Дүншигийн 35 бурхан

Чухаг дээд гурав

“Цагаан Дара эх” номын хэсгээс:

“Будда” гэж ямар утгатай үг вэ?

Эртний санскрит хэлэнд “Буддха” (Buddha) нь “гэгээрсэн, ухаарсан” хэмээх утгатай. Түүнийг Түвд хэлэнд “Санжай” гэж орчуулсан байдаг.”Сан” гэдэг нь “Сэрсэн” буюу нисваанисын гэмт сэтгэл (мунхаг, уур, хүсэл тачаал г.м) бүгдээс хагацсаныг илэрхийлдэг. “Жай” гэдэг нь дэлгэрсэн буюу нисваанист сэтгэлийн ерөндөг сэтгэл (асрал, нигүүлсэл, бодь сэтгэл гэх мэт) нь билиг билгүүний хүчээр хөгжсөн хэмээх утгатай.

“Ном” гэж юу вэ?

Бурхан багшийн айлдвар номлол нь бидэнд бичгээр болон багш нараар үе дамжин уламжлагдаж ирснийг “Дээдийн ном” гэдэг билээ. Бурхан багш гэгээрээд номынхоо хүрдийг гурвантаа эргүүлсэн. Анхны удаа Варанасад “Дөрвөн үнэн”-ийг номлож, хоёр дахь удаад Тас цогцолсон ууланд “Ширнэн” буюу “Билгийн зүрхэн” тэргүүтэй судрын аймгийг айлдсан бол гурав дахь удаагаа Вайшали балгаст “Машид сайтар ялгасан” номын хүрдээ эргүүлжээ.

“Хувраг” гэж хэн бэ?

Бурхан багшийн айлдвар зарлигийг шавь нар нь залгамжлан уламжилж, хойч үеийн шавиас шавьд эш увдис болгон түгээсээр ирсэн байна. Тийм учраас бурхны зарлиг номлолыг ёсчлон бүтээх, бясалгахын хөтөч нь “Хувраг” юм.

“Багш” гэж хэн бэ?

Багш дор мөргөмүй.
“Лам ” гэсэн үгийг монгол бичгээр “валам” хэмээн бичдэг нь Түвдээр “лам” бичихдээ “ва,ла,м ” гурван үсгийг оролцуулан бичдэгтэй холбоотой юм. “Ла”үсэг нь өндөр даваа гэсэн утгатай. Энэ нь лам багшийн эрдмийг өндөр уулын оргилтой зүйрлэсэн бөгөөд өндөр уулын оройд гарсан хэн боловч эргэн тойрноо илт харж чаддаг адил багшийн эрдмийг түүнтэй адилтгасан зүйрлэл юм .
“Bа” үсэг нь үнээ гэсэн утгатай хүслийг хангагч их эрдэнийн үнээ нь зуун амт төгөлдөр номын цагаан сүүний шимээр шавь болон амьтан бүгдийг цаг үргэлжид тэтгэн цэнгүүлж, энэ болон хойт төрөлд нь гэгээрэлд хүргэдэг утгыг бэлгэдсэн .
“М” (ма) үсэг нь эх гэсэн утгатай. Ганц хүүтэй эх хүн хүүгээ хэрхэн хайрлан энэрэн асарч, санаа сэтгэлээ зориулдаг лугаа адил багш бол хамаг амьтан бүхэнд нигүүлсэнгүй, асралыг хайрлагч эх нь болой хэмээсэн бэлгэдэлтэй. (Д.Нацагдорж “Очирваань бурханы номын чуулган”)
Багшаар дамжин бурхан бүгдийн лагшин зарлиг таалал гурвын адистэд ирэх учраас багшийг баясгаваас бурхад баясана.
Энэ насны багш нарыг сайтар шүтвээс тэр үйлийн хүчээр буюу түүний уг зохилдсон үр дагаварт дараа төрлүүдэд ч дээдийн номыг заах буяны садангаар үл хоосрох юм.
Буяны садан багш бээр юуг үйлдвээс зовлонгийн шалтгаан нүгэл болох хийгээд юуг үйлдвээс амар амгаланг авчрах буянтай үйл болохыг хуурмаггүй ёсчлон ялгаж хайрлах бөгөөд түүнийг даган мөрдсөнөөр муу заяа тэргүүтэн зовлонд үл унана.
Багшийн билиг чанар олон байдаг боловч түүний дотроос судрын ёсонд багшийн билиг чанар ямар байх ёстой вэ ? гэвэл арван зүйлийг бүрдүүлсэн байх ёстой гэж Майдарын гэгээний айлдсан “Судар аймгийн чимэг” хэмээх номд гарсан байна. Үүнд:
1. Амирлангуй буюу шагшаабадын суртгаал төгөлдөр
2. Чухал амарлингуй буюу самадийн суртгаалтай
3. Билгүүний суртгаал төгөлдөр (Ийм гурван суртгаалыг өөртөө эзэмшсэн байх хэрэгтэй.)
4. Шавиасаа эрдмээр илүү байх (Түүний дээрээс шавиасаа эрдмээр илүү байхгүй бол өөрөө эрдмээр илүү биш хүнийг шүтвэл шүтсэний хэрэг гарахгүй. Тиймээс шавиасаа эрдмээр илүү байх ёстой.)
5. Бусдад зааж байгаа номоо өөрөө анхааран авахад ч гэсэн хичээсэн хичээлтэй байх
6. Бурхнаас дамжсан олон эшүүдийг өөртөө эрхшээсэн эш увдисуудаар баялаг байх
7. Тэр ямагтыг машид мэдсэн байх. (Тэр ямагт гэдгийг хоёр янзаар тайлбарладаг. Зарим нь хоосон чанарыг хэлж байгаа буюу хоосон чанарыг машид мэдсэн байх хэрэгтэй гэдэг. Зарим нь тэр ямагт гэдгийг тухайн хүнд зааж байгаа ном тэр ямагтыгаа сайтар мэдсэн байх хэрэгтэй гэдэг. Хүнд зааж байгаа номоо багш нь өөрөө сайтар мэдээгүй байвал тухайн хүнд ёсчлон зааж чадахгүй юм. Тиймээс тухайн хүнд зааж байгаа номоо, тэр ямагтыгаа өөрөө сайтар мэдсэн байх хэрэгтэй.)
8. Өгүүлэхдээ мэргэн байх. (Тухайн утгыг мэдсэн ч түүнийгээ бусдад зааж чаддаггүй, заах аргачилал муутай бол бас хэцүү. Тийм учраас өгүүлэхдээ мэргэн буюу бусдад тухайн номын утгыг хүргэхдээ уран арга, аргачлал сайтай байх хэрэгтэй.)
9. Бусдад ном заахдаа асрах нигүүлсэнгүй сэтгэлээр заадаг байх
10. Уйсалыг тэвчсэн байх (Бусад шавь нар нь ном ойлгохгүй эсвэл, ойлгохдоо удаан байсан ч түүнд уйсдаггүй, уйсалыг тэвчсэн байх хэрэгтэй.)
 
Багшийг баясгасны тус эрдэм нь хязгааргүй бөгөөд үүний тухай
“Дүйнхор Заржүд”-ээс:
“Бүгдийн дээд зэндмэнэ ч сартваах багшийг баясуулснаас гарна.
Гурван лагшины үр боловсрох ч язгуур багшийг баясуулснаас гарна.
Бусдын тус үйлсийн найлзуур мод ч хөрөнгө багшийг баясуулснаас гарна.
Бодийн хуурай газарт гарах ч сэлүүрч багшийг баясуулснаас гарна
Үл мэдэх харанхуйг арилгах нь нар багшийг баясуулснаас гарна
Орчлонгийн далайгаас гарах нь гох багшийг баясуулснаас гарна
Муу заяаны нүхнээс гарах ч цалам багшийг баясуулснаас гарна
Нисваанисын өвчнөөс эдгэх ч эмч багшийг баясуулснаас гарна
Бурхан, Бодь сэтгэлтэн хийгээд Ширвага, Брадига бoдийн тэвчил, онолын эрдэм бүгд багш дээдсийг баясуулснаас гарна. Загарбардийн хаан төр ч багшийг баясгаснаас үнэхээр гарна
Язгуур угсаа, өнгө зүс, дүрс, нөхөр хотол чуулган тэр бүхэн багшийг баясуулснаас гарна
Олз, хүндлэл, алдар нэр, урт нас, өвчин хорлолгүй ертөнцийн хотол чуулганы цог хаан багшийг баясуулснаас гарна
Багш угаас үгүй бол Бурхан хэмээхийн нэр ч үгүй.
Мянган галвын бурхад ч багш нугуудад шүтсэнээр гарна.
Бас бус харж үйлдэх нь нүүр мишэлзэнгүй, шударга өгүүлэх, сэтгэлд зохистой сэрэмж бишрэлээр багшаа нэг өдөр баясуулж үйлдвээс живаа, тэрбум галавт үйлдсэн, үйлдэхэд оруулсан, даган баяссан их хилэнцийг дараад бурхан болно.
Түүнээс буцваас тэр ямагт буянаа дараад тамд унана.
Багшийг баясгаж эс үйлдсэн алин живаа галавт буяны чуулган хураасан хийгээд билгүүн гуравт оюун судалсан ч Хэрүгагаас олох хийгээд утгын мөн чанарыг онохгүй болно.
Тэнгэр хүмүүний учралаас Багшийг басамжлах хийгээд араараа зүглэвээс машид аймшигт тамын сахиус бээр мэс олноор цохиж үйлдэн, хатуу ширүүн дуу дуурсгах бөгөөд галт хөрөөгөөр хөрөөдөх тэргүүтэн баршгүй зовлонг амсах болно. Мянган галавт хураасан буян ч багшдаа уурлахад барагдах болно.
Завсрын Тивийн их харанхуй тэргүүтэн адгуусны зовлон элдэв хийгээд бирдийн зовлон юу байгаа нь багшийг эс баясуулснаас гарна.”
Харин “Багшийн тавин бадаг”-т номонд :
“Ачит багшаа доромжлох аваас
Аюулт шаналан, бузрын өвчин
Адын хорлол, чөтгөрийн дайрлага
Алгасалгүй дагасаар үхүүлэх болно оо
Эрхтэн дархтны хавчлага дарамт
Эрүү, хулгайн гэмтний халдлага
Эндэл, осол, гал, түймрийн
Эргүүлгэнд үхэж там уруу одно оо
Ачит багшийн сэтгэлийг зовоож
Амгалант царайг барайлгах аваас
Адаг доод халуун тамд
Алгасал үгүй түлэгдэх нигууртай
Аюус гэхчлэнгийн асар зовлонт
Аймшиг төрүүлэм тамуудын ихэнхэд
Алдас хийж ачит багшийнхаа
Амирлангуйг цочоосон нүгэлтнүүд очдог.”
Хэрэв багшийнхаа дүрийг санаж, зарлигийг нь бодож, ачийг нь дурсан тахин шүтэж чадваас Бурхан бүгд цаг үргэлжид харж хамгаалж байдаг. Багшгүй эрдэм гэж нэгээхэн ч үгүй тул багшийн ачлал эрдэм хэлжээлшгүй их билээ.
Гурван лагшин эрхшээгч нигүүлсэнгүйг болгоон бусдын эрхээр
Гольт шавийн аврал итгэлгүйг сайтар болгоон
Элдэв байдлаар хувилан цэнгэгч
Эрдэнэ багшийн сайн нигуурын өлмий бат орших болтугай.
Ум аа гүрү базар дара раднаа бадраа сарваа сэдий хум хум.
 
Чухаг дээдийг тахих.
Их хүрээний гавж Чойжил:
Чухаг дээд гурвыг тахихад хэрэгсэл юу байгаагаар тахих хэрэгтэй. Лондол хэмээх лам аглагт суух цагт анхлан тахилын цөгц ч байхгүй байсан тулд аягаа гурван удаа угаагаад усан тахил өдөр бүр гурван удаа өргөдөг байв. Өөрийн лам хамба лхаарамба ла хэмээн алдаршсан дээд мэргэн Зуугийн газарт сургуульд залрах үед орон үүнд түр нэгэн тос ховор бөгөөд зул цөөдөх шахсанд Далай ламд айлтгавал Зуугийн зулын их цөгцөнд шар тосыг амсраас халин сагатал цутга хэмээснээр тэр мэт үйлдсэнд шар тос тэр дариуд арвин цуглан ирэх болсон гэдэг.
 

Монгол улсын Шинжлэх Ухааны гавьяат ажилтан, Хэл зохиолын хүрээлэнгийн Түвд судлалын салбарын эрхлэгч асан доктор, профессор Л. Хүрэлбаатарын үгнээс.

Багш дор мөргөмүү.

Энэтхэгийн бурхны шашны их хөлгөн сударт бол эхлээд Намо буддаяа буюу Бурхан дор мөргөмүй гэнэ. Дараа нь Ном дор мөргөмүй, Хувраг дор мөргөмүй гэдэг. Энэ нь номыг номлох Бурхан, бурхны айлдах ном, номчлон явах шавь гурвын дотоод номын холбоог бурхан, ном, хувраг хэмээх 3 чухаг эрдэнэд үзэж ихэд эрхэмлэсэн хэрэг. Харин монгол судар соёлын болон аман билгийн уламжлалд эхлээд Багш дор мөргөмүй гэнэ. Яагаад монголчууд эртний их шашин ном, түүх соёлын холбоо уламжлалтай Энэтхэг багш нарынхаа номын уламжлалаар эхлээд Бурхан дор мөргөсөнгүй, харин багш дор мөргөв. Энэ нь бурхны газарт хүрэхэд Багш гэдэг номын сайн газарчгүйгээр үл хүрмүй хэмээсэн утга гэнэ. Иймээс ч номын багшийг бурхны орлогч, нэгэн ёсондоо бурхан лугаа адилд үзэж, хичээн биширч сүсэглэж иржээ. Монголын гүнгийн зуугийн гэгээнд алдаршсан Ишданзанванжил өөрийн зохиосон нэгэн Түвд шастиртаа:
Сайн багшийг зөв шүтвэл
Сайн замаар саадгүй зорчино
Сайн хөөрөгдсөн цагийн галд
Сайн муугүй хайлан шатна гэсэн юм.
Энэ нь сэтгэлийг сайжруулах, оюуныг гэгээрүүлэх арга билгийн эрдмийн газар саадгүй зорчуулах багшийн ачийг дурдан залбирсан хэрэг бөгөөд монгол дархны хөөрөгний цог мэт билгүүний галаар харанхуй мунхагийн эзэнтэй, шунах тачаах, уригнах хилэгнэхийн хоёр зарцтай сэтгэлийн гурван гэмийг, дээр нь омог сэтгэл, атаархах сэтгэлийн жанжин, баатар хоёрыг нэмэн дагуулсан сэтгэлийн таван хорыг шатаан хайлуулах сургаал номын увьдастай багшийн эрдмийн ач тусыг ийн өгүүлсэн хэрэг болно.
Халин нисэх шувуу огторгуйд байвч, харин түүний сүүдэр газар дээр байдгийн адил, урган мандах нарны огторгуйд гийх гэрэл илч хэдий халуун ч гар дорхи галт шилийн гэрлээс галыг авах мэт, дээр оройн бясалгалын бурхдаас дэргэд ойрын багшийг ёсчлон шүтэж, гийн сайжрахын зам мөр болгосон нь монгол буддизмын соёлын хөрсөн дээр бурхнаас багшийг бус, багшаас бурхныг эрсэн хэрэг мөн. Ингэхлээр багш гэдэг тэр алдар нэрний нийгмийн үүрэг дорно дахины улс үндэстэн, түүний доторхи монгол туургатанд хэр хэрцээний хэмжээ түвшинд байсныг мэдэж болно. Энэхүү багш гэдэг алдрыг зөвхөн сонссон төдийгөөр бие, хэл, сэтгэлийн 3 үүд, хүсэл эрдмийн 5 хаалгаар нэвтрэн шургах баяр таашаалын үүдэл төрөгдөл ямархан болж, энэ ертөнц төдийхний үйлс явдал байтугай, эцэс хойчийн хэрэг явдал ч утга чанар төгөлдөр болж ирдэг тухайд, Ардын засгийн ерөнхий сайд, Жалханз хутагт Дамдинбазар ‘’Багшийг шүтэх ёсон’’хэмээх судартаа ‘’Багш таны нэр төдийхөн чихний тосгуурт унасан төдийгөөр сэтгэлчлэнгийн чандмань эрдэнийг гар дор өгөн зохиомой. Таны нигуурын гэгээнийг үзэж, таны айлдварын эгшгийг сонсож, таныг сэтгэлийн агаартаа дурдан санаснаар энэ хийгээд хойтын хамаг хэрэг шамдал үгүйеэ өөсөөн бүтэхийн тул, таныг бүх бурхнаас илүү хэмээн мэдвэй’’ хэмээжээ. Энэтхэг, Түвд, Монгол хэмээх номт 3 улсын шашин соёлын хүрээний номч багш мэргэд 6 саналга, 9 зүйл сэтгэлээр багшийг шүтэх ёсыг сурган номлож байжээ. Эл 6 саналга хэмээх нь шавь өөрийгөө өвчтөн хэмээн санах, өвчнөө мунхаг хэмээн санах, номыг заах багшийгаа биеийг эдгээх эмч хэмээн санах, заасан номыг нь өвчнийг эдгээх эм хэмээн санах, номыг сонсолцох нөхрийг өвчтний сахиур хэмээн санах, эм мэт номыг ухан, анхааран авахыг мунхгийн өвчин эдгэрэхэд санах, эдгээр санаа лугаа барилдуулсан, шүтэх ёсны оньсон хураангуйг чухамхүү увьдас хэмээн номлосон бол багшийг чухам яаж шүтэхийн утгыг 9 зүйл сэтгэлийн үлгэрээр үзүүлэхдээ ‘’алин юуныг үйлдүүлэх багшийн нүүрний ая байдал дор ямагт байх шугам мэт шууд шулуухан сэтгэлээр шүтэх, муу нөхөрт үл урвах очир мэт сэтгэлээр шүтэх, муу нөхөрт үл урвах очир мэт сэтгэлээр шүтэх, багшийн зарлигласан үйл бүгдийг гүйцэлдүүлэх, газар мэт сэтгэлээр шүтэх, өөрт зовлон бэрхшээл юун гаравч, үл мятах уул мэт сэтгэлээр шүтэх, аль муу үйл бүгдийг сэтгэлээрээ хүлцэх боол мэт сэтгэлээр шүтэх, омгийг тэвчин доод газрыг барьсан алчуур мэт сэтгэлээр шүтэх, үйлийн хүнд үүргийг өөрийн биен дээр ачих хөлгөн мэт сэтгэлээр шүтэх, доромжлол гутаалд үл уурлан нохой мэт сэтгэлээр шүтэх, цагийн уртад үл уйдан хүлээх сал онгоц мэт сэтгэлээр шүтэх хэрэгтэй’’ гэжээ. Багшийг эрдэмтэй эрдэмгүй, дан давхар нэр цол, алба тушаалаар нь алагчлах, алдар нэрний их, алба тушаалын өндөрт нь зүүгдэж өгсөхийн гишгүүр, дамжихын дөрөө болгон ашгийн доторхи хөнгөн бодлоор дагах шүтэхийг манай эртний мэргэд хэзээнээсээ нааш номын гаднах хэрэг хэмээн хориглон шүүмжилж, заан сургаж байжээ. Бас багшийг доромжлох, муучлах, сэтгэлийг нь хямруулах тэргүүтэн гэм унал, айлдвар зарлигийг нь хугас барих, сургаал суртлыг нь эс сахих тэргүүтэн осол цалгайн үйлийг хориглон тэвчиж байсан. Монголчуудын багш шавийн өөр зуурын сайхан ёс уламжлалыг өнөө бид орон цагт нь ахуй байдалд нь зохицуулан өвлөн хүртвээс зохилтой.
Усны эх явж явж цастын ууланд тулдаг бол, номын эх явж явж, багшийн эрдэмд тулна. Эх хүн үрийнхээ биеийг төрүүлэхээс сэтгэлийг төрүүлдэггүй гэнэ. Тэрхүү эхийн төрүүлдэггүй сэтгэлийн эрдмийг төрүүлдгээрээ эхийн эх буюу дээдийн эх болсон багшийн айлдвар зарлигийг нь оюныхаа хуурцагт шингээж, лагшин дүрийг нь сэтгэлийнхээ гүнгэрваанд тахиж, биширтүгэй, мөргөтүгэй.
 

https://www.facebook.com/groups/348142228882379/permalink/1268489893514270/?__cft__[0]=AZWghaxb5Sg_zERjiYJqGcXxbLf46hrAKvCOrYuSTUVA9eXO_SVbT2LwQDcbdztEHq7QYcR55WeX2bGSf4CFiBa61e4ld-u4QdF_AZCGAWU_A-tQDvHwNlF6U0xUkLgC5D-JP0KqrEYaBXyi8eD5Zk4-KshJdN4TdhzgshLF9vBXCA&__tn__=%2CO%2CP-R