Шантидэва (Шивалха) - Цогт Наландрын 17 их бандида

Шантидэва гэгээн

Цогт Наландарын 17 бандидагийн намтар

6. Шантидэва (Шивалха)

Шантидэва гэгээн МЭ VII-VIII зууны үед Энэтхэгийн төв нутаг Дорждангаас баруун зүгт Юлхормосан гэдэг газарт лагшин мэндэлжээ. Зарим эх сурвалжид түүнийг Энэтхэгийн өмнөд хэсэгт мэндэлсэн гэх боловч, энэ нь баттай эх сурвалж болж чаддаггүй байна. Эцэг Гэвигочоо нь жижиг ханлиг улсын хаан байсан бөгөөд түүхэнд эхийн нэрийг дурдаагүй боловч Налжормаа буюу Нархажидийн хувилгаан байсан хэмээн хэлэлцдэг. Шинэ мэндэлсэн хүү урьдын олон төрөлдөө бодьсадын ёс явдлыг дадуулсан онцгой нэгэн байжээ. Ухаан хурц, сэтгэл тунгалаг тэрээр бага насандаа нийтийн ёс явдалд торолтгүй суралцсан бөгөөд түүнийг арван настай байх үед хаан эцэг нь таалал төгссөнөөр хүү хаан ширээг залгамжлах ёстой болов. Хүү эд хөрөнгө, эрх мэдэл, эдлэх ямба зэрэг орчлонгийн хотол чуулганд сэтгэл үл татагдах боловч албат иргэдийнхээ хаан ширээг залгамжлуулахаар талбисан хүсэл соёрхолд татгалзаж эс чадсан тул зөвшөөрөн болгоожээ. Хаан ширээ залгамжлах ёслол дөхөж байтал хүү нэгэн зүүд зүүдлэв. Зүүднээ, Манзушри бурхан эцгийнх нь хаан сэнтийд залран суугаад, “Хүү минь, энэ чинь миний суудал. Би чиний буяны садан багш байна. Багшийнхаа суудал дээр шавь нь суух зохисгүй” хэмээн айлджээ. Мөн Энэтхэгт, хаан ширээг залгамжлах ёслол болохын урьд өдөр хатан эх нь хүүгээ угааж өгдөг ёслол байдаг бөгөөд энэ дагуу эх нь түүнийг усанд оруулжээ. Тэгтэл ээж нь түүнийг маш халуун усаар угаасанд хүү “Халцгай, халцгай ямар халуун ус вэ? ээж ээ” хэмээсэнд хатан эх “Хүү минь, чи хаан ширээнд суувал үүнээс ч илүү халууныг мэдрэх болно. Өнөө цагт, сэтгэл буруутай, ёс зүйгүй хүн олон болсон учраас чиний зарлигийг зөрчих хүн олон гарна. Тиймээс чамд хүчир хатуу аргыг ч хэрэглэх үе тулгарна шүү дээ. Харин түүнийхээ үйл лайг хаан хүн ирээдүйд тамын оронд эдлэхдээ үүнээс ч илүү халуунд хязгааргүй урт хугацаагаар умбаж, шумбан өнгөрүүлдэг юм” хэмээжээ. Хүү үүнийг сонсоод “Ээж ээ, тэгвэл би одоо яах вэ?” хэмээсэнд эх нь “Миний хүү, Юл Бангалын орон уруу зугатаах хэрэгтэй. Тэр орныг Манзушир бурхан адисласан учраас, чамайг ч бас адислан ирээдүйн замыг чинь зааж өгөх юун магад” хэмээн хэлжээ. Эх нь эгэлгүй, хувилгаан хүн байсан болохыг мэргэд дээдэс энэ үйл явдлаас нь шинжин хэлсэн байдаг байна. Ийнхүү өөрийн зүүд, халуун ус, эхийн хэлсэн гашуун боловч хатуу үнэн үг гурвыг тунгааснаар хан хүү, тэр шөнөдөө өөрийн хамгийн сайн хүлэг морио унаад Юл Бангалын орон уруу зугатаажээ. Хүү өдөр шөнөгүй гурван өдөр давхисаар нутгийн захын ой шугуйд ирж, шугуйн дундах нэгэн гол дээр ус уухаар буулаа. Гэтэл хаанаас ч юм бэ, дүүрэн устай эрдэнийн бумба барьсан нэгэн бүсгүй гарч ирээд мориных нь цулбуураас барьж зогсоогоод “Эрхэм ээ, энэ ус хортой учраас бүү уу. Та энэ уснаас уу” хэмээгээд эрднийн бумбатай усаа өгчээ. Хүүг ус ууж байх зуур бүсгүй “Та ном сурахаар яваа бололтой. Манай багштай золгон уулзвал зохилтой. Багш маань энэ төгөлийн гүн дэх агуйд бясалган суудаг юм. Багшийн маань алдрыг Жамбалдорж (Очирт Манзушри) хэмээдэг” гэжээ. Хүү баярлан зөвшөөрч түүний багшид шавь орж, олон жил ном сонсож, судар тарнийн ёс явдал, их хөлгөний олон ном увдис хүртэн бясалгасаар улмаар “өөрөөсөө илүү бусдыг энхрийлэх бодийн сэтгэл”-ийг завсаргүйгээр олсон ажээ. Түүний егүзэр багш Манзушри бурхны, усаар ундаалсан бүсгүйг Дарь-Эхийн хувилгаан байсан төдийгүй тэд түүнийг цаг үргэлж тэтгэн дэмжиж хэзээ хүссэн цагт нь нигуур болгоодог байсан хэмээдэг. Ийнхүү бодийн сэтгэлийг олсон шавьдаа багш нь судар, тарнийн увдис эрдэм олныг хүртээгээд Наландарын хийдэд очиж мэргэдүүдтэй мөр зэрэгцэн суралцах хэрэгтэй хэмээгээд зандан модоор хийсэн нэгэн илдийг өгчээ. Шавь нь багшийн зарлиг дагуу Наландарын хийдэд шилжин суралцаж, олон шавь нугуудтай хамт суун, гадна дотны алгасрал бүхнийг орхин нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан номыг бясалгасаар өндөр онол эрдмийг олсон байна. Тэрээр унтаа байдлаар гэгээн гэрлийн түвшинд төвлөрч, Манзушри бурхантай нигуур учран ном сонсдог болжээ. Улмаар өөрийн болоод бусдын урьд, хойд зуун төрлийг мэдэж чаддаг, илт мэдэл хийгээд рид хувилгаанаар газар орон хаа ч торолтгүй зорчих тэргүүтэй олон эрдмийг олсны дотроос бодь мөрийн зэргийн эрдмүүдийг эрхшээж, “Суртгаалын хураангуй”, “Судрын хураангуй ” тэргүүтэй бодьсадын агуу явдлыг үзүүлсэн шастируудыг туурвижээ. Гэвч түүнийг гадна талаас нь өнгөц харсан хүнд бол унтах, идэх, өтгөн шингэн мөр үзэх гурваас өөрийг үйлдэхгүй байх мэт санагдах ажээ. Тиймээс хамт суралцагч шавь нугуудын дунд тэр “Бисүга” буюу “Гурван хуран мэдэлтэн” хэмээн алдаршсан байна. Наландарын хийдэд ирээд Буддын арван ухааныг эзэмшиж бандида зэрэгт хүрч, гэгээрэл нирваанд тэмүүлэхийн оронд идэх, унтах зэрэг гурван хуран мэдэлтэй байх нь зөвшөөрөх аргагүй явдал байв. Хэсэг хугацаанд дээдэс багш нар түүний хаан язгуурыг хүндэтгэн дуугүй байсан боловч ард иргэдийн сүжгийн сэтгэлээр өргөсөн идээ ундыг зооглон ийнхүү гурван хуран мэдэлтэй байх нь зүйд үл нийцнэ хэмээн таагүй хандах болжээ. Түүнийг хийдээс хөөх ноцтой шалтгаан үгүй учир, жил бүр шавь нугуудын дунд зохиогддог цээжээр судар унших сорилын үеийг ашиглах нэгэн боломж байв. Энэ нь олны өмнө бурхны аль нэгэн айлдвар судрыг шавь нугууд цээжээр унших бөгөөд эс чадваас хэн ч байсан сургуулиас хөөх журамтай байв. Бусдын мууд дурлагч хэсэг шавь сэм хэлэлцэн энэ жилийн судар унших ээлжийг Шантидэвад оногдуулах шийдвэр гаргуулахаар хийдийн хамбад айлтгахад хамба лам зөвшөөрчээ. Баярласан шавь нар Шантидэвад очиж энэ тухай дуулгахад тэрээр “Миний ном мэдэх гэж юу байх вэ. Өөр нэгнээр уншуул” хэмээн цааргалсанд нөгөө хэдэн шавь “Та бол хаан язгууртай. Хамгийн эхэнд танаар судар уншуулах байтал харин ч их хойш тавьсан байна. Та л уншихгүй бол болохгүй” хэмээн тулгажээ. Шантидэва аргагүй зөвшөөрөхөд шавь нар “Одоо ч хийдээс тэр гарцаагүй хөөгдөх болов” хэмээн сэтгэл баясан буцжээ. Товлосон хугацаа болж Наландрын хийдийн багш, шавь нар, ард иргэд, эзэн хаан тэргүүтэй ноёд түшмэлүүд бүгд цугларсан байв. Шавь нарын тараасан зар болоод элдэв цуу ярианы улмаас маш олон хүн цугларсан бөгөөд олны дунд түүний хэн болохыг мэдэх хүн цөөн байхад эргэлзсэн болон түүгээр даажигнан тохуу хийх, хэрхэн хааны хүү хийдээс хөөгдөхийг харах зорилготой атаархуу иргэд олон байжээ. Түүнийг хэрхэн олны өмнө толгойгоо маажин зогсохыг харуулах зорилгоор нөгөө хэдэн шавь сүүдрэвчтэй индэр дээрх сэнтийг маш өндөр, шатгүй засаад юу болохыг тэсч ядан хүлээн сууцгаажээ. Гэтэл Шантидэва сэнтийн өмнө ирээд гараа дээш өргөн сэнтийн дээд ирмэгт хүрмэгц сэнтий алгуур намсан түүнийг суух тохиромжтой хэмжээнд өөрөө оржээ. Шантидэва сэнтийд суусны дараа хуруугаараа нэг инчдэхэд сэнтий аажим өндөрсөж угийн хэвэндээ оржээ. Ингээд Шантидэва гэгээн гайхаж алмайрсан олноос “Урьдын дээдэс номлоогүй номыг номлох уу? Урьд номлосон номыг номлох уу? хэмээн асуусанд шавь нар болоод ард иргэд “Урьдын дээдсийн номлоогүй номыг номлооч” хэмээн хашгиралдав. Тэгэхэд нь Шантидэва “Бодьсадын явдалд орохуй” хэмээх алдарт номоо анх номлосон гэдэг.

“Эрт цагт эс гарсныг энд өгүүлэх бус

Эвлүүлж найруулах эв дүй ч надад үгүй

Энгүй бусдын тусыг санах нь ч надад үгүй ч

Эрхгүй өөрийн сэтгэлдээ ижилсүүлэхийн тулд үүнийг туурвисугай” хэмээсэн нь “Бодьсадвын явдлаар явахыг урьдын дээдэс номлоогүй бус номлосон бөгөөд түүнийг өөрийн үгээр номлоё хэмээвээс тийм яруу үгс, эвлүүлэн найруулах агуу ухаан, авьяас надад алга. Гэвч би бээр энгүй бусдын тусыг санасан агуу бодь сэтгэлтэйдээ бус, харин агуу энэ сэтгэлийг өөртөө ижилсүүлэн ойртуулахын тухайтад өгүүлье” хэмээн “Урдын дээдэст номлоогүй ном гэж үгүй” болохыг илэрхийлсэн байдаг. Шантидэва гэгээнийг ном номлож эхэлмэгцээ дээш хөөрсөн, номоо номлож байгаад дунд үеэс эхлэн дээш хөөрсөн хэмээн хоёр янзаар сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Юутай ч энэхүү номоо номлох үедээ гайхамшигт үзэгдлийг харуулсан байдаг. Хэрэв номоо номлох эхэн үедээ хөөрсөн бол “алин цагт бодитой …” хэмээх хэсгээ айлдах үедээ үзэхүйн мөрийг олсон бөгөөд ном номлож эхлэхээс өмнө чуулганы мөрийг олсон байсан хэмээдэг. Мөн номоо номлож эхэлснээс хойш найруулгын мөрийг олоод номоо номлонгоо бодитоор бодьсадын зам мөрийг харуулсан бөгөөд ном номлож эхлэх үед нь толгойн орой дээр нь Манзушри бурхан заларч үзэгдсэн хийгээд үзэхүйн мөрийг олох үед түүний бие болоод Манзушри бурханы дүр агаарт үзэгдэхгүй болсон гэдэг. Гэсэн хэдий ч ном номлож буй дуу нь дуулдсаар тэнгэрт нисэн одсон бөгөөд, тогтоолыг олсон бандида нар түүний номыг сонсохоор даган нисч тус тусын оюундаа сонссон номоо тогтоон авч үлдсэн хийгээд зарим нь 700 шүлэгтэй гэхэд зарим нь 1000 шүлэгтэй хэмээн хэлэлцдэг ажээ. Мөн Шантидэва гэгээн нисч явахдаа “Та нар энэ номыг дэлгэрүүлэн үзье гэвэл “Судрын хураангуй”, “Суртгаалын хураангуй” хэмээсэн хоёр номыг үзээрэй хэмээн айлдсан бөгөөд даган нисэгч бандида нар “Тийм нэртэй номыг урьд сонссонгүй. Хэний бүтээл болоод, хаанаас олох болой?” хэмээхэд тэрбээр “Энэ хоёр номыг би зохиосон бөгөөд миний суудаг өрөөний дээврийн хөндийгөөс олж болно” хэмээсэн байдаг. Шантидэва гэгээн ийнхүү номоо номлож дуусаад Наландарын хийдэд буцаж залраагүй, Өмнөд Энэтхэгт одсон хэмээдэг. “Бодьсадын явдалд орохуй” ном нь 700 шүлэгтэй, 1000 шүлэгтэй хэмээн ярих нь бандида нарын оносон эрдэм чадал, хэр удаан даган ниссэн зэргээс хамаарч харилцан адилгүй байгаа хэмээн үздэг. Ийнхүү номыг номлохдоо үзүүлсэн гадаад үзэгдэл нь гадна үзэгдлийг баригч хүмүүсийн найдангуй, атаач, омог дээрэнгүй тэргүүтэй муу сэтгэл бүгдийг даран амирлуулж чадсан байна. Гэвч энэ нь хожмын бидний хувьд тэгтэл чухал бус харин энэхүү ном нь үлдэж бидэнд өвлөгдсөн нь хамгаас чухал хэмээн мэргэд дээдэс сургадаг. Өмнө өгүүлсэнчлэн Шантидэва гэгээн ийнхүү номоо номлоод Өмнөд Энэтхэг үрүү заларсан бөгөөд номыг нь сонссон бандида нар тэр даруй уг номыг бичигт буулгах ажилд орсон байдаг. Бандида нарын олсон эрдэм чадлаас нь хамаарч зарим нь 9 шүлэгтэй, зарим нь 10 шүлэгтэй байхад зарим нь 700, 1000 шүлэгтэй, бүр зарим нь 1000-аас дээш шүлэгтэй хэмээн зөрчилдсөн ажээ. Тус номыг нарийвчлан үзэхийг ихэд хүсэмжлэгчид “Бодьсадын явдалд орохуй” (Жонжүг) шастир дотор “Додэ гүндүй””Судрын хураангуй”, “Лава гүндүй” ”Суртгаалын хураангуй” хэмээх хоёр номыг нэмж үздэг байна. Тэр үед бандида нар энэ хоёр номыг олж сонсохыг туйлын ихээр хүсэмжлэн Шантидэвэ гэгээнийг Наландрын хийддээ дахин залрана уу хэмээсэнд Шантидэва гэгээн эргэж залрах боломжгүй хэмээсэн байдаг. Тиймээс бандида нар, таны номыг үсгэнд буулгаад хоёр гурван янз болсон тул алийг баривал зөв болой? хэмээн асуухад 1000 шүлэгтэйг нь баривал илүү юм даа хэмээн айлдсан гэдэг. “Судрын хураангуй” бүтээл нь судрын гол санаануудыг нэгтгэсэн байдаг бол “Суртгаалын хураангуй” нь судрын бүтээлүүдийг нэгтгэсэн байдаг. “Суртгаалын хураангуй” болон, “Бодьсадын явдалд орохуй” зохиол нь Данжуурт багтсан байдаг ажээ. “Бодьсадын явдалд орохуй” шастир, ялангуяа түүний есдүгээр бүлэг дээр бичсэн хэд хэдэн тайлбар зохиолууд байдаг бөгөөд энэ нь Түвдийн бурхны шашны бүх урсгалуудад голлох зохиол болдог. Гэлүгвийн ёсны хувьд Богд Зонхова гэгээний “Их бодь мөрийн зэрэг” бүтээл, тэр дундаа түүний “Өвөр болон (өөрөөрөө) бусдыг арилжихуйн сургаал” нь “Суртгаалын хураангуй”, “Бодьсадвын явдалд орохуй” зохиолуудад тулгуурласан байдаг байна. Хэдийгээр Богд Зонхова гэгээн “Бодьсадын явдалд орохуй” шастирт тайлбар бичээгүй ч түүний зохиосон “Их бодь мөрийн зэрэг” бүтээл нь тус бүтээлийн олон санаануудыг агуулсан байдаг. Мөн түүний “Удирдах хийгээд магад утгыг тийн ялгасан шастир”-т нь есдүгээр бүлгийн олон санаануудыг багтаасан байдаг ажээ. Шантидэва гэгээний намтар нийтэд олон хувилбараар түгсэн байдаг. Үүнд:

• Хааны бие хамгаалагч болсон түүх

• Тэрсүүдийн багшийг дарж шавь нарынх нь хамт номонд оруулсан түүх

• Мянган гуйлгачинг тэтгэсэн түүх

• Шавийн сэтгэлийг боловсруулсан түүх зэрэг байна.

Агнистын Гэгээ 21 – “Наян дөрвөн шидтэний цадиг”-аас:

Шантидэва (Бүсүгү) энэ ертөнцийн зэрэг зиндаа, өнгө баялагт татагдалгүй, зөвхөн гэгээрэлд тэмүүлж байсан тул хаан ширээнээс зугтан хийдэд суусан. Тэнд байхдаа ч хэлбэрт баригдалгүй, агуулгыг эрхэмлэж, гаднаа залхуу царайлан дотроо номын чанарт уусчээ. “Машид цацралтгүй явдал” гэж Нууц тарнийн сударт томъёолдог. Зэнгийн үгээр “Зүгээр л байхуй”. Тэгэхэд хавар аяндаа болж, өвс өөрөө ургажээ. Нэгэнт өөрийгөө илчилсэн хойно нэр цол, алба тушаалд уягдахгүйн тулд хийдээ орхиж, хэн ч мэдэхгүй харь газар очин эглийн дүрээр бясалгалаа үргэлжлүүлж. Тэнд мэдэгдсэн хойноо анчин дүр эсгэн ууланд амьдарчээ. Төгс гэгээрэлд хүрэхээс өмнө бусдын хүндлэл, нийгмийн болзол “алтан тор, амтат хор” гэдгийг ойлгодог байж. Залхуу хувраг, жирийн харуул, уулын гөрөөчин… энэ бүхэн нь дотоод бясалгалаа бүрэн дэлгэртэл нь хамгаалж халхлах “заль” байжээ. Эцэстээ тэрээр А-Ра-Ба-За-На гийн амьд биелэл болсон байна.• Бенгал нутагт Баул хэмээх дуу хөгжмөөр жигүүрлэсэн тантрын өвөрмөц урсгал бий. Бүсүгүгийн тухай нэгэн гүр дууг баулчууд дуулсаар иржээ. Тэр дуунд ийн өгүүлдэг:

Юуны учир?

Юуны учир хүлцэл, эсэргүүцэл хоёрт

Хүлэгдэн шаналана вэ?

Анчин Бүсүгүгээс айсан буга

Ус ууж, өвс идэх сөхөөгүй бөмбөлзөнө.

Айдас нь зовлонгийн шалтгаан гэж мэдэхгүй,

Атаат дайсан нь чухамдаа

Бие цогцост хүлэгдэх

Би үзэл гэдгээ ойлгохгүй дэвхцэнэ.

Зугтаад бай, давхиад бай.

Юуны учир?

Хаа хүрэхээ мэдэхгүй

Хар хурдаараа давхи.

Юуны учир?

Бүсүгү миний дуулсан дууг

Хөөрхий мунхгууд даанч ойлгохгүй л.