Нэр нь үл мэдэгдэх шүлгээс

Өрөвч нинжин сэтгэлт ханхүү
Өглөг дээдийг гүйцээхийн тухайд
Өлсгөлөнд нирвэгдсэн өлөгчин баранд
Өөрийн биеэ өргөсөн цадигтай

Авралт дээд бидний багш бээр
Равжаа хутагтын ариун увидасыг
Авшиг болгож түмэнд хүртээж
Арван зүгтээ амгаланг цогцлоов

Даржин бүхий дамрын эгшигээр
Дагнисыг баясган, чуулганыг хурааж
Даянчийн амьдралаар сэтгэлээ таниад
Дамжлага бүтээл ариуныг үйлдлээ

Гадна ертөнцийн тэнгэр, шулмасыг
Ганлингийн дуугаар дуудан цуглуулж
Гайхамшигт увидас үүнийг сонсгосноор
Гаслант төрлөөс нь гэтэлгэх болой

Биед орших дотоод шулмасыг
Билэг ухаанаар танин хөөгөөд
Бие үгүй ариун үзлийг
Биеэ өгсөнөөр л танин мэдлээ.