Ловон Бадамжунай Бурхан багш Ногоон дарь эх зэрэг бурхдын хамт

Үйлийн үр

Бусдыг гэсэн эерэг зөв сайн сайхан бодол сэдлээр үйлдсэн үйлээс буянт сайн үйлийн үр бий болдог бол сөрөг муу бодол сэдлээр үйлдсэн үйлээс нүгэлт муу үйлийн үр үүсэж бий болоод цаашид улам арвиждаг гэдэг билээ. Энэ цагийн хүн төрөлхтний сөрөг муу үйл үрийн сөрөг хүнд эрчим маш их болсноор эх дэлхийгээ ч сөнөөх хэмжээнд хүрчихээд байна гэж их багш нар бид бүхэнд анхааруулж сануулсаар л байгаа. Энэ орчлон ертөнцөд ганцхан хүн төрөлхтөн л үйл үйлддэг юм биш л дээ, нарийн яривал байгаль ертөнц амьдад бүх л оршихуй ертөнц тэр чигээрээ үйл үйлдэгч юм. Гэвч ганцхан хүнд л үйлийн үр байдаг ба түүнийхээ ургацыг хурааж авдаг. Харин арслан, чоно гээд бүх араатан амьтад нь бусад амьтдаа барьж идэн сөрөг үйл үйлддэг боловч тэд нарт ямар нэгэн үйлийн үр үүсдэггүй, тэр амьтад нүгэл хийснээрээ хойд төрөлдөө тамд очно гэсэн ойлголт байдаггүй, ганцхан хүн төрөлхтөнд л байдаг. Үүний учир шалтгаан нь амьтад бол зөвхөн хооллохын тулд л аливаа үйлдлээ төрөлхийн байгалийн зөнгөөрөө, зохирлоор үйлддэг ба тэд нарт “би”-д барих үзэл эго гэж байдаггүй. Харин хүнд бол “би хийсэн, тэгсэн, ингэсэн” гэсэн “би” -д барих үзэл эго, аливаа хийсэн үйлдсэн бүхнээ зөвхөн өөртөө хамаатуулах өмчлөх сэтгэлгээ “минийх өөрийнх” гэсэн “миниймхийрэн барих үзэл” тэр бүхэнтэйгээ ижилссэн ижилсэл байдаг учраас л сайн муу үйлийн үрээ байнга бий болгодог ба ургацыг нь хожим хураадаг. Түүнийхээ үр шим болсон зовлон, жаргалыг эдэлдэг бас тэр үйлийн эрчим долгион хэлбэлзэл давтамж нь дараагийн төрлийг нь шийддэг байна. Үүн дээр нэмж хэлэхэд, гэгээрэл нирваанд хүрнэ гэдэг нь үйлийн үрийг бий болгож сансрын хүлээсэнд биднийг эргэлдүүлж уяж хүлж байдаг зовлонд унагаж байдаг хуурмаг “би”-д барих үзэл эгоноос хэрхэн салах тухай чөлөөлөгдөх асуудал ажээ.

Аливаа зүйлийг хөнгөхөнөөр хүлээж авч бай. Сайн муу зөв буруу таатай таагүй гэж өөрийн явцуу оюун ухаанаараа дүгнэсэн зүйлээ сэтгэлдээ байнга хадгалаад зууралдаад байх нь утгагүй. Учир нь байнгын тогтмол үргэлж хэвээрээ байдаг юм гэж энэ хорвоод үгүй. Бүх юм агшин тутам өөрчлөгдөж хувьсаж шинэчлэгдэж байдаг. Зарим хүмүүс урьд өмнө өөрийг нь гомдоосон хэн нэгнийг дотроо хадгалаад уг гомдлоо тээгээд яваад байдаг. Гэвч яг одоо цагийн байдал дээр харвал тэр хүн чинь ч өөрчлөгдсөн, өөрөө ч бас өөрчлөгдсөн болохыг тухайн үеийн тэр хүн болон та байхгүй болсныг, тэр үеийнхээ үйлээр нөхцөлдөж бий болсон үйл тухайн үедээ л болоод өнгөрснийг түүнийг одоо дотроо тээж явах нь дэмий ачаа болохыг ойлгоно.

 

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/48

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/4