Данзанравжаа

Д. Равжаа – Яруу эгшиглэнгийн цоморлигоос

Аяа, охин минь янагш сонсогтун!

Хуран үүссэн бүхэн мөнх бус гэж
Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ
Модны навч насад модтойгоо үл ханилна
Хүний үр насад аав ээжтэйгээ үл сууна.

Луугийн дуу хэдий их дуурьсавч хоосорч одно
Ертөнцийн алдар хэдий их доргиловч улирч одно
Солонгын өнгө үзэсгэлэнтэй дуртавч замхарч арилна
Идэр залуу гоо бие байвч өтөлж хуучирна.

Голди мянган зүүд зүүдлэвч сэрэх цагт хоосон
Гоомой энэ насны явдал бүхэн үхэх цагт худал
Нар өнгөрвөл шөнө ирнэ
Нас өнгөрвөл үхэл ирнэ.

Далавчтай шувуу шиг дутааж гардаггүй
Далд газар халхалж болдоггүй
Цэцэн үгээр тэмцэж болдоггүй
Цэвэрхэн башраар хуурч болдоггүй.

Аргын сайнаар цагийг хойшлуулж болдоггүй
Амрагийн зэргээр нөхрийг дагуулж болдоггүй
Олз эдийн ихээр зольж болдоггүй
Омог хүчний ихээр эсэргэлж болдоггүй.

Үймэх салхинд зүг чиг бий юу
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу
Тэр мэт үхэл ирэхийн цагт
Ном буянаас өөр тустай юм огт үгүй.

Чин зүрхний амраг нөхөртөө боол эм мэт биширч яв
Зэргийн олон хатадтай шувууны далавч мэт атаагүй яв
Хичээлийг цангасан заан усанд орох мэт буцалтгүй бай
Хянал сэрэмжийг хаширсан мий мэт сэргийлж бай.

Мишээх өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэн болго
Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго
Туст сэтгэлийг огторгуй мэт уужим тэл
Саруул билгийг далай мэт гүнзгий хөгжүүл.

Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт бос
Галуу зулзгаа усанд дагуулах шиг үр хүүхдээ буянд сурга
Энэрэлт бодь гөрөөс шиг өнчин хүний өмөг болж яв
Эвэршээл анагаах эм шиг зовлонт амьтны амьсгал уужруулж яв.

Хэзээ үргэлж бодийн дээд сэтгэлээс бүү сал
Хэтийн болоод даруй хэргийг нэгэн насанд амжуул
Хөгшин аав надаас салахдаа сэтгэл бүү зов
Хүний газар гэвч буяны орон мундашгүй…