Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрүүдийн хамт

Цаглашгүй дөрөв

Баясахуй сэтгэл

Атаархал үгүй бөгөөс баясахуй сэтгэл төрнө. Тиймээс атаархалыг сэтгэлдээ төрүүлэхгүй байх арганд хичээх нь чухаг. Анхлан ахан дүүсээ аз жаргалтай амар амгалан байгаад баясах нь энэхүү сэтгэлийг өөрийн сэтгэлдээ төрүүлэх хялбар арга юм. Дараа нь тус, хорлол аль аль нь үгүй завсарын хүмүүст эцэст нь өөрийн зүгээс дайсанд баригчдад зоригдон баясахуй сэтгэлийг төрүүлэхэл хичээх нь зүйтэй.

Хэнд атаархал буй аваас Бурхан бодитой залравч, түүнийг сайн мөрт оруулж чадахгүй. Учир нь түүний сэтгэл нь атаархалын хоронд үжирч, бусдын эрдмийг үзэхгүй. Эрдмийг эс үзвээс сүсэг өчүүхэн төдий ч төрөхгүй. Сүсэг үгүй тул нигүүлсэхүй болон адистэдийн сав болж чадахгүй.

Бурхан багшийн үед юмсанж. Түүний дүү болох Лхажин, Лэггар гэгч хоёр байв. Тэд Бурхан гэгээнд өчүүхэн ч сүжиггүй юм гэнэ. Тиймээс нэгэн насны туршид Бурханы дэргэд байсан ч, тэдэнд туслах, сэтгэлийг нь номхотгох арга олдоогүй гэдэг. Бурханд сүжиггүйгээр зогсохгүй, өөрсдийг нь эс хорловч, бусдад муу санаж тэдэнд хор хүргэдэг асан Лхажинг Очирт там төрөл авсаныг << До-лай жүн-би нер-хо>>-д, Лэггарыг бирдэд төрсөнийг << Гүн-сан ла-май шаллүн>>-д тодорхой тэмдэглэсэн нь бий. Атаархал, мөчөөрхөл зэрэг өөрт болон өрөөлд өчүүхэн ч тусгүйн үлгэр энэ юм.

Баясахуй сэтгэлтэнийг төөрсөн ботгоо олсон ингэ шиг хэмээн үлгэрлэсэн байдаг. Ингэ ботгондоо машид их харам амьтан ажээ. Ботгоноосоо хагацсан ингэ шиг үнэхээр уйтай амьтан гэж үгүй. Хэрэв ботго нь олдож, дахин учирваас ингэ шиг баярлах амьтан гэж бас үгүй ажээ.

Тэгш үзэхүй, асрахуй, нигүүлсэхүй, баясахуй хэмээх дөрвөн цаглашгүйг утгын хувьд хурааваас гагц сайн санаанд хурааж болно. Тиймээс аливаа тохиолдол бүрээс сайн санаанд суралцах хэрэгтэй. Санаа сайн аваас бие, хэлээр үйлдсэн аливаа үйл бүхэн буян болно.

Богд лам Лувсандагва бээр “Санаа сайн аваас газар, мөр ч сайн. Санаа муудваас газар, мөр ч доройтно” хэмээн айлдсан.