О. Дашбалбар – Тэнгэр шиг бай

 

Хамаг бүгдээрээ хараан зүхэж байвч тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх

Хамгийн сайн хүн гэж хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх

Тэнэгүүд бүгдээрээ чамайг сургавч тэнгэр шиг бай, туниран дуниартах

Тэвэрч бүгдээрээ чамайг үнсэвч тэнгэр шиг бай, хязгааргүй үргэлжлэх

Тэвчээр алдаж нөхөд чинь орхивч тэнгэр шиг бай, мөнхөд амгалан

Тэргэнд суулгаж алтан титэм өмсүүлэвч тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хальж одсон ч

Хан тэнгэр нураагүй цагт бүү зов!

Гүтгэн, доромжилж бахаа хангавч

Гүн хөх тэнгэр хэмхэрээгүй цагт бүү ай

Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч

Өнө мөнх тэнгэр шиг бай, чи ялна

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март

Яг л амьдрал чинь дуусч явах замгүй болсонч

Яадгаа алдалгүй хүлээ тэнгэр шиг бүү

Яруухан санаа мөхөсдөж хулгай зэлгийд өртсөн ч 

Ядмагхан амьтдыг бүү тоо тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай

Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай

Одод гялалзаж наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавын хүү шантрах ёсон үгүй

Уур омог өөрийн мунхгийг мартаж тэнгэр шиг бай

Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ

Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч

Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай!…

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь

Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…

Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…

Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!

Онцлох нөхөргүй болсон цагт хүнийг бас ойлгоно чи!

Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм

Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм …

Жамаараа ертөнцөнд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ

Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай!…

Атаатан түмэндээ муу үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ

Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм

Ямагт чиний зөв байх албагүй сайтар тунгаа

Ярьж хэлэх хөдлөх бүхнээ өөрөө хяна сэтгэ

Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь

Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй

Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй

Нохой болохоос өмнө гөлөгийг хазалж хэмлэдэг юм…

Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээ тайван хийг

Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай!

Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм

Саваагүй амьтдын зиндаанд бүү уна!…

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүгэлээс зайлахгүй

Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй

Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март

Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай

Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…

Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс

Үүрд оршихгүйн учир тус болох үйлээ бүтээ!…

Гаднаа ямагт бусдаас дорд, бай даруу бай

Гайхуулах хэрэггүй дотроо тэнгэр мэт агуу бай

Үг яриа хэрэггүй газарт харцаараа үгүйлж сур,

Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст 

Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…

Хүү минь хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл

Хүлцэн тэвчихээс илүү гавъяаг би мэдэхгүй!…