XVII дүрийн Гармава буюу Апо Гага

XVII Гармава

1985 оны 6-р сард Зүүн Түвдийн Латок орчим нүүдэлчин гэр бүлд лагшин мэндэлжээ. Түүнийг мэндлэх ойртох тусам ээж нь сонин гайхамшигт зүүд зүүдэлдэг байв. Түүнийг мэндлэх өдөр төрсөн гэрийх нь дээр хөхөө сууж донгодсон нь хөршүүдийх нь сонссоноор лавай мэт дуугарсан бөгөөд энэ дуу хөндий даяар цуурайтаж байсан гэдэг. Түвдэд ийм маягийн үйл явдал нь гэгээн хутагтуудын мэндлэхийн өмнөх өлзий билэгт дохио хэмээн хүлээн авдаг билээ.
Дөнгөж төрсөн хүүг Апо Гага буюу Жаргалтай ах хэмээх нэр хайрлажээ. Эхнээсээ гэр бүлийнхэн нь түүнийг онцгой нэгэн хэмээн хүлээн авсан бөгөөд магадгүй ринбүүчийн хойд дүр байх хэмээн хүлээн авсан юм. Түүнийг дөрвөн настай байхад нутгийн хийд үрүү ном үзүүлэхээр явуулсан боловч ихэнхи цагаа гэртээ гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж байв. 1992 оны хаврын сүүл сард тэр гэрийхэндээ өөр хөндий үрүү нүүцгээе, тэнд гэрт нь айлчилж ирэх аянчин лам нарыг хүлээн авахад бэлэн байгаарай гэж хэлжээ. Тэд түүний хэлснээр хийсэн бөгөөд удалгүй тэднийд хэсэг Гарма Кагью лам нар айлчилжээ.
Тухайн үед лам нар XVI Гармава ламын зөгнөл бүхий нууц захианд өгүүлсэн зааврын дагуу түүний хойд дүрийг хайж байгааг түүний гэр бүлийнхэн мэдээгүй байлаа. Энэ захианд түүний хойд дүрийн мэндлэх жил, газар, ирээдүйн эцэг эхийн нь нэр зэрэг байсан бөгөөд бүх мэдээлэл нь Апо Гагагийн амьдралтай яг давхцаж байсан юм. Ингээд түүнийг XVII Гармаюа ламаар тодруулж Ogyen Drodul Trinley Dorje алдрыг өргөжээ. Дээрхийн Гэгээн XIV Далай Лам Апо Гагаг XVII дүрийн Гармава ламаар тодруулсаныг батламжилж, БНХАУ-ын Засгийн газар ч хүлээн зөвшөөрсөн билээ.