Д. Данзанравжаагийн шүлэг

(Дорнын их соён гэгээрүүлэгч, хутагт)

Ургах нарны гэрлийг
Гарт барьж болдоггүй.
Урьд хийсэн үйлийг
Өөрөө давж болдоггүй.

Энэ амьдрал зүүд мэт.
Эвдрэх цогц шороо мэт.
Төөрөгч сүнс хорхой мэт.
Түүнийг санаж багшаа шүт.

Шатыг өндөр базаавч бид
Агаарт хүрч болдоггүй.
Шамдаж бэрхийг суравч бид
Эрлэгийг хуурч чаддаггүй.

Биеэн шүүмжилбэл мэргэн гэнэ.
Билгээ гайхвал омог гэнэ.
Урьтаж мэдвэл зүрхний толь.
Улстай зохивол булганы үс.

Аваад мартвал хоосон сав.
Алдаж дундалбал цоорхой сав.
Шимийг нь хүртвэл мэргэн сав.
Шидгүй хөмөрвөл мунхаг сав.

Савын гэмүүд сайтар арилаад
Шажин төр нар шиг мандаад
Сайн муу бүгдээрээ
Сайтар цэнгэн жаргая.