо, Ловон Бадамжунай нар санал нэгдэж, хөрвүүлгийн товчоондоо хамгийн шилдэг, номч мэргэн бандида нарыг Энэтхэгээс урин ирүүлдэг байжээ. Мөн авьяас чадвартай, ухаан хурц Түвд шавь нарыг сонгон орчуулгын ажилд томилдог байсан байна. Орчуулгын ажлыг эхлэхийн өмнө Энэтхэг багш нартаа Түвд хэл, Түвд шавь нарт Энэтхэг хэлийг заан сургаад хоёр Энэтхэг багш, хоёр Түвд шавьд нэг номыг даалган орчуулахаар өгдөг байжээ. Тэд номоо хөрвүүлэхдээ яарах болон назгайрах ёсгүй бөгөөд орчуулга өндөрлөмөгц олон мэргэн бандида нар цуглан, эзэн хаан, Ханчин Шиваанцогийн хамт залран ирээд орчуулагчдаар номыг үг бүрчлэн уншуулж тайлбарлуулан, утгыг бүрэн шүүж үздэг байжээ. Хэрэв эргэлзээтэй, олон утгатай үг байх аваас утга агуулга ижил өөр бусад үгээр сольж үзэх зэргээр нарийн нягт хандаж үгийн сонголтыг зөвшөөрдөг, эс бөгөөс улаанаар зурж үлдээдэг байжээ. Орчуулга нь нэг ч улаан тэмдэглэгээгүй болсон тохиолдолд хаан тамгаа дарж хэвлэх эрх олгон зарлиг буулгадаг, харин хэтэрхий олон улаан тэмдэглэгээ авсан, утга нь алдагдсан орчуулгыг тэдний нүдний өмнө шууд шатаадаг байсан байна. Энэ мэт олон мэргэд бандида нарын цэцэн ухаанаар маш нягт шүүн тунгааж, олон хуврагийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд нэг ном хэвлэгддэг байсан ажээ. Орчуулсан ном бүрийн эхэнд Энэтхэг хэлээр, Түвд хэлээр хэмээн номын нэрийг бичиж оруулахаас гадна хэдэн бүлэг, хэдэн шүлэг, хэдэн мөртэй болохыг номын нэрэнд заавал тэмдэглэн оруулдаг байжээ. Энэ нь хожим тухайн ном дутуу, бүрэн эсэхийг хянах нэгэн чухал нөхцөл байв. Үүгээрээ уг ном үг үсгийн алдаагүй, эх зохиолоо барьж, зөв орчуулагдсан болохыг илэрхийлэхээс гадна ирээдүйд гарч болзошгүй элдэв алдаа эндэгдлээс болгоомжилсон байжээ. Мөн тэрсүүд үзэлтнүүд бурхны номыг өөрсдийн үзэл онолд тохируулан өөрчлөх, зориуд алдаатай орчуулах, номын утгыг санаатай гажуудуулан тараах үзэгдэл гардаг байснаас сэргийлэх зорилготой байжээ. Ингэж Ханчин бодьсадва Шиваанцо гэгээний ачаар бурхны ариун ном сургаал Түвд оронд эндүүрэлгүй, ариун сайхнаар батжин дэлгэрч чадсан нь цаашдын түгэн дэлгэрэлт алдаа мадаггүй үнэн зөв байхад ихээхэн ач холбогдолтой болжээ. Ханчин Шиванцоо гэгээн бурхны шашны бүхий л мэдлэгт гайхалтай мэргэн, ялангуяа төв үзэл, шалгадаг ухаан хоёрыг хослуулан эрхшээгч байсан учраас “Төв үзэл, шалгадаг ухааны хос арсланг эрхшээгч” хэмээгддэг байжээ. Ханчин Шиваанцо гэгээн шавь нартаа, бурхны ном хэмээн шууд дагалгүй харин юмсын мөн чанарыг нотлон буулгах шалгадаг ухааныг, бясалгал бүтээлтэй уялдуулан хорвоогийн бодит үнэн дээр суурилан, өөрийн ухаанаар шинжлэн, таньж мэдэх хэрэгтэй хэмээн зааж сурган өвлүүлсэн юм. Ханчин Шиваанцо гэгээн нь Түвд оронд Бурхан багшаас дамжсан бүх сахилыг өгсөн бөгөөд ингэхдээ юмсыг байгаад (буйд) үзэх үзэл дээр тулгуурлан өгсөн байдаг. Хожим олон зууны дараа Түвд оронд бурхны шашин доройтох үед, Түвдийн хаад шашнаа шинэтгэн дэлгэрүүлэх үйлсийг зохиохдоо Жовужи Балдан Адишаг нутагтаа залан ирж түүнээс Ханчин бодьсадва Шиваанцо гэгээний дамжлагыг дахин сэргээж өгөх хүсэлт айлтгаж, уг хүсэлтийн дагуу сахил санваараа авч, дамжлагаа таслалгүй үргэлжлүүлсээр өнөөг хүрчээ. Тиймээс өнөөгийн сахил бүхэн Шантаракшита гэгээний ачаар өнөө үед эндүүрэлгүй, ариунаар явсаар өвлөгдөн ирсэн байна. Ханчин Шиваанцо гэгээний тухай түүхэнд 900 насалсан, 90 насалсан хэмээн адилгүй тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүнийг Түвдэд заларч байхад гурван хааны үе өнгөрсөн гэх бөгөөд хожим ч түүний үйлс зохионгуй болж байснаас нь 900 насалсан гэх бөгөөд зарим мэргэд адилхан нэртэй хүнтэй эндүүрч бичсэн гэх нь бий. Ямартаа ч Ханчин Шиваанцо гэгээн урт насыг насалсан баялаг түүхтэй бөгөөд хэр удаан насалсан нь гайхамшиг бус харин урт ч бай богино ч бай юу хийж бүтээж, бусдад ямар ач тус үзүүлсэн нь гайхамшиг байдаг. Тиймээс гайхамшигтай үйлс зохионгуйг үзүүлэн заларсан Шантаракшита гэгээн Түвдэд таалал барьсан байдаг. Тэрбээр гэрээслэлдээ “Түвд нутагт тэрсүүд үзэлтнүүд ирж буруу үзлийг дэлгэрүүлэх боломжгүй юм. Харин цаг хугацааны явцад дотоодын олон тогтсон тааллууд хоорондоо тэрсэлдэн тэмцэлдэх үе ирнэ. Энэ үед Сахор нутагт суугаа миний шавь Гамалашилаг залаарай” хэмээсэн байдаг. Умын ёс шалгадаг ухаанаар нээхүйеэ мэргэн ухаанаар, хэмээсэн нь ум үзлийг тайлбарлан ойлгуулахдаа шалгадаг ухааныг илүү нээлттэй болгон ном сургаалаа айлдсан болохыг үзүүлсэн. Цастын оронд Ялгуулсны ёсыг ариун дэлгэр мандуулагч, хэмээсэн нь Түвд оронд бурхны сургаал, ёс явдлыг үнэн зөвөөр хичээнгүйлэн дэлгэрүүлсэн болохыг үзүүлсэн. Цаглашгүй ачит хамба Шантиракшита дор соёрхол талбия, хэмээсэн нь түүний үйлс зохионгуй нь одоог хүртэл ачаа үзүүлсээр байгаа болохыг үзүүлжээ.