Жанрайсэг

Үхэлтэй холбоотой мэдэж авах зүйлс

Нас барагсдын тухай.

Хүнд өвчтэй хүн, хэвтрийн хүн, өндөр настнуудын нүдэнд байнга харагдахуйц газарт Жанрайсиг, Авид, Манал, Дарь Эх болон бусад аль нэг бурхны дүр зургыг байрлуулах, мөн тухайн бурхны тарнийг томоор бичиж хамт байрлуулбал маш их ач тустай. Эцэг эхийн ачийг хариулахын дээд нь амьдралын сүүлчийн цаг мөчийг нь зөв чиглүүлэх явдал юм шүү.
Өвчтэй хүн хана, адар ширтэж элдэв бодлоор шаналж хэвтэхийн оронд нэгэн бурхны дүрийг байн байн харснаар дүр төрхийг сайтар тогтоогоод тарнийг нь нүдээ аньсан ч сэтгэлдээ уншиж чадахаар болбоос, зарим тохиолдолд өвчний дотоод шалтгаан арилж эрүүл болж ч болно, эс бөгөөс үхэлтэй тулах үед танил бурхныхаа дүрийг санаснаар зуурдын хавцлаас түргэн аврагдаж сайн төрөлд төрөх шалтгаан төгөлдөр бүтэх учиртай юм. Үүнийг дадуулахын тулд идэр залуугаасаа эхлэн шамддаг хүмүүс ч олон бий. Энэ хорвоод өвчин, үхэлтэй тулахгүй амьтан гэж нэгээхэн ч үгүй билээ. Бид бие хэл сэтгэлийн үйлийг тасралтгүй бүтээсээр байдаг, түүний үр дагавар, ул мөр янз бүрийн байдлаар боловсрон гарсаар байдаг.
Ер нь бурхдын дүр хөргийг гэр орондоо зална гэдэг нь угтаа тэрхүү дүр төрхийг өөрсдийн сэтгэлд хоногшуулж, сэтгэлийн бохирыг ариун руу урвуулах аргыг хэрэглэж байна гэсэн үг. Сайн төрлийг олж төрөх, зовлон үгүй арилсан оронд төрнө гэдэг нь ариуссан сэтгэлийн л үр дүн юм. Арилсан орон гэдэг нэр ч сэтгэл дэхь хир толбо арилсан учраас үзэгдэх үзэгдэл нь гэгээн ариун болохыг л хэлж буй гэдэг.

“Эрдэнэзуу хийд”-ийн хамба лам Х.Баасансүрэн: Үхэл үгүй юм

Залуу буддист сургалт – Үхэл мөнх бусын тухай ойлголт

Гандантэгчэнлин хийд, Дашчойнпэл дацангийн лам С. Түвдэнцэрэн

МҮОНТ – “Бурхан багш” – Энэтхэгийн ОАУСК – 43-р ангийн хэсэгт:
Бурхан багш:
Үхэл гэдэг амьдралын салшгүй нэг хэсэг. Үүнийг сайтар ойлгож санаж явах хэрэгтэй. Бид бүгд амьд сэрүүндээ бүх хүслээсээ ангижирч амар амгаланг олох нь чухал. Амар амгаланг олсон хүн л сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдарна. Энэ бол амьдралын үнэн.
Энэ бол шашин бүрийн гол номлол утга санаа. Амар амгаланд оршихуйд үхэх ба төрөх, үүсэх ба мөхөх, өсөх ба буурах гэж байхгүй. Амар амгалан л ашид оршино. Амар амгалан, амар амгалан.

Ачит багшийн айлдвараас /2021.11.04/

Үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй гэдгийн ном юу вэ? Хоол хийж сурсан тэр эрдэм үхэхэд тус болох уу? Таныг амгалантай, энэ биеэс сүнс гараад явахад сайхан гэрэл гэгээтэй байлгаж туслах уу?
Хойт насны төлөө зорьж хийсэн үйлээс “үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй” гэдгийн ном эхэлнэ гэж байгаа юм. Энэ үнэн. Хүн болж төрөхөд хир үгүй ерөөлөөр хойт нас уруу холбоно оо гэж бид өмнө нь ярьсан даа. Хойт насанд сайн төрөлд төрье гэдгээс эхлээд, би орчлонгоос гэтэлье гэвэл бүр л цаашаа, би өөрөө ганц энэ зовлонгоос гэтлэх биш эх болсон амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэж өгье гэвэл бүр л цаашаа, эх болсон хамаг амьтныг зовлон бүгдээс хагацуулж өгөхийн тулд би бурхны хутгийг олъё гэх нь ном хийхийн хамгийн дээд сэдэл санаа тэр юм. Ийм дээд сэдэл сэтгэлээр нэг эрхи маань уншихад тэр уншсан мааниа үхэхийн цагт чи аваад явна. Тэгэж маань уншсан сэтгэлээр зул өргөхөд энэ биений сүнс гарах үед замд чинь гэрэл гэгээтэй гэж зул өргөсний ач тусын талаар айлдсан байдаг. Гэрэл гэгээтэй байна. Үүнээс гадна бурхад өөрт нь үзэгдээд “Наашаа яв гэж дуудна” гэдэг.
Ачит багшийн айлдвараас /2021.11.11/
Зарим настай хүмүүс “Би ер нь насгүй л болчихлоо доо. Амьд байхдаа тэрийг ингэчихвэл” гэх байдаг гэдэг шүү дээ. Энэ нь үхнэ гэдгээ тодорхой ойлгоод ирэхээр үхэхээс өмнө энийг би амжуулж хийе ээ гэж өөрийн эрхгүй бодогддог юм байна.
Таниас хүн “Үхэл ирэх үү?” гэж асуувал юу гэх вэ? Үхэл ирэх нь ч ирнэ л дээ гэж хариулна. Гэхдээ сэтгэл цаанаа үгүй гээд байдаг юм байна. Богд Зонхов лам “Хүн тэргүүлшгүй цагаас дадуулсан муу авьяасын эрхээр үхэхгүй гэж боддог” гэж айлдсан байдаг. Тэрний нэг илрэл нь: Би маргааш арай ч үхчихгүй ээ. Маргааш үхэхгүй, харин маргааш болохоор нь маргааш үхэхгүй гэх зэргээр үхэхийнхээ өмнөх агшин хүртэл үхэхгүй гэж боддог гэнэ.
Хүн болгон адилгүй байх л даа. Ер нь л ингэж бодоод байдаг. Амьсгал хураах гээд арай гэж дуу нь гарч байгаа хүн орой болоход өнөөдөр ч арай явчихгүй байх даа, өглөө нар үзчих байх гэж хэлэх бий. Үхэл нь ирчихээд байхад би өнөөдөр арай ч үхчихгүй дээ гэдэг бодол ирж байна шүү дээ. Энэ нь бид цаанаа үхэхгүй шүү гэж боддог юм байна.
Асуувал бид “үхнэ” гэж хариулдаг. Аавыгаа архи уух, уурлахад хүүхэд нь: “Аав аа архи уух буруу биз дээ? Уурлах буруу биз дээ?” гэж асуухад нь “Буруу буруу” гэж хариулдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ архи уугаад, уурлаад байдаг шүү дээ. Яг энэ адил үхэхгүй гэдэг бодол ингээд төрөөд байдаг учир үүнийг бясалгах ёстой юм байна. Үхнэ гэж бодох муу ёр биш ээ. Харин тэгвэл би үхээд өгье гэвэл муу ёр юм. Үхнэ гэдэг бодит үнэнийг л бодож байгаа хэрэг юм. Өнөөдөр бороо орчиж мэднэ, орохгүй байж ч мэднэ гэдэг онигоо шиг үг байдаг, тийм ээ. Өнөөдөр би үхчихэж мэднэ, үгүй ч байж мэднэ. Бэлтгэлтэй байгаарай. Яг л амьдралын үнэн юм шүү дээ.
Үхэх явцад хүний таван мэдрэхүй хураагдана. Чих юм сонсохгүй, нүд юм харахгүй, юм үнэрлэхгүй болно. Тэр нь сүнс гэдэгт хураагдана гэж өмнө нь ярьж байсан даа. Таван мэдрэхүй хамгийн бүдүүн баргийн ухаан байдаг юм байна. Түүний дараа бодлууд хураагдана. Тэгдэг ч юм уу, ингэдэг ч юм уу, өөрөө нээрээ тийм шүү дээ гэх мэт бодол хураагдана. Ингэж хураагдах явцад хүн барьц алдаж сандрах гэж байдаг гэнэ.
Өмнө нь ийм зүйл болно, ирнэ гэж төсөөлж байгаагүй хүн барьц алддаг. Жишээ нь: Хүч чадалтай, мундаг юм ярьдаг хүн жоохон өвдөөд эхлэхээр барьц алдаад байна шүү дээ. Ковид тусахад барьц алдаад байна. Яанаа, би гайгүй байгаа даа. Ингээд явчихгүй байгаа даа гэх ч юм уу. Энэ эмийг уувал яах бол гэх мэтээр хүн сандарч байна. Одоо ийм сандрал байгаа юм чинь зөв гарцыг олж, оюуныг зөв дадуулж сурахгүй бол таван мэдрэхүй хураагдаад ирэх үед бүр их сандарна шүү дээ. Тэр үед тэмтчье гээд хөдөлж чадахгүй, бүх юм хураагдах үед сандрал үүсч, буруу бодол, айдас эсвэл хорогдох сэтгэл төрвөл үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй гэдгийн эсрэг болно гэнэ.
Үхэх цагт номоос өөр юу ч тус болохгүй гэдэг дээр чухаг дээд гуравт аврал одуулж, их залбирч байсан хүн бурхан чухаг дээд гурвыг санана гэнэ. Багшаа бодно. Дарь-Эх бурхнаа бодно. Бурхан багш, арван зүгийн бурхад биднийг татах гээд, сайжруулах гээд мутраа сунгачихаад байхад даана ч бид барьж авч чаддаггүй. Барьлаа гэхэд мөчидхөн бариад унадаг гэнэ. Иймд бид чухаг дээд гурвыг санаж чадвал бурхад бэлэн тодрох юм байна. Ингэж бурхны дүрийг харна. Ингээд товчдоо номыг одооноос хойт насны төлөө гээд хичээж сэтгэлийг дадуулж байвал үхэхийн цагт сайн бодлыг дадуулж чадна.

Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:

Их Александрын тухай нэгэн домог бий. Тэрээр мөнх амьтай болох арга чарга эрж судалж явдаг байжээ. Эрснээ ч олдог ид хавтай нэгэн билээ. Шантарч няцалгүй эрэл сурал болсоор нэгэн ууланд мэргэн хүнтэй уулзжээ.
– Хэрэв чи тэртээх агуйн дотор булгийн уснаас уух юм бол мөнхийн амьтай болно гэж мэргэн хүн хэлжээ. Александр түүнээс ядаж өөрөө уусан эсэхийг нь ч асуулгүйгээр яаран сандран агуй уруу гүйжээ. Дэмий цаг үрэх юм бол агуйд хүрч амжилгүй үхчих ч юм бил үү гэж айсан юмсанж.
Тэгээд агуйд ороод урьд өмнө харж байгаагүй тунгалаг сайхан рашаан булгийг хараад баярлан догдолж, бушуу уухыг завдтал агуйн буланд сууж байсан хэрээ гэнэт хүний хэлээр өгүүлжээ:
– Хэрэггүй дээ! Би наанаас чинь ууснаас болж үйлээ үзэж явна.
Александр хэрээг хараад:
– Юу гэнэ ээ? Чи мөнхийн ус уусан мөртлөө зовж яваа юм уу? гэхэд хэрээ:
– Тийм ээ, би үхэхийг хүсэвч үхэж чадахгүй зовж байна. Миний хувьд үзэх бүхнээ үзэж, амсах бүхнээ амсаж гүйцсэн. Би хэрээний хаан болж явсан. Хэн бүхний мөрөөдөл болж явдаг бүхнийг эдэлсэн. Миний таньдаг бүхэн нойрсож амарсан байхад би л ганцаараа амарч чадахгүй явна. Хэчнээн их залхаж, амиа хорлох гэж арга бүхнийг сүвэгчлэвч бүтэхгүй юм. Энэ агуйн хараал шингэсэн усыг ууснаас болж ийм гэсгээл эдэлж байна. Өөр хэн ч ийм зовлон лай бүү эдлээсэй. Уухаасаа өмнө миний үгийг тунгааж үз. Тэгээд өөрөө мэд! гэж хэлжээ. Александр анх удаа энэ тухай эргэцүүлэн бодоод, эцэст нь агуйгаас ус уулгүй гарсан гэдэг.
Хэрэв үхэл үгүй бол амьдрал ял там болно. Амрагаасаа салах боломжгүй бол хайр чинь уйтгар гунигийн далай болно. Амьдрал эсрэг тэсрэгийн шүтэн барилдлага тулдаа л ийм сонирхолтой байдаг юм.
Ошогийн  “Агнистын Гэгээ” цувралд Ошогийн гэгээрсэн түүх дотор:

Бясалгагч үгүй болсон үед л бясалгал ирдэг. Бурханд хүрэхийн тулд сэтгэл арилах ёстой. Үнэнийг танихын тулд мэдлэг замхрах ёстой. Хоосорч байж л дүүрдэг жамтай. Тэр шөнө би хоосроод дүүрсэн, үхээд амилсан, эс оршихуй болоод оршихуй болсон. Түүнээс өмнө би түг түмэн төрөлдөө үхэж явсан. Гэвч тэр бүхэн дутуу үхэл байж. Заримдаа бие махбод үхэж, заримдаа сэтгэлийн хэсэг, эгогийн сэжүүр мөхөж байсан. Гэвч нөгөө л бодгаль яаж ийгээд үлдэж, ахин дахин дүрээ өөрчилж, нэрээ сольсоор явсан юм. Тэр шөнийн үхэл харин жинхэнэ үхэл байлаа. Үхэл, бурхан хоёр зэрэг тохиодог юм билээ.

Ошогийн  “Агнистын Гэгээ” цувралын “Нил цэцгийн хүрээлэн” номонд:
“Нинакаваг амьсгал хураахын өмнө Икюү багш очжээ…” Багш шавь дээрээ үргэлж очдог. Икюү бодит биеэр очоогүй ч байж мэднэ. Тэр тийм чухал биш. Нэг л зүйл тодорхой: Нинакаваг нөгчих үед багш түүний дэргэд байжээ.
“Би чамайг хөтлөх үү?” гэж Икюүг асуухад Нинакава: “Би энд ганцаараа ирсэн шигээ ганцаараа л явна. Та надад яаж туслах юм бэ” гэв.
Нинакава өөрт нь тусламж хэрэгтэйг мэдэрчээ. Эс бөгөөс “Зүгээр ээ, баярлалаа” гээд инээх байсан. Ганцаараа ирж, ганцаараа явах нь түүний хувийн туршлага биш, судрын хуулмал үг. Далд гүндээ эргэлзээнд автсан байж. Эргэлзэхээрээ л та нар Будда, Кришна, Христээс эш татаж, сэжгээ сүжгээр халхлах гэж, мунхгаа бусдын үгээр далдлах гэж оролддог. Гэлээ ч багшийг хуурч чадахгүй.
“Чи өөрийгөө ирж, буцдагаар бодож байгаа бол эндүүрч байна. Ирэхгүй, буцахгүй замыг чамд үзүүлээд өгье” гэж Икюү хэлэв. Энэ бол бүх судар ном, бүх багш нарын илгээлтийг ганц өгүүлбэрт багтаасан товчоон:
“Өөрийгөө ирж, буцаж байгаа гэж бодох чинь эго. Хэн ирж, хэн буцна вэ? Чи өөрөө мэдэхгүй, зүгээр л буддагийн үгийг тоть шиг давтаж байна…”Ганцаар ирж, ганцаар буцдагийг үнэхээр таньсан бол ирэхгүй, буцахгүйг ч ойлгосон байх учиртай.
Сүнсэнд төрөл, үхэл гэж үгүй. Амьдрал бол өнө мөнхийн урсгал. “Би” гэгч арилмагц хэзээ ч төрөөгүй, хэзээ ч үхэшгүй гэдгээ сэрж мэднэ.
Үхэхдээ ухамсаргүй үхсэн бол төрөхдөө ч ухамсаргүй төрнө. Сэтгэл нь мухар сохор дадлаараа түнэр харанхуйд тэмтэчсээр хэвлийд ордог. Харин сэргэг үхэх юм бол дараах төрөл чинь сэргэг байна. Үхэх, төрөхдөө сэрүүн тунгалаг бол үхэл ч үгүй, төрөл ч үгүй мөн чанараа танина. Орон байр, хувцас хунар солих шиг биеэ сольсон төдий. Гаднах хүрээ өөрчлөгдөвч дотоод төв хэвээрээ. “Чи өөрийгөө ирж, буцдагаар бодож байгаа бол эндүүрч байна. Ирэхгүй, буцахгүй замыг чамд үзүүлээд өгье” гэж Икюү хэлэв.
“Зам” гэж хэлсэн нь бидний хэрэглэдэг үг хэлээр илэрхийлсэн хэрэг. Үнэн хэрэгтээ зам байхгүй. Зам бол хаа нэгтээ очихын тулд туулах зай. Бусад уруу буюу гадагшаа чиглэхэд зам байна. Дотогшоо ороход зам үгүй. Будда нар үргэлж үүнийг зааж ирсэн:
“Чи зорьсон газраа байгаа. Гагцхүү зүүдний төлөвт байна. Сая живаа төрөлдөө зүүдэлсэн ч уг төвөөсөө нэг ч алхам холдоогүй. Зүүд нойрноосоо сэрмэгц зүүдний ертөнц замхарч, хэзээнээс буй орон гэрээ харна.”
Бодит ахуйг цэврээр нь таньсан цагт зүүдэн хорвоо удаан үргэлжилж чадахгүй. Зүүдэн дотроо хүртэл “Зүүд байна шүү дээ” гэж санамагц зүүд зогсдог. Даанч тэгж сэхээрдэггүй, бодит гэж итгэснээс болж зүүд үргэлжилдэг. Өнгө, мөнгөний хорвоод байгаа чинь зүүд юм. Бурхны орон – арилсан оронд байгаа чинь бодит ахуй. Өөрийгөө бие цогцос гэж бодож байгаа бол зүүдэлж байна. Төрж, үхдгээр бодож байгаа бол зүүдэлж байна. Чи хэзээ ч төрөөгүй, хэзээ ч үхэхгүй – Энэ бол бодит үнэн.
“Түүний үгээр зам мөр тодорхой нээгдсэн тул Нинакава инээмсэглээд нөгчжээ.”
Багшийн ганц үгээр жигүүрлэн чанадад хальжээ! Чи багшийн үгийг хэчнээн сонсовч хальж чаддаггүй нь юуных вэ? Сэтгэлзүйн хувьд Нинакава шиг бэлэн болоогүй хэрэг. Энэ хорвоогийн зүүдэндээ ээнэгших сэтгэл чинь дийлдэг. Хааяа сэрэх хүсэл төрлөө ч дутуу дульхан. Сэтгэлийн нөгөө тал чинь “Дахиад жаахан үргэлжлүүлье. Сонирхолтой байна шүү дээ” гэж уруу татдаг…
Хэрэв чи бясалгаж сурсан бол, үхлээс өмнө бодлоос ангид төлвийг амталсан бол айж сандрах зүйлгүй. Бясалгагч хүн бодол амьдрал биш гэдгийг мэддэг. Тэрээр оршихуйн өөр хэмжээс буюу уртын биш, гүний хэмжээсийг ойлгодог. Энэ агшнаас тэр агшин уруу, өнөөдрөөс маргааш уруу одохгүй. Өнөөдөртөө, агшин тутамдаа гүнээс гүн үрүү умбадаг. Энд, одоо л түүний оршихуй. Тийм хүний хувьд үхэл хургах газаргүй.
“Түүний үгээр зам мөр тодорхой нээгдсэн тул Нинакава инээмсэглээд нөгчжээ.” Энэ бол угтаа үхэл биш, шувуу торноос нисэн одох шиг тохиол. Эцсийн амьсгалаа инээмсэглэж хураасан хүн бүх шашныг багтаасан нөгчих эрдэмд суралцжээ гэсэн үг. Юунаас ч зуурахгүй нөгчихөд бэлэн биш бол энэ хүүрнэл чиний хувьд үг төдийгөөрөө үлдэнэ. Үхлийн босгон дээрх Нинакава бол. Тэгж гэмээ нь эл үгс Икюүгийн үг шиг чамайг сэрээнэ. Тэр цагт чи ч бас инээмсэглэн халих болно.
Ловон Бадамжунай бурхны Дэрма – Нууц эрдэнэсийн сангийн зарлиг: Зургаан зуурд

https://www.facebook.com/groups/557180555220592/posts/12