Судрын модон хавтас

Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

Сэвлэг үргээх гэдэг бол Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн ёсон байдаг. Хүү 3, 5, 7, сондгой насанд (хий насаар), охин 2, 4, 6 тэгш насанд нь (хий насаар) авна.

Сэвлэг үргээхэд модон хутга нэг бол модон хайчаар эхэлж гар хүрэн домнодог. Энэ ямар учиртай вэ? гэхээр хүүхдийг ирээдүйдээ сэтгэл сайтай ухаалаг байлгахыг бэлэгдэн зөөлөн модоор домнож ирсэн уламжлал юм. Төмөр хайчаар эхэлж домновол сэтгэл нь хатуу болдог гэж ихэд цээрлэж иржээ. Зурхайд төмөр махбодь хатуу, модон махбодь зөөлөн байдаг онолоор бэлэгдсэн хэрэг байх.

Хүүхдийн сэвлэгт эхэлж хүрэх хүнийг:

1. Ивээл жилтэй байх.
2. Ан гөрөө хийдэггүй, мал муулдаггүй.
3. Муу зуршилгүй архи, тамхи, мөрийтэй тоглоом гэх мэт муу зуршилгүй.
4. Хэрэг төвөгт орж, хар гэрт хоригдож байгаагүй.
5. Нохойд уруулж байгаагүй хүн сонгон хүүхдийнхээ сэвлэгт эхэлж хүргэдэг ба энэ нь зөв сайн яваа энерги сайтай хүнээр эхэлж хөндүүлж байгаа хэрэг юм.

Сэвлэг үргээх өдөр нь чухал байдаг. Өдрийн сайныг сонгож авах хэрэгтэй ба охин хүүхдийг зуны эхэн сард үргээх нь маш сайн гэж үздэг нь цэцэг навч дэлгэрэх үесээр үзэсгэлэнтэй охин болохыг ерөөдөгтэй холбоотой. Гэхдээ бусад саруудад ч өдрийн сайныг товлон сэвлэг үргээж болдог.

Хөвгүүдийн сэвлэгийг намрын адаг сард үргээх нь маш сайн гэж үздэг нь хүн, амьтан хүч таргаа авсан, үр тариа боловсорч гүйцсэн, идээ ундаа элбэг үеэр хүч чадалтай эр хүн болоорой хэмээн бэлэгдэн авдаг мөн ивээл сард нь авбал зохилтой.