Чанрав хувилгаан буюу Солдуутай хувилгаан

Солдуутай хувилгаан гэж яригддаг Чанрав хувилгаан 1879-1937 онд амьдарч байжээ.

1879 онд Сутай уулын хошууны ард Чойжингийнд нэгэн хөвгүүн шар туяа цацруулан мэндэлсэн бөлгөө. Түүнд лам багш Жамьяанчанрав нэр хайрласан ажгуу. Хожим нь тэрээр Чанрав хувилгаан хэмээн алдаршжээ.

Нутгийн хүмүүсийн домог болгон хуучлан ярих ину:

Чанрав хувилгааны өмнө дүр нь таалал болохынхоо урд жил нь Шарав гэдэг ламтай хошуу нутгийнхаа айлуудаар бууж яваад Чойжийнд орж таарчээ. Тэднийд цайлж суухдаа “Энэ ямар сайхан ор вэ” хэмээгээд орыг илжээ.Түүний учир Чойжийнд хойд дүр нь хүү болон мэндэлсэн нь Чанрав хувилгаан гэж үздэг ажээ.

Ч.Чанравын: хувилгаан чанар нь бүр хүүхэд байхад нь илэрсэн байнам. Баримт болгож Чанравын эгчийн нь охиноос гарсан өдгөө 83 настай, ухаан санаа саруул Түмэн-Өлзий гуай хуучилсныг өгүүлсү:

– Чанрав эгчтэйгээ намрын эхэн сарын нэгэн цэлмэг сайхан өдөр аргал түүж явжээ. Ойролцоохон нь нэгэн баяных эсгий хийж байхыг тэр хоёр харжээ. Эсгий хийж буй тэр баяных тойрныхон дундаа муу нэртэй, харамч бас харгис хэмээн хэлэгддэг байжээ. Чанрав эгчээсээ:

– Энэ айл баян мөртлөө харамч бас харгис гэсэн тиймээ? гэжээ. Эгч нь “Тийм ээ” гэсэн гэнэ.

Чанрав: “Тэгвэл би айлын эсгийг усанд урсгачих уу?” гэх нь тэр гэнэ. Эгч нь юу ч санасангүй “За тэг” гэчихэж. Чанрав тэр дор нь газраас нэг чулуу шүүрч аваад тэр айлын зүг шидчихэж гэнэ.

Төд удалгүй цэлмэг тэнгэрт хэсэгхэн бараан үүл гарснаа цахилгаан цахиж бороо асгаж эхэлжээ. Эсгий хийж байсан хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж ноос үсээ хумин хураан сандарцгаажээ. Эгч нь тэднийг хараад өрөвдсөндөө:

– Яах гэсэн юм бэ? Одоо болно. Хөөрхий гэв. Чанрав:

– Тэгвэл одоо бороог зогсоочих уу гэхээр нь эгч нь “Тэг тэг” гэсэн гэнэ. Чанрав газраас бас нэгэн чулуу авснаа бороо орж байгаа зүг чулуугаа шидвэл тэгсхийгээд бороо зогсож нар гарчээ. Энэ тухайгаа гэртээ ирээд эгч нь аав ээж хоёртоо хэлжээ. Ээж нь:

– Юу донгосоод байгаа юм бэ? дуугаа тат гэж уурлажээ. Харин аав нь “Миний хүү шар туяа татуулан төрсөн, хүмүүсийн ярих нь хувилгааны хойд дүр гэх юм билээ. Хувилгаан нь үнэн юм биш биз?” хэмээн бодож баярлажээ.

Эцэг нь хүүгээ бусдын адил хийдэд суулгаж ном үзүүлсэн байна. Чанрав ч шашныхаа ном эрдэмд шамдан улам улмаар ахисаар аграмба, гавж мяндагтай болов.

Дээрх яриаг хуучилсан Түмэн-Өлзий гуай нэмж бас ярьсан нь: Нэг өдөр Чанрав багш нь хоёр шавиа дуудаж ирүүлээд хэлсэн нь: “Манай ээжийг нас барахаар үүнийг толгой дээр нь тавь” гэж нэг хадаг өгөөд, “Та хоёр хойдохыг нь уншиж, буяны нь ажилд оролцоод ир. Би эндээс ном уншина.” гэж хэлээд явуулжээ. Багшийнхаа даалгаснаар хоёр шавь нь мориор өдөржин явж хүрч очвол ээж нь цай хоол бэлтгэж, хоёр ламыг хүндлэн дайлжээ.

– Манай Чанрав гэлэнгийн бие сайн биз дээ, ийш тийш яваагүй суурин байна уу гээд ер өвдөж зовсон нь үгүй гялалзаж байжээ. Хоёр лам “Багш маань андуурсан юм болов уу” гэж гайхжээ. Ээж нь өнөө маргаашгүй болчихсон хэвтрийн хүн байгаа юм байх гэж бодож очсон нь эндүүрэл болов. Нэгэнт оройтож очсон тул хонохоос аргагүй. Өглөө нь босвол эмгэн толгой жаахан өвдөөд боссонгүй гэнэ. Орой нь эх нас барсан ажээ. Ийнхүү болох ирээдүйг хардаг байсан гэнэм Чанрав хувилгаан.

Чанрав хувилгаан нутгийнхаа хийдээс төв Ганданд уригджээ. Ном эрдэмдээ гаргуун бас хувилгаан чанар нь тодорсны учир ийн уригджээ. Уригдаж очоод ширээ суудалтай бас солдуутай болжээ. Мөн хувилгаан хэмээн монгол даяарт хүндлэгдэн шүтэгдэж эхэлсэн байна. Бурхны олон шавь нартаа сурсан эрдмийнхээ гэгээ гэрлийг ч тусгаж эхэлсэн байна.

Өндөр хэргэм зэрэгтэй, даяар алдартай болоод ирмэгц нь Яринпилийн хийдийнхнээс хамгийн түрүүнд нь буюу 1937 оны 10 дугаар сарын 11-нд баривчилж 14 хоногийн дараа цаазалсан байна. Мөн дүү Чойнидыг нь хоёр сарын дараа хороожээ. Дүү Чойнид нь гавж мяндагтай, гавж багш хэмээн хүндлэгдэн шүтэж явсан ажээ. Гавж багш хэмээн хүндлэгдэж явсныг бодоход сурсан мэдсэнээ бусаддаа түгээж явсан нь тодорхой.

Жич: Солдуутай гэдэг нь өөрт зориулсан тусгай магтаалтай гэсэн үг юм байна. Сутай уулын хошууныхан дундаас ийм солдуутай хувилгаан өөр төрөөгүй гэнэм.

Г.Хандүү. “Гэлэнгүүдийн гэгээ” номноос хуулж тавив.

Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/678