IX богд Жэвзүн Жамбал Намдол Чойжи Жанцан

IX Богд Жэвзүн Жамбал Намдол Чойжи Жанцан

Монголын их соён гэгээрүүлэгч, Монгол түмний эртнээс нааш үйл ерөөлийн гүн барилдлагат Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын 9 р дүр Жэвзүн Жамбал Намдол Чойжи Жанцангийн намтар.

IX богд гэгээн нь арван зургаадугаар жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн нийслэл Лхас хотын ойролцоо Томсиг хэмээх газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхам хоёрын хүү болон мэндэлжээ. Эхийн хэвлийд байх үед нь тэр үеийн Гандан ширээт Жамбачойдаг бээр “Үлэмж онцгой дээдэс” хэмээн айлджээ. Хожим нь Павонха ринбүүчи Соднамданзандаржаа хэмээх алдрыг хайрласан байна. Мөн Найчүн сахиус, Хараг ёнзин ринбүүчи нар Богд Зонховын нигуурын шавь Жамъян цоржийн хувилгаан мөн гэж иш үзүүлж улмаар 4-н сүүдэртэйд нь 14-р Далай багшийг тодруулах үйл хэргийг удирдсан Радэн ринбүүчи бээр Халхын 8-р богдын хойд дүрээр тодруулж тойн санваар хайрлаж алдрыг Жэвзүн Жамбал Намдол Чойжи Жанцан хэмээн хайрлажээ. 9-р богд гэгээн 21 нас сүүдрийг зооглотлоо Төвдийн Гомон дацанд суралцаж 21 наснаасаа 29 нас сүүдэр хүртэл Өндөр гэгээний өмнөх дүр Жонон Даранатын байгуулсан Ганданпунцоглин хийдэд суун тэр үеийн Монгол, Төвдийн шалгарсан мэргэдээс номын рашаан хүртэж бясалгал бүтээлийг үйлдэн олон шавь нартаа номын рашааныг түгээж байжээ. Тэндээсээ Балбын нутагт ойр орших Чойнхордэчэнлин хийдэд сууж байхад 1959 онд Түвдөд Хятадын түрэмгийлэл улам хүчээ авч улмаар 14-р Далай багш Энэтхэг үрүү дүрэвсэнг сонсон зарим хүмүүсийн хамт Балбын хилийг давж Балбад жил хэртэй амьдарч 1961 оны дундаас Энэтхэг үрүү дүрвэн гарч Даржаалин хэмээх газар 14 жил суурьшжээ. Тэр хугацаандаа Сажа, Нинма, Гаржүд ёсны дээдэс багш нараас номын авшиг хүртэж бясалгал бүтээлд ихээр шамдан соёрхжээ. 1972 оноос Масури хэмээх газар амьдралын эрхээр тариа тарин амьдарч 1981 – 1991 он хүртэл Мадъяа Парадэш хэмээх газар буй Төвд тосгонд наймаа арилжаа зэрэг эгэл бор ажил хийж байсан гэдэг. 1991 онд Далай багшийн тааллаар Дарамсалад суурьшин улмаар Далай багшаас Халх Жавзүндамба хутагтын 9-р дүрээр ахин бататган өөрийн мутрын тэмдэг бүхий батламжийг өргөсөн байна. 9-р богд 1999 онд анх Монголд морилсон бөгөөд ахин 2009 онд Монголд морилон 2011 онд Монголын иргэн болсон билээ. Түүний хойтон жил 2012 оны цагаан сарын шинийн найманд мөнхөд барих үзэлтэн шавь нугуудыг номын ёсонд сануулахын тухайд лагшин дүрсийг түрхэн хугацаанд хураахын ёсыг үзүүлсэн.

2013 онд Өмнөд Энэтхэгийн Сэра хийдэд Дээрхийн гэгээн 14-р Далай багш Бодь мөрийн зэргийн их хөтөлбөрийн үеэр 9-р богдийн тухай айлдсан айлдварыг сийрүүлвээс:

Би 9-р богдийг аль бага 10 настайгаасаа таньдаг мэддэг байсан. Шашин, амьтны тусад нэгэн үзүүрт хоёргүй үлэмж сэтгэлээр шамдан хичээдэг дээдсүүдийн нэг. Ялангуяа Доржшүгдэнг хорих үйл хэргийг ямар ч эргэлзээгүйгээр дэмжин хүлээн зөвшөөрсөн. Үнэхээрийн дээд төрөлхтөн. 2011 оны сүүл хавьцаа 9-р богдын лагшин их чилээрхүү байна гэсэн мэдээ ирж надтай утсаар ярьсан. Тэгээд надаас “Би хэзээ явах вэ? Би хойд төрөлдөө хаана төрөх вэ?” гэж асуусан. Энэ бол надаас ингэж асууж байсан хамгийн анхны тохиолдол. Урьд нь хэн ч ингэж асууж байгаагүй. Би хэлэхдээ “Жилийн эцсээр бол жаахан бэлэг дэмбэрэл муу. Харин жилийн эхээр бол дэмбэрэл сайн. Та одоо Монголдоо төрөх хэрэгтэй” гэж би хэлсэн. Тэгэхэд хариуд “За” гэж байсан. Тэгээд он гаргаад цагаан сарын шинийн найманд бясалгалд (Төвдөөр Түгдам гэх бөгөөд их бүтээлчид таалал төгсөхдөө тархи, зүрх судасны хамаг үйл ажиллагаагаа зогсоож бясалгалд суухыг хэлж буй) оршсонг дуулаад би Самдон ринбүүчийг Монгол явуулсан юм. Тэгээд Самдон очоод миний өгсөн хадгийг хүзүүгээр нь ороон тавихад бясалгал тайлагдсан тэмдэг хамраас нь шингэн зүйл гарсан гэсэн. Тиймээ Самдон. Яг ийм зүйл болсон гэлүү?
Үүнийг өөрийн хоёр чихээрээ нягт нарийн сонссон.

Монголын бурханы шашны түүхэн цуврал – IX Богд гэгээнтэнд мандал өргөв. 2009 он.

IX Богд гэгээнтэн Монголын ард түмэнд сар шинийн мэнд хүргэж байна.

IX Богд – Нархажид

IX Богд гэгээнтний лагшин шүтээн дүрийг Гандантэгчэнлин хийдэд залж буй нь.