Ловон Бадамжунай дагина болон бурхдын хамт

Архи уухын гэм

Ловон Бадамжунайн айлдсан архины гэм эргүү, уг гарвалыг номлосон сударт амьтныг хорлогч шулмасын хаан зүүдэндээ үзсэн есөн муу зайнаас бүрдсэн олныг мунхруулагч архи хэмээгч хорыг бий болгож, өөрийн нүглийн нөхөр хар сахиусандаа хэлжээ. Тэрээр ихэд баясан хаан чиний амьтныг хорлох сэтгэл бүтэж, ирээдүйд хүмүүний насан ахар болох үед архи хэмээгч энэ нь машид дэлгэрч түүнээс болж олон амьтан тамын зовлонг эдлэх болно гэж өгүүлжээ.

Тэрхүү есөн муу зай нь юу хэмээвээс:

1. Галзуу арслангийн цагаан тархи
2. Галзуу догшин мунхаг зааны амны хөөс
3. Хорт могойн хэл
4. Галзуу зөгийн бал
5. Галзуу нохойн шүлс
6. Шулмын есөн бүжигчний чөмөг
7. Үхээр идэгч чонын нүдний цөцгий
8. Үхээрийн мах
9. Эм мангасын сарын хир зэрэг бөгөөд үүнийг хэрэглэснээр юунд ч дийлдэхгүй бузар дон шүглэж, ад зэтгэрийн хорлолд өртөж, нас буянаа барж, арван хар нүглийн замаар эргэлт буцалтгүй орно хэмээх тэргүүтнийг айлджээ.

• Галзуу цагаан арслангийн тархи хэмээх хороос бүтсэний тул эгэл хүн ууваас надаас дээд үгүй хэмээх муу омогт сэтгэл ихээр төрж, нөхөд лүгээ тэмцэлдэн салж хагацан, тамд унах
• Галзуу догшин зааны амны хөөс орсон тул энэхүү архийг уух нь нүгэл бус хэмээх буруу үзэл төрж ахин дахин уух
• Галзуу зөгийн балнаас бүрдсэн тул архины амтанд шунан татагдаж, нүгэлд тэмүүлнэ
• Галзуу нохойн шүлснээс бүтсэн тул бусад олон лугаа хэрүүл тэмцэл хийж, зодолдох, уралцах тэргүүтэн нь энэ хорноос болно
• Шулмын есөн бүжигчний чөмөгнөөс бүтсэн тул согтсон хүний хөл гарын чөмөг халуу оргин, хэвтэж суух нь амаргүй мэт босон явж үйлдэх, морь (орчин цагт машин тэрэг) унаваас галзуу мэт давхиж үхэдхийн унах
• Үхээр идэгч чонын нүдний цөцгийнөөс бүрдсэн тул архи уусан хүний нүд балраад тодорхой харж эс чадах
• Үхээрийн махнаас бүрдсэн тул архийг уусан хүний нүүр царайны өнгө гундаж үнсэн хөх өнгөтэй болох
• Эм мангасын сарын хирээс бүрдсэн тул архи уугч хүний заяагч таван тэнгэр зайлж одоод, муу зүгийн амьтад, ад донгууд нөхөрлөн, нүгэл хилэнц арвидан арван хар нүглийг цээргүй үйлдэн, дамциг тангараг доройтох тэргүүтэн тоолшгүй олон гэм эргүү буйг айлджээ.

Түүнчлэн бурхан багш архи уухын гэм эргүүг ийн айлджээ.

1. Эд эдлэл барагдаx
2. Биед өвчин олшрох
3. Бусадтай маргалдан зодолдох
4. Хүний мууг уудлах
5. Муу сэтгэлээр тэмцэлдэх
6. Ичгүүргүй болох
7. Сонжуургүй болох
8. Билиг ухаан доройтох
9. Ой тогтоол доройтох
10. Эд үл олдох
11. Олсон нь үгүйрэх
12. Нууц задрах
13. Муу үйлийн эцсийг хийх
14. Зовж гаслахын үндэс болох
15. Хүч дорой болох
16. Эцгээ үл мэдэх
17. Эхээ үл мэдэх
18. Буянтанг үл мэдэх
19. Ариун явдалтанг үл мэдэх
20. Хүндлэлгүй болох
21. Бурхан, номд хүндлэлгүй болох
22. Хилэнцийн нөхөрт баригдах
23. Буяны садангууд тэвчих
24. Мууг үл цээрлэх
25. Өөрийгөө удирдаж чадахгүй болох
26. Сэрэмжгүй болох
27. Олны сэтгэлд үл нийцэх
28. Олонтой үл зохилдох
29. Садангууд муулах
30. Номыг тэвчиж ном бусруу орох
31. Мэргэд үл итгэх
32. Ухаан нь сатаарах
33. Амгалангаас улам холдох
34. Өөрөө согтох
35. Бусдыг согтууруулах
36. Үхээд муу заяанд төрөх

Муу нүглийн үүр урхаг болсон архины гэмийг ухааран, олон амьтад архи уухын гэмийг тэвчих болтугай.