Арван хангал

Чойжин

Монголд ганцхан “Жанчивдэнчилэн” хийдэд Чойжин буух зан үйл болдог.

Бөө, чойжин гүртэн хүмүүс юугаараа ялгаатай вэ? Хоорондоо төстэй зүйлс хэр байдаг вэ? Бөө, удган, зайран хүмүүс нь онгод тэнгэр болсон өвөг дээдсийнхээ сүнсийг өөрийн биендээ урин дуудаж буулгадаг, шүтэж дээдлэн зан үйл хийдэг хүмүүс юм. Бөө нартай уулзаад явж байхад лус савдаг буюу уул усны эзэд болон зуйгуул онгод тийрэнтэй холбогдож нөхцсөн бөө нар ч бас мэр сэр дайралддаг.
Гүртэн, чойжин хүмүүс нь сахил авсан лам хувраг хүн ч байж болно энгийн хүн ч байж болно. Чойжин сахиусуудыг номыг тэтгэгч сахиус гэж Монголоор нэрлэдэг. Чой гэдэг үг нь ном жин нь сахиус гэсэн утгатай үг юм. Чойжин буудаг хүн гэхээр сахиусыг биендээ оруулж буулгадаг хүн гэсэн үг. Гэхдээ чойжин буудаг хүн их цөөхөн байдаг. Гүртэн хүн гэвэл сахиусыг залж харилцдаг хүмүүс гэж ойлгож болно. Гүртэнба буюу гүртэн гэдэг үг нь лагшин баригч буюу сахиус залагч хүн гэсэн утгатай үг ажээ. Гүртэнба буюу Гүртэн хэмээх үг нь лагшин шүтэгч гэсэн утгатай бөгөөд Гүртэн хүн гэдэг бол номын тэтгэгч сахиус хэмээх Чойжин сахиусуудыг залан буулгаж сүнсний ертөнцтэй харьцаж аврал буулгадаг шидтэн хүн гэж хэлж болно.  Арван хангал догшин бурхдаас Очирваань, Жигжид хоёрыг ядам бурхан бусад наймыг нь сахиус буюу чойжин сахиус бурхад гэдэг юм.
Бөө хүн ихэвчлэн эмээ өвөө ээж ааваасаа удам дамжиж сонгогдон онгод тэнгэрээ авсан байдаг  Гэхдээ бөө хүний бүх хүүхдүүд бөө болно гэсэн юм байхгүй. Онгод тэнгэрүүд тухайн улаач болох хүнээ тамгалж сонгож төрүүлдэг гэдэг юм.
Чойжин, гүртэн хүн ч бас адилхан сахиусууд уг хүнийг сонгосон байдаг. Түүнээс биш ном эрдэм мэдлэг ихтэй хүн байсан ч сахиус бурхдын сонгосон хүн л биш бол Чойжин гүртэн хүн болох боломжгүй. Дээр үеийн алдартай Чойжин гүртэн хүмүүсийн намтар түүхийг судалж байхад нууц тарнийн бясалгал хийж хоосон чанарыг оносон шид увидасын эрдмийг эзэмшсэн, гэгээрсэн хүмүүс байжээ гэж санагддаг.
Ер чойжин сахиусууд сонгосон хүнээ удаан хугацаагаар сорилтонд оруулж элдвийн бэрхшээл зовлон үзүүлж бэлдсэн байдаг. Чойжин сахиусууд нь бөө, удган, зайрангуудын харилцдаг онгод тэнгэрүүдээс юугаараа ялгаатай вэ? гэвэл чойжин сахиусууд нь Бурхан багш, Ловон Бадамжунай, Богд Зонхов, Мялбогд гээд төгс гэгээрэлд хүрсэн их багш нарт “Аврал эрсэн хамаг амьтны сайн сайн сайхны төлөө зүтгэнэ, авран тэтгэнэ, сахин хамгаална” хэмээн андгай тангараг тавьж бодьсадваагийн сахил авсан байдгаараа маш их ялгаатай гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл дээрх Чойжин сахиусууд эрт цагт догшин тэнгэр лус савдаг байхад нь дээр дурдсан их багш нар бясалгал, номын увьдас рид хувилгаан чадвараараа номхотгон ам өчиг, андгай тангаргыг тавиулж шашин хүн зоныг хамгаалагч сахиус болгосон ажээ. Гэхдээ Чойжин сахиусуудын уг язгуур нь догшин тэнгэр лус савдаг байсан болохоор хүмүүсийн буруу зөрүү үйл явдлаас болоод уурлах хилэгнэх догшрох явдал байдаг. Тийм учраас сүм хийдүүдэд сар болгоны шинийн хорин есөнд арван хангалын хурал хурж тахидаг ба бас андгай тангарагыг сануулдаг ажээ.
Бөө хүний буулгадаг онгод тэнгэрүүдийг дотор нь цагааны харын улааны гэж ялгадаг. Үүнээс харын догшин тэнгэрүүдийг хатуу үйлэнд ашигладаг. Хэрвээ буулгаж байгаа улаач, бөө, удганы сэтгэл ариусаагүй, хар хор, уур омог, атаа жөтөө ихтэй муу сэтгэлтэй бол бусдад хараал хорлол хийх гэх мэтээр буруугаар ашиглах явдал байж болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл улаач л онгод тэнгэрүүдээ залдаг ба хэрхэн юунд яаж залахаас үйл нь шалтгаалдаг гэж хэлж болох юм. Түүнээс биш харын тэнгэр гэхээр л хүн амьтныг учиргүй хорлоод байдаг гэсэн юм байхгүй. Тэд сайн үйл буян хийж ариусан цагааны тэнгэр болон бүр дээшээ дэвших хүсэл эрмэлзэлтэй байдаг. “Овоо хэдий өндөр ч ёроолоосоо нурдаг, онгод хэдий өндөр суудалтай ч улаачаасаа болж доошоо унадаг” гэсэн хэлц үг байдаг нь их утга учиртай үг шүү.
Ямар хүн чойжин сахиус залж буулгадаг вэ?
– Чойжин сахиусууд удам дамжиж буудаг бололтой. Өвөг дээдэс удам угсаанд нь гүртэн чойжин хүн байсан гэсэн үг.
– Чойжин сахиусууд өөрсдөө буух хүнээ сонгодог. Задгай судастай хүн дээр буудаг гэдэг ба хэчнээн ном эрдэмтэй хүн байлаа ч сахиусны сонгосон хүн биш бол гүртэн, чойжин хүн болж чадахгүй.
– Сахиустайгаа төрсөн хүн гэж байдаг гэдэг. 1990 ээд оны дунд үеэр Архангайн Чулуут суманд арван хэдтэй нэг хүүхэд хүмүүсийг сэлмээр чавчаад, буудаад элдвийн барцад өвчин зовлонгоос нь салгаад байсан даа. Тэр хүүхэд бол сахиустайгаа төрсөн хүүхэд байсан байж болох юм.
– Сахиусууд сонгосон хүнээ зовлон бэрхшээл туулуулж олон удаагийн хүнд сорилтуудыг давуулж бэлддэг.
– Чойжин гүртэн хүмүүс нь багаасаа сүсэг бишрэлтэй, онцгой зөн совин мэдрэмжтэй хүмүүс байдаг.
– Буддын шашны гүн ухааны мэдлэгийг эзэмшиж, тарни номын уншлагын тоог гүйцээж бясалгал нямба хийж шид увидсыг олсон байх ёстой.
– Хоосон чанар, бодь сэтгэлийг дадуулан бясалгаж сэтгэлийн үймрэл савчаанаас салсан байвал зохилтой. (Үүнд их нарийн учир байдаг.)
– Хоосон чанарыг бясалгаснаар “би”-д барих атгаг үзлээсээ чөлөөлөгддөг ба ингэснээр аливаа айдсын мэдрэмжээсээ ангижирдаг. Үүнийг өөрийн биедээ дадуулан хэрэгжүүлсэн байвал зохилтой.
– Ядам бурхад, чойжин сахиусуудын жэнан лүн ванг авсан байх ёстой, мөн хамаг амьтанд бодь сэтгэлээр ханддаг байвал зохилтой.

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/4

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/685